Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00747

 

                           “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг  даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00611 дүгээр шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр, алдангийн хамт 3,272,500 төгрөг, орон сууцыг анх ямар байсан тэр хэлбэрт нь оруулан засварлахад шаардагдах 5,460,000 төгрөг, угаалгын машины төлбөр 591,400 төгрөг, нийт 9,323,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ГХОХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан орон сууц худалдсаны үлдэгдэл төлбөр 78,330,000 төгрөг, алданги 19,244,210 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу 3-5 дугаар сарын төлбөр 750,000 төгрөг, алданги 22,500 төгрөг, нийт 98,346,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, орон сууц хөлслөх гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр, алдангийн хамт 3,272,500 төгрөг, орон сууцыг анх ямар байсан тэр хэлбэрт нь оруулан засварлахад шаардагдах 5,460,000 төгрөг, угаалгын машины төлбөр 591,400 төгрөг, нийт 9,323,900 төгрөг гаргуулах гэж өөрчилж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас татгалзсан байна.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00611 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.1.4, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 3,088,823 /гурван сая наян найман мянга найман зуун хорин гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,235,077 /зургаан сая хоёр зуун гучин таван мянга далан долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790,463 /долоон зуун ерэн мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 64,371.17 /жаран дөрвөн мянга гурван зуун далан нэгэн төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ГХОХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00611 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,371 төгрөг, нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,711 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 93 дугаар магадлал, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 142/ШШ2020/00611 дүгээр шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 3,022,500 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2017.07.27-ны өдөр маргаан бүхий орон сууцыг “Орон сууц хүлээлцэх акт”-аар хүлээн авч Улсын дээд шүүхийн 2019.02.19-ний өдрийн 001/ХТ2019/00226 дугаар тогтоол гарах хүртэлх хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан. Энэ нь тус иргэний хэрэгт “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2019.03.19-ний өдөр анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулах байдлаар “2017.07.31-ний өдөр байгуулсан “Орон сууц хөлслөх тухай 23 дугаартай гэрээний төлбөрт 2018 оны 06 сараас 2019 оны 02 сар хүртэл нийт 9 сарын төлбөр 3,022,500 төгрөг гаргуулах”, мөн нэхэмжлэгч нь 2019.04.19-ний өдөр “орон сууцыг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан завсарлахад шаардагдах 5,460,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зэргээр нотлогдож байхад, нэгэнт хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь уг маргаан бүхий орон сууцыг 2017.07.27-ны өдөр өөрийн эзэмшилдээ хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд тэрээр 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 02 сар хүртэл тус орон сууцыг эзэмшиж байгаагүй гэдэг татгалзлаа нотлоогүй, тус иргэний хэрэгт хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь уг маргаан бүхий орон сууцанд 2018 оны 03 дугаар сараас хойш амьдраагүй, эзэмшээгүй, амьдрах боломжгүй гэх “эрх бүхий байгууллагын тодорхойлолт” нотлох баримт авагдаагүй, мөн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын хооронд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д тухайн орон сууцыг буцаан хүлээлгэн өгсөн тухай үйл баримт тогтоогдоогүй байхад, анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Орон сууц засварлахад шаардагдах 5,460,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд: Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь өмнө дурдсанчлан тус иргэний хэрэгт хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн гэр бүлийн хамт 2017.07.27-ны өдөр хүлээн авч 2019 оны 03 дугаар сар хүртэл эзэмшин ашиглаж байсан орон сууцыг засварлахад шаардагдах 5,460,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэхүү шаардлага нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Мастер инженеринг” ХХК-ийн гаргасан нэмэгдэл ажлын зардлын баримт, нэхэмжлэх болон “Ашид билгүүн” ХХК-ийн 2019.06.08-ны өдрийн үнэлгээний тайлан, орон сууц хүлээлцэх акт, орон сууц (эвдрэл, гэмтэл засвар)-ны фото зураг зэрэг баримтуудаар нотлогддог. Түүнчлэн анхан шатны шүүх нь “маргаан бүхий орон сууцанд үзлэг хийхэд ханын цаас наахад бэлэн болгож зарим нэг засвар үйлчилгээг (ванн солих, шал болон шалны хөвөө, дотор монтажийг хуучин хэвэнд оруулах, хаалга засах) хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд уг орон сууцыг бүхэлд нь засан сайжруулахаар зардлын төлбөрийг нэхэмжлээгүй, зөвхөн хагарч, хугарсан хэсгийг солих түүнтэй холбоотой засвар үйлчилгээ хийгдсэн болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн атал нэхэмжлэлийн шаардлагаас 3,088,823 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд 2017.07.31-ний өдөр байгуулагдсан 23 дугаартай орон сууц хөлслөх гэрээний гуравдугаар зүйл “хөлслөгчийн эрх, үүрэг”-ийн 3.1 дэх хэсэгт “ хөлслөгч орон сууцыг буруу эзэмшиж, ашигласнаас үүссэн засвар, эвдрэл, гэмтлийн зардлыг өөрийн хөрөнгөөр засварлана" гэж заасны дагуу хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тухайн орон сууцыг засварлахад шаардагдах зардлыг төлөх үүрэгтэй байна. Түүнчлэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “Мастер инженеринг” ХХК-аар маргаан бүхий орон сууцанд засвар үйлчилгээ хийлгэсэн үйл баримт нь шүүхээс хийгдсэн “үзлэг”-ийн баримтаар тогтоогдож байхад шүүх анхаарч шийдвэрлээгүйд гомдолтой.

4.3. Угаалгын машины үнэ 591,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд: Энэхүү шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан 2017.07.21-ний өдрийн 89 дүгээр орон сууц захиалгын гэрээтэй холбогддог. Өөрөөр хэлбэл, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь 1 давхрын орон сууц худалдан авагчдад уг орон сууцыг дагалдуулах байдлаар угаалгын машин шилжүүлснээс бус тухайлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т эд хөрөнгө бэлэглэсэн зүйлгүй. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсанаас худалдагч талд учирсан хохирол болно. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь шинэ угаалгын машины үнийг төлж “ВSВ” электроникс дэлгүүрээс худалдан авч хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэгэнт ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тухайн угаалгын машиныг  жилийн хугацаанд ашиглаж элэгдэлд орсон тул түүнийг биет байдлаар нь гаргуулах шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд нийцэхгүй юм. Учир нь энэхүү ашиглагдаж эдэлгээнд орсон угаалгын машины өнөөдрийн зах зээлийн үнэлгээ шинэ угаалгын машины үнийн адил 591,400 төгрөг байх боломжгүйгээс гадна “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь тухайн маргаан бүхий орон сууцыг дараагийн худалдан авагчид худалдахдаа шинэ угаалгын машин дахин худалдан авч өгөх шаардлагатай болсон нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 93 дугаар магадлал, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 142/ШШ2020/00611 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

5. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.06-ны өдрийн 142/ШШ2020/00611 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.02-ны өдрийн 93 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Хариуцагч анхнаасаа шинэ байр аваагүй, 2014 онд ашиглалтад орсон, н.Батгэрэл гэх айл урьд нь амьдарч байсан, мөн гэрээнээс татгалзсан шалтгаанаар гарсан тухайн байрыг худалдан авахаар болсон байдаг ба хүлээн авахад шинэ орон сууц байгаагүй гэх баримтыг хэрэгт гаргаж өгсөн ба өмнө айл амьдарч байсан нь тогтоогдсон. Уг айлыг гарахад засвар хийгээгүй зөвхөн өрөөнүүдийн обойг сольсон тухай нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Гэтэл тухайн байрыг засварлах шаардлагатай гэж үзсэн компанийн тооцоог үндэслэн хариуцагчаас 3,088,823 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайн орон сууцанд ороход айл байсан, нүүж орсон өдөр нь зөрөөд гарсан. Орон сууцнаас гарахад хэд хэдэн хүнд дахин хөлсөлсөн зэргийг тайлбарласныг нэхэмжлэгч нар үгүйсгээгүй байдлыг шүүх анхаарч шийдвэрлээгүйгээс гадна бүх өрөөг элэгдлээс илүү муутгасан эсэхэд бодит дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр оролцсон н.Арман нь тухайн орон сууцыг харсан үзсэн гэрчийн хувьд орон сууц ашиглалтаас үүссэн хэвийн элэгдэлтэй байсан талаар мэдүүлэг өгч гэрчилсэн ба хэвийн элэгдлээс илүү муутгасан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4 дэх заалтыг хэрэглэн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.2. Уг засвар үйлчилгээ хийх шаардлага нь хариуцагчийн буруутай үйлдлээс үүссэн эсэх, эсвэл тухайн байр ашиглалтад орсноос хойших хугацааны элэгдлийн улмаас засвар үйлчилгээ хийх болсон эсэхийг тогтоогоогүй шийдвэрлэсэн. Орхон аймаг Баян-Өндөр сум 11 баг, Цагаанбулуут багийн 7-4 байрны 104 тоот орон сууцанд “Хариуцагчийн эд хөрөнгө байх үеийн зураг /151хх-156 хх/-т хана нүхэлж цоолсон гэж буруутгагдаад байгаа /том өрөөний хана, гал зуухны хана/ хэсэгт гэр бүлийн зургууд, плита нүхэлсэн гэх хэсгүүдэд гал тогооны зориулалтын тавилга угсарсан, ванны өрөөний алчуур хатаагч угсарснаас хадаасны нүхнүүд үүсгэсэн байгаа нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасан гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан гэж үзэх үндэслэл байгаа эсэх, хавтаст хэргийн /167 хх/ блинтус хагалж, ховхорсон, цонхны хүрээ хагарсан. /172 хх/ гэрлийн суурь тогтоохоор нүхэлсэн гэх 2 ширхэг хадаасны мөр гэх зэрэгт хариуцагчийг буруутгасан нотлох баримт байгаа эсэхийг тогтоогоогүй атлаа Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4 дэх заалтыг зөрчиж, гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан гэж үзэх үндэслэл байгаа гэх дүгнэлтийг хийж, хариуцагч буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад буруутгасан нь үндэслэлгүй. Шинэ байр хүлээлгэн өгсөн гэж байсан нэхэмжлэгч шинэ орон сууц байсан гэх өөрийн тайлбараас буцаж, хүн амьдарч байсан байр болох зөвхөн обойг сольж хариуцагчид өгсөн /нотлогдоогүй тайлбар / гэх тайлбар, ванны плитанд үүссэн жижиг харласан мөр /174 хх/ блоконы эмульс элэгдлээр хууларсан /166хх-177хх/ баримтыг хариуцагч үүсгэсэн эсэхийг шүүх анхаараагүй .

5.3. Анхан шатны шүүх хариуцагч тухайн орон сууцыг зориулалтын дагуу ашигласан бөгөөд ашигласнаас болж муудсан элэгдэл эсэхийг нотолсон баримтгүй байхад Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх заалтыг хэрэглэж шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Орон сууцанд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 7 сар амьдарч зориулалтын дагуу ашигласан ба дээрх зориулалтаар ашиглуулах явцад тухайн хөрөнгө муудсан эсэх, зориулалтаар нь ашиглах явцад гарсан элэгдэл хорогдлыг муутгасан гэж үзэх үү, элэгдэл хорогдлыг хэрхэн тооцож байгааг нэхэмжлэгч нотлоогүй атал Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх заалтыг хэрэглэж шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь уг 23 дугаартай хөлслөх гэрээний 3.1 дэх заалтад хөлслөгч орон сууцыг буруу эзэмшиж ашигласнаас үүссэн засвар эвдрэл гэмтлийн зардлыг хариуцах талаар тохиролцсон байдаг бөгөөд “буруу эзэмших, ашиглах” гэх ойлголт ялангуяа буруу эзэмшсэн ашигласан гэж хариуцагчийг буруутгаж байгаа үндэслэл хэрэгт хэрхэн нотлогдсоныг шүүх анхаарч үзээгүй. Харин орон сууцыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байх явцад гарсан нүх, ховхрол нь зориулалтын дагуу ашиглах явцад үүсээгүй гэж буруутган нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч амьдрах хугацаанд 32,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, гэрээнээс татгалзсантай холбоотой 5,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид хохиролд тооцон өгсөн ба дахин 3,088,823 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэн нотлох баримтын нотлогдож байгаа байдалд анхаарч шийдвэрлээгүй гэж үзэж байх тул  анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ГХОХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний дагуу 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр, алдангийн хамт 3,272,500 төгрөг, орон сууцыг анх ямар байсан тэр хэлбэрт нь оруулан засварлахад шаардагдах 5,460,000 төгрөг, угаалгын машины төлбөр 591,400 төгрөг, нийт 9,323,900 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 3,088,823 төгрөг гаргуулж, үлдэх 6,235,077 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2017.07.21-ний өдөр орон сууц захиалан бариулах тухай 89 дугаартай гэрээ байгуулагдсан... 2017.07.31-ний өдөр орон сууц хөлслөх 23 дугаартай гэрээг байгуулж, 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл гэрээгээр тохирсон хөлсөө төлж байсан, түүнээс хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй тул гэрээнд заасны дагуу сарын 250,000 төгрөгөөр тооцож 9 сарын төлбөр, алдангийн хамт нийт 3,272,500 төгрөг, орон сууцыг анх хүлээлгэн өгөхөд ямар байсан яг тэр байдалд оруулан засварлахад шаардагдах 5,460,000 төгрөгийг шаардаж байна... Мөн орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан захиалагч нарыг урамшуулах зорилгоор угаалгын машин, зурагт зэргийг бэлэглэж байсан. Хариуцагч дээрх эрхийг эдэлж “BSB электроникс дэлгүүрээс худалдан авсан 591,400 төгрөгийн үнэ бүхий Саndy маркийн бүрэн автомат угаалгын машиныг бэлэглэснийг өнөөдрийг хүртэл хэрэглэсэн... Шүүхийн шийдвэрээр орон сууц захиалан бариулах тухай гэрээг цуцалсантай холбоотойгоор хариуцагчид хүлээлгэн өгсөн угаалгын машины үнэ 591,400 төгрөг, нийт 9,323,900 төгрөг нэхэмжилж байна...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Орон сууц захиалан авах гэрээ, хөлслөх гэрээ биелэгдээгүй бөгөөд биелэгдээгүйн улмаас гэрээний хохирол гэх 5,200,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан... Мөн тухайн орон сууцанд амьдруулахгүй гэж нэхэмжлэгч үзэж, хэрэглэгчийн ус болон цахилгааны хэрэглээг тасалсан байгаа бөгөөд амьдрах боломжгүй болсон тул 2018 оны 3 сард байрнаас гарсан, иймд түрээсийн төлбөр 3,272,500 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.... шүүх гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд гэрээний татгалзсантай холбоотой өгсөн, авснаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д заасны дагуу талууд биечлэн нэгэн зэрэг гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа атлаа биднийг өнөөдөр хүртэл орон сууц хөлсөлсөн мэт үзэж байгаа нь үндэслэлгүй... Тухайн орон сууц нь хүн амьдарч байсан орон сууц байсан бөгөөд бидэнд шинэ орон сууц хүлээлгэн өгөөгүй. Мөн тухайн орон сууцыг өөрийн худалдан авсан орон сууц гэж үзэн сантехникийн засварыг хийж, зарим өрөөний жижиг засваруудыг хийсэн бөгөөд тухайн орон сууцыг гэмтээсэн муудсан устгасан зүйл байхгүй, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байх үед сар бүр эзэмшиж, ашигласны төлбөр 250,000 төгрөгийг өгч байсан. Тухайн орон сууцыг зайлшгүй засварлах нөхцөл үүсээгүй. Харин тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулснаас хойш бий болох элэгдэл хорогдол, ашиглалтын хугацаанаас хамаарч засвар хийх нөхцөл байдал үүссэн бол хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Иймд 5,460,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... Candy маркийн бүрэн автомат угаалгын машины үнэ 591,400 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

10. Тодруулбал, зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдан 2018 оны 3 сар хүртэл хэрэгжсэн боловч “2018.03.04-ний өдрөөс хэрэглээний халуун, хүйтэн ус, тог цахилгааныг тасалснаар амьдран суух аргагүй болж байрнаас гарсан” гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй тул гэрээний дагуу орон сууцны хөлс 3,272,500 төгрөгийг шаардах эрхгүй. Мөн талууд орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан бөгөөд уг гэрээ байгуулсны урамшуулал буюу бэлгэнд ирсэн угаалгын машиныг хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөхдөө үлдээсэн (үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй) тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаасан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчээс угаалгын машины үнэ 591,400 төгрөгийг шаардах үндэслэлгүй. Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлсний үндсэн дээр “хариуцагч нь амьдарч байх хугацаандаа орон сууцыг ердийн элэгдлээс илүү муутгасан, дотор монтажийг дур мэдэн өөрчилсөн байх тул нэхэмжлэгчийн ирүүлсэн зардлын төсөв болох 4,034,883 төгрөгөөс ердийн элэгдэл байх боломжтой ханын цаас солихтой холбоотой зардлыг хасаж, хариуцагчаас засварын зардалд 3,088,823 төгрөгийг гаргуулах үндэстэй” гэж дүгнэснийг буруутгахааргүй байна.

11. Иймд, “... шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, хуулийг буруу тайлбарлаж, орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, засварын зардлыг үндэслэлгүй хассан, угаалгын машины үнийг гаргуулаагүй нь буруу...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол, мөн “... шүүх хариуцагч орон сууцыг ердийн элэгдлээс илүү муутгасан, буруутай эсэхийг дүгнэлгүйгээр Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-ийг зөрчиж, 291 дүгээр зүйлийн 291.1-ийг хэрэглэж засварын зардалд 3,088,823 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн (Тодорхойлох хэсгийн 5-д) хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2020/00611 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 114,711 төгрөг, хариуцагчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 64,371 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                                                     

   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ