Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 93

 

........ ГХОХХК-ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч М.........т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00611 дугаар шийдвэртэй,........

Нэхэмжлэгч: ........ ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.........т холбогдох,

Орон сууц худалдсаны үлдэгдэл төлбөр 78.330.000 төгрөг, алданги 19.244.210 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу 3-5 дугаар сарын төлбөр 750.000 төгрөг, алданги 22.500 төгрөг нийт 98.346.710 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Харицагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Сүхбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ........ ГХОХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

........ ХХК болон иргэн А........., М......... нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр А......... нар нь ........ ХХК-ийн Орхон аймаг, Эрдэнэт хотод хэрэгжүүлж байгаа орон сууцны ........ хороолол, ........ Эко Төгөл төслийн хүрээнд баригдсан 4-р байрны 1 дүгээр давхарын 104 тоот хаягт байрлах 64.9 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээгээр тохиролцсон графикийн дагуу төлбөрийг төлөхөөр тохирсон. Тус гэрээний 2.1 дэх хэсэгт орон сууцыг 1 м2-ийг 1.700.000 төгрөгөөр тооцож, нийт үнэ нь 110.330.000 төгрөг байхаар заасан. Мөн гэрээний 1.2 дахь хэсэгт захиалагч нь гэрээний төлбөрийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн бөгөөд хавсралт 2-т нийт 100 хувь дүн болох 110.330.000 төгрөгийн төлбөрийнхөө 30 хувийн 24.000.000 төгрөгийг төлбөрийн боломжгүй гэсэн шалтгаанаар гэрээ цуцлагдахад өмнө хүн амьдарч байсан орон сууцыг шинэ орон сууцны үнээр борлуулах боломжгүй дараагийн захиалагч, худалдан авагчид худалдан борлуулахын тул дахин засвар хийж гүйцэтгэгч компаниас зардал гарч хохирч байна. А........., М......... нартай ижил нөхцлөөр орон сууцаа хүлээн авч амьдарч байгаа захиалагч иргэд энэхүү орон сууц хөлслөх гэрээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд А........., М......... нар ч мөн хүлээн зөвшөөрч, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц хөлслөх 23 дугаартай гэрээг байгуулж, 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл гэрээгээр тохирсон хөлсөө төлж байсан. Гэрээний үлдэгдэл төлбөрөө гүйцээж төлөх, ипотекийн зээлээ яаралтай хөөцөлдөж зээлийн шийдвэрээ гаргуулахыг удаа дараа шаардсан боловч 8 хувийн ипотекийн зээл олгохгүй байна, санхүүжилтийг нь шийдээгүй гэнэ гэсэн шалтгаан хэлж цаг хугацаа алдуулж байсан. Гэтэл А......... нар нь гэрээ байгуулагдснаас хойш ипотекийн зээлд хамрагдах талаар ямар ч үйлдэл хийгээгүй. Монгол улсын Сангийн сайдаас ........ ХХК-нд ирүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 8-2/1574 тоот албан бичгээр "... 2017 болон 2018 онуудад ипотекийн зээлийн санхүүжилтийг банкуудад хуваарилан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаартай тушаалаар батлагдсан Орон сууцны санхүүжилтийн журам-ын дагуу зээл олгогдож байгаа, Монгол Улсын Засгийн газар, Монголбанк ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлээгүй гэх мэдээлэл нь буруу байна гэж мэдэгдсэн. 2017 оны 06 дугаар сараас хойш Голомт банктай хэлэлцээр хийж ........ ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслийн орон сууцнаас захиалсан иргэдэд банкны өөрийн эх үүсвэрийн 18 хувийн хүүтэй зээл олгох, зээлийн хүүгийн 6 хувийг ........ ХХК төлж, захиалалагч иргэн 12 хувийн хүү төлөх, Монгол банкнаас ипотекийн санхүүжилт хуваарьлагдсан нөхцөлд 8 хувь руу шилжүүлэх нөхцөлтэйгөөр Хамтран ажиллах гэрээ-г 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан. Дээрх гэрээ хэлэлцээрүүдийн дагуу 2017оны 6 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд ........ ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан 6 иргэн дээрх банкуудаас ипотекийн зээл авах гэрээ байгуулж, зээлийн шийдвэрээ гаргуулсан. А......... нарын нэхэмжлэлд дурьдсан 8 хувийн зээлд хамруулж өгнө, өндөр хүүтэй зээл ав, түрээсийн гэрээ заавал байгуул гэж ........" ХХК-аас шаардаж дарамталсан, "... биелэгдэх боломжгүй хууль зөрчсөн, 8 хувийн зээлд хамруулах амлалтаа биөлэгдэх боломжгүй байдлыг нуун дарагдуулж, хуурч хөлслөх гэрээ нэрийн дор 250.000 төгрөг сар бүр авсан.... гэх нь үндэслэлгүй юм. Орон сууц захиалан бариулах гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь гэрээний 4.1 Орон сууцны үнийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлнө. Банкны зээл авах зэргээр санхүүжилт олох шаардлагатай бол төлбөрийн хуваарийг мөрдөхөд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг урьдчилан авсан байх үүрэгтэй, 5.7 Захиалагч орон сууцыг банкны зээлээр худалдан авч буй тохиолдолд банк захиалагчтай тусгайлан гэрээ байгуулах бөгөөд банк, захиалагч, гүйцэтгэгчийн хоорондох 3 талт харилцааг энэхүү гэрээтэй уялдуулан зохицуулах талаар хамтран ажиллана. Орон сууцыг захиалагчийн мэдэлд хүлээлгэн өгсөн тохиолдолд тэрээр зээлийн өрийг төлж дуустал орон сууцыг захиран зарцуулах эрх эдлэхгүй. Гэрээний 3.3 дахь хэсэгт орон сууцыг 100 хувь төлбөр хийсэн захиалагчид барилгыг улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ. Захиалагч нь орон сууцны төлбөрийг гэрээний хавсралт 2-т заасан графикийн дагуу бүрэн гүйцэд төлснийг үндэслэн гүйцэтгэгч орон сууцыг хүлээлгэн өгөх акт үйлдэнэ." хэмээн заасан. Гэрээний нөхцлийг биелүүлж, компанийг хохиролгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх ТУЗ-ийн тогтоолын дагуу ажилласан.

........ ХХК-аас төлбөрөө 100 хувь бүрэн төлөөгүй, өөрсдөө хүсэлт гаргаад үлдэгдэл төлбөрөө яаралтай хөөцөлдөж төлөхөө амласан захиалагч нарт орон сууцыг нь хүлээлгэн өгсөн боловч төлбөрөө төлж чадах эсэх нь тодорхойгүй, зээлээ хөөцөлдөх, төлбөрөө төлж барагдуулах тал дээр үйлдэл гаргахгүй байгаа захиалагч нарт орон сууцаа гэрээний төлбөрөө 100 хувь төлж дуусах хүртэлээ чөлөөлөх, эсвэл орон сууц хөлслөх гэрээ байгуулж хөлс төлөх гэсэн 2 нөхцлийг санал болгож байсны дагуу А......... нар нь Орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг зөвшөөрч гэрээ байгуулсан. Иймд гүйцэтгэгч ........ ХХК-аас "6.1 Талууд харилцан тохиролцож хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд захиалагч нь Орон сууцны төлбөр төлөх графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутам тухайн хугацаанд төлөх ёстой байсан үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээнэ. хэмээн заасны дагуу нэхэмжлэгч нараас үлдэгдэл төлбөр 78.330.000 төгрөг, алданги 19.244.210 төгрөг, Орон сууц хөлслөх гэрээний үүрэг 3, 4, 5-р сарын төлбер 750.000 гэрээний 2.3 дахь хэсэгт заасан 0.1 хувиар тооцсон алданги 22.500 төгрөг, нийт 98.346.710 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ........ ГХОХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

А........., М......... нарын ........ ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ-ний үлдэгдэл төлбөр 78.330.000 төгрөг, алданги 19.244.210 төгрөгийн төлбөр авах шаардлагаас татгалзаж, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх тухай 12 дугаартай гэрээ-ний төлбөр 2018 оны 3, 4, 5 дугаар сарын 750.000 төгрөг, алданги 22.500 төгрөгийн шаардлагыг 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл нийт 9 сарын төлбөрийг гэрээний дагуу 1 дүгээр сарын 250.000 төгрөгөөр тооцож 2.250.000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 3.022.500 төгрөгийг шаардаж байна. Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр шаардах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсантай холбогдуулан хариуцагч А.........гаас татгалзаж байна. ........ ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, "........ ........ хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах өөрийн өмчийн орон сууцыг иргэн М.........тай харицан тохиролцож 1 дүгээр сарын 250.000 төгрөгийн төлбөртэй Орон сууц хөлслөх гэрээ байгуулж орон сууцыг хүлээлгэн өгсөн. М......... нь 2018 оны 03 дугаар сараас өнөөдрийг хүртэл Орон сууц хөлслөх гэрээ-ний төлбөр төлөөгүй байгаа тул нийт 3.000.000 төгрөгийг, гаргуулж ........ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ........ ГХОХХК нэхэмжлэлийн шаардагаа нэмэгдүүлэхдээ:

........ ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, ........ ........ хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах өөрийн өмчийн орон сууцыг А........., М......... нартай байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ-нд үндэслэн иргэн М.........тай Орон сууц захиалан хөлслөх гэрээ байгуулж, 1 сарын хөлс 250.000 төгрөг байхаар харилцан тохиролцож тус орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэтэл А........., М......... нар Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ, Орон сууц хөлслөх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж тус иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүх 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/хт2019/00226 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд дээрх гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоогоод тус гэрээнүүдийг цуцлаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртээ гэрээ цуцлах болсон үндэслэл нь нэхэмжпэгч А........., М......... нар нь ипотекийн зээлд гэрээний төлбөрөө төлөх боломжгүй болсон байна, харин зээлд хамрагдах боломжгүй болсонд хариуцагч ........ ХХК-ийн буруутай үйлдэл байхгүй байна хэмээн дүгнэсэн.

Гэтэл А........., М......... нар нь хүлээж авсан орон сууцаа өнөөдрийг хүртэл манай компанид албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа тул Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор гэрээ цуцлагдсан тул 2019 оны 3 дугаар сарын төлбөр 250.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн нэмж нэхэмжилж байна. Мөн А........., М......... нар нь Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ-нд үндэслэн иргэн М.........тай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ шүүхийн журмаар цуцлагдсан шалтгаан нь А........., М......... нараас болсон гэдгийг Дээд шүүх тогтоолдоо дүгнэсэн. ........ ХХК-ийн хэрэгжүүлж байгаа ........ Эко Төгөл төслийн хүрээнд баригдаж, ашиглалтад орж буй орон сууц нь хөлслөх, түрээслүүлэх зориулалттай биш бөгөөд Орон сууц хөлслөх гэрээ-ний 3.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн захиалан бариулах эсвэл худалдан авахаар тохиролцсон иргэдийн хүсэлтээр хөлслөх гэрээ байгуулах журамтай байсан. Гэтэл захилагч А........., М......... нараас шалтгаалан гэрээ цуцлагдсан тул орон сууцыг М.........т анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдлаар нь хүлээлгэн өгөхийг шаардаж байна. ........ ХХК-ийн хэрэгжүүлж байгаа ........ Эко Төгөл төслийн сууцны барилгыг барьж байгаа ерөхий гүйцэтгэгч Мастер Инженеринг ХХК-аас ........ хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах орон сууцыг М.........т анх хулээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан засварлахад нийт 5.460.000 төгрөг болно гэсэн нэмэгдэл ажлын зардлыг хийж компанид ирүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нийт 5.710.000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ........ ГХОХХК нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчлөхдөө

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Орон сууц хөлслөх тухай 23 дугаартай гэрээний 2018 оны 3, 4, 5 дугаар сарын төлбөр 750.000 төгрөг, алданги 22.500 төгрөг, нийт 772.500 төгрөгийн шаардлага дээр 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын дуусталх нийт 10 сарын хугацаанд хамаарах төлбөр болох 2.500.000 төгрөгийг нэмж нийт 3.272.500 төгрөг, Орон сууц хөлслөх гэрээ-ний дагуу хөлсөлсөн ........ ХХК-ийн өмчлөлийн ........ хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах орон сууцыг М.........т анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан засварлахад шаардагдах нийт 5.460.000 төгрөг, нийт 8.732.500 төгрөгийг нэхэмжилж байна. ........ ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, ........ ........ хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах өөрийн өмчийн орон сууцыг А........., М......... нартай байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ-нд үндэслэн иргэн М.........тай Орон сууц хөлслөх гэрээ байгуупж, 1 сарын хөлс 250 000 төгрөг байхаар харилцан тохиролцож тус орон сууцыг хүлээлгэн өгсөн.

Гэтэл А........., М......... нар Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ, Орон сууц хөлслөх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаж тус иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүх 2019 оны 02 дугаар сарын 19-ний 001/хт2019/00226 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болохыг тогтоогоод тус гэрээнүүдийг цуцлаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртээ гэрээ цуцлах болсон үндэслэл нь нэхэмжлэгч А........., М......... ипотекийн зээлд хамрагдаж, гэрээний төлбөрөө төлөх боломжгүй болсон байна, харин зээлд хамрагдах боломжгүй болсонд хариуцагч ........ ХХК-ийн буруутай үйлдэл байхгүй байна хэмээн дүгнэсэн. А........., М......... нар нь хүлээж авсан орон сууцаа өнөөдрийг хүртэл манай компанид албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байгаа тул Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор гэрээ цуцлагдсан. Захилагч А........., М......... нараас шалтгаалан гэрээ цуцлагдсан тул орон сууцыг М.........т анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдлаар нь хүлээлгэн өгөхийг шаардаж байна. Иймд нийт 8.732.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ........ ГХОХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

........ ХХК-аас Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан захиалагч нарыг урамшуулах зорилгоор 1 болон 9 давхарт орон сууц захиалан авч байгаа захиалагч нарт бүрэн автомат угаалгын машин, 43 инчийн зурагт зэргийг бэлэглэж байсан. Хариуцагч М......... нар нь 4 дүгээр байрны 1-р давхарын 104 тоот орон сууцыг захиалан гэрээ байгуулсан тул дээрх эрхийг эдэлж БСБ Электроникс дэлгүүрээс худалдан авсан 591.400 төгрөгийн үнэ бүхий Саndy маркийн бүрэн автомат угаалгын машиныг ........ ХХК-аас бэлэглэснийг өнөөдрийг хүртэл хэрэглэсэн. Монгол улсын Дээд шүүхийн тогтоолоор талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор М......... нарт хүлээлгэн өгсөн орон сууцаа буцааж авахаар болсон тул шинэ бүрэн автомат угаалгын машины үнийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А........., М......... нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

........ ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн ........ багийн 4-р байрны 104 тоот орон сууцыг зээлээр худалдах худалдан авах болж гэрээ байгуулсан. Гэтэл биднийг захиалгаар орон сууц захиалсан мэт гүтгэж гэрээний агуулгаа тайлбарлах болсон. Мөн банкнаас олгох орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийг тус компаниас хөөцөлдөн олгох асуудлыг шийдвэрлэх хүртэл орон сууц хөлслөх гэрээ байгуулна гээд бидэнтэй орон сууц хөлслөх гэрээг байгуулж байсан. Банктай тохиролцон байгуулах ипотекийн 8 хувийн зээлийн асуудал удахгүй шийдвэрлэгдэнэ гэж хэлж байснаа 8 хувийн зээлд хамруулах боломжгүй болоод байна, гэхдээ Голомт банктай асуудлыг шийдвэрлэж байгаа гэж байснаа 2018 оны 02 дугаар сараас Голомт банктай гэрээ байгуулсан, Голомт банктай гэрээ байгуулахгүй бол орон сууцыг өгөхгүй гээд хэрэглээний усыг тасалсан. Ингээд биднийг хуурч мэхлэн дүр эсгэсэн хэлцлийг хийж 34.000.000 төгрөгийг авсан болохыг мэдэж, шүүхэд орон сууц захиалах гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Биднийг Голомт банктай тохиролцсон гээд өндөр хүүтэй богино хугацааны зээлд хамрагдахыг шаардаж шахаж, уг гэрээг байгуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлэхэд усны хэрэглээг тасалж, хөөж хүч хэрэглэж эхэлсэн. Гэсэн атлаа одоо болохоор биднээс шалтгаалаад байсан мэт худал нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ипотекийн зээлийг хариуцагч бид нар л өөрсдөө хөөцөлдөх байсан, манай компанид ямар ч хамаагүй мэт тайлбарлаж байгаа нь анхнаасаа биднийг хуурч мэхэлж гэрээ байгуулсан. Учир нь бидэнтэй байгуулсан гэрээндээ банктай хамтран ажиллана, 8 хувийн зээлд хамруулна гэж байсан билээ. Бид захиалгаар орон сууц бариулаагүй, бид зээлээр орон сууц худалдаж худалдан авсан, мөн бидний байгуулсан орон сууц захиалах гэрээний хавсралтын үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг тохиролцоогүй, зөвхөн 30 хувийг хэзээ төлөх тухай тохиролцсон ба түүнээс өөрөөр үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх талаар тохиролцоогүй учир алданги болон үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Орон сууц захиалан авах гэрээ, хөлслөх гэрээ биелэгдээгүй бөгөөд биелэгдээгүй улмаас гэрээний хохирол гэх 5.200.000 төгрөгийг ........ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.02.19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоол гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага 3.022.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тухайн орон сууцанд амьдруулахгүй гэж нэхэмжлэгч үзэж, хэрэглэгчийн ус болон цахилгааны хэрэглээг тасалсан байгаа бөгөөд тухайн байранд амьдрах боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарыг дуустал 2010 оны 07 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ........ хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууцыг орон сууц хөлслөх тухай 23 тоот гэрээний дагуу 3.272.500 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 03 дугаар сараас эхлэн гэрээний маргаан үүсэж тухайн орон сууцыг худалдан авах боломжгүй талаар талууд мэтгэлцсэн бөгөөд хариуцагч тал 34.000.000 төгрөгийг буцаан авах шаардлагыг 2018 оны 03 дугаар сард шүүхэд гаргаж маргахад нэхэмжлэгч мөнгийг буцаан өгөхгүй, худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзэн биднээс 78.330.000 төгрөг, алданги 19.244.210 төгрөг нэхэмжилж байсан билээ. Энэхүү маргаан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, талууд гэрээнээс татгалзсан гэж үзэн гэрээнээс татгалзсантай холбоотой төлбөр 5.200.000 төгрөгийг ........ ХХК-д үлдээж, 28.800.000 төгрөгийг М.Амартунагалаг, А......... нарт олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд гэрээний татгалзсантай холбоотой өгсөн, авснаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 заалтын дагуу талууд биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа атлаа биднийг өнөөдөр хүртэл орон сууц хөлсөлсөн мэт үзэж байгаа үндэслэлгүй. 2018 оны 03 дугаар сараас нэхэмжлэгч гэрээний үүрэг биелүүлээгүй гэж үзэн гэрээнээс татгалзан, ус дулаан цахилгааны хэрэглээг зогсоож, хүн амьдрах боломжгүй болгосон бөгөөд шүүхэд маргаж байх хугацаанд нэг удаа ус цахилгааны хэрэглээг олгосон боловч мөн дахин маргаантай хэмээн эрх бүхий байгууллагад нэхэмжлэгч хүсэлт гарган дулаан цахилгааны хэрэглээг бүрэн зогсоосон. Гэсэн атал биднийг одоо болтол хөлсөлж байгаа гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээг хүчинтэй гэж үзэж нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Тухайн гэрээнүүдтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Харин одоо болтол бидний мөнгийг өгөөгүй байгаа бөгөөд гэрээнээс татгалзсан үүргээ биелүүлээгүй байж биднийг орон сууц хөлсөлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолоор хариуцагч М.........ийг буруутай байна гэж дүгнэлт хийгээгүй бөгөөд аль аль тал нь гэрээнээс татгалзах хүсэлтэй байсан байна гэх үндэслэлд дүгнэлт хийснийг хариуцагчийг буруутай мэт тайлбарласан нь үндэслэлгүй. Анх гэрээнээс татгалзах үйлдлийг нэхэмжлэгч тал ус дулаан цахилгааны хэрэглээг таслан зогсоон, орон сууцанд амьдруулахгүй гэх шаардлагыг тавьсан үйлдэл хийсэнтэй холбоотой шүүхэд хариуцагч нэхэмжлэл гаргасан нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолтой хэргээс нотлогдож байгаа. М.........т анх байрыг хүлээлгэн өгсөн байдалд оруулан засварлахад шаардагдах 5.460.000 төгрөгийг нэхэмжилжээ. Гэтэл тухайн орон сууц нь анх хуучин орон сууц буюу өөр хүн амьдарч байсан орон сууц байсан бөгөөд бидэнд шинэ орон сууц хүлээлгэн өгөөгүй. Мөн тухайн орон сууцыг өөрийн худалдан авсан орон сууц гэж үзэн сантехникийн засварыг хийж, зарим өрөөний жижиг засваруудыг хийсэн бөгөөд тухайн орон сууцыг гэмтээсэн муудсан устгасан зүйл байхгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байх үед сар бүр эзэмшиж ашигласны төлбөр 250.000 төгрөгийг өгч байсан билээ.Тухайн орон сууцыг зайлшгүй засварлах нөхцөл үүсээгүй. Өөрийн худалдан авсан орон сууц гэж үзэн засан сайжруулан эзэмшиж байсан орон сууц байсан бөгөөд түүнийг зайлшгүй засварлах нөхцөл байдалд оруулаагүй. Харин тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулснаас хойш бий болох элэгдэл хорогдол, ашиглалтын хугацаанаас хамаарч завсар хийх нөхцөл байдал үүссэн бол хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Иймд М.........аас нэхэмжилсэн 5.460.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М......... болон нөхөр А......... бид нараас авсан 34.000.000 төгрөгийг өгөхгүй гэсэндээ янз бүрийн арга зам хайж байгаа бөгөөд гэрээнээс татгалзсны үр дагаварт 5.200.000 төгрөгийг нэхэмжлэгч өөртөө үлдээн авсан бөгөөд дахин 8.732.500 төгрөгийг авах гэж улайрч байгаа нь үндэслэлгүй. Бид тухайн орон сууцанд 8 сар амьдарсан бөгөөд энэ хугацаанд гэрээний маргаан үүсч, 2019 оны 02 дугаар сарын 19-нд уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ богино хугацаанд нэхэмжлэгчид 13.932.000 төгрөгний гэм хохирол учруулаагүй. Улсын Дээд Шүүхээс 5.200.000 төгрөгийг гэрээний үүрэгтэй холбоотой гэм хохирол гэж үзэн нэхэмжлэгчид үлдээн шийдвэрлэсэн. Орон сууц худалдан авах гэж 34.000.000 төгрөг өгснийг янз бүрийн шалтгаанаар суутган өгөхгүй байх гэсэн санаа зорилготой байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь орон сууцыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах бүх нөхцлийг бүрэн зогсоож, өөртөө авсан нь үнэн болно гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг Candy маркийн бүрэн автомат угаалгын машины үнэ 591.400 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2010 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ........ хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр болж, нөгөө тал хариуцагчаас авсан мөнгийг буцаан өгөхөөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00611 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 289 дүгээр зүйлийн 289.1.3., 289.1.4., 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан хариуцагч М.........аас 3.088.823 /гурван сая наян найман мянга найман зуун хорин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ........ ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.235.077 /зургаан сая хоёр зуун гучин таван мянга далан долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 790.463 /долоон зуун ерэн мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.........аас 64.371.17 /жаран дөрвөн мянга гурван зуун далан нэгэн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ........ ГХОХХК-д олгож, Шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг түлхүүр, 2 ширхэг гадаа хаалганы чипийг ........ ГХОХХК-д олгохыг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Шинэ орон сууцны үнээр орон сууцны борлуулах боломжгүй болсон учир засварын мөнгө гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 001/ХТ2019/00226 тушаал тогтоолоор 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж хөлсөлж байх хугацаанд төлсөн төлбөр 2.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн гэрээнээс татгалзсан гэж торгууль буюу 10 хувь 32 сая төгрөг нийт 5.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид үлдээхээр шийдвэрлэсэн. Хариуцагч анхнаасаа шинэ байр аваагүй 2014 онд ашиглалтад орсон н.Батгэрэл гэх айл урьд нь амьдарч байсан, мөн гэрээнээс татгалзсан шалтгаанаар гарсан тухайн байрыг хэрэг гаргаж өгсөн ба өмнө айл амьдарч байсан нь тогтоогдсон. Уг айлыг гарахад засвар хийгээгүй, өрөөнүүдийн обойг сольсон тухай нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. Гэтэл байрыг бүтэн засварлах шаардлагатай гэж үзэн компанийн гаргасан тооцоог үндэслэн хариуцагчаас 3.088.823 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуралдаан дээр гэрчээр оролцсон Арман нь орон сууц ашиглалтаас үүсэн хэвийн элэгдэлтэй байсан талаар гэрчилсэн. Уг засвар үйлчилгээ хийх шаардлага нь хариуцагчийн буруутай үйлдлээс засвар үйлчилгээ хийх болсон эсэхийг тогтоогоогүй шийдвэрлэсэн.

М......... нь орон сууцны зориулалтаар 7 сар амьдарч ашигласан бөгөөд түүнээс өмнө оршин суусан. Урьд өмнө хэд хэдэн хүнд хөлслүүлснээ нэхэмжлэгч үгүйсгээгүй ба бусдад дээрх зориулалтаар ашиглуулах явцад тухайн хөрөнгө муудсан эсэх, муудсан бол хариуцагч хариуцах үндэслэлтэй эсэх, зориулалтаар нь ашиглах явцад гарсан элэгдэл, хорогдлыг муутгасан гэж үзэх үү? тэгж үзвэл ашиглалтын зориулалтаар хэрэглэх явцад муутгасныг хариуцуулах үндэслэлтэй эсэхийг анхаарч шийдвэрлээгүй гэж үзэж байна. Хариуцагч 7 сарын хугацаанд амьдрахдаа урьдчилгаа 3.200.000 төгрөг, гэрээ татгалзсантай холбоотой 5.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн ба дахин 3.088.823 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэн, нотлох баримтын нотлогдож байгаа байдалд анхаарч шийдвэрлээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Сүхбаатар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн хариуцагчийн сууж байсан орон сууцны ус, гэрэл цахилгааныг тасалсны улмаас хариуцагч 2018 оны 03 сар уг байранд амьдрах боломжгүй болж байрнаас гарсан гэж тайлбарлаж энэхүү тайлбар нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтуудаар нотлогдож байна ... гэж үзэн орон сууц хөлслөх гэрээний дагуу нэхэмжилсэн 3.272.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хэргийн материалд авагдсан тодорхойлолт гэх зүйл нь Эрднэт Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цахилгааныг таслах тухай мэдэгдэл байдаг. Өөр ямар нэг тодорхойлолт байхгүй бөгөөд нэхэмжлэгч энэ хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжилсэн. Учир нь М......... нь өөрөө хөлсөлсөн орон сууцандаа байгаагүй, байх боломжгүй хэмээн мэдүүлж байгаа хэдий ч худалдан авах гэрээ цуцлагдсан, цаашид хөлслөн амьдрахгүй хэмээн шийдвэрлэж нэхэмжлэгч компанитай 2018 оноос хойш шүүхээр маргаж байх хугацаандаа маргаан бүхий орон сууцыг буцаан хүлээлгэн өгөх бүрэн боломжтой байсан.

Мөн Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан 1, 9 дүгээр давхарын оршин суугчид бүрэн автомат угаалгын машин бэлэглэж өгсны дагуу 591.400 төгрөгийн үнэ бүхий угаалгын машиныг биет байдлаар буцаан өгсөн гэж шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ М......... нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхийн журмаар цуцлагдсан, мөн бэлэгний угаалгын машиныг 1 жил 8 сарын хугацаанд хэрэглэж хуучруулсан энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцанд амьдрах хугацаандаа ердийн элэгдлээс илүү муутгасан гэж үзсэн ч ханын цаас болон ханын цаас наах ажлын хөлсийг нэхэмжэлийн шаардлагаас хасч тооцож 3.088.823 төгрөгийг хангаж, 2.032.977 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Мөн гэрээ хариуцагч нараас шалтгаалж цуцлагдсан хэрэв гэрээ цуцлагдаагүй бол нэхэмжлэгч талаас хариуцагч нар орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш тухайн орон сууцтай холбоотой ямар нэг нэмэлт зардал гарахгүй байсан бөгөөд тус орон сууц нь хөлслөх зориулалттай орон сууц биш зөвхөн худалдан авч байгаа хүнд л хөнгөлөлттэй тусгай нөхцөлөөр хөлсөлсөн байсан гэдгийг шүүх харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хасч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ........ ГХОХХК нь хариуцагч М........., А......... нарт холбогдуулан орон сууц худалдсаны үлдэгдэл төлбөр 78.330 .000 төгрөг, алданги 19.244.210 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу 3-5 дугаар сарын төлбөр 750.000 төгрөг, алданги 22.500 төгрөг нийт 98.346.710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц хөлслөх гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр, алдангийн хамт 3.272.500 төгрөг, орон сууцыг анх ямар байсан тэр хэлбэрт нь оруулан засварлахад шаардагдах 5.460.000 төгрөг, угаалгын машины төлбөр 591.400 төгрөг нийт 9.323.900 төгрөг гаргуулах тухай болгон өөрчилж, хариуцагч А.........гаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч ........ ГХОХХК нь иргэн А........., М......... нартай 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалан бариулах 89 дугаар гэрээ байгуулжээ.

Энэхүү гэрээгээр хариуцагч А........., М......... нар нь ........ ГХОХХК-ийн Орхон аймаг, Эрдэнэт хотод хэрэгжүүлж байгаа орон сууцны ........ хороолол, ........ Эко Төгөл төслийн хүрээнд баригдсан 4 дүгээр байрны 1 дүгээр давхарын 104 тоот хаягт байрлах 64.9 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээгээр тохиролцсон графикийн дагуу төлбөрийг төлөхөөр болжээ.

Орон сууны үлдэгдэл төлбөрөө бүрэн төлтөл 1 сарын 250.000 төгрөгийн төлбөртэй байхаар Орон сууц хөлслөх гэрээ байгуулж орон сууцыг хариуцагч нарт хүлээлгэн өгчээ.

Хариуцагч М........., А......... нар орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ, орон сууц хөлслөх 23 тоот гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 226 дугаар тогтоолоор орон сууц худалдах худалдан авах гэрээний талууд хэн аль нь гэрээнээс татгалзах хүсэлтэй байгаа, болон дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэрээнүүдийг цуцлаж шийдвэрлэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж ...нэхэмжлэгчийн орон сууц хөлслөх гэрээний дагуу шаардсан 3.272.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.........т хүлээлгэн өгсөн угаалгын машины үнэ 591.400 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, "........ ........ хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах орон сууцанд хөлслөх гэрээний дагуу амьдарч байх богино хугацаандаа дээрх орон сууцыг ердийн элэгдэлээс илүү муутгасан, дотор монтажийг дур мэдэн өөрчилсөн байх тул засварын хөлс 3.088.823 төрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ тэд биелүүлээгүй байна.

Иймд харицагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Сүхбаатар нарын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул тэдний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00611 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, харицагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Сүхбаатар нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64.371 төгрөг,нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 114.711 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ Б.БАТТӨР