Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2018/00481

 

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2018/00481

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Жаргалантын .... тоотод оршин суух, Х овогт Х-ын Н /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, Зүүн нарангийн ... тоотод оршин суух, Х овогт Б-ын Б /РД: .../-д холбогдох,

 

Хохирол барагдуулах гэрээний үүрэгт 9,933,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э гэрч Б.Б, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний нөхөр Ч.Н нь 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр М.И ХХК-д туслах ажилчнаар түр орж ажилласан. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Б нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т техник ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх гэж заасныг болон бусад холбогдох дүрэм, журмыг зөрчсөний улмаас зуурмагны машины цахилгаан холболтыг буруу хийж улмаар цахилгаан хүчдэл үүссэн, мөн зориулалтын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс миний нөхөр Ч.Н 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зуурмагны машины тогоонд үүссэн цахилгаан гүйдэлд цохиулж, зүрх судасны хурц дутагдлын улмаас нас барсан юм. Дээрх хүний амь хохирсон хэргийг Багануур дүүргийн шүүх 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээд Б.Бг гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн. Ийнхүү шүүх хуралдаан болохоос өмнө Б.Б нь надаас би ял аваад шоронд явчихвал манай 5 ам бүл, танай 4 ам бүлийг тэжээх боломжгүй болно. Тийм учраас танай 2 хүүхдийн сургуулийн төлбөрийг би сургууль төгстөл нь төлж байя гэж гуйхаар нь би шүүх хуралдаанд гомдолгүй гэж хэлсэн. Бид нотариат дээр очоод Б.Б нь жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө манай хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж байхаар гэрээ байгуулсан. Одоо болохоор ажилгүй, мөнгөгүй, би тулдаа л танай хүүхдүүдийн сургуулийн төлбөрийг төлөх гээд явж байна, шүүх хурал гэдэг чинь миний хэлсэн үгийг тоодоггүй, мөнгөтэй талд нь үйлчилдэг юм байна лээ гэх зэргээс надаар тохуурхан даажигнах болсон. Б.Б нь хууран мэхэлж шүүхээс хөнгөн ял авах, ял завших зорилготой байжээ. Б.Бгаас 2014 оны хүүхдийн сургалтын төлбөр болох 5,146,330 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч 2,080,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдлийг төлж чадахгүй гэж хэлсэн. Иймд 2015 оны 4,966,000 төгрөг, 2016 оны 4,966,000 төгрөг, 2017 оны 4,966,000 төгрөг, 2014 оны үлдэгдэл 3,066,360 төгрөг, нийт 17,964,330 төгрөгийг Б.Бгаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Б.Б нь 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр надтай хүүхдүүдийн маань сургалтын төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тухайн жилийн сургалтын төлбөрийг 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх ёстой. Гэтэл Б.Б нь хэлсэн амлалтандаа хүрэлгүй, төлбөрийг төлөхгүй байна. Б.Бгаас хүүхдүүд болох Н.Х, Н.О нарын 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 4,950,000 төгрөг, 2016-2017 оны оны сургалтын төлбөр 4,983,352 төгрөг, нийт 9,933,352 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Бгийн шүүхэд гаргасан тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Х.Нгийн Б.Б надад холбогдуулан тус шүүхэд гаргасан 17,964,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид хэлэлцэж ярилцаж байсны дагуу миний бие нь төлбөрийг өгч байсан болно.

Хэлцэл нь Баярааг шоронд сууна, суухгүй гэх ээдрээтэй нөхцөл байдалд хийгдсэн буюу Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан нөхцөлд хийгдсэн гэж үзэж байгаа. Баяраа нь Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яагаад шийтгэгдсэн бэ гэсэн асуудал гарч байна. Шүүгч хууль зөрчсөн тохиолдолд дараагийн шүүгч түүнийг хөдлөшгүй нотлох баримт гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг шүүх шийдвэрлэх юм. Дэлгэр бэт ХХК-ийн үйлчилгээний төвийн барилгын өргөтгөлийн ажлыг хийх явцад 1 хүний амь нас хохирсон бөгөөд барилгын эзэн Баярсайхан, Энхчимэг нарыг хариуцлагаас чөлөөлж Баярааг буруутгасан байдаг. Барилгын ажлын явцад зуурмагны машины цахилгааны холболт хийсэн хүн нь Б.Б биш, өөр хүн байсан. Ус зөөсөн хүн нь аюулгүйн ажиллагааны баримтад гарын үсэг зурсан байж нүцгэн гүйж яваад тогонд цохиулж амь насаа алдсан. Үүнийг өөрөөр хэлбэл Багануур дүүргийн цагдаагийн байгууллага айлган, хохирол барагдуулах тухай энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол ял авна гэж сүрдүүлж байгаад гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл буюу насан туршдаа өр төлбөрийн байдалтай байна гэдэг нь үндэслэлгүй юм. Буруугүй хүнийг буруутгасан бөгөөд Дэлгэрбэт гэх компани нь Багануурын хамгийн том компани юм. Баяраа нь үнийн дүнгүй хэлцэлд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээг шүүх, шүүх өөр өөр байдлаар ойлгож тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар гэм хорын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан байдаг бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээж авахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн тухай шүүгчийн захирамж гаргаагүй. Шүүх амьжиргааны түвшингийн итгэлцүүрийг баталгаажих түвшинд аваад хорооны тодорхойлолтыг хавсаргаж байж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх ёстой. Гэтэл уг баримтууд хэрэгт дутуу авагдсан байсан. Энэ асуудал гэрээний улмаас учирсан хохирол гэж 1 жил гаран шүүхэд хянагдаж байна. Гэрээний хохирол гэх үндэслэл нь Баяраагийн эрхийн асуудал бөгөөд гэрээнд үнийн дүн тавигдсан бол улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх ёстой. Гэтэл гэрээний үнийн дүн нь сургалтын төлбөр болох нь эргэлзээтэй. Хэрвээ америкт хүүхдээ сургана гэвэл жилийн 10,000,000 доллар төлөх шаардлагатай болох юмуу. Гэрээний үнийг тодорхойлоогүй байдлаас үүсэх үр дагавар хүндрэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргах эрхгүй тухай заасан байсан. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хууль зөрчсөн гэж үзээд байгаа. Уг сөрөг нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна гэж татгалзсан бөгөөд услын тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд нэхэмжлэлийн үнийн дүнг тогтоох шаардлагатай байна. Тэгэхэд үнийн дүнгүй гэрээг үнэлэх тухай асуудал үүсээд байна. Багануур дүүргийн шүүхийн шүүгчдийн алдаатай шийдвэрт гомдол гаргасан бөгөөд илт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа шүүгчээс татгалзах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Б.Бд холбогдуулж гэм хорын хохиролд 17,964,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, тодруулахдаа хохирол барагдуулах гэрээний үүрэгт 9,932,352 төгрөг гаргуулах тухай болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Б нь 2012 оны 8 дугаар сард Дэлгэр бэт ХХК-ийн барилгын өргөтгөлийн хучилтын ажлыг гүйцэтгэхдээ зуурмагны машины цахилгаан холболтыг буруу хийж, улмаар цахилгаан хүчдэл үүссэн нөхцөлд ажилтнуудыг ажиллуулсан, тэднийг зориулалтын хувцас, хамгаалалтын хэрэгслээр хангалгүй хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас мөн сарын 25-ны өдөр Ч.Н зуурмагны машины тогоонд үүссэн цахилгаан гүйдэлд цохиулж, зүрх, судасны хурц дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт буруутгагдаж, Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Б.Бг барилгын аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэж, тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

Дээрх шүүх хуралдаанд хохирогч Х.Н хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаан болсон 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Х.Н, Б.Б нар нь Хохирол барагдуулах тухай гэрээ байгуулсан, уг гэрээнд Б.Б нь Х.Нгийн хүүхдүүд болох Н.Х, Н.О нарын сургалтын төлбөрийг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдол бүрт асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж гэрээний талууд гарын зурж баталгаажуулжээ.

Зохигчид гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн, бичгээр байгуулж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт нийсэн байх тул хэлцэл хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Н.Х, Н.О нар нь нэхэмжлэгч Х.Нгийн хүүхдүүд мөн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, тэд Соёл, урлагийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиудад тус тус сурдаг болох нь сургуулийн тодорхойлолтуудаар тус тус тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хохирол барагдуулах хэлцэлд ... Н.Х, Н.О нарын сургалтын төлбөрийг жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор Б.Б төлж барагдуулана гэж заасан байх бөгөөд энэхүү гэрээ нь ямар хугацаанд үргэлжлэх, сургалтын төлбөрийн хэмжээ зэрэг нь тодорхойгүй, хариуцагч тал энэхүү гэрээг шүүхээс Б.Бд хорих ял оногдуулахгүй байхын тулд байгуулсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно. гэж зааснаас үзвэл Б.Б нь Х.Нгийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлснөөр гэрээ дуусгавар болохоор тохиролцжээ.

Хариуцагч Б.Б нь Н.Х, Н.О нарын сургалтын төлбөрийг төлсөн болох нь Хаан банкин дахь Х.Нгийн 5750557595 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,180,000 төгрөгийг Б.Бгаас тушаасан талаарх дансны хуулга,

Соёл, урлагийн их сургуулийн Төрийн банкин дахь 102900115896 тоот дансанд Н.Хгийн сургалтын төлбөр гэх гүйлгээний утгаар Б.Бгаас 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 80,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 31-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 223,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 800,000 төгрөг төлсөн баримт,

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Улаанбаатар хотын банкин дахь 2611184514 тоот дансанд Н.Оын сургалтын төлбөр гэж Б.Бгаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 763,000 төгрөг төлсөн баримт, мөн 5,146,330 төгрөгийг Б.Бгаас гаргуулж Х.Нд олгох тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүгчийн 102/ШШ2015/02239 дүгээр захирамжийн дагуу 4,146,330 төгрөгийн төлбөрийг барагдуулсан талаарх Б.Б, Х.Н нарын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж өгсөн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Соёл, урлагийн их сургуулийн хичээлийн 1 жилийн сургалтын төлбөр 2,669,552 төгрөг, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 1 жилийн сургалтын төлбөр 2,313,800 төгрөг болох нь тус сургуулиудын санхүүгийн нэхэмжлэхээр тогтоогдсон, харин хариуцагч Н.Х, Н.О нарын сургалтын төлбөрт нийт 11,692,330 төгрөгийг төлсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Б.Б нь 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хохирол барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Х.Нгийн хариуцагч Б.Бгаас 9,932,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 9,932,352 төгрөг гаргуулах тухай Х.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР