Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/02279

 

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/02279

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 75-1152 тоотод оршин суух, эмэгтэй, 1971 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 46 настай, Харуулч ургийн овогт Ханд овогтой Нарантуяагийн,

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн наран 10-107 тоотод оршин суух, эрэгтэй, 1972 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 45 настай, Халх ургийн овогт Буд овогтой Баяраад холбогдох,

Гэрээний үүрэгт 9,933,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон /ШТҮД:0612/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

Миний нөхөр Ч.Норовсамбуу нь Мистер Индикатор ХХК-д 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр туслах ажилтнаар түр орж ажиллан, тус компанийн захирал Б.Баяраа нь Монгол улсын Эрчим хүчний тухай хууль болон холбогдох дүрэм журмуудыг зөрчиж, зуурмагийн машины цахилгаан холболтыг буруу хийж, улмаар цахилгаан хүчдэл үүссэн нөхцөлд ажилтнуудыг ажиллуулсан, тэдэнд зориулалтын ажлын хувцас хамгаалах хэрэгслээр хангаагүй зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас миний нөхөр Ч.Норовсамбуу нь 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зуурмагны машины тогоонд үүссэн цахилгаан гүйдэлд цохиулж, зүрх судасны хурц дутагдлын улмаас нас барсан юм. Дээрх хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, улмаар 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус дүүргийн шүүхээр хянан хэлэлцэж, Б.Баярааг гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын ял оноож, улмаар оногдуулсан ялыг тэнсэн харгалзсан юм. Ийнхүү шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө Б.Баяраа нь би хорих ял авчих юм бол өөрийн 5 ам бүл, танай 4 ам бүл, нийт 9 ам бүлийг би тэжээх боломжгүй болно, харин та гомдолгүй гээд шүүхэд мэдүүлэх юм бол би танай 2 хүүхдийн сургалтын төлбөрийг сургууль төгсөх хүртэл хариуцан төлж, төлбөрийн мөнгийг жил бүрийн 8 сарын 20-ны өдрөөс өмнө төлж байя гэж тохиролцоод, гэрээ байгуулж нотариатаар батлуулсан юм. Гэтэл Б.Баяраа нь тохиролцсон гэрээгээ удаа дараа зөрчиж, одоо бүр мөнгөгүй, ажил олдохгүй байгаа юм чинь юугаа өгөх вэ дээ, би л тулдаа та нарт сургалтын төлбөр өгөх гэж зовж яваа болохоос н.Баярсайхан чинь буруутай байсан шүү. Шүүх хурал гэдэг чинь миний хэлсэн үгийг тоодоггүй, мөнгөтэй талд нь үйлчилдэг юм байна лээ гэж тохуурхан ярьж байгаа нь намайг хэтэрхий басамжилж байна. Хууран мэхлэж, улмаар шүүхээс тэнсэн харгалзах ял авах санаа, зорилготойгоор дээрх гэрээг байгуулж ял завшсан гэж үзэж байна. Мистер Индикатор ХХК нь албан ёсоор байдаггүй, уг оноосон нэрээр гэрээ хийж ажиллаж байсан гэж шүүх хурал дээр ярьж байсан боловч сургууль дээр очиж Мистер Индикатор ХХК-ийн захирал Б.Баяраа гэсэн тамгатай бичиг үйлдэж байгаа нь залилан гэж бодож байна. Б.Баяраагаас 2014 оны сургалтын төлбөр болох 5,146,330 төгрөгийг авахаар шийдвэрлэсэн боловч 2,080,000 төгрөгийг өгсөн ба үлдэгдлийг өгөх боломжгүй гэсэн. Иймд 2015 оны 4,966,000 төгрөг, 2016 оны 4,966,000 төгрөг, 2017 оны 4,966,000 төгрөг, 2014 оны үлдэгдэл 3,066,360 төгрөг, энэ бүх жилүүдийн сургалтын төлбөр нийлээд 17,964,330 төгрөг болж байгааг гБ.Баяраагаас гаргуулан нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Хариуцагч Б.Баяраа нь 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр надтай хүүхдүүдийн маань сургалтын төлбөрийг төлж байхаар тохиролцож гэрээ хийсэн. Энэхүү гэрээг байгуулснаас хойш өөрийн хүслээр болон шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдүүдийн сургалтын төлбөрт Б.Баяраа нь 2 сая орчим төгрөг өгсөн. Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 145,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш мөнгө өгөөгүй. Гэрээний дагуу тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон. Гэтэл Б.Баяраа нь хэлсэн амлалтандаа хүрэлгүй, төлбөрийг нь төлөхгүй байна. Б.Баяраагаас хүүхдүүд болох Н.Хулан, Н.Оюунбат нарын 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 4,950,000 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 4,983,352 төгрөг, нийт 9,933,352 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Нарантуяа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.Баяраа анх гэрээ хийхдээ сургалтын төлбөрүүдийг бөөнд нь төлж чадахгүй тул жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор төлнө гэж гэрээ хийсэн. Түүнээс хойш 2015-2016 оны Н.Хулангийн сургалтын төлбөр 2,803,000 төгрөг, 2016-2017 оны сургалтын төлбөр нь 2,869,550 төгрөг болсон, харин Н.Оюунбатын сургалтын төлбөрүүд нь: 2015-2016 оных 2,147,000 төгрөг, 2016-2017 онд 2,313,800 төгрөг, нийт 9,933,352 төгрөг болж байгаа юм. Эрүүгийн шүүх хурал дээр Б.Баяраа нь н.Чинбат гэдэг өмгөөлөгчийг авчирсан байсан. Харин би өмгөөлөгчгүй байсан бөгөөд бид гурвуулаа сууж байгаад энэ гэрээг хийсэн. Дэлгэрбэт ХХК-ийн захирал н.Энхчимэг гэдэг хүн нь шүүх хурлаас өмнө хэрэгт хамааралгүй гээд гараад явсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн төрсөн эх мөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хүүхдүүд хэдийгээр насанд хүрсэн ч гэсэн оюутан учраас ажил хийх боломжгүй. Нэхэмжлэгч хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж байгаа гэдэг нь тодорхой нотлогдож байна. Б.Баярааг гэм буруутай гэдгийг шүүх нэгэнт тогтоосон. Шүүхийн шийтгэх тогтоол гараад олон жил өнгөрч байхад Б.Баярааг гэм буруугүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Б.Баяраа нь өөрийн гэм буруутай гэдгийг ухамсарлаад, нэхэмжлэгчтэй хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг төлөх нь зүйтэй юм байна гэж үзээд гэрээ хийсэн байдаг. Үүнийгээ үндэслээд Б.Баяраа тодорхой төлөлтүүдийг хийсэн байдаг. Хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаа шиг хүч хэрэглэж хийсэн хэлцэл биш юм. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 болон 188.1 дэх хэсэгт зааснаар Б.Баяраад сургалтын төлбөр төлөх үүрэг үүссэн. Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар амласан хугацаандаа тухайн хичээлийн жилийн 8 дугаар сард сургалтын төлбөрийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн байдаг. Энэ үүргийн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Б.Баяраа үүргийг тогтоосон хугацаанд, шударгаар гүйцэтгэх буюу жил бүрийн 8 дугаар сард сургалтын төлбөрийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох сургалтын төлбөрийн баримтууд болон нэхэмжлэхүүд хэрэгт байгаа гэв.

Хариуцагч Б.Баяраа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нь нэхэмжлэгч Х.Нарантуяагийн гаргасан 17,964,330 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бидний харилцан ярилцаж тохиролцож байсны дагуу миний бие нь нэхэмжлэгч Х.Нарантуяад өгч байсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Н.Оюунбат, Н.Хулан нар нь насанд хүрсэн хүмүүс бөгөөд тэдний өмнөөс Х.Нарантуяа мөнгө нэхэмжлээд байна. н.Энхчимэг, Х.Нарантуяа, Б.Баяраа нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хийсэн гэрээ нь гуравдагч этгээдэд ашигтай хэлцэл болсон байдаг. Х.Нарантуяа энэ хүмүүсийг 18 нас хүртэл тэжээн тэтгэх үүрэгтэй. Харин Б.Баяраа энэ хүмүүсийг тэжээн тэтгэх үүрэггүй. Талийгаач Ч.Норовсамбуу бие нь муу, 70 хувийн группт байдаг байсан. Тухайн үед даралт өндөр, халууцаад хамаг хувцсаа тайлсан байсан ба хувцсаа өмс гэхэд сонсгол муу учир өөрийн хэмжээнээс хэтэрсэн зүйл өргөж байгаад осол гарсан байдаг. Энэ хэргийн хариуцагч Дэлгэрбэт ХХК байх ёстой байсан. Хууль буруу хэрэглэсэн бол түүнийг дагаж мөрдөхгүй байх эрх нь шүүхэд байдаг. Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйл ангийг зөвхөн байгууллагад хэрэглэх ёстой байтал Б.Баярааг гэм буруутай гэж үзсэн. Б.Баяраа шийтгэгдсэн байхад дайран дээр давс нэмнэ гэгчээр хохирол барагдуулвал чи шоронд орохгүй гэж хэлээд гэрээн дээр гарын үсэг зуруулсан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлд хамааралтай бөгөөд Б.Баяраа нь шоронд орохгүйн тулд энэ хэлцлийг хийсэн байдаг. Гэтэл тэр өөрийгөө буруугүй байсан гэдгийг мэдэлгүй энэ хэлцлийг хийсэн байна. Хүн буруугаа хүлээсэн л бол буруутай эсэх нь хамаагүй хэрэг хүлээлгэдэг гэсэн ойлголт байдаг юм байна. Шийтгэх тогтоолоор Б.Баяраа буруутан болсон. Дараа нь иргэний журмаар хэрэг шийдвэрлэхэд Б.Баяраа мөн дахин буруутан болсон. Одоо гурав дахь удаа буруутан болох гээд шүүхдээд явж байна. Насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийн өмнөөс нэхэмжлэл гаргаж болох хуулийн зохицуулалт нь зөвхөн итгэмжлэлээр оролцох эрхтэй болдог. Талийгаач амьд байсан бол энэ сургалтын төлбөрийг төлөх чадвартай байх байсан уу? Талийгаач 70 хувийн групптэй байсан ба энэ мөнгө нь хоолонд л зарцуулагдана. Хэрвээ тэр амьд байсан бол олох байсан орлогын хэмжээнд тааруулж шаардана. Нэхэмжлэгч хэрэв хүсвэл 2013 оны 5 дугаар сарын 22-ны шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр бус болгуулах боломж байна гэж би олон удаа хэлж байсан. Дэлгэрбэт ХХК бол мөнгөтэй компани юм. Энэ компаниас сургалтын төлбөрийг гаргуулах боломжтой. Б.Баяраагаас авах зүйл байхгүй. Б.Баяраа энэ сургалтын төлбөрийг төлөхөөр шийдвэр гарлаа гэхэд энэ хүн төлбөрийг төлөх боломж байхгүй. Мөнгөгүй хүнээс хэдэн ч удаа шүүхийн шийдвэр гарлаа гээд мөнга авах боломжгүй шүү дээ. Мөн хүүхдүүдийг насанд хүрээгүй байхад хийсэн хэлцэл нь насанд хүрсний дараа чөлөөлөгдөх боломжтой. Гуравдагч этгээдэд ашигтай хэлцлийг итгэмжлэлгүйгээр нэхэмжлэл гаргасан Х.Нарантуяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Нарантуяа нь хариуцагч Б.Баяраад холбогдуулан гэм хорын хохиролд 17,964,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, тодруулснаар Хохирол барагдуулах тухай гэрээний үүрэгт 9,933,352 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч Б.Баяраа нэхэмжлэлийн анхны шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн өөрчилж багасгасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Х.Нарантуяаг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Х.Нарантуяа болон хариуцагч Б.Баяраа нарын хооронд Хохирол барагдуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Б.Баяраа нь Х.Нарантуяагийн хүүхдүүд болох Н.Хулан, Н.Оюунбат нарын сургалтын төлбөрийг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож, хугацаа хэтэрсэн тохиолдол бүрт шүүхээр шийдвэрлүүлэхээр тусгаж, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж гэрээг байгуулжээ. /хх 12/

Зохигчид дээрх гэрээ байгуулагдсан талаар болон гэрээний ерөнхий нөхцлийн талаар маргаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг гэрээг хариуцагч Б.Баярааг шоронд орно гэж айлган сүрдүүлж, хүч хэрэглэн хийсэн гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна.

Гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байдал нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хэлцэл хуульд нийцсэн хэлбэрийн шаардлагыг хангаж хийсэн гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Баяраад хүч хэрэглэн, айлган сүрдүүлж хэлцлийг хийсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар татгалзлыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, түүний тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Х.Нарантуяаг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлах боловч маргаан бүхий гэрээг Х.Нарантуяа болон Б.Баяраа нарын хооронд хийгдсэн, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь шаардлага гаргаж байх тул нэхэмжлэгч Х.Нарантуяа нь Н.Оюунбат, Н.Хулан нарын сургалтын төлбөрт 9,933,352 төгрөгийг Б.Баяраагаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Хэрэв талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг гуравдагч этгээдэд ашигтай хийгдсэн гэрээ гэж үзэж байгаа тохиолдолд, Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт хашрлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу Х.Нарантуяа нь мөн шаардах эрхтэй байна.

Н.Хулан, Н.Оюунбат нар нь нэхэмжлэгч Х.Нарантуяагийн хүүхдүүд мөн болох нь тэдний төрсний гэрчилгээ гээр тогтоогдсон, мөн тэд Соёл урлагийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженерийн сургуульд тус тус суралцдаг болох нь сургуулийн тодорхойлолтууд болон төлбөрийн нэхэмжлэхүүдээр тогтоогдсон. /хх 30-34, 53-55, 174-175/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч Б.Баяраа нь сургалтын төлбөрөөс зохих төлбөрийг хийж байсан болох нь Х.Нарантуяагийн банк дахь дансны хуулга, Н.Хулангийн сургуульд гаргаж байсан өргөдөл, хүсэлт, мөн 2015 оныг хүртэлх хугацааны сургалтын төлбөр гаргуулахаар шаардсаныг Б.Баяраа бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталгаажуулсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2015/02239 тоот шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 15, 22, 32-34, 97-99/

Маргаан бүхий гэрээг хийх болсон үндсэн шалтгаан буюу гэм хор учруулсан Б.Баяраагийн гэм буруугийн байдал шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Б.Баяраа гэм буруутай эсэх талаар шүүх дахин дүгнэхгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх 7-11/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 173,884 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баяраагаас 9,933,352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Нарантуяад олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 173,884 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого /Баянгол дүүргийн татварын хэлтэс 2602002965 тоот данс/-д оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА