| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2019/00705/И |
| Дугаар | 001/хт2024/00325 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/хт2024/00325
“Б” ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/02267 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01640 дүгээр магадлалтай,
“Б” ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй,
Г.М-д холбогдох,
“Б” ХХК-д 24,387,677 төгрөг, Б.А-д 5,329,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.П нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч А.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК, Б.А нар нь хариуцагч Г.М-ад холбогдуулан “Б” ХХК-д 24,387,677 төгрөг, Б.Ад 5,329,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/02267 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.М-аас 12,193,838 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д, 5,329,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,193,839 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,000 төгрөг, нэхэмжлэгч Б.А-гийн төлсөн 128,214 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 210,051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д, 100,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д тус тус олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01640 дүгээр магадлалаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/02267 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.М-ад холбогдох, “Б” ХХК-д 24,387,677 төгрөг, Б.А-д 5,329,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК, Б.А нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.05-ны өдөр урьдчилан төлсөн 408,214 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.П нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.08.21-ний өдрийн 210/МА2024/01640 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргаж байна.
“Б” ХХК, иргэн Б.А нарын нэхэмжлэлтэй хариуцагч иргэн Г.М-д холбогдох тус иргэний хэрэг нь анх 2018 онд иргэний хэрэг үүсгэж хянагдсанаас хойш анхан шатны шүүхээр 3 удаа шийдвэрлэхдээ 2 удаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1 удаа хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхээр 3 удаа шийдвэрлэхдээ 1 удаа хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 1 удаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1 удаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дээд шүүх нэг удаа дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлээд байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох тухайн үед болсон нөхцөл байдлыг тодорхой харуулсан гэрэл зураг, дүрс бичлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтууд зөрүүгүй байхад дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийг өөр өөрөөр тайлбарлан зөрүүтэй хэрэглэж байгаа тул энэхүү хууль хэрэглээний зөрүүг арилгаж хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүсээд байна.
4.1. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах У барилгын зүүн урд талд 2018.05.30-ны өдөр гал гарсны улмаас тус төвийн барилгын булан, иргэн Б.А-гийн өмчлөлийн авто машин зэрэг галд өртөж шатсан. Тус хэргийн улмаас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан.
Хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад хариуцагч Г.М нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд өөрийн буруутай эсэх тал дээр маргаагүй байдаг. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас тус хэрэг бүртгэлийн хэргийг гэм буруутай этгээдийн бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлын хэмжээ хуульд заасан хэмжээнд хүрээгүй үндэслэлээр хааж хохирогч нар хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхийг дурдан хэргийг хаах тухай тогтоол гаргасан. Тус тогтоолыг хариуцагч Г.М-д гардуулж өгсөн бөгөөд гэм буруутай үйлдлийн талаар гомдол гаргаагүй.
4.2. Тус гал гарсан үйлдэлд Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарч хэрэгт авагдсан бөгөөд тус 3 дүгнэлтээр гал ил галын нөлөөгөөр үүссэн гэдгийг тогтоосон.
Өөрөөр хэлбэл тог цахилгаан зэрэг өөр бусад гал гарах нөхцөл байгаагүй гэдийг бүрэн тогтоосон байхад шүүх хананд байсан цахилгааны утсыг шинжлээгүй буюу цахилгаанаас болж гал гарсан байж болзошгүй гэдэг дүгнэлтийг хийж байгаа нь шинжээчийн дүгнэлтүүдийг бүхэлд нь үгүйсгэсэн дүгнэлт болсон. Гэвч тус хананаас унжиж байсан цахилгааны утас нь шатах хүртлээ хэвийн ажиллаж дүрс бичлэг хийж байсан камерийн утас болох нь тогтоогдсон.
Хэрэгт авагдсан хуульд нийцүүлэн гарсан дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх бус харин нэгэнт дүгнэлтэд тусгагдаагүй нөхцөл байдлыг хийсвэрээр магадлан дүгнэлт хийж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт бодит нөхцөл байдалд тулгуурлан шалтгаант холбоог тогтоосон дүгнэлт гаргахаас шууд гэм буруутай этгээдийг заасан дүгнэлт гаргадаггүй.
Анхан шатны шүүх хуралдаанд дүгнэлт гаргаж байсан шинжээч гэрчээр оролцож байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргахдаа тамхины иш шидсэн хугацаанаас 4 орчим минутын дараа камерт гал харагдаж байгаа шалтгааны талаар: гал асангуутаа шууд тийм өндөрт дүрэлзэн асахгүй эхлээд бага багаар үүсэн асдаг талаар, мөн хэргийн газраас дээжээр авсан цахилгааны утас нь гал гарахад нөлөөлөөгүй, харин хэргийн газрын үзлэгээр шинжилгээнд авч болох бүх зүйлийг цуглуулж авах шаардлагын үүднээс цахилгааны утасны дээж авсан, үнс нурам нь шинжилгээний шаардлага хангаагүй талаар мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа болно.
4.3. Гал гарсан үеийн нөхцөл байдлыг хамгийн тодорхой харуулж байгаа дүрс бичлэгт үнэлэлт дүгнэлт өгөхдөө дүрс бичлэгт бичигдсэн бодит нөхцөл байдалд бус бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд дурдсан нөхцөлийг буруу гуйвуулан тайлбарлаж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болсон. Гал гарсан газрын хувьд нарийн гудамж бөгөөд тус гудамж камерийн бичлэгт бүрэн харагдаж байгаа бөгөөд хариуцагч тамхины ишээ шидээд явснаас хойш гал гарах хүртэл өөр хүн яваагүй болох нь тодорхой харагдаж байгаа.
Харин гал гарснаас эсрэг талд буюу баруун талд цаана хүмүүс тамхи татаж, тамхины ишээ унтрааж байгаа дүрс байгааг гал гарсан газрын хажуугаар явж байгаа хүмүүсийн дүрс байна гэж буруу дүгнэж байгаа нь нотлох баримтаар авагдсан бичлэгийг огт үзээгүй байх гэсэн эргэлзээ төрүүлж байгаа юм.
4.4. Тус хэргийг өмнө нь Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэх явцад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гал үүсвэрлэн гарсан хогийн сав нь маш жижиг сав учир шидсэн тамхины иш хогийн савыг онож орох боломжгүй талаар, харин нэхэмжлэгч нь том хогийн пүнкэр байсан гэж мэтгэлцсэн бөгөөд харин хогийн сав ямар байдалтай, ямар хэмжээтэй байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байсан тул энэ байдлыг тодруулахыг тогтоолд тусгасны дагуу анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэргээс гэрэл зургийн үзүүлбэрээр тус хогийн савны зургийг авч хэрэгт хавсаргасан байдаг.
Гал гарах үед тус том хэмжээний хогийн пүнкэр нь түргэн шатах цаасан хайрцгаар дүүрч эргэн тойронд нь газарт мөн унасан байсан талаар нэхэмжлэгчид тайлбарладаг бөгөөд байрлалын хувьд хаана байсан нь дүрс бичлэгт тодорхой байдаг. Гэтэл шүүх хариуцагчийн шидсэн тамхины иш цементэн дээр унасан эсвэл хогон дээр унасан нь дүрс бичлэгт харагдахгүй байгаа нь түүний шидсэн тамхины ишнээс гал гарсан гэж үзэх боломжгүй гэж хэрэгт авагдсан нотлох баримтын эсрэг дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд тус хэргийг шүүх хуралдаанаар хянаж хэрэгт цугларсан нотлох баримтууд, бодит нөхцөл байдал, шалтгаант холбоонд тулгуурлан дүгнэлт өгч хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.П нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.29-ний өдрийн 001/ШХТ2024/01442 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.П нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч “Б” ХХК, Б.А нар нь хариуцагч Г.М-д холбогдуулан “Б” ХХК нь 24,387,677 төгрөг, Б.А нь 5,329,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Хариуцагч Г.М нь 2018.05.30-ны өдөр татсан тамхины ишээ унтраалгүйгээр шидсэнээс үүдэж, У центрийн барилгын булан шатаж, “Б” ХХК-д 24,387,677 төгрөгийн хохирол, нэхэмжлэгч Б.А-гийн эзэмшлийн машин шатаж 5,329,000 төгрөгийн хохирол учирсан ...” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч Г.М- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…Г.М-ын тамхины иш шидсэн үйлдлийн улмаас гал гарсныг хөдөлбөргүй тогтоосон баримт байхгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Г.М-ын үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учраагүй, шалтгаант холбоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугүй ...” гэж гаргажээ.
9. Анхан шатны шүүх “...Шүүх хэрэгт авагдсан шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагч Г.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, хариуцагч Г.М-ын тамхиа унтраалгүй хогийн бункер руу чиглүүлэн шидсэн үйлдлийн улмаас 2018.05.30-ны өдөр гал гарч, нэхэмжлэгч “Б” ХХК, Б.А нарын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж дүгнэв. Хариуцагч Г.М-ын хувьд гэм буруугүй гэж маргасан боловч тамхи татаж байгаа хүн унтраалгүй хаяснаас гал гарч болох эрсдэлтэй гэдгийг энгийн ухамсрын хэмжээнд ухамсарлах, ойлгох бүрэн боломжтой. Гэтэл тэрээр илтэд хайхрамжгүйгээр татсан тамхиа унтраалгүйгээр хогийн цэг чиглүүлж нясалсан үйлдлийг хийсэн, ийнхүү нясалсан үйлдлээс хойш удаагүйгээр гал түймэр гарсан, шинжээчдийн дүгнэлтэд галын шалтгааныг ил гал гэж дүгнэсэн, ил гал гэдэгт татсан тамхины иш хамаарна. Шүүхээс хэргийн газар очиж үзлэг хийсэн тэмдэглэл, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс дүгнэхэд тухайн гал гарах цаг хугацаанд Г.М-ын үйлдлээс өөр бусад этгээдийн үйлдлийн улмаас гал гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцагч Г.М-ыг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй, ... хариуцагч Г.М-ын болгоомжгүй (тамхиа унтраалгүй хаясан) үйлдэл, нэхэмжлэгч “Б” ХХК, Б.А нарын эд хөрөнгөд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Б.Агийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 5,329,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийг барилгын өмчлөгчийн хувьд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, Тодруулбал, “Б” ХХК нь Тамхины тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т зааснаар утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт утаат тамхи татахыг зөвшөөрсөн анхааруулах тэмдэг байрлуулаагүй, 5.2.5-т зааснаар утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300м.кв-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага байгуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс У центрийн гадна талбайд хүмүүс тамхи татдаг болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон, ... нэхэмжлэгч “Б” ХХК-ийн илт хайхрамжгүй байдал хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн, ... нэхэмжлэгч “Б” ХХК нь Г.М-ын шидсэн тамхины иш уугьж гал асах нөхцөлийг бүрдүүлсэн, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасны дагуу хариуцагч Г.М-ын “Б” ХХК-д учирсан хохирлыг хариуцах гэм хорын хэмжээг 50 хувиар багасгаж, хариуцагч Г.М-аас 12,193,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь зүйтэй. ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор ... шинжээчийн дүгнэлтүүд гаргасан боловч эдгээр дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байхаас гадна ... хариуцагч Г.М-ын болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарсан болохыг эргэлзээгүйгээр тогтоохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, ... хариуцагч Г.М-ын нясалж шидсэн тамхины иш хаана унасан талаар ... буюу ... тамхины иш хогийн саванд эсвэл бетонон шал дээр унасан эсэх талаар камерт бичигдээгүйгээс гал юунаас хэрхэн үүссэн талаарх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. ...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. ...Хариуцагч Г.М-ын болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар түүнийг гэм буруугүй гэж үзнэ. Гэм буруугүй этгээд бусдад учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцахгүй тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
11. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, хариуцагчийн гэм буруугийн талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн тухай нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.П нарын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдээр хүлээн авч, хянан хэлэлцэв.
12. Хэрэгт авагдсан баримтаар 2018.05.30-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах У центрийн барилгын зүүн урд талд гал гарсны улмаас У центрийн барилгын булан, нэхэмжлэгч Б.А-гийн эзэмшлийн 0000 улсын дугаартай, Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл шатсан тухай үйл баримт тогтоогдсон, ийнхүү гал гарсан шалтгааныг нэхэмжлэгч нар хариуцагч Г.М-ыг тамхи татаж, тамхийг унтраалгүй ишийг ил хаясан үйлдлээс болсон гэж, хариуцагч өөрийгөө гэм буруугүй гэж маргажээ.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээдийн хууль бус үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой буюу тухайн этгээдийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг үүснэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
14. Гал гарсан шалтгааны талаарх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэхэд 4 удаагийн шинжээчийн дүгнэлтээр “ ... гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй, ... /Ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан шүдэнз, галын цог, ил задгай үнс нурам болон бусад ил задгай галыг тооцно./ Уг гал түймэр нь хогийн цэгээс үүсвэрлэн гарч барилгын хана болон иргэн Б.Агийн автомашин руу дамжин тархсан ...”, камерын бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэлээр хариуцагч Г.М нь 2018.05.30-ны 18:43:40 цагийн үед У центрийн барилгын гадна урд хэсэгт тамхи татахдаа тамхиа унтраалгүй ишийг нь тэнд байрлах хогийн сав болон авто машины зүгт шидэж орхисон, үүнээс хойш гал гарах хүртэл хугацаанд хариуцагч Г.М-ын хамт тамхи татаж байсан гэрч Б.А нь тамхиа бариад цааш явсан, улаан өнгийн ажлын хувцастай эмэгтэй татсан тамхиа тэнд байрлах жижиг хогийн саванд хаясан, өөр нэг эрэгтэй тамхиа хананд дарж унтраасан байх ба 18:47:53-18:48:02 цагийн үед камерт утаа харагдаж, улмаар 18:49:07 цагийн үед гал гарсан тухай нөхцөл байдал тогтоогдсон байна.
15. Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэхдээ хариуцагч Г.М-ын тамхиа унтраалгүй ил хаясан болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарсан буюу хариуцагчийн энэ гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан, үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоотой, гал гарах шалгаан нөхцөл нь өөр бусад этгээдийн гэм буруутай үйлдлээс болсон нь тогтоогдоогүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д нийцсэн.
16. Давж заалдах шатны шүүх тамхины иш хаана унасан нь тодорхойгүйгээс хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гал гарсан нь тогтоогдоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй байна.
Тодруулбал, шүүхээс камерын бичлэг бүхий CD-д хийсэн үзлэгийн тэмдэглэлд дурдсанаас үзэхэд хариуцагч 18:43:40 цагийн үед тамхи татаж эхэлсэн ба тамхиа унтраалгүй шидэж орхиж явснаас хойш 4 минут орчмын дараа гал гарсан, энэ хугацаанд улаан өнгийн ажлын хувцастай эмэгтэй тамхи татсан боловч тамхиа У центрийн ертөнцийн зүгээр зүүн урд булангийн хаалганы хажууд байсан жижиг саванд хаясан, хариуцагчийн хамт тамхи татаж байсан гэрч Б.А тамхиа татаад цааш явсан зэрэг үйл баримт тогтоогдсоноос үзэхэд гал гарахад өөр этгээдийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй.
Түүнчлэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр гал гарсан шалтгааныг ил галын улмаас гэж тодорхойлсон ба хариуцагч нь тамхиа унтраалгүй ил хаясан нөхцөл байдлаас өөрөөр буюу хариуцагчаас өөр этгээд ийнхүү ил гал гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
17. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Г.М нь гал гарсан нөхцөл байдалд гэм буруутай байх бөгөөд хариуцлага хүлээх шалтгаант холбоо тогтоогдсон байна.
18. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө.
Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түүний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ болох 6,679,000 төгрөгөөс машины сэлбэг зарсан үнийг хасч 5,329,000 төгрөг нэхэмжилсэн нь дээрх хуульд нийцсэн тул хариуцагчаар уг хохирлыг төлүүлэх үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч “Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаагүй тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд энэ шийдлийг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхээс түүний нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
19. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01640 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/02267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.М-аас 5,329,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,000 төгрөг, нэхэмжлэгч Б.А-гийн төлсөн 128,214 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 100,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А болон түүний өмгөөлөгч Б.П нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.П-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.03-ны өдөр урьдчилан төлсөн 100,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД