Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2021/00520

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.М.Х.Г-т холбогдох, 

 

“2017 оны 06, 07, 2018 оны 01, 02, 03 дугар сарын цалин нийт 2,710,890 төгрөг гаргуулах, Г.Аын 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, гэрч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.А би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж шуурхай албанд ажилд орсон. Ажиллах хугацаанд н.Э нь ажил хийлгэхгүй маш их дарамталсан бөгөөд 2018 оны 06, 07 сард ажил хийлгээгүй тул Шадар сайд У.Х-д хандаж гомдол гаргаснаар 8 сард ажилдаа орсон. Энэ бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын буруутай үйлдлийг дээд шатны албан тушаалтан зөвтгөсөн болохыг нотолно. Удаа дараа дээд тушаалтанд гомдол гаргасан гэх үндэслэлээр Эрдэнэчулуун дарга намайг дахиж хавчин, хяхаж 2018 оны 01, 02 саруудад мөн л ажил хийлгээгүй. Би бас л дээд шатны байгууллага болох Засгийн газрын гишүүн шадар сайд н.Э-д гомдол гаргаснаар эргэж 3 сард ажилдаа орсон. Дахиад л дарамталсаар байсан тул аргагүй эрхэнд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл тушаал гаргаж өгөөгүй бөгөөд миний бие тушаалаа ч гардаж авч чадахгүй хохирч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд тушаал өгөхгүй байснаас гадна ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгож чадаагүй хохироож байна. Мөн цалингаа нэхэж очиход н.Эрдэнэчулуун дарга уулзахгүй гэдэг ба, өрөөндөө байсан ч өөрийгөө байхгүй байна гэж худлаа хэлдэг. Сарын дундаж цалин 542,180 төгрөг болж байх тул 5 сарын цалин 2,710,890 төгрөг болж байна. Иймд 2017 оны 06, 07 сарын бүтэн цалин, 2018 оны 01, 02, 03 сарын цалин нийт 2,710,890 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э-д 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бичиж өгсөн Г.А-ын өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд:

            Г.А миний бие Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э-ны шахалт хавчилтаар ажлаа хийж чадахгүй 2017 оны 06, 07 сарын цалин, 2018 оны 01, 02 сарын цалингаа авч чадахгүй хохирч явна. Хөдөлмөрийн тухай хууль болон улсын дээд шүүхээс гаргасан 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.1-д заагдсанаар ”Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 заасны дагуу ажилтанд олгоно ” гэж заасан байна.

Шүүхээс ажил олгогч ажилтныг дарамталж өөрийн эрхшээлдээ байлгах, өөрийнх эсрэг бичиг хийлгэж авах, ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс өгөхгүй хясан боогдуулсан эсэхийг анхааран үздэг юм байна.

Миний бие Ерөнхий сайд У.Х, шадар сайд Ө.Э-д Энх нийгэм ТББ-аар дамжуулан удаа дараа гомдол гаргасны төлөө ихэд хавчигдаж байсан бөгөөд гомдлын дагуу ажилдаа эргэн орж байсан нь ажлаа 2017 оны 08, 09, 10, 11, 12 хүртэл ажиллаад дахин 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа дахин орсон болохыг нотолно.

Өөрөөр хэлбэл 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанд ажилд орсноос хойш 2017 оны 06, 07, 2018 оны 01, 02 саруудад ажилгүй байснаар тодорхой харагдана.

Монгол Улсын иргэн, төрийн ажилд орсон этгээд Нийгмийн даатгал төлөлтөө таслахыг бодохгүй бөгөөд миний бие ажлаа тасралтгүй хийх чин хүсэлтэй байсан боловч дээрх хугацаануудад өөрөөс үл шалтгаалах асуудлаар ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй хохироод энэ асуудлаар шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаснаар харагдана.

Миний ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байх үед миний буруутай үйлдэл байгаа намайг  ажилд авсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлд заагдсан хариуцлагыг хүлээлгэн ажлаас халах тушаал гаргах байсан гэж үзэж байна.

Гэтэл миний бие ажлаа хүндэтгэн үзэх шалтгаанаар тасалж, хөдөлмөрийн гэрээ зөрчөөгүй атлаа ажлаа хийж чадаагүй, цалин хөлсгүй хохирсон

            Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга н.Ц нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э-д даалгаснаар 2017 оны 8 сард ажилд орсон, Ерөнхий сайд У.Х, Шадар сайд Э нарын даалгавраар зөвлөх Э-тэй төрийн ордонд уулзалт хийж байж 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа буцаж орсон зэрэг нь миний эрх зөрчигдөж байсан, миний бие эрхээ хамгаалахаар дээд шатны байгууллагуудад гомдол гаргаж байсныг нотлох үйл баримт юм.

            Дээд шатны албан тушаалтан, удирдлагын заавраар намайг ажилд эгүүлэн авсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э, Тамгын дарга Б, Захиргаа хүний нөөцийн дарга С нар 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өрөөндөө надтай уулзаж “Чи битгий санаа зов, чиний цалинг чинь нөхөж олгоно” гэснээр миний бие удирдлагадаа итгэж” 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цалингүй чөлөө авсан нь үнэн” гэсэн бичгийг хийж өгсөн.

            Гэтэл өнөөдөр энэ бичгийг миний эсрэг ашиглах гэж байгааг огтхон ч зөвшөөрөхгүй бөгөөд хүчингүй болгуулахаар шаардлага гаргах эрх үүслээ.

            Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн нөхцөл байдлыг тодорхой заасан байх бөгөөд миний бие удирдлагын түвшний хүмүүсийн зөвлөгөө, шаардлагыг биелүүлсэн үйлдэл нь ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э-д 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бичиж өгсөн Г.А миний өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

           

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулсан талаар: Тус шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э-д 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бичиж өгсөн Г.А-ын өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагаа тодруул” гэсэн тул доорх байдлаар нэхэмжлэлээ тодруулж байна.

Ажилтан этгээд ажил олгогчийн даалгасан ажил, үүрэг чиглэл болгосон даалгавар, аливаа шаардлагыг биелүүлэхгүй бол ажил олгогч этгээдийн дургүйг хүргэж, ажлаас халагдах, хохирох нь тодорхой байдаг бөгөөд миний бие өөрийн ажил олгогч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э, Тамгын газрын дарга н.Б, Захиргаа хүний нөөцийн дарга н.С нарын гуйлт, хүсэлт, шаардлагыг биелүүлэх үндэслэл болсон 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн өргөдлийг бичихээс өөр аргагүй болсон. Цаашид тогтвортой ажил төрлөө хийж, амьдралаа авч явах зайлшгүй шаардлага байсан. Учир нь миний бие эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр ажилгүй, би өрх гэрээ тэжээх үүрэг бүхий этгээд байсан учир дарга нарт итгэсэн.

Манай дарга нар 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн өргөдлийг надаар бичүүлж авсан хэдий ч “цалин хөлсийг чинь бүрэн олгоно” гэж амласан учир дарга нартаа ихэд итгэсэн.

Хэрэв манай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э “Цалин чинь өгөхгүй ” гэсэн бол миний бие өөрийн эсрэг баримтыг бичиж өгөхгүй байсан гэдгийг Монгол Улсын шүүх анхаарна гэдэгт итгэж байна.

Хэрэв шүүхэд гэрч нар “үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэсэн хуулийн заалт үйлчилдэг бол манай байгууллагын дээд шатны дарга буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий гарын дарга н.Ц “Одоо очоод ажилдаа ор, Цалинг хөлсийг чинь олгуулна” гэсэн болохыг үнэн зөвөөр гэрчилнэ гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь Иргэний хуулийн 56, 58, 59 дүгээр зүйлийн аль хэсэгт нийцэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж бодож байна.

Миний бие дарга нартай хэлцэл хийсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага маань 56.1.3, 58.3.1-д заагдсан нөхцөлд хамаарна гэж нэхэмжлэгч миний бие үзэж байгаа бөгөөд харин хуулийн аль заалтыг хэрэглэх нь шүүх эрх мэдлийн асуудал гэж үзээд дээрх байдлаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулж  байна. ” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж шуурхай албанд ажилд орсон. Ажиллах хугацаанд н.Э ажил хийлгэхгүй маш их дарамталсан бөгөөд 2018 оны 06, 07 дугаар сард ажил хийлгээгүй тул Шадар сайд н.Х-д хандаж гомдол гаргасан. 08 дугаар сард ажилдаа эргэн орсон боловч н.Э дарга намайг дахин хавчиж, 2018 оны 01, 02 дугаар саруудад ажил хийлгээгүй. Би мөн дээд шатны байгууллага болох Засгийн газрын Шадар сайд н.Э-д гомдол гаргаж эргэн 3 дугаар сард ажилдаа орсон. Дахин дарамталж байсан учир 2018 оны 05 дугаар сарын 08-ны ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Гэтэл энэ өргөдлийг өгөхөд тушаал гаргаж өгөөгүй бөгөөд миний бие гардаж авч чадаагүй хохирч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч тушаал байхгүй байсан бөгөөд ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгож чадаагүй хохироож байсан. Сарын дундаж цалин 542,180 төгрөг байх тул таван сарын цалин 2,710,890 төгрөг болж байна. Иймд 2017 оны 06, 07 дугаар сарын бүтэн цалин, 01, 02, 03 дугаар сарын цалин 2,710,890 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэг сард ажил хийлгээгүй дээд шатны байгууллагад хандаж, албан бичиг өргөдлөө өгсөн. 03 дугаар сарын 05-аас эхлээд над руу н.Э, н.С нар залгаад 03 дугаар сарын 08-ны өдөр ордонд н.Э-тэй уулзсан. н.Э чамайг ажилд авна. Чөлөө авах гээд өргөдлөө бичээд өг тэгээд авъя бид цалинг чинь өгнө гэсний дагуу өргөдлөө бичиж өгсөн. Чөлөөтэй гэсэн өргөдөл бичиж өгөөд дээд шатны байгууллагад  хууран мэхлэгдэж явсан. Дээд шатны байгууллагын улсуудад итгэсэн. Энэ улсууд өөрсдийнхөө арьсыг хамгаалах гэж надаар хийлгээд сүүлд нь миний эсрэг гаргана гэдэг маш их гомдолтой байна. Дээд шатны удирдах хүнд итгээгүй байсан бол хэзээ ч ийм өргөдөл бичихгүй байсан. Эргээд ажилдаа оръё гээд 03 дугаар сарын 08-ны өдөр шууд ажилдаа орсон. Үзлэг рапортын дэвтэр дээр хийлгэсэн гарын үсэг гээд бүгд гарч ирсэн.” гэв.

 

Хариуцагч Н.М.Х.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 6, 7-р сарын бүтэн цалин, 2018 оны 1, 2, 3-р зарын цалин 2,710,890 төгрөгийг гаргуулах тухай дурдсан байна.

Н.М.Х.Г-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн шуурхай ажлын багийн ажилтнаар ажиллаж байсан Г.А нь иргэний /7012-8012/ утсаар ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаагүй, ирсэн гомдлыг цаг хугацаанд холбогдох албан тушаалтанд хүргүүлээгүй, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн байна.

Шуурхай ажлын багийн ажилтнаар ажиллаж байсан Г.А нь 2017 оны 5 дугаар 26-ны өдрөөс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын 2017 оны цагийн балансанд 6, 7-р саруудад ажиллаагүй гэж тусгагдсан байна.

Г.А-ын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цалингүй чөлөөг Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1. заалт, Газрын хөдөлмөрийн дотоод журмын 6.3.8, 6.5-ыг тус тус үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/728 тоот тушаалаар олгосон байна.

Шуурхай ажлын багийн ажилтнаар ажиллаж байсан Г.А-ын нэхэмжлэлд дурдсан 2017 оны 6, 7 дугаар сарын бүтэн цалин, 2018 оны 1, 2, 3 дугаар сарын цалин 2,710,890 төгрөгийг гаргуулах тухай дээр дурдсан холбогдох бичиг баримтаас харахад цалин хөлс олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэл байхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Г.А нэхэмжлэлийн шаардлагыг байнга өөрчилж ярьдаг. Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э-ыг байнга дарамталдаг гэж ярьдаг. Энэ нь дарамт биш зүй ёсны зарчимч шаардлагыг дарамт гэж ойлгодог. Өөрөө дураараа аашилдаг, төрийн байгууллагыг компанид ажиллаж байгаа юм шиг ойлголттой явдаг хүн. Энэ хүн 2017 оны 02 дугаар сарын 20-ноос ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажлын байрны тодорхойлолттой ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ямар ажил үүрэг гүйцэтгэх вэ гэхээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ирж байгаа осол аваарын дуудлага бусад мэдээллүүдийг иргэд хуулийн этгээдүүдээс авч дээд шатны удирдлагуудад тайлагнах, шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээгээр мөн зааж өгсөн эдгээр үүргүүдийг огт хэрэгжүүлдэггүй, дураараа авирладаг. Үнэн чанартаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар толгойг нь илсэн. Энэ хүн хөгжлийн бэрхшээлтэй байдлыг авч үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131-д заасан арга хэмжээг нь солиод яваад байсан. Нэг сануулаад болохгүй болохоор нь цалингийн арга хэмжээ авч байсан. 2017 онд 4 удаа арга хэмжээ авагдсан. Арга хэмжээ авагдаад өөрийн буруу болохоор зугтаад алга болдог. 2017 оны 06, 07 сар ажлаа хийгээгүй явчхаад одоо тэр хугацааны мөнгийг нэхэмжилж явж байна. 2017 онд өргөдөл гомдол гаргасан зүйл байхгүй. Энэ хүн Хөдөлмөрийн гэрээгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ажиллаж байгаа хувь хүн. Гэтэл энх нийгэм гэдэг төрийн бус байгууллагын нэр барьж дээшээ явдаг. Саяны нэхэмжлэл дээр худал ярьж байна. Н.Цагаанхүү даргыг 2017 оны 07, 08 дугаар сард намайг энд ажилд оруулсан. Ажилгүй байх 08 дугаар сард намайг энд ажилд оруулсан гэж ярьж байгаад одоо Шадар сайд оруулсан гэж ярьж байна. Энэ хүнд санхүүгийн баримт байгаа. 2017 оны 06, 07 сард ажил хийгээгүй учир цалин өгөхгүй, өгөх боломжгүй. Ажил хийгээгүй. Энэ хүн өөрөө ажлаа хаяад явдаг. 2017 онд орж ирээд ажил үүрэг гүйцэтгэж байгаад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр энэ хүн өөрөө чөлөө өгөөч гэдэг  хүсэлт тавьсан. Албан ёсны шийдвэр гараад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чөлөө өгсөн. Чөлөөтэй байж 01, 02 дугаар сарын цалингаа нэхээд байдаг. Өөрөө ажлаа хийгээгүй байсан. Надад цалингүй чөлөө олгож өгөөч гэсэн эрх зүйн акт байгаа учраас цалин өгөхгүй. Өөрөө гараараа бичиж өргөдлөө өгчхөөд намайг хууран мэхэлсэн гэдэг. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй. Хуурч төөрөгдүүлж өргөдөл бичүүлсэн гэдэг нь худал. Энэ хүн тэгэх хүн биш. Удаа дараа шүүхэд тавьсан энэ хүний хүсэлтийг хангасан. Тушаал гардаг арга хэмжээ авагдсан тушаалуудтайгаа танилцаагүй гэдэг асуудал ярьдаг. Өөрийнх нь гарын үсэг зурагдсан байгаа. Энэ хүний асуудлыг шударгаар хууль ёсны дагуу  шийдэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

             Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Н.М.Х.Г-т холбогдуулан 2017 оны 06, 07, 2018 оны 01, 02, 03 дугар сарын цалин нийт 2,710,890 төгрөг гаргуулах, Г.А-ын 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар тус газрын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн Шуурхай ажлын багийн ажилтнаар 2017 оны  02 дугаар сарын 20-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан байх бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/212 тоот тушаалаар Г.А-ын өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг тасалбар болгосон болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/142 дугаар тушаал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/212 тоот тушаал, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна

 

            Нэхэмжлэгч Г.А нь ажлаас чөлөөлсөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/212 дугаар тушаалын талаар маргаагүй, энэ талаар гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...н.Э нь ажил хийлгэхгүй маш их дарамталсан бөгөөд 2018 оны 06, 07 сард ажил хийлгээгүй тул Шадар сайд У.Х-д хандаж гомдол гаргаснаар 8 сард ажилдаа орсон.

Удаа дараа дээд тушаалтанд гомдол гаргасан гэх үндэслэлээр н.Э дарга намайг дахиж хавчин, хяхаж 2018 оны 01, 02 саруудад мөн л ажил хийлгээгүй. Би бас л дээд шатны байгууллага болох Засгийн газрын гишүүн шадар сайд н.Э-д гомдол гаргаснаар эргэж 3 сард ажилдаа орсон.

Нийт 5 сарын цалин 2,710,890 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Дээд шатны албан тушаалтан, удирдлагын заавраар намайг ажилд эгүүлэн авсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э, Тамгын дарга н.Б, Захиргаа хүний нөөцийн дарга н.С нар 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өрөөндөө надтай уулзаж “Чи битгий санаа зов, чиний цалинг чинь нөхөж олгоно” гэснээр миний бие удирдлагадаа итгэж 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цалингүй чөлөө авсан нь үнэн” гэсэн бичгийг хийж өгсөн.

            Гэтэл өнөөдөр энэ бичгийг миний эсрэг ашиглах гэж байгааг огтхон ч зөвшөөрөхгүй бөгөөд хүчингүй болгуулахаар шаардлага гаргах эрх үүслээ.

            Манай дарга нар 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн өргөдлийг надаар бичүүлж авсан хэдий ч “цалин хөлсийг чинь бүрэн олгоно” гэж амласан учир дарга нартаа ихэд итгэсэн.

Миний бие дарга нартай хэлцэл хийсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага маань 56.1.3, 58.3.1-д заагдсан нөхцөлд хамаарна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ “...Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э-ыг байнга дарамталдаг гэж ярьдаг. Энэ нь дарамт биш зүй ёсны зарчимч шаардлагыг дарамт гэж ойлгодог.

Хөдөлмөрийн гэрээгээр зааж өгсөн үүргүүдийг огт хэрэгжүүлдэггүй, дураараа авирладаг. Энэ хүн хөгжлийн бэрхшээлтэй байдлыг авч үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131-д заасан арга хэмжээг нь солиод яваад байсан.

2017 онд 4 удаа арга хэмжээ авагдсан. Арга хэмжээ авагдаад өөрийн буруу болохоор зугтаад алга болдог. 2017 оны 06, 07 сар ажлаа хийгээгүй явчхаад одоо тэр хугацааны мөнгийг нэхэмжилж явж байна. 2017 онд өргөдөл гомдол гаргасан зүйл байхгүй.

2017 оны 06, 07 сард ажил хийгээгүй учир цалин өгөхгүй, өгөх боломжгүй. Энэ хүн өөрөө ажлаа хаяад явдаг. 2017 онд орж ирээд ажил үүрэг гүйцэтгэж байгаад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр энэ хүн өөрөө чөлөө өгөөч гэдэг  хүсэлт тавьсан. Албан ёсны шийдвэр гараад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл чөлөө өгсөн. Чөлөөтэй байж 01, 02 дугаар сарын цалингаа нэхээд байдаг. Өөрөө ажлаа хийгээгүй байсан. Надад цалингүй чөлөө олгож өгөөч гэсэн эрх зүйн акт байгаа учраас цалин өгөхгүй. Өөрөө гараараа бичиж өргөдлөө өгчхөөд намайг хууран мэхэлсэн гэдэг.

Хуурч төөрөгдүүлж өргөдөл бичүүлсэн гэдэг нь худал. Тушаал гардаг арга хэмжээ авагдсан тушаалуудтайгаа танилцаагүй гэдэг асуудал ярьдаг. Өөрийнх нь гарын үсэг зурагдсан байгаа...” гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй” гэж заажээ.

 

Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжийн дэргэд хөдөлмөрийн маргаан таслан комисс байгуулан ажиллуулах ёстой боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хөдөлмөрийн маргаан таслах комисс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь нэхэмжлэгч хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзлээ.

Нэхэмжлэгч цалин гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргасныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэхгүй.  

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

 

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

 

Хөдөлмөрийн маргаан таслах байгууллага гэсэн ойлголтод хөдөлмөрийн маргаан таслах комисс болон шүүх хамаарахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан байх ба мөн хуулийн 129.1 дэх  хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд аль алинд нь хамааралтай байна.

 

Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан байхад нэхэмжлэгч Г.А нь хуульд заасан гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаа, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно.”, Хөдөлмөрийн гэрээний 3.1-д “Ажилтан нь дараах эрхтэй”, мөн гэрээний 3.1.1-д “Эрхэлж буй ажил, албан тушаалдаа тохирсон цалинг тогтмол хугацаандаа авч байхыг шаардах” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Г.А ажил олгогчийг ажил хөдөлмөрийг гүйцэтгүүлэхгүй байсан, цалин олгохгүй байсан энэ агуулгаар дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдлоо гаргасан гэж тайлбарлах боловч 2017 оны 6, 7 сарын цалин, 2018 оны 1, 2, 3 сарын цалинг олгох байсан цаг хугацаанаас эхлэн эрх нь зөрчигдсөн байх тул тухайн хугацаанд шүүхэд гомдлоо гаргах байжээ. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байгаа нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, Г.А-ын хувьд ажил олгогч хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу цалин хөлсийг хугацаанд нь олгохгүй байгаа талаар мэдсэн тухайн өдрөөс хойш гурван сарын хугацаанд гомдлоо гаргах байжээ.

 

Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг үндэслэл бусад гэрээний нэгэн адил хамаарна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, мөн зүйлийн 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ...үеэс үүснэ” гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч 2017 оны 6, 7 сарын цалинг олгохгүй байгааг 2017 оны 8 сард, 2018 оны 1, 2, 3 сарын цалинг олгохгүй байгаа 2018 оны 04 сард эрхээ зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан энэ хугацаанаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргаагүй байна.  

 

Мөн Г.А-д цалингүй чөлөө олгох тухай 2017 оны 12 сарын 28-ны өдрийн Б/728 дугаар тушаалыг зөвшөөрөхгүй байгаа гомдлоо дээрх хугацаанд гомдлоо гаргаагүй байна гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

 

Шүүх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тохиолдолд сэргээн тогтоож болох боловч Г.А-ын байгууллагын удирдлагад итгэсэн, дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Шадар сайдад тухай бүрд гомдол гаргаж байсан гэх байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн бөгөөд энэ тухай гомдлоо хуульд заасан хугацаанд харьяаллын шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байдлыг, мөн хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан зэргийг ойлгох бөгөөд харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй болно.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч гомдлоо дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж байсан нь тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шууд үндэслэл гэж үзэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, уг хугацааг сэргээн тогтоох боломжтой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч Г.А-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргасан хүсэлтийг үндэслэсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/728 тоот тушаалаар Г.А-д 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө олгожээ. /хх-ийн 21, 84 дүгээр тал/

 

Хэдийгээр нэхэмжлэгч Г.А-д 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цалингүй чөлөөг ажил олгогч олгосон боловч Г.А нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажил үүрэг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан 2018 оны шалган бүртгэх товчооны рапортын дэвтрээр тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Г.А-ыг тухайн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсныг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бичсэн өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагын тухайд  өөрийн хүсэл зоригоор дээрх өргөдлийг бичээгүй, удирдлагууд энэ цалин хөлсийг олгоно гэдэгт итгэсэн, намайг хуурч мэхэлсэн, төөрөгдүүлсэн, цалингүй чөлөө олгосон Б/728 тоот тушаалыг зөвшөөрөхгүй, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бичсэн өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нь цалингаа авах зорилготой гэдэг үндэслэлүүдийг дурдсан байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.А нь ажил олгогчийн цалингүй чөлөө олгосон Б/728 тоот тушаалыг зөвшөөрөөгүй, цалин гаргуулах зорилготой байна гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч цалингүй чөлөө авах хүсэлтээ ноцтой төөрөгдөлд орсон, өөрийн хүсэл зориг байгаагүй, удирдлагуудад итгэж цалингүй чөлөө авах өргөдлийг бичсэн гэж тайлбарлах боловч цалингүй чөлөө хүссэн өргөдлийг өөрөө бичсэнийг үгүйсгээгүй, дээрх хугацааны цалинг удирдлагууд өгнө гэсний үндсэн дээр цалингүй чөлөө хүссэн өргөдөл өгсөн гэдэг нь үгүйсгэгдэхээс гадна нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

           

            Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Г.А-ын цалингүй чөлөө хүссэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өргөдлийг Иргэний хуулийн 56, 58, 59 дүгээр зүйлд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

            Түүнчлэн, Г.А-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бичсэн өргөдлийг үндэслэн гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/728 тоот тушаалын талаарх гомдлоо дээрх хуулийн зохицуулалтад заасан хугацаанд гомдлоо гаргаагүй буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн тухайн өдрөөс хойш гурван сарын хугацаанд гомдлоо гаргах байжээ.

 

            Иймд хариуцагч Н.М.Х.Г-т холбогдох “2017 оны 06, 07, 2018 оны 01, 02, 03 дугар сарын цалин 2,710,890 төгрөг гаргуулах, Г.А-ын 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.11, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д  заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.М.ХГ-т холбогдох “2017 оны 06, 07, 2018 оны 01, 02, 03 дугар сарын цалин 2,710,890 төгрөг гаргуулах, Г.А-ын 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС