Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01427

 

Х гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

             2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00481 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1039 дүгээр магадлалтай,

    Х гийн нэхэмжлэлтэй,

             Б д холбогдох

          Хохирол барагдуулах гэрээний үүрэгт 9,933,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний нөхөр Ч.Норовсамбуу нь 2012 оны 05 сарын 15-ны өдөр “Мистер Индикатор” ХХК-д туслах ажилчнаар түр орж ажилласан. Тус компанийн гүйцэтгэх захирал Б  нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т техник ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх гэж заасныг болон бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсний улмаас зуурмагны машины цахилгаан холболтыг буруу хийж улмаар цахилгаан хүчдэл үүссэн, мөн зориулалтын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс Ч.Норовсамбуу нь 2012 оны 08 сарын 25-ны өдөр зуурмагны машины тогоонд үүссэн цахилгаан гүйдэлд цохиулж, зүрх судасны хурц дутагдлын улмаас нас барсан. Дээрх хүний амь хохирсон хэргийг Багануур дүүргийн шүүх 2013 оны 05 сарын 22-ны өдөр хэлэлцээд Б г гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн. Ийнхүү шүүх хуралдаан болохоос өмнө Б  нь надаас би ял аваад шоронд явчихвал манай 5 ам бүл, танай 4 ам бүлийг тэжээх боломжгүй болно. Тийм учраас танай 2 хүүхдийн сургуулийн төлбөрийг би сургууль төгстөл нь төлж байя гэж гуйхаар нь би шүүх хуралдаанд гомдолгүй гэж хэлсэн. Бид нотариат дээр очоод Б  нь жил бүрийн 8 сарын 20-ны өдрөөс өмнө манай хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж байхаар гэрээ байгуулсан. Гэтэл одоо ажилгүй, мөнгөгүй, би тулдаа л танай хүүхдүүдийн сургуулийн төлбөрийг төлөх гээд явж байна, шүүх хурал гэдэг чинь миний хэлсэн үгийг тоодоггүй, мөнгөтэй талд нь үйлчилдэг юм байна лээ гэх зэргээр надаар тохуурхан даажигнах болсон. Б  нь хууран мэхэлж шүүхээс хөнгөн ял авах, ял завших зорилготой байжээ. Б  нь 2013 оны 05 сарын 22-ны өдөр надтай хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тухайн жилийн сургалтын төлбөрийг 8 сарын 20-ны өдрийн дотор төлөх ёстой. Гэтэл Б  нь хэлсэн амлалтандаа хүрэлгүй, төлбөрийг төлөхгүй байна. Б гаас хүүхдүүд болох Н.Хулан, Н.Оюунбат нарын 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 4,950,000 төгрөг, 2016-2017 оны сургалтын төлбөр 4,983,352 төгрөг, нийт 9,933,352 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид хэлэлцэж ярилцаж байсны дагуу миний бие нь төлбөрийг өгч байсан болно. Хэлцэл нь Б г шоронд сууна, суухгүй гэх ээдрээтэй нөхцөл байдалд хийгдсэн буюу Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан нөхцөлд хийгдсэн гэж үзэж байгаа. Б  нь Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яагаад шийтгэгдсэн бэ гэсэн асуудал гарч байна. Шүүгч хууль зөрчсөн тохиолдолд дараагийн шүүгч түүнийг хөдлөшгүй нотлох баримт гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг шүүх шийдвэрлэх юм. “Дэлгэр бэт” ХХК-ийн үйлчилгээний төвийн барилгын өргөтгөлийн ажлыг хийх явцад 1 хүний амь нас хохирсон бөгөөд барилгын эзэн н.Баярсайхан, н.Энхчимэг нарыг хариуцлагаас чөлөөлж Б г буруутгасан байдаг. Барилгын ажлын явцад зуурмагны машины цахилгааны холболт хийсэн хүн нь Б  биш, өөр хүн байсан. Ус зөөсөн хүн нь аюулгүйн ажиллагааны баримтад гарын үсэг зурсан байж нүцгэн гүйж яваад тогонд цохиулж амь насаа алдсан. Багануур дүүргийн цагдаагийн байгууллага айлган, хохирол барагдуулах тухай энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол ял авна гэж сүрдүүлж байгаад гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл буюу насан туршдаа өр төлбөрийн байдалтай байна гэдэг нь үндэслэлгүй. Буруугүй хүнийг буруутгасан. Б  нь үнийн дүнгүй хэлцэлд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг шүүх өөр өөр байдлаар ойлгож тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар гэм хорын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан байдаг бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээж авахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн тухай шүүгчийн захирамж гаргаагүй. Шүүх амьжиргааны түвшингийн итгэлцүүрийг баталгаажих түвшинд аваад хорооны тодорхойлолтыг хавсаргаж байж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх ёстой. Гэтэл уг баримтууд хэрэгт дутуу авагдсан байсан. Гэрээний хохирол гэх үндэслэл нь Б гийн эрхийн асуудал бөгөөд гэрээнд үнийн дүн тавигдсан бол улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх ёстой. Гэтэл гэрээний үнийн дүн нь сургалтын төлбөр болох нь эргэлзээтэй. Гэрээний үнийг тодорхойлоогүй байдлаас үүсэх үр дагавар хүндрэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хууль зөрчсөн. Багануур дүүргийн шүүхийн шүүгчдийн алдаатай шийдвэрт гомдол гаргасан бөгөөд илт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа шүүгчээс татгалзах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

                                                           

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00481 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б гаас 9,932,352 төгрөг гаргуулах тухай Х гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1039 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00481 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б гаас 9,933,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х д олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х гаас 173,870 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б гаас 173,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б  болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.02-ны өдрийн 1039 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтыг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч эхлээд нэхэмжлэл гаргахдаа гэмт хэргийн улмаас хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Гэм хорын хохирол нэхсэн шаардлагаа татан авч өөрчлөн хэлцлийн дагуух үүрэг гүйцэтгэхийг шаардсан шаардлага гаргасан. Шүүхийн өөрчилсөн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх үүрэгтэй. Хэрэв өөрчлөгдсөн шаардлагад тэмдэгтийн хураамж төлөөгүй бол 65.1.11 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг буцааж хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ бол хууль.

2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад гомдлыг хүлээн авсан. Хэрэв тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргавал хорооны тодорхойлолт, нэн ядуугийн түвшин тогтоосон баримт, хүсэлт хавсаргагдах ба дээрх баримт байхгүй тохиолдолд шүүх гомдлыг хүлээн авахаас татгалзана. Энэ бол хууль.

3. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин тегөлдөр болдог. Шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо нэхэмжлэгч Х гаар улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлэх тухай нэг ч үг үсэг уншиж сонсгоогүй алхаа цохьсон. Алхаа цохисоны дараа хариуцагч талаас шүүх бүрэлдэхүүнийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль мэддэггүй, Т.Туяа шүүгч урьд нь найзынхаа нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжгүй хүлээн авч шийдвэрлэж байсан тухай хэлсэн. Гэтэл шийдвэр цаасан дээр бичигдэж гарсныг үзвэл шийдвэрээ уншаад алхаа цохисоноос өөрөөр бичигдэж гарсан учир шүүх хуралдааны бичлэгийг 2018.05.22-ны өдөр хуулбарлан аваад хадгалсан ба шүүх уншиж сонсгосноос өөрөөр бичигдэж гарвал “Илт хууль бус шийдвэр”-т тооцогдох ба энэ илт хууль бус шийдвэрийг хэрхэхээ мэдэхгүй байна.

4. ИХШХШТХ-ийн 58.2 дахь заалт нь шаардлагаа ихэсгэхэд хамаарах ба манай тохиолдолд 58.3 дахь заалт хамаарна.

5. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хууль бусаар хүлээн авахаас татгалзсан, шүүгчийг 91.1.3 дахь заалтаар татгалзсан ба татгалзлыг хүлээж аваагүй. Энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо тодорхой дурьдсан. Иймд 102/ШШ2018/00481 тоот шийдвэр, 1039 тоот магадлалуудыг хүчингүй болгож, ИХШХШТХ-ийн 65.1.11 дэх заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х  нь хариуцагч Б д холбогдуулж гэм хорын хохиролд 17,964,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Хохирол барагдуулах хэлцэл” гэсэн баримтыг үндэслэл болгон энэ гэрээний үүрэгт 9,932,352 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч Б  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...төлбөрийг өгч байсан, хэлцэл нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан нөхцөлд хийгдсэн, хохирол барагдуулах тухай энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол ял авна гэж сүрдүүлснээс гарын үсэг зурсан, Ч.Норовсамбуу нас барахад компани буруутай байсан” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Дэлгэр бэт” ХХК-ийн барилгын өргөтгөлийн хучилтын ажлыг гүйцэтгэх явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас Ч.Норовсамбуу нас барсан, Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Б г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн, шүүх хуралдаанд хохирогч Х  хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн бөгөөд тухайн өдөр Х , Б  нар “Хохирол барагдуулах тухай гэрээ” байгуулсан байна.

Дээрх гэрээнд Б  нь Х гийн хүүхдүүд болох “Н.Хулан, Н.Оюунбат нарын сургалтын төлбөрийг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдол бүрт асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх”-ээр тохиролцож, гарын үсгээ зуржээ. Талууд хэлцэл байгуулсан талаар маргаагүй, хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Н.Хулан, Н.Оюунбат нар нь нэхэмжлэгч Х гийн хүүхдүүд бөгөөд тэд Соёл, урлагийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурдаг болох нь тогтоогдсон, хариуцагч Б  сургалтын төлбөрийг төлж байсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Соёл, урлагийн их сургуулийн жилийн сургалтын төлбөр 2,669,552.00 төгрөг, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн жилийн сургалтын төлбөр 2,313,800.00 төгрөг болох нь тус сургуулиудын санхүүгийн нэхэмжлэхээр тогтоогдсон, хариуцагч Б  нь Н.Хулан, Н.Оюунбат нарын сургалтын төлбөрт нийт 11,692,330.00 төгрөгийг төлсөн нь төлбөрийн баримт, банкны дансны хуулга, шүүгчийн захирамж, зохигчдоос шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан тодорхойлолт гэсэн баримтуудаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, хариуцагч Б г 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хохирол барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хохирол барагдуулах хэлцэлд “... Н.Хулан, Н.Оюунбат нарын сургалтын төлбөрийг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор Б  төлж барагдуулна” гэж заахдаа хариуцагч нь ямар хугацаанд, хэдий хэмжээний мөнгийг, аль сургуулийн төлбөрт төлөх үүрэг хүлээсэн нь тодорхой бус байх тул өмнө нь төлбөрийг зөвшөөрч хийсэн хэмжээнд түүнийг хэлцлээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэх нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т нийцэх тул хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хэлцэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1039 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00481 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б гаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,870.00 /нэг зуун далан гурван мянга, найман зуун дал/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

  ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН