Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2020/00611

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ИХЦ” ГХОХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.А-д холбогдох

9 323 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ИХЦ ГХОХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ИХЦ” ХХК болон иргэн А.Б, М.А нарын хооронд 2017 оны 07 сарын 21-ний өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 89 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр А.Б нар нь “ИХЦ” ХХК-ийн Орхон аймаг, Эрдэнэт хотод хэрэгжүүлж байгаа орон сууцны 7А хороолол, “Евро Эко Төгөл” төслийн хүрээнд баригдсан 4-р байрны 1 дүгээр давхарын 104 тоот хаягт байрлах 64.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээгээр тохиролцсон графикийн дагуу төлбөрийг төлөхөөр тохирсон. Тус гэрээний 2.1 дэх хэсэгт орон сууцыг 1 м.кв-ийг 1 700 000 төгрөгөөр тооцож, нийт үнэ нь 110 330 000 төгрөг байхаар заасан. Мөн гэрээний 1.2 дахь хэсэгт захиалагч нь гэрээний төлбөрийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн бөгөөд хавсралт 2-т “нийт 100 хувь дүн болох 110 330 000 төгрөгийн төлбөрийнхөө 30 хувийн 24 000 000 төгрөгийг төлбөрийн боломжгүй гэсэн шалтгаанаар гэрээ цуцлагдахад өмнө хүн амьдарч байсан орон сууцыг шинэ орон сууцны үнээр борлуулах боломжгүй дараагийн захиалагч, худалдан авагчид худалдан борлуулахын тул дахин засвар хийж гүйцэтгэгч компаниас зардал гарч хохирч байна. А.Б, М.А нартай ижил нөхцлөөр орон сууцаа хүлээн авч амьдарч байгаа захиалагч иргэд энэхүү орон сууц хөлслөх гэрээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд А.Б, М.А нар ч мөн хүлээн зөвшөөрч, 2017 оны 07 сарын 31-ний өдөр Орон сууц хөлслөх 23 дугаартай гэрээг байгуулж, 2017 оны 08 сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл гэрээгээр тохирсон хөлсөө төлж байсан. Гэрээний үлдэгдэл төлбөрөө гүйцээж төлөх, ипотекийн зээлээ яаралтай хөөцөлдөж зээлийн шийдвэрээ гаргуулахыг удаа дараа шаардсан боловч “8 хувийн ипотекийн зээл олгохгүй байна, санхүүжилтийг нь шийдээгүй гэнэ” гэсэн шалтгаан хэлж цаг хугацаа алдуулж байсан. Гэтэл А.Б нар нь гэрээ байгуулагдснаас хойш ипотекийн зээлд хамрагдах талаар ямар ч үйлдэл хийгээгүй. Монгол улсын Сангийн сайдаас “ИХЦ” ХХК-нд ирүүлсэн 2018 оны 03 сарын 28-ний өдрийн 8-2/1574 тоот албан бичгээр "... 2017 болон 2018 онуудад ипотекийн зээлийн санхүүжилтийг банкуудад хуваарилан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаартай тушаалаар батлагдсан “Орон сууцны санхүүжилтийн журам”-ын дагуу зээл олгогдож байгаа, Монгол Улсын Засгийн газар, Монголбанк ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй гэх мэдээлэл нь буруу байна” гэж мэдэгдсэн.

2017 оны 06 сараас хойш Голомт банктай хэлэлцээр хийж “ИХЦ” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслийн орон сууцнаас захиалсан иргэдэд банкны өөрийн эх үүсвэрийн 18 хувийн хүүтэй зээл олгох, зээлийн хүүгийн 6 хувийг “ИХЦ” ХХК төлж, захиалалагч иргэн 12 хувийн хүү төлөх, Монгол банкнаас ипотекийн санхүүжилт хуваарьлагдсан нөхцөлд 8 хувь руу шилжүүлэх нөхцөлтэйгөөр “Хамтран ажиллах гэрээ”-г 2018 оны 01 сарын 30-ны өдөр байгуулсан. Дээрх гэрээ хэлэлцээрүүдийн дагуу 2017оны 6 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд “ИХЦ” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан 6 иргэн дээрх банкуудаас ипотекийн зээл авах гэрээ байгуулж, зээлийн шийдвэрээ гаргуулсан. А.Б нарын нэхэмжлэлд дурьдсан “8 хувийн зээлд хамруулж өгнө, өндөр хүүтэй зээл ав, түрээсийн гэрээ заавал байгуул гэж “ИХЦ" ХХК-аас шаардаж дарамталсан”, "... биелэгдэх боломжгүй хууль зөрчсөн, 8 хувийн зээлд хамруулах амлалтаа биөлэгдэх боломжгүй байдлыг нуун дарагдуулж, хуурч хөлслөх гэрээ нэрийн дор 250 000 төгрөг сар бүр авсан....” гэх нь үндэслэлгүй юм. Орон сууц захиалан бариулах гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь гэрээний “4.1 Орон сууцны үнийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлнө. Банкны зээл авах зэргээр санхүүжилт олох шаардлагатай бол төлбөрийн хуваарийг мөрдөхөд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг урьдчилан авсан байх үүрэгтэй”, “5.7 Захиалагч орон сууцыг банкны зээлээр худалдан авч буй тохиолдолд банк захиалагчтай тусгайлан гэрээ байгуулах бөгөөд банк, захиалагч, гүйцэтгэгчийн хоорондох 3 талт харилцааг энэхүү гэрээтэй уялдуулан зохицуулах талаар хамтран ажиллана. Орон сууцыг захиалагчийн мэдэлд хүлээлгэн өгсөн тохиолдолд тэрээр зээлийн өрийг төлж дуустал орон сууцыг захиран зарцуулах эрх эдлэхгүй. Гэрээний 3.3 дахь хэсэгт орон сууцыг 100 хувь төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ. Захиалагч нь орон сууцны төлбөрийг гэрээний хавсралт 2-т заасан графикийн дагуу бүрэн гүйцэд төлснийг үндэслэн гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөх акт үйлдэнэ." хэмээн заасан. Гэрээний нөхцлийг биелүүлж, компанийг хохиролгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх ТУЗ-ийн тогтоолын дагуу ажилласан. “ИХЦ” ХХК-аас төлбөрөө 100 хувь бүрэн төлөөгүй, өөрсдөө хүсэлт гаргаад үлдэгдэл төлбөрөө яаралтай хөөцөлдөж төлөхөө амласан захиалагч нарт орон сууцыг нь хүлээлгэн өгсөн боловч төлбөрөө төлж чадах эсэх нь тодорхойгүй, зээлээ хөөцөлдөх, төлбөрөө төлж барагдуулах тал дээр үйлдэл гаргахгүй байгаа захиалагч нарт орон сууцаа гэрээний төлбөрөө 100 хувь төлж дуусах хүртэлээ чөлөөлөх, эсвэл орон сууц хөлслөх гэрээ байгуулж хөлс төлөх гэсэн 2 нөхцлийг санал болгож байсны дагуу А.Б нар нь “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулахыг зөвшөөрч гэрээ байгуулсан. Иймд гүйцэтгэгч “ИХЦ” ХХК-аас "6.1 Талууд харилцан тохиролцож хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд захиалагч нь Орон сууцны төлбөр төлөх графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутам тухайн хугацаанд төлөх ёстой байсан үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээнэ. ” хэмээн заасны дагуу нэхэмжлэгч нараас үлдэгдэл төлбөр 78 330 000 төгрөг, алданги 19 244 210 төгрөг, Орон сууц хөлслөх гэрээний үүрэг 3, 4, 5-р сарын төлбер 750 000 гэрээний 2.3 дахь хэсэгт заасан 0.1 хувиар тооцсон алданги 22 500 төгрөг, нийт 98 346 710 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулахдаа: ИХЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.А нарт холбогдох хэргийн нэхэмжлэгч ИХЦ ХХК нь М.А, А.Б нарын нэхэмжлэлтэй ИХЦ ХХК-д холбогдох иргэний хэрэг Монгол Улсын Дээд шүүх 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 001/хт2019/ 00226 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

1. А.Б, М.А нарын “ИХЦ” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 78 330 000 төгрөг, алданги 19 244 210 төгрөгийн төлбөр авах шаардлагаас татгалзах,

2. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Орон сууц хөлслөх тухай 12 дугаартай гэрээ”-ний төлбөр 2018 оны 3, 4, 5-р сарын 750 000 төгрөг, алданги 22 500 төгрөгийн шаардлагыг 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл нийт 9 сарын төлбөрийг гэрээний дагуу 1 сарын 250 000 төгрөгөөр тооцож 2 250 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 3 022 500 төгрөгийг шаардаж байна.

3. Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр шаардах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбогдуулан хариуцагч А.Бгаас татгалзаж байна.

“ИХЦ” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, "Цагаанчулуут 7а  хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах өөрийн өмчийн орон сууцыг иргэн М.Атай харицан тохиролцож 1 сарын 250 000 төгрөгийн төлбөртэй “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж орон сууцыг хүлээлгэн өгсөн. М.А нь 2018 оны 03 дугаар сараас өнөөдрийг хүртэл “Орон сууц хөлслөх гэрээ”-ний төлбөр төлөөгүй байгаа тул нийт 3 000 000 төгрөгийг, гаргуулж “ИХЦ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардагаа нэмэгдүүлэхдээ: Монгол Улсын Дээд шүүх 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/хт2019/00226 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

1.“ИХЦ” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 7а хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах өөрийн өмчийн орон сууцыг А.Б, М.А нартай байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ”-нд үндэслэн иргэн М.Атай “Орон сууц захиалан хөлслөх гэрээ” байгуулж, 1 сарын хөлс 250 000 төгрөг байхаар харилцан тохиролцож тус орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэтэл А.Б, М.А нар Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ”, “Орон сууц хөлслөх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж тус иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүх 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/хт2019/00226 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд дээрх гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоогоод тус гэрээнүүдийг цуцлаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртээ гэрээ цуцлах болсон үндэслэл нь нэхэмжпэгч А.Б, М.А нар нь ипотекийн зээлд гэрээний төлбөрөө төлөх боломжгүй болсон байна, харин зээлд хамрагдах боломжгүй болсонд хариуцагч “ИХЦ” ХХК-ийн буруутай үйлдэл байхгүй байна хэмээн дүгнэсэн. Гэтэл А.Б, М.А нар нь хүлээж авсан орон сууцаа өнөөдрийг хүртэл манай компанид албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа тул Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор гэрээ цуцлагдсан тул 2019 оны 3 дугаар сарын төлбөр 250 000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн нэмж нэхэмжилж байна.

2. Мөн А.Б, М.А нар нь Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ”-нд үндэслэн иргэн М.Атай “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан бөгөөд “Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ” шүүхийн журмаар цуцлагдсан шалтгаан нь А.Б, М.А нараас болсон гэдгийг Дээд шүүх тогтоолдоо дүгнэсэн. “ИХЦ” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Евро Эко Төгөл” төслийн хүрээнд баригдаж, ашиглалтад орж буй орон сууц нь хөлслөх, түрээслүүлэх зориулалттай биш бөгөөд “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 3.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн захиалан бариулах эсвэл худалдан авахаар тохиролцсон иргэдийн хүсэлтээр хөлслөх гэрээ байгуулах журамтай байсан. Гэтэл захилагч А.Б, М.А нараас шалтгаалан гэрээ цуцлагдсан тул орон сууцыг М.Ат анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдлаар нь хүлээлгэн өгөхийг шаардаж байна. “ИХЦ” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Евро Эко Төгөл” төслийн сууцны барилгыг барьж байгаа ерөхий гүйцэтгэгч “Мастер Инженеринг” ХХК-аас “7а хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах орон сууцыг М.Ат анх хулээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан засварлахад нийт 5 460 000 төгрөг болно” гэсэн нэмэгдэл ажлын зардлыг хийж компанид ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нийт 5 710 000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа: 1. Монгол Улсын Дээд шүүх 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 001/хт2019/00226 дугаартай тоггоол гарсантай холбоотойгоор А.Б, М.А нарын “ИХЦ” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 78 330 000 төгрөг, алданги 19 244 210 төгрөг, нийт 97 574 210 төгрөгийн төлбөр авах шаардлагаас татгалзаж байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Орон сууц хөлслөх тухай 23 дугаартай гэрээний 2018 оны 3, 4, 5-р сарын төлбөр 750 000 төгрөг, алданги 22 500 төгрөг, нийт 772 500 төгрөгийн шаардлага дээр 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын дуусталх нийт 10 сарын хугацаанд хамаарах төлбөр болох 2 500 000 төгрөгийг нэмж нийт 3 272 500 төгрөг.

            3. Мөн “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу хөлсөлсөн “ИХЦ’’ ХХК-ийн өмчлөлийн 7а хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах орон сууцыг М.Ат анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан засварлахад шаардагдах нийт 5 460 000 төгрөг, нийт 8 732 500 төгрөгийг нэхэмжилж байна.

“ИХЦ” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 7а хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах өөрийн өмчийн орон сууцыг А.Б, М.А нартай байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ”-нд үндэслэн иргэн М.Атай “Орон сууц хөлслөх гэрээ” байгуупж, 1 сарын хөлс 250 000 төгрөг байхаар харилцан тохиролцож тус орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэтэл А.Б, М.А нар “Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ”, “Орон сууц хөлслөх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж тус иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүх 2019 оны 02 дугаар сарын 19-ний 001/хт2019/00226 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болохыг тогтоогоод тус гэрээнүүдийг цуцлаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртээ гэрээ цуцлах болсон үндэслэл нь нэхэмжлэгч А.Б, М.А ипотекийн зээлд хамрагдаж, гэрээний төлбөрөө төлөх боломжгүй болсон байна, харин зээлд хамрагдах боломжгүй болсонд хариуцагч “ИХЦ” ХХК-ийн буруутай үйлдэл байхгүй байна хэмээн дүгнэсэн. А.Б, М.А нар нь хүлээж авсан орон сууцаа өнөөдрийг хүртэл манай компанид албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа тул Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор гэрээ цуцлагдсан. Захилагч А.Б, М.А нараас шалтгаалан гэрээ цуцлагдсан тул орон сууцыг М.Ат анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдлаар нь хүлээлгэн өгөхийг шаардаж байна. Иймд нийт 8 732 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “ИХЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Ат холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч “ИХЦ” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 591 400 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 9 323 900 төгрөгийг нэхэмжилж байна.  “ИХЦ” ХХК-аас Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан захиалагч нарыг урамшуулах зорилгоор 1 болон 9 давхарт орон сууц захиалан авч байгаа захиалагч нарт бүрэн автомат угаалгын машин, 43 инчийн зурагт зэргийг бэлэглэж байсан. Хариуцагч М.А нар нь 4 дүгээр байрны 1-р давхарын 104 тоот орон сууцыг захиалан гэрээ байгуулсан тул дээрх эрхийг эдэлж БСБ Электроникс дэлгүүрээс худалдан авсан 591 400 төгрөгийн үнэ бүхий Саndy маркийн бүрэн автомат угаалгын машиныг “ИХЦ” ХХК-аас бэлэглэснийг өнөөдрийг хүртэл хэрэглэсэн. Монгол улсын Дээд шүүхийн тогтоолоор талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор М.А нарт хүлээлгэн өгсөн орон сууцаа буцааж авахаар болсон тул шинэ бүрэн автомат угаалгын машины үнийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А.Б, М.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ИХЦ” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Цагаанчулуут багийн 4-р байрны 104 тоот орон сууцыг зээлээр худалдах худалдан авах болж гэрээ байгуулсан. Гэтэл биднийг захиалгаар орон сууц захиалсан мэт гүтгэж гэрээний агуулгаа тайлбарлах болсон. Мөн банкнаас олгох орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийг тус компаниас хөөцөлдөн олгох асуудлыг шийдвэрлэх хүртэл орон сууц хөлслөх гэрээ байгуулна гээд бидэнтэй орон сууц хөлслөх гэрээг байгуулж байсан. Банктай тохиролцон байгуулах ипотекийн 8 хувийн зээлийн асуудал удахгүй шийдвэрлэгдэнэ гэж хэлж байснаа 8 хувийн зээлд хамруулах боломжгүй болоод байна, гэхдээ Голомт банктай асуудлыг шийдвэрлэж байгаа гэж байснаа 2018 оны 02 дугаар сараас Голомт банктай гэрээ байгуулсан, Голомт банктай гэрээ байгуулахгүй бол орон сууцыг өгөхгүй гээд хэрэглээний усыг тасалсан. Ингээд биднийг хуурч мэхлэн дүр эсгэсэн хэлцлийг хийж 34 000 000 төгрөгийг авсан болохыг мэдэж, шүүхэд орон сууц захиалах гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Биднийг Голомт банктай тохиролцсон гээд өндөр хүүтэй богино хугацааны зээлд хамрагдахыг шаардаж шахаж, уг гэрээг байгуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлэхэд усны хэрэглээг тасалж, хөөж хүч хэрэглэж эхэлсэн. Гэсэн атлаа одоо болохоор биднээс шалтгаалаад байсан мэт худал нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ипотекийн зээлийг хариуцагч бид нар л өөрсдөө хөөцөлдөх байсан, манай компанид ямар ч хамаагүй мэт тайлбарлаж байгаа нь анхнаасаа биднийг хуурч мэхэлж гэрээ байгуулсан. Учир нь бидэнтэй байгуулсан гэрээндээ / Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.7/ банктай хамтран ажиллана, 8 хувийн зээлд хамруулна гэж байсан билээ. Бид захиалгаар орон сууц бариулаагүй, бид зээлээр орон сууц худалдаж худалдан авсан, мөн бидний байгуулсан орон сууц захиалах гэрээний хавсралтын үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг тохиролцоогүй, зөвхөн 30 хувийг хэзээ төлөх тухай тохиролцсон ба түүнээс өөрөөр үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх талаар тохиролцоогүй учир алданги болон үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч М.А 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “ИХЦ” ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ат холбогдох иргэний хэрэгт гаргасан шаардлагыг өөрчилсөн тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2010 оны 07 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан Орхон аймгийн Баян өндөр сумын 7а хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууцыг “орон сууц хөлслөх тухай 23 тоот гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан ба нэхэмжлэгч бидний хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээг үндэслэн уг гэрээг байгуулсан билээ. Уг гэрээний зорилго нь Орон сууц захиалан бариулах гэрээ бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх зорилготой байсан бөгөөд орон сууц хөлслөх зорилгоор хийгдсэн гэрээ биш юм. Тухайн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7а хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууц нь худалдах худалдан авах зорилготой байсан орон сууц бөгөөд хөлслөх зориулалттай орон сууц байгаагүй юм. Орон сууц захиалан авах гэрээ, хөлслөх гэрээ биелэгдээгүй бөгөөд биелэгдээгүй улмаас гэрээний хохирол гэх 5 200 000 төгрөгийг ИХЦ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.02.19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоол гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага 3 022 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тухайн орон сууцанд амьдруулахгүй гэж нэхэмжлэгч үзэж, хэрэглэгчийн ус болон цахилгааны хэрэглээг тасалсан байгаа бөгөөд тухайн байранд амьдрах боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч М.А 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан шаардлагад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ИХЦ ХХК, хариуцагч М.Ат холбогдох хэрэгт гаргасан шаардлагыг өөрчилсөн тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1.2018 оны 3 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарыг дуустал 2010 оны 07 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7а хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууцыг “орон сууц хөлслөх тухай 23 тоот гэрээний дагуу 3 272 500 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 03 дугаар сараас эхлэн гэрээний маргаан үүсэж тухайн орон сууцыг худалдан авах боломжгүй талаар талууд мэтгэлцсэн бөгөөд хариуцагч тал 34 000 000 төгрөгийг буцаан авах шаардлагыг 2018 оны 03 дугаар сард шүүхэд гаргаж маргахад нэхэмжлэгч мөнгийг буцаан өгөхгүй, худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзэн биднээс 78 330 000 төгрөг, алданги 19 244 210 төгрөг нэхэмжилж байсан билээ. Энэхүү маргаан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, талууд гэрээнээс татгалзсан гэж үзэн гэрээнээс татгалзсантай холбоотой төлбөр 5 200 000 төгрөгийг “ИХЦ” ХХК-д үлдээж, 28 800 000 төгрөгийг М.Амартунагалаг, А.Б нарт олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд гэрээний татгалзсантай холбоотой өгсөн, авснаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 заалтын дагуу талууд биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа атлаа биднийг өнөөдөр хүртэл орон сууц хөлсөлсөн мэт үзэж байгаа үндэслэлгүй. 2018 оны 03 дугаар сараас нэхэмжлэгч гэрээний үүрэг биелүүлээгүй гэж үзэн гэрээнээс татгалзан, ус дулаан цахилгааны хэрэглээг зогсоож, хүн амьдрах боломжгүй болгосон бөгөөд шүүхэд маргаж байх хугацаанд нэг удаа ус цахилгааны хэрэглээг олгосон боловч мөн дахин маргаантай хэмээн эрх бүхий байгууллагад нэхэмжлэгч хүсэлт гарган дулаан цахилгааны хэрэглээг бүрэн зогсоосон. Гэсэн атал биднийг одоо болтол хөлсөлж байгаа гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээг хүчинтэй гэж үзэж нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Тухайн гэрээнүүдтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

2.Харин одоо болтол бидний мөнгийг өгөөгүй байгаа бөгөөд гэрээнээс татгалзсан үүргээ биелүүлээгүй байж биднийг орон сууц хөлсөлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолоор хариуцагч М.Аийг буруутай байна гэж дүгнэлт хийгээгүй бөгөөд аль аль тал нь гэрээнээс татгалзах хүсэлтэй байсан байна гэх үндэслэлд дүгнэлт хийснийг хариуцагчийг буруутай мэт тайлбарласан нь үндэслэлгүй. Анх гэрээнээс татгалзах үйлдлийг нэхэмжлэгч тал ус дулаан цахилгааны хэрэглээг таслан зогсоон, орон сууцанд амьдруулахгүй гэх шаардлагыг тавьсан үйлдэл хийсэнтэй холбоотой шүүхэд хариуцагч нэхэмжлэл гаргасан нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолтой хэргээс нотлогдож байгаа. М.Ат анх байрыг хүлээлгэн өгсөн байдалд оруулан засварлахад шаардагдах 5 460 000 төгрөгийг нэхэмжилжээ. Гэтэл тухайн орон сууц нь анх хуучин орон сууц буюу өөр хүн амьдарч байсан орон сууц байсан бөгөөд бидэнд шинэ орон сууц хүлээлгэн өгөөгүй. Мөн тухайн орон сууцыг өөрийн худалдан авсан орон сууц гэж үзэн сантехникийн засварыг хийж, зарим өрөөний жижиг засваруудыг хийсэн бөгөөд тухайн орон  сууцыг гэмтээсэн муудсан устгасан зүйл байхгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байх үед сар бүр эзэмшиж ашигласны төлбөр 250 000 төгрөгийг өгч байсан билээ.Тухайн орон сууцыг зайлшгүй засварлах нөхцөл үүсээгүй. Өөрийн худалдан авсан орон сууц гэж үзэн засан сайжруулан эзэмшиж байсан орон сууц байсан бөгөөд түүнийг зайлшгүй засварлах нөхцөл байдалд оруулаагүй. Харин тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулснаас хойш бий болох элэгдэл хорогдол, ашиглалтын хугацаанаас хамаарч завсар хийх нөхцөл байдал үүссэн бол хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Иймд М.Ааас нэхэмжилсэн 5 460 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М.А болон нөхөр А.Б бид нараас авсан 34 000 000 төгрөгийг өгөхгүй гэсэндээ янз бүрийн арга зам хайж байгаа бөгөөд гэрээнээс татгалзсны үр дагаварт 5 200 000 төгрөгийг нэхэмжлэгч өөртөө үлдээн авсан бөгөөд дахин 8 732 500 төгрөгийг авах гэж улайрч байгаа нь үндэслэлгүй. Бид тухайн орон сууцанд 8 сар амьдарсан бөгөөд энэ хугацаанд гэрээний маргаан үүсч, 2019 оны 02 дугаар сарын 19-нд уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ богино хугацаанд нэхэмжлэгчид 13 932 000 төгрөгний гэм хохирол учруулаагүй. Улсын Дээд Шүүхээс 5 200 000 төгрөгийг гэрээний үүрэгтэй холбоотой гэм хохирол гэж үзэн нэхэмжлэгчид үлдээн шийдвэрлэсэн. Орон сууц худалдан авах гэж 34 000 000 төгрөг өгснийг янз бүрийн шалтгаанаар суутган өгөхгүй байх гэсэн санаа зорилготой байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь орон сууцыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах бүх нөхцлийг бүрэн зогсоож, өөртөө авсан нь үнэн болно гэжээ.

Хариуцагч М.А 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “ИХЦ” ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ат холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

            Нэхэмжлэлийн шаардлагыг Candy маркийн бүрэн автомат угаалгын машины үнэ 591 400 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2010 оны 07 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7а хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр болж, нөгөө тал хариуцагчаас авсан мөнгийг буцаан өгөхөөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэхүү гэрээний маргааныг эцэслэг шийдвэрлэсэн бөгөөд гэрээг татгалзсантай холбоотой Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь заалтын дагуу талууд авсан өгсөн зүйлээ биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна. Харин энэхүү угаалгын машиныг дээрх гэрээг байгуулсан гэж үзэн бэлэглэсэн бөгөөд хариуцагч тал бэлгийг хүлээн авч, бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Харин орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзснаар бэлгийг буцаан өгөх үүрэг хүлээгээгүй. Энэхүү бэлэглэлийн гэрээтэй холбоотой маргааныг Иргэний хуулийн 276-280 дугаар зүйлийг баримтлан шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууцыг захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бөгөөд уг гэрээнээс татгалзсан нь бэлэглэлийн гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй. Энэхүү бэлэглэлийн гэрээний онцлог нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө бэлэглэсэн бөгөөд үнэ төлбөргүй шилжүүлэгдсэн хөрөнгө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч М.А нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ИХЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ат холбогдох иргэний хэрэгт 9 323 900 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Candy маркийн бүрэн автомат угаалгын машины үнэ 591 400 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хүлээн эөвшөөрөхгүй. Учир нь 2010 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7а хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууцыг "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г татгалзан худалдан авах гэж байсан орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр болж, нөгөө тал хариуцагчаас авсан мөнгийг буцаан өгөхөөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/XТ2019/00226 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэхүү гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд гэрээг татгалзан шийдвэрлүүлсэн бөгөөд тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн. Гэсэн хэдий ч угаалгын машиныг тухайн орон сууцнаас гарахдаа орон сууцанд үлдээсэн бөгөөд нэхэмжлэгч тухайн автомашиныг хүлээн авчихсан атлаа мөнгийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Учир нь тухайн орон сууц, угаалгын автомашиныг хүлээлгэн өгөх гэтэл шууд түлхүүрийг дур мэдэн сольж, чех гадаад хүмүүсийг оруулсан байсан. Иймд Candy маркийн бүрэн автомат угаалгын машины үнэ 591 400 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс хойш дахин хүмүүс солигдсон. Анх нэхэмжилсэн 2019 оны 02 дугаар сар хүртэлх нийт 9 сарын хөлсний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2018 оны 03 дугаар сард өмчлөгч ИХЦ ХХК-ийн хүсэлтээр цахилгаан гэрэл тогийг тасалж, халуун хүйтэн усыг зогсоож, хүн амьдрах боломжгүй болж, нөхөр хүүхдийн хамт ээжийндээ очиж амьдрах болсон. Ингээд шүүхэд маргаан үүсгэж хэргийг шийдвэрлүүлсэн. Амьдарч эхэлсэн үеэс гэрээний маргаан үүсэх хүртэл хутацаагаар тасралтгүй хөлсний мөнгө буюу сарын 250 000 төгрөгийг төлсөн бөгөөд нөхөр бид хоёрын зорилго бол орон сууц худалдан авах зорилготой л байсан. Уг зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Орхон аймаг, Баянндөр сум, Дэнж багт байрлах 1 өрөө орон сууцаа 24 000 000 төгрөгөнд худалдан урьдчилгаа мөнгөө өгсөн бөгөөд урьдчилгаа мөнгөө өгөөд орон сууцанд орох гэтэл хөлсний гэрээ байгуул, манайх ийм журамтай гэж хэлээд хөлсний гэрээ байгуулж байсан. Анх тухайн орон сууцанд ороход шинэ орон сууц байгаагүй. Өөрийн өмчлөлийн орон сууцтай болж байгаа гээд орон сууцны сантехник, ванн, жорлон түүний сэлбэг хэрэгслийг засварлан сольсон. Орон сууцанд хүн амьдарч байгаад гарсан бололтой байсан учир бүрэн цэвэрлэгээ хийж орж байсан. Засвартай шинэ орон сууц өгөөгүй атлаа одоо өгсөн мэт худал гүтгэж байгааг зөвшөөрөхгүй. Өөрийн өмчлөлд урьдчилгаа төлбөрийг төлөөд авсан гэж итгэж байсан учир орон сууцаа дордуулах, эвдэж гэмтээх муутгах үйлдэл гаргах нь битгий хэл аль болохоор илүү сайхан байлгах гэж хичээж байсан. Гэтэл хөлсний байранд хайр гамгүй байж байгаад гарсан хүмүүс шиг элдвээр хэлж, буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн орон сууцанд 7 сар амьдарч “гэрээнээс татгалзсан гэж 3 200 000 төгрөг, хөлсний мөнгө гэж 2 000 000 төгрөг нийтдээ 5 200 000 төгрөгийг өгсөн бөгөөд дахин надаас үндэслэлгүй 9 323 900 төгрөгийг нэхэмжилсэн байна гэж үзэж байна. Намайг үнэхээр хохироосонИХЦ ХХК" нь 8 хувийн хүүтэй орон сууц олгож байна гэх зар гаргасныг анх мэдээд орон сууц худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд урьдчилгаа төлбөр төл гэхээр нь би нэг өреө байраа 24 000 000 төгрөгөнд зарж, “ЭҮ” ХХК-д ажиллаж байгаа ажиллагсад орон сууцанд ороход ганцхан удаа олгодог 8 000 000 төгрөгийг хөөцөлдөн, тус байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд урьдчилгаа төлбөр төлж дуусаад 8 хувийн хүүтэй гэрээг байгуулах гэтэл боломжгүй, манайх Голомт банктай тохиролцсон гэрээтэй уг гэрээнд эхэлж хамрагд, тэгээд 8 хувь болгож өгнө гэж хэлсэн. Ингээд Голомт банкинд очиход манай байгууллагатай тус ИХЦ ХХК гэрээтэй, гэхдээ бид 8 хувийн эээл олгох боломжгүй, гэрээ нь бусад зээл олгогч нартай адил хүүтэй хөнгөлөлт байхгүй гэдгийг мэдээд биднийг хуурсныг мэдсэн. Улсаас олгож байсан 8 хувь олгогдохгүй байгааг мэдсээр байж сурталчилгаагаа 8 хувийн орон сууцанд хамрагдах боломжтой гэж сурталчилан иргэдийг төөрөгдөлд оруулж олон хүнийг хохироож байгаа юм билээ. Намайг Дээд шүүхэд уг асуудлаа нотлоогүй байна гэж нөгөө талд шийдвэр гаргасан. Гэтэл энэ аргаараа дахин орон сууцаа борлуулсаар иргэдийг хохирсоор байгааг мэдсэн. Ийм байдлаар намайг хохироож дахин орон сууц авах боломжгүй болгосон атлаа дахин намайг худал гүтгэн мөнгө нэхэмжилж байгааг эөвшөөрөхгүй. 7 сар амьдрах хугацаанд 9 323 900 төгрөгний хохирол учруулсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Алданги, хохирол учрүулсан гэж 5 200 000 төгрөгийг шүүхээр шийдвэрлүүлж авсан атлаа дахин 9 323 900 төгрөг гаргуулна гэж байгаа нь нийт миний өгсөн 34 000 000 төгрөгөөс 14 532 900 төгрөгийг авах гэж улайрч намайг илтэд хохироохыг хүсч байна гэж үзэж байна. Орон сууц худалдан авах гэсэн зорилгоор орон сууцны урьдчилгаа мөнгийг төлж урьдчилгаа мөнгийг төлсөн атлаа худалдан авах гэж хүссэн орон сууцандаа давхар хөлсний гэрээгээр сар бүр мөнгө төлснөөр би нэхэмжлэгчийг хохироогоогүй. Харин ч үндэслэлтэй, үндэслэлгүй өөрийн орон сууцыг ашиглан, бусдаас их хэмжээний мөнгө авах гэж улайрч байна. Мөн шинэ орон сууц худалдаагүй атлаа шинэ байсан гэж дайрч, шинэ орон сууц, засвар хийсэн орон сууц хүлээлгэн өгсөн мэт гэж гүтгэж байна. Анх тухайн орон сууцыг авахаар тохиролцоод 2017 оны 07 дугаар сарын 2-ны өдөр сайн өдөр нүүж орж байсан бөгөөд Эрдэнжаргал, Үрлээ, Мөнхжаргал, Оргил, Чинбат гэх 5 залуу тавилга болон бусад зүйлийг зөөж оруулахад тусалж байсан ба ороход байсан тухайн байгууллагын ажилчдын эд зүйлс гэх орны матрасс, плитка. аяга таваг зэрэг ойр зуурын хэрэглээний зүйлийг ИХЦ ХХК-ийн ажилчин гэх залууд хүлээлгэн өгч байсан. Хүлээлгэн өгсөн баримтад шинэ орон сууц, засвар хийсэн гэх зүйл гэж бичигдээгүй бөгөөд нэхэмжлээд байгаа шал, обой, тааз, ваннын засвар материал анх ямар байсан тэр л байдлаар нь өгөх гэхэд хүлээн аваагүй, хүн ирээгүй атлаа орон сууцны түлхүүрийг яаран сандран сольсон. Сольсноос хойш одоо ийм ч юм эвдсэн байна, өөрчилсөн байна гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Анх хүлээлгэн өгсөн эд зүйлийн талаар ямар ч маргаангүй энэ талаар нэг ч маргаан үүсээгүй бөгөөд хүлээлгэн өгсөн зүйлээ хүлээн аваагүй, хүлээлцээгүй атлаа М.А надад шинэ орон сууц засвар хийсэн орон сууц өгсөн гэж буруутган тухайн орон сууцны элэгдэл хорогдол, онгорхой нүх болгоныг намайг үүсгэж эвдэж гэмтээсэн мэт үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Орон сууцны түлхүүр сольж авсны дараа бусдыг тухайн орон сууцандаа оруулсан, бусдад үйл ажиллагаа явуулж хөлслүүлж байсныг би мэднэ. Энэхүү асуудлаар шүүхэд хэргийг хэлэлцэн маргаан болж байх хугацаанд хэд хэдэн хүн солигдсныг мэднэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд хийсэн үзлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ИХЦ” ГХОХХК нь хариуцагч М.Ат холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр, алдангийн хамт 3 272 500 төгрөг, орон сууцыг анх ямар байсан тэр хэлбэрт нь оруулан засварлахад шаардагдах 5 460 000 төгрөг, угаалгын машины төлбөр 591 400 төгрөг нийт 9 323 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч анх орон сууцны үлдэгдэл төлбөр 78 330 000 төгрөг, алданги 19 244 210 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу 3-5 сарын төлбөр 750 000 төгрөг, алданги 22 500 төгрөг нийт 98 346 710 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд хариуцагч А.Бгаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Орон сууц хөлслөх 23 дугаартай гэрээ”-ний дагуу 2018 оны 3, 4, 5-р сарын төлбөр 750 000 төгрөг, алданги 22 500 төгрөг, 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 03 дугаар сар дуустал хугацааны төлбөр нийт 3 272 500 төгрөг, 7а хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах орон сууцыг М.Ат анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан засварлахад шаардагдах зардал 5 460 000 төгрөг, мөн “ИХЦ” ХХК-аас Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан захиалагч нарыг урамшуулах зорилгоор 1 болон 9 давхарт орон сууц захиалан авч байгаа захиалагч нарт бүрэн автомат угаалгын машин, 43 инчийн зурагт зэргийг бэлэглэж байсан. Үүний дагуу хариуцагч М.Ат 591 400 төгрөгийн үнэ бүхий Саndy маркийн бүрэн автомат угаалгын машиныг “ИХЦ” ХХК-аас бэлэглэсэн Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор М.А нарт хүлээлгэн өгсөн орон сууцаа буцааж авахаар болсон тул шинэ бүрэн автомат угаалгын машины үнэ 591 400 төгрөг нийт 9 323 900 төгрөг гаргуулна гэж  тайлбарлаж, орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр шаардах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбогдуулан хариуцагч А.Бгаас татгалзсан байна.

Хариуцагч М.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсантай холбогдуулан талууд өгсөн авснаа буцаахаар болсон тул угаалгын машиныг үлдээсэн, мөн 5 200 000 төгрөгийг төлсөн тул дахин мөнгө өгөх боломжгүй, орон сууцыг ердийн байдлаас нь илүү муутгасан зүйлгүй анхнаасаа шинэ орон сууц хүлээж аваагүй, өмнө нь өөр айл амьдарч байсан бөгөөд бидний дараа ч өөр хүмүүс байсан тул засварын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг. 

“ИХЦ” ГХОХХК болон иргэн А.Б, М.А нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууц захиалан бариулах 89 дугаартай гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээгээр А.Б, М.А нар нь “ИХЦ” ГХОХХК-ийн Орхон аймаг, Эрдэнэт хотод хэрэгжүүлж байгаа орон сууцны 7А хороолол, “Евро Эко Төгөл” төслийн хүрээнд баригдсан 4 дүгээр байрны 1 дүгээр давхарын 104 тоот хаягт байрлах 64.9 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээгээр тохиролцсон графикийн дагуу төлбөрийг төлөхөөр болсон бөгөөд төлбөрөө бүрэн төлтөл 1 сарын 250 000 төгрөгийн төлбөртэй байхаар тохирч “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж орон сууцыг хүлээлгэн өгсөн байна.

Хариуцагч М.А нь гэр бүл А.Бгийн хамт шүүхэд хандаж  “Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ”, “Орон сууц хөлслөх 23 тоот гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан.

Орон сууцны төлбөр болох 110 330 000 төгрөгийн 30 хувь буюу 24 000 000 төгрөгийг хариуцагч нар төлөөгүй, банкны зээлд хамрагдах хүсэлгүй байгаа гэсэн шалтгаанаар “ИХЦ ГХОХХК гэрээгээ цуцлах, ипотекийн 8 хувийн зээлд хамруулах үүргийг гэрээгээр хүлээсэн ба энэ үүргээ биелүүлээгүй, хуурч мэхэлж, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж М.А, А.Б нар маргаж байсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00226 дугаартай тогтоолоор орон сууц худалдах худалдан авах гэрээний талууд хэн аль нь гэрээнээс татгалзах хүсэлтэй байгаа, болон дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болохыг тогтоож, гэрээнүүдийг цуцлаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь “ИХЦ” ГХОХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Евро Эко Төгөл” төслийн хүрээнд баригдаж, ашиглалтад орж буй орон сууц нь хөлслөх, түрээслүүлэх зориулалттай биш бөгөөд “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 3.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн захиалан бариулах эсвэл худалдан авахаар тохиролцсон иргэдийн хүсэлтээр хөлслөх гэрээ байгуулах журамтай, захиалагч А.Б, М.А нараас шалтгаалан гэрээ цуцлагдсан тул орон сууцыг М.Ат анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдлаар нь хүлээлгэн өгөх ёстой гэж нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг тодруулж байна.

Нэхэмжлэгч “ИХЦ” ГХОХХК нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй тул түүний амьдарч байсан орон сууцны ус, цахилгааныг 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тасалсаны улмаас хариуцагч М.А 2018 оны 3 сард уг байранд амьдрах боломжгүй болж байрнаас гарсан гэж тайлбарладаг. Түүний тайлбар нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд орон сууцанд амьдрана гэдэг нь хүн амьдран суух боломжтой нэн тэргүүний шаардлагатай ус, дулаан, цахилгаанаар хангагдсан байх ёстой бөгөөд энэ шаардлагыг тасалдуулсанаар орон сууцанд амьдрах нөхцөл байдал үгүйсгэгднэ.

Хариуцагч М.А 2018 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрөө төлж байсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хэрэглээний халуун, хүйтэн ус, тог цахилгааныг тасалсанаар амьдран суух аргагүй болж байрнаас гарсан гэж тайлбарласан нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн орон сууц хөлслөх гэрээний дагуу шаардсан 3 272 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан 1, 9 дүгээр давхрын оршин суугч нарт бүрэн автомат угаалгын машин, телевизорыг сонголтоор бэлэг болгон хүлээлгэн өгсөн ба хариуцагч М.Ат хүлээлгэн өгсөн угаалгын машины үнэ 591 400 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  Тодруулбал: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Талууд орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч угаалгын машиныг орон сууцанд нь үлдээгээд явсан байх тул гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаасан гэж үзнэ.

Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1.-д Ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно. Мөн хуулийн 279.4.Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул хуульд заасан шаардлагыг хангаагүй, тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй гэж шүүх дүгнэв.

 Харин хариуцагч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, "Цагаанчулуут 7а  хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах орон сууцанд хөлслөх гэрээний дагуу амьдарч байх богино хугацаандаа дээрх орон сууцыг ердийн элэгдэлээс илүү муутгасан, дотор монтажийг дур мэдэн өөрчилсөн байх тул засварын хөлс 3 088 823 төрөгийг гаргуулах үндэстэй байна гэж дүгнэв.

Тодруулбал: Маргаан бүхий орон сууцанд үзлэг хийхэд ханны цаас наахад бэлэн болгож зарим нэг засвар үйлчилгээг /ванн солих, шал болон шалны хөвөө, дотор монтажийг хуучин хэвд оруулах, хаалга засах/ хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд уг орон сууцыг бүхэлд нь засан сайжруулахаар зардлын төлбөрийг нэхэмжлээгүй, зөвхөн хагарч, хугарсан хэсгийг солих түүнтэй холбоотой засвар үйлчилгээ хийгдсэн болохыг дурдах нь зүйтэй. Мөн энэхүү засвар үйлчилгээтэй холбоотой зардлын төсвийг нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 122 дугаар хуудсанд ирүүлсэн бөгөөд өмнө нь оршин сууж байсан айлыг гарахад ханны цаасыг сольж өгсөн гэсэн тайлбараас эзэмшигч солигдох бүрд элэгдлийг тооцож ханны цаасыг сольдог, энэ элэгдэл нь ердийн элэгдэл байх боломжтой гэж үзэж нийт зардлын 4 034 883 төгрөгөөс ханны цаас, түүний ажлын хөлстэй холбоотой зардлыг хасч нийт 3 088 823 төгрөгийн засвар үйлчилгээний зардлыг хариуцагч М.Ат хариуцуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь : 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 289 дүгээр зүйлийн 289.1.3., 289.1.4., 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан хариуцагч М.Ааас 3 088 823 /гурван сая наян найман мянга найман зуун хорин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ИХЦ” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 235 077 /зургаан сая хоёр зуун гучин таван мянга далан долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 790 463  /долоон зуун ерэн мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Ааас 64 371.17 /жаран дөрвөн мянга гурван зуун далан нэгэн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ИХЦ” ГХОХХК-д олгосугай.

3. Шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг түлхүүр, 2 ширхэг гадаа хаалганы чипийг “ИХЦ” ГХОХХК-д олгохыг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны     шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.АРИУНЦЭЦЭГ