Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 207/МА2019/00146

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00976 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Байрны хөлсний төлбөр, алданги 3.272.500 төгрөг, засварын төлбөр 5.460.000 төгрөг, угаалгын машины үнэ 591.400 төгрөг, нийт 9.323.900 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөнцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК болон иргэн*******, ******* нарын хооронд 2017 оны 07 сарын 21-ний өдөр Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр******* нар нь ******* ХХК-ийн Орхон аймаг, Эрдэнэт хотод хэрэгжүүлж байгаа орон сууцны 7А хороолол, Евро Эко Төгөл төслийн хүрээнд баригдсан 4-р байрны 1 дүгээр давхарын 104 тоот хаягт байрлах 64.9 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээгзэр тохиролцсон графикийн дагуу төлбөрийг төлөхөөр тохирсон. Тус гэрээний 2.1 дэх хэсэгт орон сууцыг 1 мкв-ийг 1.700.000 төгрөгөөр тооцож, нийт үнэ нь 110,330,000 /нэг зуун арван сая гурван зуун гучин мянган/ төгрөг байхаар заасан. Мөн гэрээний 1.2 дахь хэсэгт захиалагч нь гэрээний төлбөрийг хавсралт 2-т заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн бөгөөд хавсралтын 2-т Нийт 100% дүн болох 110.330.000 төгрөгийн төлбөрийнхөө 30% дүнгийн 24.000.000 төгрөгийг төлбөрийн боломжгүй гэсэн шалтгаанаар гэрээ цуцлагдахад өмнө хүн амьдарч байсан орон сууцыг шинэ орон сууцны үнээр борлуулах боломжгүй дараагийн захиалагч, худалдан авагчид худалдан борлуулахын тул дахин засвар хийж гүйцэтгэгч компаниас зардал гарч хохирч байна.*******, ******* нартай ижил нөхцлөөр орон сууцаа хүлээн авч амьдарч байгаа захиалагч иргэд энэхүү орон сууц хөлслөх гэрээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд*******, ******* нар ч мөн хүлээн зөвшөөрч 2017 оны 07 сарын 31-ний өдөр Орон сууц хөлслөх 23 дугаартай гэрээг байгуулж, 2017 оны 08 сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл гэрээгээр тохирсон хөлсөө төлж байсан. Гэрээний үлдэгдэл төлбөрөө гүйцээж төлөх, ипотекийн зээлээ яаралтай хөөцөлдөж зээлийн шийдвэрээ гаргуулахыг удаа дараа шаардсан боловч 8 хувийн ипотекийн зээл олгохгүй байна, санхүүжилтийг нь шийдээгүй гэнэ. гэсэн шалтгаан хэлж цаг хугацаа алдуулж байсан. Гэтэл гэрээний үүргээ ухамсарлаж, ипотекийн зээлээ шаргуу хөөцөлдөн зээлийн шийдвэрээ гаргуулж, төлбөрөө төлсөн захиалагчид байгаа бөгөөд захиалагч нараас өөрсдөөс нь шалтгаалж байсан. Гэтэл******* нар нь гэрээ байгуулагдснаас хойш ипотекийн зээлд хамрагдах талаар ямар ч үйлдэл хийгээгүй.

Иймд гүйцэтгэгч ******* ХХК-аас "6.1 Талууд харилцан тохиролцож хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд захиалагч нь Орон сууцны төлбөр төлөх графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутам тухайн хугацаанд төлөх ёстой байсан үнийн дүнгийн 0,1 %-тай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг хүлээнэ. хэмээн заасны дагуу нэхэмжлэгч нараас үлдэгдэл төлбөр 78,330,000 төгрөг, алданги 19,244,210 төгрөг, Орон сууц хөлслөх гэрээний үүрэг 3,4,5-р сарын төлбер 750,000 гэрээний 2.3 дахь хэсэгт заасан 0,1 хувиар тооцсон алданги 22,500 төгрөг, нийт 98,346,710 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Их Хаадын цуваа ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ:

Тус шүүхэд хянагдаж байгаа ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ-ний үлдэгдэл төлбөр 78.330.000 төгрөг, алданги 19.244.210 төгрөг, 2017 оны 07 сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц хөлслөх тухай 23 дугаартай гэрээний төлбөр 3, 4, 5-р сарын 750.000 төгрөг, алданги 22.500 төгрөг, нийт 98.346.710 төгрөгийг дараах байдлаар өөрчилсөн болно.

1. Монгол Улсын Дээд шүүх 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00226 дугаартай тоггоол гарсантай холбоотойгоор*******, ******* нарын ******* ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай 89 тоот гэрээ-ний үлдэгдэл төлбөр 78.330.000 төгрөг, алданги 19.244.210 төгрөг, нийт 97.574.210 төгрөгийн төлбөр авах шаардлагаас татгалзаж байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Орон сууц хөлслөх тухай 23 дугаартай гэрээний 2018 оны 3, 4, 5-р сарын төлбөр 750.000 төгрөг, алданги 22.500 төгрөг, нийт 772.500 төгрөгийн шаардлага дээр 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын дуусталх нийт 10 сарын хугацаанд хамаарах төлбөр болох 2.500.000 төгрөгийг нэмж нийт 3.272.500 төгрөг.

3. Мөн Орон сууц хөлслөх гэрээ-ний дагуу хөлсөлсөн ******* ХХК-ийн өмчлөлийн 7а хороолол, 4-р байр, 104 тоот хаягт байрлах орон сууцыг *******т анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан засварлахад шаардагдах нийт 5.460.000 төгрөг, нийт 8.732.500 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч Их Хаадын цуваа ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Амартунгалагт холбогдох иргэний хэргийн нэхэмжпэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 591.400 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 9.323.900 төгрөгийг нэхэмжилж байна. ******* ХХК-аас Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан захиалагч нарыг урамшуулах зорилгоор 1 болон 9 давхарт орон сууц захиалан авч байгаа захиалагч нарт бүрэн автомат угаалгын машин, 43 инчийн зурагт зэргийг бэлэглэж байсан. Хариуцагч ******* нар нь 4 дүгээр байрны 1-р давхарын 104 тоот орон сууцыг захиалан гэрээ байгуулсан тул дээрх эрхийг эдэлж БСБ Электроникс дэлгүүрээс худалдан авсан 591.400 төгрөгийн үнэ бүхий Саndy маркийн бүрэн автомат угаалгын машиныг ******* ХХК-аас бэлэглэснийг өнөөдрийг хүртэл хэрэглэсэн. Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ******* нарт хүлээлгэн өгсөн орон сууцаа буцааж авахаар болсон тул шинэ бүрэн автомат угаалгын машины үнийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Их Хаадын цуваа ХХК тай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Цагаанчулуут багийн 4-р байрны 104 тоот орон сууцыг зээлээр худалдах худалдан авах болж гэрээ байгуулсан. Гэтэл биднийг захиалгаар орон сууц захиалсан мэт гүтгэж гэрээний агуулгаа тайлбарлах болсон. Мөн банкнаас олгох орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийг тус компаниас хөөцөлдөн олгох асуудлыг шийдвэрлэх хүртэл орон сууц хөлслөх гэрээ байгуулна гээд бидэнтэй орон сууц хөлслөх гэрээг байгуулж байсан банктай тохиролцон байгуулах ипотекийн 8 хувийн зээлийн асуудал удахгүй шийдвэрлэгдэнэ гэж хэлж байснаа 8 хувийн зээлд хамруулах боломжгүй болоод байна, гэхдээ Голомт банктай асуудлыг шийдвэрлэж байгаа гэж байснаа 2018 оны 02 дугаар сараас Голомт банктай гэрээ байгуулсан, Голомт банктай гэрээ байгуулахгүй бол орон сууцыг өгөхгүй гээд хэрэглээний усыг тасалсан. Ингээд биднийг хуурч мэхлэн дүр эсгэсэн хэлцлийг хийж 34.000.000 төгрөгийг авсан болохыг мэдэж, шүүхэд орон сууц захиалах гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Биднийг Голомт банктай тохиролцсон гээд өндөр хүүтэй богино хугацааны зээлд хамрагдахыг шаардаж шахаж, уг гэрээг байгуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлэхэд усны хэрэглээг тасалж, хөөж хүч хэрэглэж эхэлсэн. Гэсэн атлаа одоо болохоор биднээс шалтгаалаад байсан мэт худал нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ипотекийн зээлийг хариуцагч бид нар л өөрсдөө хөөцөлдөх байсан, манай компанид ямар ч хамаагүй мэт тайлбарлаж байгаа нь анхнаасаа биднийг хуурч мэхэлж гэрээ байгуулсан. Учир нь бидэнтэй байгуулсан гэрээндээ /Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.7/ банктай хамтран ажиллана, 8 хувийн зээлд хамруулна гэж байсан билээ. Бид захиалгаар орон сууц бариулаагүй, бид зээлээр орон сууц худалдаж худалдан авсан, мөн бидний байгуулсан орон сууц захиалах гэрээний хавсралтын үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг тохиролцоогүй, зөвхөн 30 хувийг хэзээ төлөх тухай тохиролцсон ба түүнээс өөрөөр үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх талаар тохиролцоогүй учир алданги болон үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Их Хаадын цуваа ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох хэрэгт гаргасан шаардлагыг өөрчилсөн тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1.2018 оны 3 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарыг дуустал 2010 оны 07 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7а хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууцыг орон сууц хөлслөх тухай 23 тоот гэрээний дагуу 3.272.500 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 03 дугаар сараас эхлэн гэрээний маргаан үүсэж тухайн орон сууцыг худалдан авах боломжгүй талаар талууд мэтгэлцсэн бөгөөд хариуцагч тал 34.000.000 төгрөгийг буцаан авах шаардлагыг 2018 оны 03 дугаар сард шүүхэд гаргаж маргахад нэхэмжлэгч мөнгийг буцаан өгөхгүй, худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзэн биднээс 78.330.000 төгрөг, алданги 19.244.210 төгрөг нэхэмжилж байсан билээ. Энэхүү маргаан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, талууд гэрээнээс татгалзсан гэж үзэн шийдвэрлэж, гэрээнээс татгалзсантай холбоотой төлбөр 5.200.000 төгрөгийг ******* ХХК д үлдээж, 28.800.000 төгрөгийг М.Амартунагалаг,******* нарт олгохоор шийдвэрлэсэн.

Харин одоо болтол бидний мөнгийг өгөөгүй байгаа бөгөөд гэрээнээс татгалзсан үүргээ биелүүлээгүй байж биднийг орон сууц хөлсөлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолоор харицагч *******ийг буруутай байна гэж дүгнэлт хийгээгүй бөгөөд аль аль тал нь гэрээнээс татгалзах хүсэлтэй байсан байна гэх үндэслэлд дүгнэлт хийснийг хариуцагчийг буруутай мэт тайлбарласан нь үндэслэлгүй. Анх гэрээнээс татгалзах үйлдлийг нэхэмжлэгч тал ус дулаан цахилгааны хэрэглээг таслан зогсоон, орон сууцанд амьдруулахгүй гэх шаардлагыг тавьсан үйлдэл хийсэнтэй холбоотой шүүхэд хариуцагч нэхэмжлэл гаргасан нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолтой хэргээс нотлогдож байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг Candy маркийн бүрэн автомат угаалгын машины үнэ 591.400 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2010 оны 07 дугаар сарын 31-ны өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7а хорооллын 4-104 тоот хаягт байрлах орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр болж, нөгөө тал хариуцагчаас авсан мөнгийг буцаан өгөхөөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2019/00226 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэхүү гэрээний маргааныг эцэслэг шийдвэрлэсэн бөгөөд гэрээг татгалзсантай холбоотой Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7. дахь заалтын дагуу талууд авсан өгсөн зүйлээ биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна. Харин энэхүү угаалгын машиныг дээрх гэрээг байгуулсан гэж үзэн бэлэглэсэн бөгөөд хариуцагч тал бэлгийг хүлээн авч, бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Харин орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзснаар бэлгийг буцаан өгөх үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/0976 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.1.4-д заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 97,572,210 төгрөгөөс татгалзсаныг баталж, *******аас 5.121.800 төгрөг гаргуулан ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.610.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 781,270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 96,899 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох иргэний хэргийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00976 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Өмнө нь хүн амьдарч байсан гэх шалтгаанаар шинэ орон сууцны үнээр орон сууцыг борлуулах боломжгүй болсон учир засварын мөнгө гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00226 тоот шүүхийн тогтоолоор 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орхон аймгийн Баян өндөр сумын Цагаанчулуут багийн 7А хорооллын 4 байр 21 давхрын 104 тоот 64.9м2 орон сууцны хөлслөх гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж хөлсөлж байх хугацаанд төлсөн төлбөр 2.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн гэрээнээс татгалзсан гэж үзэж торгууль буюу 10 хувь 3200000 төгрөг нийт 5.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид үлдээхээр шийдвэрлэсэн. Гэтэл тухайн байрыг хөлслөөгүй худалдах зорилготой орон сууц учир дахин худалдахад шинээрээ байх шаардлагатай гэж засварлахад шаардагдана гэх 5.460.000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчаас шинэ байр аваагүй 2014 онд ашиглалтад орсон Батгэрэл гэх айл урьд нь амьдарч байсан тухайн байрыг худалдан авахаар болж хүлээн авахад шинэ байр байгаагүй гэх баримтыг хэрэг гаргаж өгсөн ба өмнө айл амьдарч байсан нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх хуралдаан дээр Ашид билгүүн ХХК шинжээчээр томилсон ба шинжээч нь тухайн байранд засвар үйлчилгээ хийх шаардлагатай эсэх, уг засвар үйлчилгээ хийх шаардлага нь хариуцагчийн буруутай үйлдлээс үүссэн эсэх, эсвэл тухайн байр ашиглалтад орсноос хойших хугацааны элэгдлийн улмаас засвар үйлчилгээ хийх болсон эсэх, өөрөөр хэлбэл ашиглалтад байх хугацаанаас хамаарч үүссэн засвар хийх асуудал үүссэн эсэх, засвар хийх бол засварын зардлыг тогтоохоор шинжээч томилогдсон атал шинжээч нь Орхон аймаг Баян өндөр сум 11 баг Цагаанбулуут багийн 7-4 байрны 104 тоот орон сууцанд ус алдсаны улмаас хохирлыг тогтоох дүгнэлт гэж үзэн зөвхөн үнэлгээ тогтоох дүгнэлтийг гаргасан.

Шинэ байр хүлээлгэн өгсөн гэж байсан нэхэмжлэгч өөрийн тайлбараас буцаж, хүн амьдарч байсан байрны зөвхөн обойг сольж өгсөн /нотлогдоогүй тайлбар/ гэх тайлбар гарсныг шүүх анхаараагүй ба тухайн сольсон гэх обойг ердын буюу гэрээгээр тохиролцсноос илүү муутгасан эсэх, муутгасан гэх том, жижиг, коридорын өрөөний обойн элэгдэл хорогдол тооцсон эсэх, тооцогдсон элэгдлээс илүү муутгасан гэх баримт хэрэг байгаа эсэхийг шүүх анхаарч шийдвэрлээгүй. Бусад муутгасан гэх хөрөнгүүдийн талаар талуудын элэгдлийг ердийн болон гэрээгээр тохиролцсон баримт байгаа эсэх, ердын элэгдлийг хэрхэн тооцож үзэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3., 289.1.4. дэх заалтыг баримтлан буруутгасан нь үндэслэлгүй.

Шүүх хуралдаан дээр орон сууцыг хүлээн аваагүй атлаа шинжээч нар орон сууцыг үзсэний дараа нэхэмжлэгч тус орон сууцанд засвар хийсэн гэх боловч засвар хийсэн гэх баримт байхгүй бөгөөд шинжээч томилон ажиллагаа явуулах үед тухайн орон сууцыг буцаан хүлээн аваагүй атлаа дур мэдэн түлхүүрийг сольж, уг ажиллагааг хийгдэж байх үед засвар хийсэн гэх тайлбар гаргасан нь уг шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх дахин дүгнэлт гаргуулах боломжгүй болгосон үйлдлийг нэхэмжлэгч гаргасан байдлыг шүүх анхаарч үзэлгүй хариуцагчийг гэм буруутай гэж хийсвэр дүгнэж, завсарлах гэх зардлыг гаргасан нь үндэслэлгүй байх ба хариуцагч 7 сар амьдрах хугацаанд 32.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч, гэрээ татгалзсантай холбоотой 5.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн ба дахин 5.121.800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, нийт 10.321.800 төгрөгийг өгөх хохирлыг нэхэмжлэгчид учруулаагүй ба харин ч өөрийн нэг өрөө байраа 24.000.000 төгрөгөнд зарж урьдчилгаанд өгснөөс болж, орох оронгүй хөлсний байранд өнөөдөр амьдарч хохирол амссан. Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэн шийдвэрлээгүй тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00976 тоот шийдвэрийг хүчингүй болгож ,нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сүхбаатар давж заалдсан гомдолдоо:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсзн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/00976 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биепүүлээгүй гэж үзэн хариуцагчийн сууж байсан орон сууцны ус, гэрэл цахилгааныг тасалсаны улмаас хариуцагч 2018 оны 03 дугаар сард уг байранд амьдрах боломжгүй болж байрнаас гарсан байна.

Иймд нэхэмжлэгчийн 2018 оны 3, 4, 5-р сарын 750.000 төгрөг, алданги 22.500 төгрөгийн шаардлагыг 2018 оны 06 сараас 2019 оны 02 сар хүртэл нийт 9 сарын төлбөрийг гэрээний дагуу 1 сарын 250.000 төгрөгөөр тооцож нэхэмжипсэн 3.022.500 төгрөг, мөн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэп тогтоогдохгүй байх тул шинэ бүрэн автомат угаалгын машины үнэ 591.400 төгөргийн шаардлагыг хангах боломжгүй байна. ... хэмээн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 3.610.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 р зүйлийн 7.2 заалт , 8 р зүйлийн 8.3 заалт, 9 р зүйлийн 9.2, 9.3 заалтыг зөрчсөн дүгнэлт. Учир нь уг шинжилгээг хийх байгууллага нь Ашид билгүүн ХХК бөгөөд тухайн компани нь үнэлгээлин Ч.Жамьян, мэргэжилтэн Н.Армян нараар шинжилгээг хийлгэхээр шинжээчээр эдгээр шинжээчид нь үнэлгээ хийх эрхтэй шинжээч эсэх, Ч.Жамьян шинжээчид хууль сануулж эрх үүргийг нь танилцуулаагүй байгаа талаар мэтгэлцэхэд уг асуудлыг анхаарч дүгнэлт хийгээгүй. Шинжээчээр Ашид билгүүн ХХК томилсон бөгөөд түүний шинжээчээр томилсон байгууллагыг төлөөлөн Ашид билгүүн ХХК ийн Орхон аймгийн салбар" байгууллага дүгнэлт гаргах эрхийг олгосон баримт хэрэгт байхгүй байхад дүгнэлт гаргуулсан нь эрхгүй этгээд дүгнэлт гаргасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн

Шүүхийн маргаан 2018 оны 03 дугаар сараас эхлэн тус шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ******* ХХК-ийн өмчлөлийн тус орон сууц нь хариуцагч ******* нарын эзэмшилд байсан гэдэгтэй талууд маргаагүй бөгөөд орон сууцыг хүлээлгэн өгөхийг шаардахад хүлээж авахгүй байсаар шинжээч томилон ажиллуулах тухай шүүгчийн захирамж гарсны дараа тус орон сууцнаас тавилга хэрэгслээ зөөж, орон сууцыг чөлөөлсөн. Энэ хугацаанд ******* ХХК өөрийн өмч хөрөнгөд нэвтрэх, засан сайжруулах, захиран зарцуулах ямар ч боломжийг олгоогүй юм. Иймд шүүхээс ус, цахилгааныг тасалж амьдрах боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гзж үзсэнийг хүлзэн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд гомдлыг хүлээн авч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 13-ны өдрийн 142/шш2019/00976 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******,******* нарт холбогдуулан орон сууцны үлдэгдэл төлбөр 78.330.000 төгрөг, гэрээнд заасан алданги 19.244.210 төгрөг, байрны 3 сарын төлбөр 750.000 төгрөг, алданги 22.500 төгрөг нийт 98.346.710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байрны үлдэгдэл төлбөр 78.330.000 төгрөг, алданги 19.244.210 төгрөг, нийт 97.574.210 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаас байрны хөлсний төлбөр, алданги 3.272.500 төгрөг, засварын төлбөр 5.460.000 төгрөг, угаалгын машины үнэ 591.400 төгрөг нийт 9.323.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж улмаар шүүх 2019 оны 05 дугаар сарын 14ний өдрийн №142/ШЗ2019/02523 дугаартай шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 7а хороолол, 4-р байр, 104 тоот орон сууцанд зохих журмын дагуу орон сууцны эвдрэл гэмтэлийг тогтоолгох, эвдрэл гэмтлийг засварлахад шаардагдах материалын болон ажлын хөлсний тооцоог гаргуулж, засварлах бол аль аль хэсгийг завсарлах шаардлагатай байгааг тогтоож, дүгнэлтийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус шүүхэд ирүүлэхийг даалгаж, Ашид Билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж шийдвэрлэсэн ба шинжээч дүгнэлт гаргаж ирүүлэхдээ шүүгчийн захирамжийн 1 дэх заалтанд заасан дүгнэлтийг дутуу гаргасан тухайлбал орон сууцны эвдрэл гэмтлийг тогтоогоогүй байна.

Түүнчлэн шинжээчээр томилогдсон Ашид билгүүн ХХК нь Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байх ба орон сууцны барилгын эвдрэл гэмтлийг тогтоох эсэх нь тодорхойгүй, шинжээч Ч.Жамъянд хуульд сануулаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2. заалт, 8 дугаар зүйлийн 8.3 заалт, 9 дүгээр зүйлийн 9.2., 9.3. дахь заалтыг зөрчсөн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан. Учир нь уг шинжилгээг хийх байгууллага нь Ашид билгүүн ХХК бөгөөд тухайн компанийн үнэлгээчин Ч.Жамьян, мэргэжилтэн Н.Армян нараар шинжилгээг хийлгэхээр шинжээчээр эдгээр шинжээчид нь үнэлгээ хийх эрхтэй шинжээч эсэх, Ч.Жамьян шинжээчид хууль сануулж эрх үүргийг нь танилцуулаагүй байгаа талаар мэтгэлцэхэд уг асуудлыг анхаарч дүгнэлт хийгээгүй. Шинжээчээр Ашид билгүүн ХХК-ийг томилсон бөгөөд түүний шинжээчээр томилсон байгууллагыг төлөөлөн Ашид билгүүн ХХК-ийн Орхон аймгийн салбар" байгууллага дүгнэлт гаргах эрхийг олгосон баримт хэрэгт байхгүй байхад дүгнэлт гаргуулсан нь эрхгүй этгээд дүгнэлт гаргасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрхи зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д энэ хуулийн 38.6.-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13ы өдрийн 142/ШШ/2019/00976 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.721 төгрөг, хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.899 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ