Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00038

 

Г.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 182/ШШ2019/00095 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаар магадлалтай,

Г.А-ын нэхэмжлэлтэй,

НМХГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 2.710.890 төгрөг гаргуулж, өргөдөл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр НМХГ-т хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж шуурхай албанд ажилд орсон. Ажиллах хугацаанд дарга Л.Эрдэнэчулуун нь ажил хийлгэхгүй маш их дарамталсан бөгөөд 2018 оны 06, 07 сард ажил хийлгээгүй тул Шадар сайд У.Хүрэлсүхэд хандаж гомдол гаргаснаар 8 сард ажилдаа орсон. Л.Эрдэнэчулуун дарга намайг дахиж хавчин, шахаж 2018 оны 01, 02 саруудад мөн л ажил хийлгээгүй. Би бас л дээд шатны байгууллага болох Засгийн газрын гишүүн шадар сайд Ө.Энхтүвшинд гомдол гаргаснаар эргэж 3 сард ажилдаа орсон. Дахиад л дарамталсаар байсан тул аргагүй эрхэнд 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл тушаал гаргаж өгөөгүй бөгөөд миний бие тушаалаа ч гардаж авч чадахгүй хохирч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд тушаал өгөхгүй байснаас гадна ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгож чадаагүй хохироож байна. Сарын дундаж цалин 542.180 төгрөг болж байх тул 5 сарын цалин 2.710.890 төгрөг болж байна. Иймд 2017 оны 06, 07 сарын бүтэн цалин, 2018 оны 01, 02, 03 сарын цалин нийт 2.710.890 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин нарын даалгавраар зөвлөх О.Эрдэнэчимэгтэй төрийн ордонд уулзалт хийж байж 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа буцаж орсон зэрэг нь миний эрх зөрчигдөж байсан, миний бие эрхээ хамгаалахаар дээд шатны байгууллагуудад гомдол гаргаж байсныг нотлох үйл баримт юм. Дээд шатны албан тушаалтан, удирдлагын заавраар намайг ажилд эгүүлэн авсан НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Тамгын газрын дарга н.Баянмөнх, Захиргаа хүний нөөцийн дарга н.Сүнжидмаа нар 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өрөөндөө надтай уулзахад "...Чи битгий санаа зов, чиний цалинг чинь нөхөж олгоно” гэснээр миний бие удирдлагадаа итгэж 2017 оны 12 дугаар сарын 28-ын өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цалингүй чөлөө авсан нь үнэн гэсэн бичгийг хийж өгсөн. Энэ бичгийг миний эсрэг ашиглах гэж байгааг огтхон ч зөвшөөрөхгүй бөгөөд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бичиж өгсөн Г.А- миний өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч НМХГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...НМХГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн шуурхай ажлын багийн ажилтнаар ажиллаж байсан Г.А- нь иргэний /7012-8012/ утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаагүй, ирсэн гомдлыг цаг хугацаанд холбогдох албан тушаалтанд хүргүүлээгүй, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн байна. Шуурхай ажлын багийн ажилтнаар ажиллаж байсан Г.А- нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан. НМХГ-ын Тамгын газрын 2017 оны цагийн балансад 06, 07 дугаар саруудад ажиллаагүй гэж тусгагдсан. Г.А-ын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цалингүй чөлөөг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, НМХГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 6.3.8, 6.5-ыг тус тус үндэслэн НМХГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/728 тоот тушаалаар олгосон байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. 2018 оны 01, 02, 03 дугаар сард чөлөө авсан гэж өргөдлөө биччихээд, бичээгүй гэж яриад байгаа. Хэрэгт энэ баримт нь нотариатаар баталгаажуулсан байдлаар авагдсан байгаа. 03 дугаар сараас эхлээд ажилласан цагийг нь үзлэг хийгээд тогтоогоод тооцоог нь хэрэгт өгсөн байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00095 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар НМХГ-аас ажилгүй байсан хугацааны цалин 2.710.890 төгрөгийг гаргуулах Г.А-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.А- улсын тэмдэгтийн хураамжид 128.750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар НМХГ-аас ирүүлсэн мөн газрын 2018 оны шалган бүртгэх товчооны рапортын дэвтрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.А-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдолд ...Нэхэмжлэгч Г.А- нэхэмжлэлдээ ...2018 оны 5 сард өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч тушаал гаргаж өгөөгүй учир ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж өгчихөөд байхад ч тушаал гаргаж өгөөгүй нь хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байна... гэжээ. НМХГ-т 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Г.А- нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байх ба түүний хүсэлтийг үндэслэн тухайн өдөрт нь буюу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/212 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Ажил олгогч талаас түүний хөдөлмөрлөх, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах эрхийг хангах үүднээс шийдвэр /тушаал/-ийг тухайн үед нь гаргасан бөгөөд шийдвэр /тушаал/ гаргахад ажил олгогч талаас хууль бусаар нөлөөлсөн зүйлгүй, түүний хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрхийг зөрчөөгүй болно. Монгол улсын "Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай" хуулийн 5 дугаар зүйлд ”Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтой тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэх үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж даатгуулагчийн үүрэг болгон заасан бөгөөд энэ үүргийг Г.А- өөрөө хүлээнэ. Иргэн Г.А-ын өөрийн хүсэл санаачлагаар, өөрийн гараар бичсэн ажлаас гарах тухай өргөдөл хэргийн материалд авагдсан болно. Нэхэмжлэгч Г.А- нэхэмжлэлдээ ...Шүүхэд нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг хариуцагч нь нотлох баримтаар гарган өгсөн байх бөгөөд энэхүү нотлох баримтыг шүүх үнэлэх учиргүй байсан... гэжээ. Иргэн Г.А- нь өөрийн санаачлага, хүсэл зоригоор эрхэлж байсан ажил үүргээсээ татгалзаж, ажлаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ өөрийн гараар бичиж, ажил олгогчид өгсөн бөгөөд энэхүү хүсэлт болон бусад бичиг баримтыг шүүхэд хүргүүлсэн болно. Харин ч Г.А- нь шуурхай багийн ажилтнаар ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтын 3.1.1-д заасан “байгууллагын тусгай дугаарын утсанд осол аваар, халдварт өвчин, хордлоготой холбоотой гомдол, мэдээлэл зэргийг хүлээн авч, удирдлагад танилцуулах үүргээ” хангалтгүй биелүүлсэн тул 4 удаа буюу Б/614, Б/247, Б/346, Б/207 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-д заасны дагуу удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан бөгөөд ажил олгогчийн санаачлагаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулаагүй болно. Сахилгын шийтгэл ноогдуулах тухай ажил олгогчийн Б/614, Б/247, Б/346, Б/207 тоот тушаалыг Г.А-од тухай бүр нь танилцуулж, танилцуулах хуудсаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан тэмдэглэл хийгдсэн бөгөөд тушаалын хамт хавсаргаж нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн болно. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээд нь төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрхийг зөрчсөн, төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо, шүүгчийн 2017.10.27-ны өдрийн 182/ШЗ2018/09130 тоот захирамжаар хариуцагчаас нотлох баримт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан боловч нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан гар утасны ярианы бичлэг бүхий СД-д үзлэг хийж бэхжүүлэх, эсхүл хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эсэхийг шийдвэрлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9, 48 дугаар зүйл, 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Г.А- 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл ажил үүрэг гүйцэтгэсэн тухай 2018 оны шалган бүртгэх товчооны рапортын дэвтэр  хэрэгт авагдсан ба түүнийг энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх эсэх, уг нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг хэзээнээс тоолж, хугацааг хэтэрсэн гэсэн эрх зүйн дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй байна.

Хариуцагч НМХГ- 2018 оны 1-3-р сарын цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тус газрын даргын “Г.А-од 2017.12.27-ны өдрөөс 2018.03.30-ны өдөр хүртэл хугацаанд өөрийнх нь хүсэлтээр цалингүй чөлөө олгосон” гэх 2017.12.28-ны өдрийн Б/728 дугаар тушаал, Г.А-ын бичсэн чөлөө олгох бичгийн хүсэлтийг нотлох баримтаар гаргажээ. Үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, 2018.03.07-ны өдөр ажлаа үргэлжлүүлэн хийх гэхэд “цалинг асуудалгүй олгоно, хүсэлт бичиж өг гэж” шаардсан гэж тайлбарлан “2017.12.27-ны өдрөөр огноолж, 2018.03.08-ны өдөр бичсэн гэх өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх “өргөдөл хүчин төгөлдөр бусд тооцуулах”-г нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх эсэх, ийм шаардлага гаргаж буй эрх зүйн үндэслэл, үр дагавар, эсхүл Б/728 тоот тушаалыг зөвшөөрөхгүй үндэслэлээ болгосон аль нь болохыг тодруулах шаардлагатай байжээ. Г.А-ын хүсэлтэд “...2017.12.28-аас 2018-03-08-ны хүртэл цалингүй чөлөө өгнө үү” гэж бичсэн атал НМХГ-ын дарга 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цалингүй чөлөө олгож Б/728 дугаар тушаал гаргасан нөхцлийг шүүх тодорхой болгон дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх байдлаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ