Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 212

 

 

Б.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 121 дүгээр магадлалтай, Б.А-т холбогдох 201726011049 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.О-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг  нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.А-ийг бусдын эд хөрөнгийг  нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 4 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тооцоог бүрэн, бодитой хийгээгүй шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр байна гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаажээ.

 

Хяналтын шатны шүүхэд  хохирогч Д.О гаргасан гомдолдоо “Миний бие өөрийн эзэмшлийн “Соёмбо” шашны дэлгүүрээс 6400 юань буюу 1,920,000 төгрөг, бэлнээр 250,000 төгрөг, “Самсунг галакси Жи-5” загварын гар утас зэрэг эд зүйлээ хулгайд алдсаны улмаас 2,735,000 төгрөгийн хохирол учирсан. Анхан шатны шүүх дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх хянаад шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Хулгайн гэмт хэрэг гараад 4 жил болсон байхад өнөөдрийг хүртэл хохирлыг төлөөгүй, шаардлагатай бүх ажиллагааг хийсэн байтал давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, миний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл хохирлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар яаралтай гаргуулж авах эрхийг минь үл хүндэтгэж, хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах, гэмт этгээдэд ял завшуулах, хохирол төлөгдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэх хулгайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээг дахин нягтлан шалгах шаардлагатай байна. Учир нь шүүгдэгч Б.А-тэй хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн Б.Баярбатаас 31 төрлийн  эд зүйлийг хураан авч хохирогч нарт буцаан олгосон бөгөөд буцаан өгсөн эд зүйлийн үнийг хохирлоос хасаж тооцоогүй байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А-ийн гэм буруутай үйлдлийн хувьд мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна. Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тооцоог дахин нягтлан шалгахаар хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Д.О-ын гаргасан гомдлыг үндэслэн Б.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийн үндэслэл, хэмжээний талаарх нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох бөгөөд ингэхдээ хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянах явцад тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хохирол гаргуулах, шүүгдэгчид төлбөр хуваарилан оногдуулах үндэслэл болгон шийдвэртээ тусгах учиртай.

Шүүгдэгч Б.А-ийг Б.Б, Б.Г, Б.Х, П.П нартай бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 50-06 тоотод оршин суух Д.У-ын эзэмшлийн орон сууцны 2 дугаар давхарын вакум цонхоор нэвтрэн орж, алтан гулдмай, нөтбүүк, мөнгөн аяга 12 ширхэг, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөгнүүд болон бэлэн мөнгө, валют зэрэг эд зүйл хулгайлж нийт 214,630,089 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт авагдсан хохирлын талаар нотлох баримтад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д ...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.А хулгайлах гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч нарт хэдэн төгрөгийн хохирлыг учруулсан талаар дүгнэлт хийхдээ бусдад их хэмжээний хохирол учруулсан хэмээн хэт ерөнхий байдлаар дүгнэсэн нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн шүүгдэгч Б.А-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Б.Б-аас хураан авсан 31 төрлийн эд зүйлийн дотор хохирогч Д.У-ын хэдэн төгрөгийн үнэлгээтэй, ямар эд зүйлийг буцаан өгсөн, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс авсан гэх эд зүйлийг тогтоож нөхөн төлүүлэх хохирлоос хасаж тооцох, халтар манан хөөргийг 13,000,000 төгрөгөөр худалдан авсан байтал 90,000,000 төгрөгөөр үнэлж, зөрүүг шүүгдэгч нараас гаргуулах болсон үндэслэлийг тодруулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.У-т учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо энэ хэргээс тусгаарлаж шийдвэрлэсэн Б.Б, Б.Г, Б.Х, П.П нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолын үндэслэлд дүгнэлт хийх байдлаар тайлбарласан нь зохимжгүй боловч хохирлын тооцооны талаар хийсэн дүгнэлт нь зөв байна.

 Энэхүү хэргээс тусгаарлагдаж шийдвэрлэгдсэн дээрх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй, Б.Б нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар шүүх хуралдаанд оролцсон прокурорын зүгээс мэдээлснийг харгалзан  хохирлын тооцоог зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хяналтын шатны шүүх нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр бол хэргийг прокурорт шууд буцаахаар өөрчлөн найруулсан тул энэхүү зохицуулалтын дагуу магадлалын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар заасан хэсгийг прокурорт гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.О-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 121 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай” гэснийг “хэргийг прокурорт буцаасугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, хохирогч Д.О-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН