Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2021/01760

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.М/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Э” ХХК/РД: /-д холбогдох,

 

“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/78, Б/25 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 46 659 792 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандуулга, хариуцагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э ХХК анх үүсгэн байгуулагдсан 2007 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2018.11.02-ны өдөр Б/205 тоот тушаалаар Захиргаа, хүний нөөцийн газрын Тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан.

Э ХХК-ийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 2018 оны 2 сард тэргүүнээр сонгогдож ажиллаж эхэлсэн.

Миний бие Үйлдвэрчний эвлэлийн тэргүүнээр томилогдож ажиллаж эхэлснээс хойш 2018.05.11-ний өдөр Э ХХК болон Э ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээг батлуулж, Сүхбаатар дүүргийн Тамгын газарт хүргүүлж баталгаажуулж 80 гаруй хүний хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах үндсийг бүрдүүлсэн.

Өөрийн үндсэн ажлаас гадна Үйлдвэрчний эвлэлийн тэргүүний хувиар нийт ажиллагсдын эрхийг хамгаалж, удирдлагад санал шаардлага хүргэх нь зайлшгүй ажлын нэг хэсэг байдаг.

Ажлын энэ шаардлагаас болж байгууллагын удирдлага болон Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатарт удаа дараа албан шаардлага хүргүүлж, ажилчдын эрх ашгийг хамгаалах үүднээс уулзаж байсан нь хавчигдах, шахагдах, ажлаас халагдах үндэслэл боллоо.

Манай удирдлагаас цагийн бүртгэлийг үндэслэж надад 2019.03.18-ны Дугаар А/28 тоот тушаал гаргаж сахилгын шийтгэл оногдуулахдаа 381 минут хоцорсон гэж шийтгэл оногдуулсан мөртлөө 540, 581 минут хоцорсон хүмүүст шийтгэл оногдуулаагүй,  цалингийн 20%-иар хасалт хийгээгүй байгаа нь зөвхөн намайг хууль ёсны шаардлага тавьж, ажиллагсдын эрхийг хамгаалснаас болж шийтгэсэн гэж үзэхээр байна.

Энэхүү шийтгэлийг эс зөвшөөрч Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2019.04.04-ний өдөр гомдол гаргаад тус байгууллагаас хариуг 2019.04.05-ны өдөр аваад шүүхэд хандахаар бэлтгэж байх үед 2019.04.11-ний өдрийн Б/23 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргаж ажлаас үндэслэлгүйгээр халсан тул шүүхэд хандахад хүрсэн болно.

Миний бие тус байгууллагад 12 жил тасралтгүй ажилласан ууган ажилчин бөгөөд сахилгын зөрчил авах болон ажлаас халагдах ноцтой зөрчил огт гаргаж байгаагүй болно.

Миний бие Э ХХК-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны ТЭРГҮҮНИЙ ХУВЬД нийт ажиллагсдынхаа эрх ашгийг тууштай хамгаалах чиг үүргээ сайн мэддэг, энэ үүргээ ч чинь шударгаар хэрэгжүүлж байсан, мөн өөрийн үүрэгт ажлаа ч сайн гүйцэтгэж байгаа хүний хувьд шударга бусаар ажлаас халагдсандаа ихэд гомдолтой байгаа болно.

Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6-р зүйл “Үйлдвэрчний эвлэлүүдийн үйлл ажиллагааны болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгаа”-г зааж өгсөн байх бөгөөд 6.1, 6.2-т сонгуульт, үүрэгт ажлаас нь болж хавчих, халах, сахилгын шийтгэл оногдуулахыг хориглосон байна.

Гэтэл сонгуульт ажлынхаа шаардлагаар удирдлагадаа хууль ёсны шаардлага тавьснаараа ажлаас халагдах хэмжээнд очиж байгаа нь Монголын нийгэмд шударга ёс алдагдсны тод илрэл гэж үзэж байна.

Иймд Э ХХК-ийн 2019.03.18-ны Дугаар А/78 тоот, 2019.04.11-ний өдрийн Б/25 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалуудыг тус, тус хүчингүйд тооцож, Захиргаа, хүний нөөцийн газрын Тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоожж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү

Эрдэнэ Монгол ХХК-ийн ажилтнууд ажлын цаг ашиглалт гэж байдаггүй, дээр нь цайны цаг гэж байдаггүй. Мөн нэхэмжлэгч Б.М нь ажлаас халагдах үед Эрдэнэ Монгол ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга байсан ба маргаан үүсэх шалтгаан нь хөдөлмөрийн харилцаа дордуулсан үйлдвэрчний эвлэлийн шаардлага хүргүүлсэнтэй хамааралтай ба зөрчлийн хэрэгт хавсаргасан байгаа. Энэ талаар үйлдвэрчний эвлэлийн хуулинд тодорхой бичсэн байдаг. Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэх Эрдэнэ Монгол ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/78 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний Б/25 тоот сахилгын  шийтгэл ногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүйд тооцуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 46.659.792 төгрөгийг гаргуулан ЭМДД, НДД-т нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2.2 дахь заалтанд Ажилтан нэг сард 60 минутаас дээш хугацаагаар гурав болон түүнээс дээш удаа хоцорсон тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахаар заажээ.

Иргэний хуулийн 198-р зүйлийн 198.1 дэх заалтанд заагдснаар 2019.03.19-ний өдөр цор ганцхан удаа 60 минутаас дээш хугацаагаар хоцорсон байна.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн дотоод журмаар нэг сард цор ганц удаа 60 минутаас дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд “Сахилгын шийтгэл” оногдуулж болохгүй гэж заасан байтал дээрх заалтыг ноцтой зөрчиж сахилгын шийтгэл оногдуулжээ.

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 12-р зүйлийн 12.3.1-ээс 12.3.10 дахь заалтанд ноцтой зөрчил гэж юу болохыг тодорхой заасан ба миний бие дээрх 10 заалтанд заагдсан зөрчил гаргаагүй болно.

Манай байгууллагын ажилтнуудын ажлын цаг ашиглалт гэж байдагүүй, дээр нь цайны цагийн хяналт байхгүй, мөн төрийн болон бусад газарт ашиглагдахаа байсан 9 цагийн бүртгэлтэй программаар цагийг бүртгэдэг дутагдал байдаг.

Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 12-р зүйлийн 12.2.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж гаргасан Э ХХК-ийн 2019.03.18-ны Дугаар А/78 тоот, 2019.04.11-ний өдрийн Б/25 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалуудыг тус, тус хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 10,162,240.85 гаргуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

Манай нэхэмжлэлтэй хөдөлмөрийн маргаантай Иргэний хэрэг давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхээр хянагдахад Хөдөлмөрийн дотоод журмын 12-р зүйлийн 12.2.2 дахь заалтыг баримтлах ёстой байсан гэж үзсэн.

Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2 дахь заалтанд Ажилтан нэг сард 60 минутаас дээш хугацаагаар гурав болон түүнээс дээш удаа хоцорсон тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахаар заажээ.

Иргэний хуулийн 198-р зүйлийн 198.1 дахь заалтанд заагдснаар 2019.03.19-ны өдөр ганцхан удаа 60 минутаас дээш хугацаагаар хоцорсон байна.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн дотоод журмаар нэг сард цор ганц удаа 60 минутаас дээш хугацаагаар хоцорсон тохиолдлолд “сахилгын шийтгэл” оногдуулж болохгүй гэж заасан байтал дээрх заалтыг ноцтой зөрчиж сахилгын шийтгэл оногдуулжээ.

Мөн хөдөлмөрийн дотоод журмын 12-р зүйлийн 12.3.1-ээс 12.3.10 дахь заалтад ноцтой зөрчил гэж юу болохыг тодорхой заасан ба миний бие дээрх 10 заалтад заагдсан зөрчил гаргаагүй болно.

Манай байгууллагын ажилтнуудын ажлын цаг ашиглалт гэж байдаггүй, дээр нь цайны цагийн хяналт байхгүй, мөн төрийн болон бусад газарт ашиглагдахаа байсан 9 цагийн бүртгэлтэй программаар цагийг бүртгэдэг дутагдал байдаг.

Мөн ажлаас халагдах үед Б.М “Э” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга байсан ба маргаан үүсэх шалтгаан нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйлдвэрчний эвлэлийн шаардлага хүргүүлсэнтэй хамааралтай ба бичлэгийг хэрэгт хавсаргасан байгаа. Энэ талаар үйлдвэрчний эрхийн хуулийн тодорхой бичсэн байдаг.

Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 12-р зүйлийн 12.2.2 дахь хэсгийг ноцтой зөрчиж гаргасан “Э” ХХК-ийн 2019.03.18-ны Дугаар А/78 тоот, 2019.04.11-ний өдрийн Б/25 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалуудыг тус тус хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 46.659.792 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандуулга шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Мгийн хариуцагч “Э” ХХК-д холбогдох “Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар А/78 тоот тушаал болон 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

1. Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн учир ажлаас халсан гэх үндэслэлийн тухай

Б.М нь “Э” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгосон тухай үеийн тэргүүлэгчдийн тогтоол болон түүнийг томилсон эрх бүхий байгууллагын шийдвэр байдаг ч энэ нь холбогдох дүрэм болон хуулийн дагуу болсон эсэх нь тодорхой биш бөгөөд хуурамчаар бичиг баримт үйлдсэн байж болзошгүй.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн учир ажлаас халсан гэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. “Э” ХХК-ийн зүгээс үйлдвэрчний эвлэлтэй байнгыг хамтарч ажилладаг бөгөөд ийм учир саяхан 2018 онд хамтын гэрээгээ шинэчлэн байгуулсан юм. Уг гэрээний дагуу холбогдох ажлуудыг хийж байгаа тухай Үйлдвэрчний эвлэлд удаа дараа мэдэгдсэн.

2. Б.Мгийн сахилгын шийтгэлийн тухай

Б.М нь “Э” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газарт “Тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаанд дараах сахилгын зөрчил гаргасан нь цагийн бүртгэлийн машинаар тогтоогдсон болно. Үүнд:

1. 2018 оны 11 дүгээр сард нийт 142 минут ажлаас хоцорсон;

2. 2019 оны 2 дугаар сард ажлаас нийт 381 минут хоцорсон;

3. 2019 оны 3 дугаар сард ажлаас нийт 200 минут хоцорсон; түүнчлэн давтан сахилгын зөрчил гаргасан;

Б.М нь дээрх сахилгын зөрчил болгондоо тус тусдаа сахилгын шийтгэл хүлээсэн болно. Үүнд:

1. 2018 оны 11 дүгээр сард гаргасан сахилгын зөрчилдөө “Сануулах” сахилгын шийтгэл авсан;

2. 2019 оны 2 дугаар сард гаргасан сахилгын зөрчилдөө “Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”

3. 2019 оны 3 дугаар сард гаргасан сахилгын зөрчил болон давтан сахилгын зөрчилдөө “Ажлаас халах” сахилгын шийтгэл хүлээсэн болно.

Б.М нь “Э” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу цагийн бүртгэлээ хурууны хээ уншигч машинд уншуулах замаар баталгаажуулах ёстой байсан. Энэ асуудлаар Монгол улсын Засгийн газрын 2018 оны дугаар 258 тогтоолын “... ажлын цаг ашиглатыг хурууны хээний болон камерын хяналтын системээр байнга бүртгэж, түүнд тавих хяналтыг сайжруулах” гэж заасны дагуу “Э” ХХК-ийн удирдлагад үүрэг өгсөн.

Б.М нь Гүйцэтгэх захирлын 2018 оны 12-р сарын 03-ны өдрийн А/196 тоот тушаалаар “Сануулах” шийтгэл, Гүйцэтгэх захирлын 2019 оны 03-р сарын 18-ны өдрийн А/78 тоот тушаалаар “Үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын шийтгэлийг тус тус хүлээсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4 дахь хэсэгт “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ... бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасны дагуу Б.Мгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлийг бий болсон.

Хөдөлмөрийн гэрээг цуцална гэдэг нь сахилгын шийтгэл ногдуулж байгаа нэг хэлбэр учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хугацааг баримтлах ёстой бөгөөд Б.Мгийн цагийн бүртгэлээс харвал 2019 оны 03 сарын байдлаар нийт 429 минутын хоцролттой гарсан байна. Энэ нь дээр дурдсан хугацаанд нийцсэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж зааснаас үзвэл Б.Мд оногдуулсан анхны сахилгын шийтгэл нь 2018 оны 12-р сарын 03-ны өдөр учир сахилгын шийтгэлтэй гэж үзнэ.

Монгол улсын Дээд шүүхийн Иргэний танхимын 2012 оны 06-р сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх тухай заасан.

Дээрхээс үзвэл, Б.Мгийн өмнөх сахилгын шийтгэл болон 3 сард хоцорсон сахилгын зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлийн дагуу мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Ажлаас халах” сахилгын хариуцлага хүлээсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан үүсэх шалтгаан бол хөдөлмөрийн харилцаатай холбоотой Үйлдвэрчний эвлэлд шаардлага хүргүүлсэн байх хамааралтай хэсгийг хэрэгт хавсаргав гэсэн болохоос биш ҮЭ-ийн сонгуульт ажилтай нь холбоотойгоор ажлаас халсан асуудал байхгүй. Тийм учраас шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээд хэргийг шийдвэрлэх байх гэж үзэж байна. Б.М бол 2018 оны 11 дүгээр сард 142 цаг ажлаас хоцорсон, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сануулах арга хэмжээ авсан байдаг. 2019 оны 02 дугаар сард 281 минут, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үндсэн цалингийн 20 хувь бууруулах, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халах сахилгын шийдвэр гарсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй харилцааг хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажил олгогч ажилтан нарын хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг. Анх ажилд орохдоо хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөж, үүрэг биелүүлэн, хөдөлмөрийн гэрээнд зааснаар зөрчилд тооцохоор нэрлэн заасан байгаа. Хөдөлмөрийн дотоод журам ганцхан Б.Мд үйлчлээд байгаа биш. Бүх байгууллагын бүх ажилчид хөдөлмөрийн дотоод журамд зааснаар даваа гаригаас баасан гариг хүртэл өглөө 8 цаг 30 минутаас ажил эхэлж 17 цаг 30 минутад дуустал ажиллах ёстой. Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.1 дэх  хэсэгт ажлын цагийн бүртгэлийг хурууны хээг уншуулан баталгаажуулна гэж заасан байдаг. Хурууны хээг танигч машинд ирсэн болон явсан цагийн аль нэгийг бүртгүүлээгүй бол ажилтныг тухайн өдөр ажлаас 60 минут хоцорсонд тооцно. Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2 дахь хэсэгт ирсэн болон явсан цагийг аль алиныг нь бүртгүүлээгүй бол тухайн өдөр бүтэн тасалсанд тооцохоор зохицуулсан байна. Үүнийг Б.М болон бусад ажилчид бүгд мэддэг. Гэтэл энэ зохицуулалтыг 2019 оны 03 дугаар сарын 01, 05, 06, 22-ны өдрүүдэд ирсэн цаг, 2021  оны 03 дугаар сарын 26, 27, 28, 29-ний өдрүүдэд явсан цагийг бүртгүүлээгүй зөрчсөн байна. Ингээд тус бүр нь 60 минут бөгөөд нэг сард 3 ба түүнээс дээш удаа 60 минут хоцорсон үндэслэлийг бүрдүүлсэн тул сахилгын зөрчил гаргасан гэж тооцсон. Өмнө нь ажил олгогчоос сахилгын зөрчил хүлээлгэсэн байсан. Уг зөрчлийг ажил олгогч болон ажилтан эс зөвшөөрч ямар нэгэн маргаан гаргаагүй. Гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэрт маргаагүй учраас зөрчлийг өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Сард 3 ба түүнээс дээ удаа хоцорсон гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн тул ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хууль ёсны байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Захиргаа, хүний нөөцийн газрын Тайлан төлөвлөгөө гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 46 659 792/дөчин зургаан сая зургаан зуун тавин есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Э” ХХК нь Б.Мгийн өмнөх сахилгын шийтгэл болон 3 сард хоцорсон сахилгын зөрчилд “Ажлаас халах” сахилгын хариуцлага хүлээсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс Тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн болох нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ХГ055/20181102 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2019 оны 3 дугаар сард ажлаас нийт хоёр зуугаас дээш минут хоцорсон зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс цуцалсан болох нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан.”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;гэж заасан.

 

Хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/180 дугаар Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтаар хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/180 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 7-ийн 7.2.2-т “Ажилтан энэхүү журмын 7.2.1-д заасны дагуу хурууны хээ танигч цахим машинд ирсэн, эсвэл явсан цагийн аль нэгийг бүртгүүлээгүй бол ажилтныг тухайн өдөр 60/жар/ минут хоцорсонд тооцно ...”, 12-ын 12.2-т “Дараах зөрчлийг сахилгын зөрчилд тооцон хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. Үүнд: 12.2.2-т “Ажилтан нэг сард 60 минутаас дээш хугацаагаар гурав болон түүнээс дээш удаа хоцорсон ...” гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч 2019 оны 2 дугаар сард ажлаас нийт 381/гурван зуун наян нэг/ минут хоцорсон зөрчил гаргасан гэх үндэслэлээр үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20/хорь/ хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг ... өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 дугаар тушаалыг эс зөвшөөрч Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргасан болох нь Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн № 03 Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сард ажил эхлэх цагаагс нийт 332/гурван зуун гучин хоёр/ цаг хоцорсон байх ба үүнээс 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 64/жаран дөрөв/ минут, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 79/далан ес/ минут хоцорч, 4/дөрөв/ өдөр бүртгэл дутуу байсан болох нь 2019 оны 02 дугаар сарын Жагсаалтын тайлангийн хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 12-ын 12.2, 12.2.2-т зааснаар ажилтан нэг сард 60/жар/ минутаас дээш хугацаагаар гурав болон түүнээс дээш удаа хоцорсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байх ба нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сард 2/хоёр/ удаа 60/жар/-с дээш минут хоцорсон байх тул нэг сард 60/жар/ минутаас дээш хугацаагаар гурав болон дээш удаа хоцорсон гэх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ... сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журмын 12-ын 12.2, 12.2.2-т заасан нэг сард 60/жар/ минутаас дээш хугацаагаар гурав болон дээш удаа хоцорсон гэх хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 дугаар Б.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул тус А/78 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2019 оны 3 дугаар сард ажлаас нийт хоёр зуугаас дээш минут хоцорсон зөрчил гаргасан гэж маргаж байна.

Хариуцагчийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 дугаар Б.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь дээр дурдсан үндэслэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчид 2019 оны 3 дугаар сард сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сард нийт 429/дөрвөн зуун хорин ес/ минут хоцорсноос 3 дугаар сарын 19-ний өдөр 240/хоёр зуун дөч/ минут хоцорч бусад өдрүүдэд 60/жар/-с дээш минут хоцроогүй байх тул хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 12-ын 12.2, 12.2.2-т зааснаар нэг сард 60/жар/ минутаас дээш хугацаагаар гурав болон түүнээс дээш удаа хоцорсон гэх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сард Хөдөлмөрийн дотоод журмын 12-ын 12.2, 12.2.2-т заасан нэг сард 60/жар/ минутаас дээш хугацаагаар гурав болон дээш удаа хоцорсон гэх зөрчил гаргаагүй байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2019 оны 3 дугаар сард ажлаас нийт хоёр зуугаас дээш минут хоцорсон зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ... гомдол;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн Захиргаа, хүний нөөцийн газрын Тайлан төлөвлөгөө, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 2 008 005/2116500+1986875+1920641=6024016, 6024016:3=2008005/ /хоёр сая найман мянга тав/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 93 395/2008005:21.5=93395/ /ерэн гурван мянга гурван зуун ерэн тав/ төгрөг болох нь № А0251074 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны буюу ажлын 33/гучин гурав/ хоног, 28/хорин найм/ сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь нийт 59 306 175/тавин есөн сая гурван зуун зургаан мянга нэг зуун далан тав/ төгрөг байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 46 659 792/дөчин зургаан сая зургаан зуун тавин есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг нэхэмжилж байх тул хариуцагчаас олговорт нийт 46 659 792/дөчин зургаан сая зургаан зуун тавин есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

         

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

         

          Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах ... хориглоно.” гэж заасан.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг захиргааны санаачлагаар ажлаас халахыг хориглоно гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь дээр дурдсан сахилгын зөрчлийг гаргаагүй байна.

 

          Түүнчлэн дээрх хуулийн зохицуулалт нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг сонгуульт ажилтай нь холбоотой ажлаас халахыг хориглохыг ойлгоно.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 дугаар Б.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Мг хариуцагч “Э” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын Тайлан төлөвлөгөө гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 46 659 792/дөчин зургаан сая зургаан зуун тавин есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, хариуцагч “Э” ХХК-д олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/78 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/25 дугаар Б.Мд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Мг хариуцагч “Э” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын Тайлан төлөвлөгөө гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 46 659 792/дөчин зургаан сая зургаан зуун тавин есөн мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, хариуцагч “Э” ХХК-д олговорт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 391 248 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ