Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00323

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/01765 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2024/01719 дүгээр магадлалтай,

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Б-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,549,904,110.5 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээнээс учирсан хохиролд 2,089,696,091 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бс, Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, нэхэмжлэгчин өмгөөлөгч Ж.Б, Б.Бс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“И” ХХК нь Б.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,549,904,110.5 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь гэрээнээс учирсан хохиролд 2,089,696,091 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж, зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/01765 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Б.Б-с 944,717,111 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 605,186,999 төгрөгийг, мөн “И” ХХК-аас гэрээнээс учирсан хохиролд 2,089,696,091 төгрөг гаргуулах тухай Б.Б-н сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,154,316 төгрөг, хариуцагчаас төлсөн 13,099,383 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4,881,535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 5,430,000 төгрөгийг нэхэмжлэгч “И” ХХК-аас 1,810,000 төгрөг, хариуцагч Б.Б-с 3,620,000 төгрөгийг тус тус гаргуулж, Барилгын төсөвчдийн холбооны “Б” ХХК-д 2,350,000 төгрөг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт 3,080,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2024/01719 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/01765 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...944,717,111” гэснийг “516,905,550” гэж, “...605,186,999” гэснийг “1,032,998,560” гэж, 2 дахь заалтад “...4,881,535” гэснийг “2,742,478” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,487,966 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бс, Ж.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар гомдол гаргаж байна. ...давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн үнийн дүнгээс магадлалаар багасгаж тооцсон 366,519,583 төгрөгийг хасахад 61,291,978 төгрөг үлдэж байгаа нь нэхэмжлэгчид олгох мөнгөн дүн алдаатай байгаа нь харагдаж байна.

... “И” ХХК-ийн Б.Б-тай байгуулсан гэрээний үүргийн биелэлтийн тооцоогоор бэлэн болон бараа материалаар нийт 2,453,327,810 төгрөгийг Б.Б төлсөн гэж мэтгэлцсэн, хавтаст хэрэгт баримт байгаа. “Г” ХХК-аас “И” ХХК-д 2015.07.17-ны өдөр 100,000,000 төгрөгийг, 2015.08.03-ны өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн байхад давж заалдах шатны шүүх 2,663,327,810 төгрөгийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон.

Хавтаст хэргийн 50, 51-р талд “И” ХХК иргэн Б.Б-тай хийсэн гэрээт ажлын гэрээний үүргийн биелэлтийн тооцоо, хавтаст хэргийн 162, 163-р талд “И” ХХК-ийн К банканд эзэмших дансны хуулга нотлох баримтаар байхад төлбөрийг үндэслэлгүй хасаж буруу шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. ...Иймд магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хэд хэдэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

5.1.Гэрээний төлбөр, тооцооллын талаар:

-Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний төсөв 3,600,000,000 төгрөгийг хариуцагч тал үгүйсгээгүй гэжээ. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд энэ төсвийг манайх хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан,

-шүүх гэрээ байгуулагдахаас өмнө төлсөн төлбөр уг гэрээнд хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээ байгуулагдахаас өмнө үерийн усны далангийн ажил гэх зэрэг шаардлагатай ажлууд хийгдэж эхэлсэн тул түүнд холбогдох мөнгийг урьдчилж өгсөн. Тухайн гэрээний төлбөрийг заавал гэрээ байгуулагдсаны дараа төлөх үүрэг хүлээлгэсэн хуулийн зохицуулалт байхгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт байгаа,

-Б.Б-н зүгээс өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардах эрхийг хязгаарлахгүй,

-гүйцэтгэгч барилгын зураг зөрчиж 10 давхрын цутгалтыг хийсэн нь захиалагчийн хүсэлтээр хийсэн ажил байна” гэх дүгнэлт үндэслэлгүй. Хавтаст хэрэгт барилгын зургийг өөрчилсөн талаар баримт байхгүй. Шүүх гэрч Н.А-н мэдүүлгийг үнэлсэнгүй. ...зургийг өөрчлөхдөө гэрээний оролцогч биш этгээдтэй тохиролцсон талаар гэрч мэдүүлсэн. Захиалагч тал тухайн ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Б.Б-н хувьд тухайн ажлын гүйцэтгэлийг хүлээн авахгүй байх эрхтэйгээс гадна үүнийг өөрчлөхөд гарах зардлыг төлүүлэх эрхтэй,

-шүүх дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13,757,537 төгрөгийг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэвч энэ нь талуудын гэрээнд заагдсан ажил биш тул захиалагч төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй. ...Тухайн төсвүүд яг адил зарчмын дагуу мэргэжлийн программ дээр хийгддэг тул нэг баримтыг нөгөөгөөс илүү хуулийн шаардлага хангасан гэх тайлбарыг шүүх дурдаагүй,

-магадлашгүй ажлын зардал 100,225,836 төгрөгийг хариуцагч үг дуугуй хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ хугацаанд талууд маргаж байсан. ...нэхэмжлэгч гуравдагч этгээдүүдтэй байгуулсан гэрээг баримтаар гаргаж өгсөн ч гүйцэтгэлийн талаарх баримтыг өгөөгүй тул тухайн ажлууд бодитоор хийгдсэн эсэх нь тодорхойгүй,

-шүүхээс Б.Б-г гэрээний үүргээ зөрчсөн буруутай гэх дүгнэлт үндэслэлгүй. Захиалагч Б.Б гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээж авах эрхтэй бөгөөд “И” ХХК ажлыг хүлээлгэж өгөөгүй, доголдлыг арилгаагүй тул алданги нөхөн төлүүлэх үндэслэлтэй,

-шүүх гэрээний дагуу хийгдэх өрлөгийн хөлсний тооцооллыг буруу хийсэн. Хариуцагч өрлөгийн ажлыг 3 давхар биш 1 давхар хийсэн гэж маргасан. ...нийт өрлөгийн ажлын 10 хувьд хүрээгүй байхад шүүх нэхэмжилсэн 219,672,456 төгрөгийг хангаж шийдвэрлэснээр Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн ба үндэслэлээ тодорхойлоогүй,

-Захиалагчийн хувьд барилгын ажлыг санхүүжүүлэхэд зориулж банкнаас зээл авсан. Гэтэл “И” ХХК барилгын ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй тул Б.Б банкны зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх болсон. Б.Б-д учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардсан боловч шүүх зээлийг захиалагчийн буруутай үйл ажиллагаа байх тул хангахгүй гэж шийдсэн нь үндэслэлгүй болжээ.

5.2.Шинжээчийн дүгнэлт, нотлох баримтын талаар:

-хариуцагч тал нэхэмжлэгчийн хийсэн ажил, түүнд ноогдох хөлсийг тогтоохын тулд шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх хүлээж аваагүй, тусгай мэдлэг бүхий шинжээчийн үүргийг шүүх гүйцэтгэх чадвартай гэж үзсэн. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэлэлцүүлгийн шат үндэслэл бүхий төсвийн дүгнэлтгүй, тоймчилсон байдлаар явагдсан. ...Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дээрх асуудлыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох боломжийг үгүйсгэсэн,

-шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг баримталсан. Тухайлбал, гэрч Б Б.Б-н барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулж тодорхой төлбөрүүдийг төлсөн гэдгээ мэдүүлсэн, баримтууд хэрэгт байсаар атал шүүх дээрх төлбөрүүд уг ажлын төлбөр биш гэж үзсэн нь ойлгомжгүй. Мөн нэхэмжлэгч 333,860,000 төгрөгийн өөр ажил гүйцэтгэсэн гэж маргасан ч баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Гэтэл шүүх ямар баримтаар Б.Б-г нэмэлт ажлын төлбөр төлөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна,

-шүүгч “Барилгын ил, далт ажлын акт” болон “Барилга угсралтаар ажил гүйцэтгэсэн тэмдэглэл”-ээр тухайн барилгад ашигласан бараа, материалын чанарыг тодорхойлох боломжгүй. Тухайн барилгад ашиглах материалын чанарыг талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тохирсон бөгөөд уг чанарын шаардлагыг Монгол Улсын стандарт, чанарын шаардлага буюу холбогдох дүрэмд нийцсэн эсэхээр тодорхойлдог. ...талуудын тохиролцооноос үзэхэд гүйцэтгэгч нь барилгад ашиглах бараа, материалыг шинжилгээнд оруулах, стандарт шаардлага хангасан гэдгийг нотлох үүрэгтэй. Гэтэл гүйцэтгэгч дээрх тохиролцоог зөрчиж, чанаргүй материалыг барилгад ашигласан болохыг захиалагчийн хяналтаар олж илрүүлэн зохих шаардлагыг хүргүүлсэн,

-шүүх шинжээч Ж.Г-н дүгнэлтийг (3хх 154) үндэслэн арматур төмөр чанарын шаардлага хангасан гэж үзсэн. Гэвч уг дүгнэлтэд тусгагдаагүй асуудлыг шийдвэртээ бичсэн байна. ...Гүйцэтгэгч “И” ХХК шүүхэд санаатайгаар хуурамч нотлох баримтыг бүрдүүлж өгсөн нь “Д” ТӨХК-аас “И” ХХК-тай ямар нэгэн худалдан авалт хийгээгүй гэх тайлбар, “Ү” ХХК-ийн бага хэмжээний худалдан авалт хийсэн гэх тайлбар зэргээр тогтоогддог. Мөн “Ү” ХХК-аас авсан арматур төмөр барилгад ашигласан төмрийн төрөлтэй тохирдоггүй. Мөн Ж.Г дүгнэлтдээ арматур төмөр чанарын шаардлага хангасан гэж дурдаагүй, харин шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г 2024.12.03-ны өдөр хяналтын гомдолд тодруулга гаргахдаа “хариуцагч Б.Б-с 516,905,550 төгрөг гаргуулах магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бс, Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.03-ны өдрийн 001/ШХТ2024/01533 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

8.Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 656,344,646 төгрөг, нэмэлт ажлын 10 давхрын цутгалтын ажлын хийц өөрчилсний зөрүү 96,000,000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13,757,537 төгрөг, харуул хамгаалалтын зардал 20,350,000 төгрөг, барьцаа 180,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги 393,226,091 төгрөг, барьцаа хөрөнгийн алданги 90,000,000 төгрөг, магадлашгүй ажлын зардал 100,225,836 төгрөг нийт 1,549,904,110 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний үүрэг болон үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд нийт 2,089,696,091 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган, “...нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, барилгын 1-6 давхарт чанарын шаардлага хангаагүй арматур төмөр ашигласан, ажлын үр дүн доголдолтой, 10 дугаар давхрын цутгалтын ажлыг зураг төсөл зөрчиж хийсэн, мөн гэрээгээр тохиролцоогүй ажлын хөлс нэхэмжилсэн..., гүйцэтгээгүй дутуу орхисон гадна талбайн тохижилтын ажлын зардал 382,466,444 төгрөг, 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан арматурыг барилгын зураг төсөлд нийцүүлэхэд гарах зардал 406,800,000 төгрөг, зураг зөрчиж хийсэн 10 дугаар давхрын ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардал 192,000,000 төгрөг, 3-10 дугаар давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардал 468,000,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 610,000,000 төгрөг, зээлийн хүү төлсөн хохиролд 30,429,647 төгрөгийг тус тус гаргуулна” гэсэн үндэслэлээр маргажээ.

9.Анхан шатны шүүх хариуцагчаас 944,717,111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон үндсэн нэхэмжлэлээс энэ хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт: ...талууд 2015.04.03-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлийн явцад санхүүжилт өгөөгүй шалтгаанаар 2015.08.04-ний өдрөөс хойш “И” ХХК ажил гүйцэтгээгүй, гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар гэрээ цуцлахаас өмнө гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй..., гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний тухайд тухайн барилгын 0-10 давхрын угсралтын ажлыг бүрэн хийсэн (багана, дам нуруу, хучилт, шал цутгагдсан), харин өрлөгийн ажлаас 1, 2 дугаар давхрын өрлөгийг гүйцэтгэсэн, түүнээс дээш давхрын өрлөгийн ажлыг гүйцэтгээгүй байдал тогтоогдсон, ажлын гүйцэтгэлийн төсвийг 3,307,819,085 төгрөг гэж үзэж хариуцагчийн олгосон 2,463,327,810 төгрөгийг хасаж үлдэх 844,491,275 төгрөг, зайлшгүй шаардлагаар хийсэн нэмэлт ажлын хөлс 100,225,836 төгрөгийг олгож нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, харин гэрээ цуцлагдсан тул захиалагч буюу хариуцагч нь гүйцэтгээгүй ажлын зардлыг шаардах эрхгүй бөгөөд нэгэнт бэхжилт авчихсан барилгын арматур төмрийг солих, өөрчлөх боломжгүй тул 1-6 давхарт хэрэглэсэн арматур төмрийг барилгын зураг төсөлд нийцүүлэхэд гарах зардал, барилгын 10 дугаар давхрын цутгалтын ажлыг өөрсдийнх нь хүсэлтээр өөрчилж гүйцэтгэсэн тул дахин гүйцэтгүүлэхэд гарах зардлыг тус тус шаардах эрхгүй ... хэн аль нь үүргээ зөрчсөн тул алданги шаардах эрхгүй, ... сөрөг нэхэмжлэлийг хангахгүй... гэсэн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 516,905,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: Захиалагч Б.Б-г ажил гүйцэтгэгч “И” ХХК-д мөнгөөр 2,164,325,000 төгрөг, бараа бүтээгдэхүүнээр 499,002,810 төгрөг, нийт 2,663,327,810 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж үзэх учир нэхэмжлэлийн шаардлагаас “Г” ХХК-аас шилжүүлсэн 200,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно, ...гүйцэтгэгч “И” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 10 давхрын цутгалтын ажлын хийц өөрчилсний зөрүү 96,000,000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13,757,537 төгрөгийг магадлашгүй ажлын зардал 214,985,142 төгрөгөөс тус тус хасвал төсөвлөгдсөн бөгөөд ашиглагдаагүй нэмэлт зардлаас 105,227,605 төгрөг үлдэж байна (1хх 46, 47), ...10 давхрын хучилт металл дам нуруу бүхий сендвичин хучилттай байхаар хийгдсэнийг захиалагчийн хүсэлтээр цутгамал төмөр бетон дам нуруу хучилттай болгож өөрчилсөн ба эскиз зургийн өөрчлөлтийг инженер Ц.Н нь гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн гэснээс дүгнэхэд тухайн ажлыг гүйцэтгэгч “И” ХХК нь хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон тул ажлын хийц өөрчилсний зөрүү хөлс 96,000,000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13,757,537 төгрөгийн нэхэмжлэлийг хангана, түүнчлэн төсөвчин Э.Э-н барилгын төсөвт магадлашгүй ажлын зардлыг 61,291,978 төгрөгөөр тооцоолсон байхад нэхэмжлэгч “И” ХХК нь 100,225,836 төгрөгийг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдсон тул зөрүү 38,933,858 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй (2хх 202-213, 243-250, 3хх 1-7)..., анхан шатны шүүх нэхэмжлэгч “И” ХХК-ийг нэмэлт ажлын гүйцэтгэлд 109,757,537 төгрөг нэхэмжилсэн байхад үүнийг төсөвлөсөн нэмэгдэл зардал 214,985,142 төгрөгөөс хасаж тооцоогүй буюу 105,227,605 төгрөг (зарцуулагдаагүй үлдсэн), мөн магадлашгүй ажлыг зардлыг 61,291,978 төгрөгөөр тооцоолсон байхад хариуцагч Б.Б-с 100,225,836 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон..., иймд нэхэмжлэлийн шаардлагаас мөнгөөр хүлээн авсан 200,000,000 төгрөг, нэмэгдэл зардлын зарцуулагдаагүй үлдэгдэл 105,227,605 төгрөг, магадлашгүй ажилд зарцуулсан 61,291,978 төгрөгийг тус тус хасаж, хариуцагчаас 516,905,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ (3,307,819,085 – 2,663,327,810 – 105,227,605 – 61,291,978 + 38,933,858 = 516,905,550 төгрөг) гэж дүгнэсэн байна.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн маргааны зарим шаардлагын тухайд зөрүүтэй шийдвэр гаргасан нь зохигчийн гомдлыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болсон.

11.Талууд 2015.04.03-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, “И” ХХК нь *** дүүрэг, *** хорооны нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн эзэмшлийн газарт оффис, үйлчилгээний зориулалттай төмөр бетон карказан, хавтгай дээвэртэй, доороо зоорийн давхартай, 11 давхар нийт 8736,64 м.кв талбай бүхий барилга угсралтын ажлыг шаардагдах бараа материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчийг өөрөөс гаргаж батлагдсан зураг төсөл, барилгын норм дүрмийн дагуу хийж гүйцэтгэх, захиалагч Б.Б нь ажлын хөлс 3,600,000,000 төгрөгийг бэлэн, бэлэн бус хэлбэрээр тохиролцсон хугацаанд төлөхөөр харилцан тохирчээ. (1хх 4-10)

Уг гэрээгээр: а/ Гүйцэтгэгч суурийн газар шорооны ажил, суурийн бетон цутгалтын ажил, зоорийн давхрын цутгалтын ажил, ус тусгаарлагч, тэгшилгээ, газар шорооны ажлыг 2015.05.13-ны дотор гүйцэтгэх, энэ үед захиалагч хөлс 800,000,000 төгрөгийг ажлын акт, нэхэмжлэхийг ирүүлснээс хойш 5 хоногийн дотор төлөх, б/ барилгын 1, 2, 3 дугаар давхрын цутгалтын ажлыг 2015.06.17-ны дотор гүйцэтгэх, захиалагч хөлс 700,000,000 төгрөгийг төлөх, в/ барилгын 4, 5, 6 дугаар давхрын цутгалтын ажлыг 2015.07.17-ны дотор гүйцэтгэх, захиалагч хөлс 700,000,000 төгрөгийг төлөх, г/ 7, 8, 9, 10 дугаар давхрын цутгалтын ажлыг 2015.08.31-ний дотор гүйцэтгэх, захиалагч хөлс 700,000,000 төгрөг төлөхөөр, д/ барилгын 0-10 давхрын өрлөгийн ажлыг 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр, захиалагч 520,000,000 төгрөг төлөхөөр, е/ барилгын техникийн давхрыг 2015.09.10-ны дотор дуусгаснаар бүхэлдээ барилга угсралтын ажил мөн өдөр дуусгавар болох талаар ажил гүйцэтгэх хугацаа, үе шат, төлбөр төлөх нөхцөлөө тохиролцсон байна.

Гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцжээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ.

12.Ажил эхэлснээс хойш 4 сарын дараа буюу 2015.08.04-ний өдрөөс хойш гүйцэтгэгч “И” ХХК санхүүжилт өгөөгүй гэсэн шалтгаанаар ажлыг үргэлжлүүлээгүй, улмаар гэрээг цуцалсан нь тогтоогджээ. (3хх 81)

Ийнхүү гэрээг цуцлах үед барилгын 0-10 давхрын угсралтын ажлыг бүрэн хийсэн (багана, дам нуруу, хучилт, шал цутгагдсан), харин өрлөгийн ажлаас зөвхөн 1, 2 дугаар давхрын өрлөгийг гүйцэтгэсэн ажлын үр дүнг талууд маргаагүй, гагцхүү гүйцэтгэсэн эдгээр ажлын хөлсний хэмжээ, нэмэлт ажил хийсэн эсэх, 10 давхрын хучилтын зураг зөрчиж цутгалт хийсэн зардлыг хэн хариуцах, угсралтын ажилд шаардлага хангахгүй арматур хэрэглэсний улмаас ажил доголдолтой эсэх, захиалагчаас шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээ гэсэн хэд хэдэн асуудлаар зохигч маргасан байна.

Гэрээний зүйл болсон барилгыг 2016.05.04-ний өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгаар Б.Б-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2*********6 дугаарт бүртгүүлж, 000487638 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон, улмаар Б.Б-с бэлэглэлийн гэрээгээр “М” ХХК-д, “М” ХХК-аас бэлэглэлийн гэрээгээр К банкны өмчлөлд шилжиж бүртгэгджээ. (5хх 157-206)

13.“И” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн талаар:

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д “Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч гэрээ цуцлахаас өмнө гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаарджээ.

13.1.Ажлын хөлсний тухайд талуудын маргасан шалтгаан нь гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг зөрүүтэй тодорхойлсноос гадна ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахгүй өөр ажил гүйцэтгүүлсэн эсэх, шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээг өөр өөрөөр тайлбарласантай холбоотой байна.

Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд бэлэн, бэлэн бус хэлбэрээр нийт 2,463,327,810 төгрөгийг хүлээн авсан гэсэн бол хариуцагч дээрх үнийн дүн дээр нэмж 333,860.000 төгрөг, нийтдээ 2,797,187,810 төгрөгийг төлсөн гэж маргасан. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажилд үерийн усны шугам холдуулах, үерийн усны далангийн ажил анхнаасаа багтаагүй тул 333,860.000 төгрөгийн төлөлт энэ маргаанд хамааралгүй, тусдаа ажлын хөлс учраас гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэсэн байна. Иймд хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 2,463,327,810 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзнэ.

13.2.Зохигч нь гэрээг цуцлах үед тухайн барилгын 0-10 давхрын угсралтын ажлыг бүрэн, харин өрлөгийн ажлаас зөвхөн 1, 2 дугаар давхрын өрлөгийг гүйцэтгэсэн, түүнээс дээш давхрын өрлөгийн ажлыг гүйцэтгээгүй үр дүнг маргаагүй. Барилгын өдөр тутмын ажлын гүйцэтгэлд зохиогчийн хяналтыг хариуцагч талаас “Б” ХХК-ийн инженер Ц.Н, захиалагчийн хяналтыг Б группийн инженер Б.Ба нар хариуцан ажилласан, 2015.04.21-2015.07.29-ний хооронд нийт 68 удаагийн далд ажлын актаар суурь, зоорь, 1-10 дугаар давхар, техникийн давхрын багана, хана лифт, шат хучилт, цутгалтын ажил тус бүрийг захиалагч тал хүлээн авсан байна. (1хх 54-121)

Нэхэмжлэгч өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг 2015 онд төсөвчин Э.Э-н хийсэн 3,307,819,085 төгрөгийн төсвөөр тооцож шаардсан, харин хариуцагч татгалзлаа “Б” ХХК-ийн гаргасан 2017.03.22-ны өдрийн дүгнэлт болон 2020 онд төсөвчин Г.П-н хийсэн 2,665,332,146 төгрөгийн төсвийг баримталж хөлс төлөх үүрэггүй гэж маргасан. (1хх 200-201, 2хх 21-52, 124-136, 6хх 69-77) Гэрээнд ажлын төсөвт өртгийг 3,600,000,000 төгрөг гэж тогтоосон хэдий ч 3,307,819,085 төгрөгийн төсвийг ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч зөвшөөрсөн байна. Хариуцагч үүнээс бага буюу 2,665,332,146 төгрөгийн төсвийг баримталж байгаа боловч нэгэнт гэрээгээр тохирсон төсвийг талууд өөрчлөх бөгөөд ийнхүү багасгасан үндэслэлээ нотолж чадаагүй тул шүүх гүйцэтгэлийн төсвийг 3,307,819,085 төгрөгөөр тодорхойлсон нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх гэрээг цуцлахаас өмнөх гүйцэтгэсэн ажлын хөлс 3,307,819,085 төгрөг, түүнээс хариуцагчийн олгосон 2,463,327,810 төгрөгийг хасаж үлдэх 844,491,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагын нийт үнийн дүн 1,549,904,110 төгрөг боловч үүнд гүйцэтгэсэн ажлын дутуу хөлсийг 656,344,646 төгрөгөөр нэхэмжлэгч өөрөө тодорхойлсон бөгөөд диспозитив зарчмын дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй учир уг шаардлагыг 656,344,646 төгрөгөөр хангаж, энэ үндэслэлээр хоёр шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

13.3.Түүнчлэн барилгын 10 дугаар давхар металл дам нуруутай сэндвич хучилттай байхаар төлөвлөснийг цутгамал төмөр бетон хучилттай гүйцэтгэсэн, үүний улмаас үүссэн зөрүү нэмэлт төлбөр 96,000,000 төгрөг, үүнээс гадна дотор гэрэлтүүлгийн нэмэлт ажил хийсний хөлс 13,757,573 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжилжээ. Гэрээнээс гадуур өөр ажил гүйцэтгүүлэх нь шинээр гэрээ байгуулсан агуулга бөгөөд дотор гэрэлтүүлгийн ажил, 10 давхрын цутгалтын ажил нь нэмэлт ажлын шинжтэй боловч эдгээр ажлууд хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээнд орсон ба магадлашгүй ажлын зардал 61,291,978 төгрөгт хамааруулан үзэхэд нэхэмжлэгч нь зөрүү 38,933,858 төгрөгийг өөрөөсөө гаргасан учир шаардах эрхтэй байна. (96,000,000+13,757,573-61,291,978). Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлээс 695,278,504 төгрөгийн (656,344,646+38,933,858) шаардлагыг хангаж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

13.4.Үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэлтэй болжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний 12.5-д Захиалагч Барилгын тухай хуулийн дагуу нийт үнийн дүнгийн 5 хувийг (180,0 сая төгрөг) 1 жилээс 6 сар хүртэл хугацаанд барьцаа болгон авч үлдэх бөгөөд баталгаат хугацаа дуусахад гүйцэтгэгчид саадгүй шилжүүлж өгнө гэж тохиролцож, ажлын хөлснөөс барьцааны 180,000,000 төгрөгийг суутган авч, гэрээний 3.2-д ажлын хөлс 3,420,000,000 төгрөгийг төлөхөөр тогтоосон байна. Гэвч талууд төсвийн хэмжээг маргаж, гэрээг цуцлах үед гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг шинжээч 3,307,819,085 төгрөгөөр тогтоосныг маргаагүй, үүнд барьцааг хасаагүй учир барьцааны мөнгөн хөрөнгө үлдсэн гэж үзэх боломжгүй, алданги 180,000,000 төгрөг, түүнээс алданги тооцож 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний 3.1, 5.2-т гүйцэтгэгч тал хүн хүчний зардал, харуул хамгаалалтын алба зэргийг бүхэлд нь өөрөө хариуцахаар тохирсон тул барилгын харуул хамгаалалтын зардал 20,350,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д нийцсэн байна.

13.5.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-д зааснаар гэрээний нэг тал нөгөө талаас анз шаардахад хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байх, хууль эсхүл гэрээгээр тохиролцож бичгээр байгуулсан байхаар заасан. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 10.1, 10.2-д ... хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож нөгөө талдаа төлөхөөр тохирсон нь “анзын гэрээг бичгээр хийх” шаардлагад нийцсэн.

Гэвч нэхэмжлэгч ажлын үр дүнг хугацаанд нь бүрэн барьж хүлээлгэн өгөх үүргээ, хариуцагч хөлс төлөх үүргээ зөрчсөн, хэн аль нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир алданги 483,226,091 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг зөрчөөгүй.

13.6.Анхан шатны шүүх “И” ХХК нь барилгын үндсэн ажил гүйцэтгэх явцад орж гарах гарц гаргахын тулд У-ын Замын 2 дугаар ангийн бетонон хашааг буулгаж түр хашаа барих, талбайг бетондох, ногоон байгууламж, зам талбайг нөхөн сэргээх ажлуудыг хийсэн, уг ажил нь зайлшгүй хийх нэмэлт ажил байх тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т зааснаар уг нэмэлт ажлын хөлсийг шаардах эрхтэй, нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтын хүрээнд нэмэлт ажлын 100.225.836 төгрөгийг  хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх “…төсөвчин Э.Э-н төсөвт нэмэгдэл зардлыг 214,985,142 төгрөг гэж, төсөвчин А.Э-н төсөвт гэрэлтүүлгийн ажлын зардлыг 13,757,537 төгрөг гэж тус тус тооцоолсон ба үүнээс гүйцэтгэгч “И” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 10 давхрын цутгалтын ажлын хийц өөрчилсний зөрүү 96,000,000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13,757,537 төгрөгийг тус тус хасвал төсөвлөгдсөн бөгөөд ашиглагдаагүй нэмэлт зардлаас 105,227,605 төгрөг үлдсэнийг хасаж тооцно...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

“И” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг шинжээч 3,307,819,085 төгрөгөөр тогтоосон, магадлашгүй ажлын зардал 61,291,978 төгрөгийг 10 давхрын цутгалтын ажлын хийц өөрчилсний зөрүү 96,000,000 төгрөг, дотор гэрэлтүүлгийн ажлын зардал 13,757,537 төгрөгт зарцуулсан гэж үзэхэд зөрүү 38,933,858 төгрөгийг нэхэмжлэгч өөрөөсөө гаргасан учир шаардах эрхтэй. Нэмэлт ажлын хөлс гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл нь нэмэгдэл зардал биш бөгөөд зайлшгүй нэмэлт ажил үүссэн талаар нөгөө талдаа мэдэгдсэн, үүнийг зөвшөөрсөн үйл баримт байхгүй байхад орж гарах гарц гаргасан ажлын хөлс 100,225,836 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хуульд нийцээгүй байна.

14.Сөрөг нэхэмжлэлийн талаар: Хариуцагч нь гүйцэтгээгүй дутуу орхисон гадна талбайн тохижилтын ажлын зардал 382,466,444 төгрөг, 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан арматурыг барилгын зураг төсөлд нийцүүлэхэд гарах зардал 406,800,000 төгрөг, зураг зөрчиж хийсэн 10 дугаар давхрын ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардал 192,000,000 төгрөг, 3-10 дугаар давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардал 468,000,000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги 610,000,000 төгрөг, үүргийн зөрчлийн улмаас зээлийн хүү төлж хохирсонд 30,429,647 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

14.1.Талууд гэрээг цуцалж, гэрээг цуцлахаас өмнөх гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хөлсийг үндсэн нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэж гэрээ дуусгавар болж буй тул гэрээг цуцлах үед гүйцэтгээгүй үлдсэн ажлын хөлс болох гадна талбайн тохижилтын ажлын зардал 382,466,444 төгрөг, 3-10 дугаар давхрын өрлөгийн ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлэхэд гарах зардал 468,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Гэрээг цуцалснаар гэрээний үүрэг дуусгавар болсон, үүнд талууд аль аль нь буруутай учир харилцан хохирол шаардах эрхгүй болохыг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан.

14.2.Хариуцагч нь ажлын үр дүнг доголдолтой гэж маргахдаа 10 давхрын хучилтын ажлын зураг зөрчиж хийсэн, барилгын 1-6 давхарт ямар арматур төмөр ашигласан нь тодорхойгүй, тохирлын гэрчилгээ тохироогүй, шаардлага хангасан арматур ашиглаагүй гэж, 1-6 давхрын цутгалтын ажилд ашигласан арматурыг барилгын зураг төсөлд нийцүүлэхэд гарах зардал 406,800,000 төгрөг, зураг зөрчиж хийсэн 10 дугаар давхрын ажлыг дахин гүйцэтгэхэд гарах зардал 192,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн агуулга нь эдгээр доголдлыг өөрийн хөрөнгөөр арилгах зардлыг шаардсан шинжтэй боловч эдгээр ажлыг доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасныг зөрчөөгүй байна.

Гэрээнд барилгад ашиглагдах арматур төмрийг тухайлан заагаагүй тул барилгын норм дүрэм, стандартад нийцсэн байх шаардлагатай бөгөөд шүүхээс томилогдсон “Барилгын төсөвчдийн холбоо”-ны МУ-ын зөвлөх инженер, Тэргүүлэх төсөвчин Ж.Г-н 2017.11.27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “И” ХХК-ийн гүйцэтгэсэн зоорийн давхраас 6 давхар хүртэлх төмөр бетон каркаст хэрэглэсэн бетон лабораторийн шинжилгээний хариу нь зураг төсөл болон барилгын норм дүрэмтэй, арматурын чанарын сертификатууд нь барилгын норм дүрэм шаардлагад нийцсэн, зохиогч, захиалагч, гүйцэтгэгч талын төлөөллүүд ил далд ажлыг актаар баталгаажуулсан. Хэрэгт хавсаргасан Өвөр монголын Б төмөрлөгийн үйлдвэр, Д, ОХУ-ын арматурын чанарын сертификатууд зураг төсөл болон барилгын дүрмийн шаардлагатай тохирч байна, харин Хятад улсаас авсан арматурын сертификатууд гүйцэтгэсэн ажлынхаа хугацаатай тохирохгүй байсан. Гүйцэтгэгч тал “Барилгын тухай хуулийн 40.1.12, захиалагч тал мөн хуулийн 37.1.5-д заалтуудыг биелүүлж арматуртаа хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж баталгаажуулаагүй” гэж дүгнэжээ. (3хх 133-134, 153-156)

“Б” ХХК-ийн 2015.06.24-ний өдрийн 15/09 тоот албан бичгээр “...Уг арматур төмөр хийцийг БАК дүгнэлтээр барилгад ашиглах шаардлага хангасан гэж тогтоогдсон тухай дүгнэлтийг манайд ирүүлсэн боловч газар дээрх хяналтаар арматурын үзэгдэх байдал гаднах иржгэргүй, хувиралт өгсөн байсан, уг төмөр хийцийг цаашид ашиглахыг хориглож байна” гэж дурдсан, нэхэмжлэгчээс “Ф13 маркийн” арматурыг хэрэглэхгүй байхаар захиалагчийн инженерийн тавьсан хүсэлтийг хүлээн авсан талаар “И” ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 256/15 тоот албан бичиг хэрэгт авагджээ. (2хх 13-14, 3хх 235-236)

Барилгын норм дүрэм баримталсан эсэх, арматур төмөр нь зураг төсөлд заасан арматур мөн эсэхэд шинжилгээ хийх нь барилгыг эвдэх үндсэн бүтээцээс арматур төмрийг тасалж хийх тул энэ нь эзэмшигчийн зөвшөөрлөөс гадна барилгын үндсэн даац хийцэд ноцтой аюул учруулж болзошгүй эрсдэлтэй, нэгэнт нотлох баримтаар ирүүлсэн арматур төмөр шинжилгээ хийхэд уртын хэмжээ таарахгүй, мөн тухайн барилгад ашигласан эсэх тодорхойгүй, тухайн барилгын үндсэн хийц бүтээц 2015 онд баригдсанаас хойш 10 гаруй жил өнгөрсөн тул доголдолтой эсэхийг тогтоох боломжгүй болжээ. (3хх 149-150, 7хх 108-110) Энэ талаар зохигчийн хүсэлтээр нотлох баримт хангуулах шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчөөгүй, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг тогтоосон нь үндэслэл бүхий болсон.

Захиалагч тухайн арматур төмрүүдийг барилгын ажлын талбайд оруулсан үеэс мэдсэн, мэдэх бүрэн боломжтой байсан ба “ажлын чанар”-ыг сайн гэж дүгнэж 1-6 давхрын цутгалтын ажлыг хүлээж авсан тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т заасан “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэж зааснаар арматур төмрийг солих зардал гэх 406,800,000 төгрөгийг  шаардах эрхгүй талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурласан байна.

15.Давж заалдах шатны шүүх хариуцагчийг ажлын хөлсөнд нийт 2,663,327,810 төгрөгийг хүлээлгэн өгсөн, анхан шатны шүүх “Г” ХХК-аас 2015.07.17-ны өдөр 100,000,000 төгрөг, 2015.08.03-ны өдөр 100,000,000 төгрөгийг барилгын ажлын санхүүжилт гэж гүйцэтгэгч “И” ХХК-д шилжүүлснийг орхигдуулсан байна гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа тухайн 200,000,000 төгрөгийг хасаагүй талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн тооцоололд хүлээн авсан 2,443,327,810 төгрөгт дээрх хоёр шилжүүлэг багтсан болохыг анхаараагүй нь буруу болжээ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэр магадлалд өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2024/01719 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/01765 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Б-с 695,278,504 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, үлдэх 854,625,605 төгрөгийг болон 2,089,696,091 төгрөг гаргуулах тухай Б.Б-н сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...4,881,535...” гэснийг “...3,634,342.52...” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг ханган, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2024.10.23-ны өдөр төлсөн 1,990,548 төгрөг, 2024.11.28-ны өдөр төлсөн 306,460 төгрөг, хариуцагчаас 2024.10.23-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөг, 2024.12.03-ны өдөр төлсөн 1,742,478 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

          ШҮҮГЧИД                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                          Н.БАЯРМАА

                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                          Д.ЦОЛМОН