Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1039

 

 

Х.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00481 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох

 

Хохирол барагдуулах гэрээний үүрэгт 9 933 352 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Н ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Ч.Норовсамбуу нь 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Мистер Индикатор ХХК-д туслах ажилчнаар түр орж ажилласан. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Б  нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т техник ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх гэж заасныг болон бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсний улмаас зуурмагны машины цахилгаан холболтыг буруу хийж улмаар цахилгаан хүчдэл үүссэн, мөн зориулалтын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс Ч.Норовсамбуу нь 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зуурмагны машины тогоонд үүссэн цахилгаан гүйдэлд цохиулж, зүрх судасны хурц дутагдлын улмаас нас барсан. Дээрх хүний амь хохирсон хэргийг Багануур дүүргийн шүүх 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээд Б.Б г гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн. Ийнхүү шүүх хуралдаан болохоос өмнө Б.Б  нь надаас би ял аваад шоронд явчихвал манай 5 ам бүл, танай 4 ам бүлийг тэжээх боломжгүй болно. Тийм учраас танай 2 хүүхдийн сургуулийн төлбөрийг би сургууль төгстөл нь төлж байя гэж гуйхаар нь би шүүх хуралдаанд гомдолгүй гэж хэлсэн. Бид нотариат дээр очоод Б.Б  нь жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө манай хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж байхаар гэрээ байгуулсан. Одоо болохоор ажилгүй, мөнгөгүй, би тулдаа л танай хүүхдүүдийн сургуулийн төлбөрийг төлөх гээд явж байна, шүүх хурал гэдэг чинь миний хэлсэн үгийг тоодоггүй, мөнгөтэй талд нь үйлчилдэг юм байна лээ гэх зэргээр надаар тохуурхан даажигнах болсон. Б.Б  нь хууран мэхэлж шүүхээс хөнгөн ял авах, ял завших зорилготой байжээ. Б.Б  нь 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр надтай хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тухайн жилийн сургалтын төлбөрийг 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх ёстой. Гэтэл Б.Б  нь хэлсэн амлалтандаа хүрэлгүй, төлбөрийг төлөхгүй байна. Б.Б гаас хүүхдүүд болох Н.Хулан, Н.Оюунбат нарын 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 4 950 000 төгрөг, 2016-2017 оны оны сургалтын төлбөр 4 983 352 төгрөг, нийт 9 933 352 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид хэлэлцэж ярилцаж байсны дагуу миний бие нь төлбөрийг өгч байсан болно. Хэлцэл нь Б.Б г шоронд сууна, суухгүй гэх ээдрээтэй нөхцөл байдалд хийгдсэн буюу Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан нөхцөлд хийгдсэн гэж үзэж байгаа. Б.Б  нь Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яагаад шийтгэгдсэн бэ гэсэн асуудал гарч байна. Шүүгч хууль зөрчсөн тохиолдолд дараагийн шүүгч түүнийг хөдлөшгүй нотлох баримт гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг шүүх шийдвэрлэх юм. “Дэлгэр бэт” ХХК-ийн үйлчилгээний төвийн барилгын өргөтгөлийн ажлыг хийх явцад 1 хүний амь нас хохирсон бөгөөд барилгын эзэн Баярсайхан, Энхчимэг нарыг хариуцлагаас чөлөөлж Б.Б г буруутгасан байдаг. Барилгын ажлын явцад зуурмагны машины цахилгааны холболт хийсэн хүн нь Б.Б  биш, өөр хүн байсан. Ус зөөсөн хүн нь аюулгүйн ажиллагааны баримтад гарын үсэг зурсан байж нүцгэн гүйж яваад тогонд цохиулж амь насаа алдсан. Багануур дүүргийн цагдаагийн байгууллага айлган, хохирол барагдуулах тухай энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол ял авна гэж сүрдүүлж байгаад гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл буюу насан туршдаа өр төлбөрийн байдалтай байна гэдэг нь үндэслэлгүй. Буруугүй хүнийг буруутгасан. Б.Б  нь үнийн дүнгүй хэлцэлд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг шүүх өөр өөр байдлаар ойлгож тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар гэм хорын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан байдаг бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээж авахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн тухай шүүгчийн захирамж гаргаагүй. Шүүх амьжиргааны түвшингийн итгэлцүүрийг баталгаажих түвшинд аваад хорооны тодорхойлолтыг хавсаргаж байж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх ёстой. Гэтэл уг баримтууд хэрэгт дутуу авагдсан байсан. Гэрээний хохирол гэх үндэслэл нь Б.Б гийн эрхийн асуудал бөгөөд гэрээнд үнийн дүн тавигдсан бол улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх ёстой. Гэтэл гэрээний үнийн дүн нь сургалтын төлбөр болох нь эргэлзээтэй. Гэрээний үнийг тодорхойлоогүй байдлаас үүсэх үр дагавар хүндрэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хууль зөрчсөн. Багануур дүүргийн шүүхийн шүүгчдийн алдаатай шийдвэрт гомдол гаргасан бөгөөд илт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа шүүгчээс татгалзах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б гаас 9 932 352 төгрөг гаргуулах тухай Х.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын зарим хэсгийг буруу бичжээ. Тухайлбал, тайлбарын төгсгөл хэсэгт "...Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн алдаатай шийдвэрт гомдол гаргасан бөгөөд илт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа шүүгчээс татгалзах болно..." гэж бичжээ. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг Багануур дүүргийн шүүхийн шийдвэрт гомдол гаргана гэж хэлсэн нь үнэн. Харин энэхүү иргэний хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч М.Мөнхтөрөөс татгалзах хүсэлтэй байгаа тухайгаа шүүх хуралдааны явцад нийт 3 удаа өөрийн санал хүсэлтийг илэрхийлсэн. Энэ байдлыг Багануур дүүргийн шүүгчээс татгалзана гэж хэлсэн мэт ойлгогдохоор бичсэн байна.

Мөн би өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдааны тэмдэглэл буруу бичигдсэн тухай, шүүгчээс татгалзсан тухай хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг бүгдийг бүрэн тусгаагүй, шүүгч нь өөрөөс нь татгалзах саналыг сонсоод хэрхэн шйдвэрлүүлэх талаар болон хүлээж авч байгаа эсэх талаараа нэг ч үг дуугараагүй атал хуралдааны тэмдэглэлд "...татгалзах үе шат өнгөрсөн тул шийдвэрлэх боломжгүй" гэж хэлсэн мэтээр худал зүйл бичсэнийг дурдаж, тэмдэглэлд засвар оруулах тухай саналыг 2018 оны 3 дугаар 07-ны өдөр шүүхэд өгсөн. Бидний энэхүү саналд шүүхээс одоог хүртэл хариу өгөөгүй.

Хэлцэлд “...сургалтын төлбөрийг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Б.Б  нь төлж барагдуулна" гэсэн байгаа нь суралцаж байгаа хугацаанд нь жил бүр төлөхөөр үүрэг хүлээсэн гэж хэнд ч ойлгогдохоор бичигдсэн байна. Харин сургалтын төлбөрийн хэмжээг тухайн үед хүүхдүүд их дээд сургуульд элсэн суралцаж амжаагүй, хэн нь ямар сургуульд хичнээн хэмжээний төлбөр төлж суралцах нь тодорхойгүй байсан тул тодорхой тоо бичих боломжгүй учраас талууд зөвшилцөн төлбөр төлөх үеийн сургалтын төлбөрийн хэмжээгээр бодож тохиролцсон. Ийм учир хэлцлийн хугацаа, хэмжээ тодорхойгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх хариуцагч Б.Б  нь Н.Хулан, Н.Оюунбат нарын сургалтын төлбөрийг төлсөн, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт байгаа хүүхдүүдийн сургалтын төлбөр төлсөн баримтууд нь Н.Хулан, Н.Оюунбат нарын өөрсдийнх нь гарын үсэгтэй байгаа. Хүүхдүүд энэ талаар шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ нэхэмжлэгч буюу ээж Х.Н-ийн өгсөн мөнгийг дансанд тушаасан талаараа мэдүүлсэн. Оюутан хүүхдүүд ямар орлого олох вэ, ээжийнхээ өгсөн мөнгөөр л сургалтын төлбөрөө төлж байгаа. Миний хувьд хувь хүн, банк зэрэгт өр тавин 2 хүүхдээ сургаж байгаа бөгөөд би өөрөө ажилгүй байдаг. Би 2014-2015 оны сургалтын төлбөрийг нэхэж шүүхэд өргөдөл гаргасан. Б.Б  нь төлөхийг зөвшөөрч энэ асуудлаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй. Одоог хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Хариуцагч тал ч үүнийг үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжаар баталгаажсан 2014 оны төлбөрийг ч бүрэн төлөөгүй. 2015-2016, 2016-2017 оны хүүхдүүдийн сургалтын төлбөрийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх миний төлсөн сургалтын төлбөрийг хариуцагч Б нь төлсөн, үүргээ биелүүлсэн мэтээр дүгнэсэн. Шүүгч шүүх хуралдааны явцад өөрөөс нь татгалзаж байгаа талаараа хариуцагчийн төлөөлөгч удаа дараа санал хүсэлтээ илэрхийлж байхад үүнийг шийдвэрлүүлээгүй, хуралдааны тэмдэглэл буруу бичигдсэн талаар нэхэмжлэгч талын саналыг шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг буруу бичсэн, талуудын хоорондын хэлцлийн талаар болон хариуцагч нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх тухайд буруу дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

           

            Нэхэмжлэгч Х.Н  нь хариуцагч Б.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 17 964 330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хохирол барагдуулах гэрээний үүрэгт 9 933 352 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Б.Б  нь 2012 оны 8 дугаар сард “Дэлгэр бэт” ХХК-ийн өргөтгөлийн барилгын хучилтын ажлыг гүйцэтгэх явцдаа хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 08 минутын үед ажил гүйцэтгэж байсан Ч.Норовсамбуугийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн үйл баримт хэргийн 7-11 дүгээр талд авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Зохигчид 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хохирол барагдуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Н.Хулан, Н.Оюунбат нарын сургалтын төлбөрийг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Б.Б  төлөх, энэ хугацаа хэтэрвэл шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.

 

Гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Х.Н  2014-2015 оны 2 хүүхдийн сургалтын төлбөрт зориулан банкнаас авсан зээлийн хүү 440 800 төгрөг болон 2 хүүхдийн сургалтын төлбөрт нийт 5 146 330 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг Б.Б  хүлээн зөвшөөрч Х.Н-ийн нэхэмжилсэн 5 146 330 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/02239 дугаар захирамжаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж нэхэмжлэгч Х.Н д хариуцагч Б.Б  4 146 330 төгрөг төлж барагдуулсан баримт хэрэгт авагджээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э талуудын 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хохирол барагдуулах тухай гэрээг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэрэгт шийтгүүлэх үед хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж маргаж байна.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дээрх хэлцлийг хийх үед нэхэмжлэгч Х.Н  нь хариуцагч Б.Б-д хүч хэрэглэсэн, тухайн хэлцлийг хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирол барагдуулах тухай 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хэлцлээр Н.Хулан, Н.Оюунбат нарын сургалтын төлбөрийг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор Б.Б  нь төлж барагдуулахаар тохиролцсоноос үзвэл талуудын хооронд үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл болж хэлцэлд зохигчид гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийсэн, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх дээрх хэлцлийн агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар “гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэсний дагуу тайлбарласан нь зөв болжээ.

 

Талуудын хооронд хохирол барагдуулах тухай хэлцэл байгуулагдах үед Н.Хулан, Н.Оюунбат нар нь Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцаж байсан тул гэрээний  тохиролцоог их дээд сургуульд суралцахад төлөх сургалтын төлбөр гэсэн агуулгаар тайлбарлах нь талуудын тохиролцоо болон хэргийн нөхцөл байдалтай нийцнэ.

 

Нэхэмжлэгч Х.Н-ийн хүү Н.Оюунбат нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуульд, охин Н.Хулан нь Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуульд тус тус суралцдаг болох нь дээрх сургуулиудын тодорхойлолтоор тогтоогджээ.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн ба 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хохирол барагдуулах тухай гэрээний дагуу Н.Хулан, Н.Оюунбат нарын 2015-2016, 2016-2017 оны сургалтын төлбөрийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч нь Н.Хулан, Н.Оюунбат нарын 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 4 950 000 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр        4 983 352 төгрөг, нийт 9 933 352 төгрөг болох нь хэрэгт авагдсан сургалтын албаны болон санхүүгийн баримтаар тогтоогджээ. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 1 180 000 төгрөгийг 2014 оны сургалтын төлбөрт тооцсон гэж тайлбарласныг тэрээр үгүйсгэж мэтгэлцээгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байгааг залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Х.Н гаас 2 хүүхдийн сургалтын төлбөрт 11 692 330 төгрөг төлсөн гэж шүүхэд гаргасан баримтыг хариуцагч Б.Б  нь 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хохирол барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэж Б.Б гаас 9 932 352 төгрөг гаргуулах тухай Х.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул Н.Хулан, Н.Оюунбат нарын 2015-2016, 2016-2017 оны төлөгдөөгүй сургалтын төлбөр болох 9 933 350 төгрөгийг хариуцагч Б.Б гаас гаргуулж нэхэмжлэгч Х.Н д олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн, шүүх иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрээний дагуу хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байтал улсын тэмдэгтийн хураамж төлүүлэлгүй шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Н гаас 173 870 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийг давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00481 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б гаас 9 933 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Н д олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Н гаас 173 870 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Б гаас 173 870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Н д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2018/04586 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ