Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 481

 

 

Г.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/0095 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НМХГ-т холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 2 710 890 төгрөг гаргуулах, өргөдөл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

            Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр НМХГ-т хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж шуурхай албанд ажилд орсон. Ажиллах хугацаанд Л.Эрдэнэчулуун нь ажил хийлгэхгүй маш их дарамталсан бөгөөд 2018 оны 06, 07 сард ажил хийлгээгүй тул Шадар сайд У.Хүрэлсүхэд хандаж гомдол гаргаснаар 8 сард ажилдаа орсон боловч Л.Эрдэнэчулуун дарга намайг дахиж хавчин, хяхаж 2018 оны 01, 02 сардуудад мөн л ажил хийлгээгүй. Би бас л дээд шатны байгууллага болох Засгийн газрын гишүүн шадар сайд Ө.Энхтүвшинд гомдол гаргаснаар эргэж 3 сард ажилдаа орсон. Дахиад л дарамталсаар байсан тул аргагүй эрхэнд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл тушаал гаргаж өгөөгүй бөгөөд миний бие тушаалаа ч гардаж авч чадахгүй хохирч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд тушаал өгөхгүй байснаас гадна ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгож чадаагүй хохироож байна. Сарын дундаж цалин 542.180 төгрөг болж байх тул 5 сарын цалин 2.710.890 төгрөг болж байна. Иймд 2017 оны 06, 07 сарын бүтэн цалин, 2018 оны 01, 02, 03 сарын цалин нийт 2.710.890 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2017 оны 08 дугаар сард ажилд орсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин нарын даалгавараар зөвлөх О.Эрдэнэчимэгтэй төрийн ордонд уулзалт хийж байж 2018 оны 03 дугаар сарын      07-ны өдөр ажилдаа буцаж орсон зэрэг нь миний эрх зөрчигдөж байсан, миний бие эрхээ хамгаалахаар дээд шатны байгууллагуудад гомдол гаргаж байсныг нотлох үйл баримт юм. Дээд шатны албан тушаалтан, удирдлагын заавраар намайг ажилд эгүүлэн авсан НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Тамгын газрын дарга н.Баянмөнх, Захиргаа хүний нөөцийн дарга н.Сүнжидмаа нар 2018 оны 03 дугаар сарын      07-ны өдөр өрөөндөө надтай уулзахад "...Чи битгий санаа зов, чиний цалинг чинь нөхөж олгоно" гэснээр миний бие удирдладаа итгэж 2017 оны 12 дугаар сарын 28-ын өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цалингүй чөлөө авсан нь үнэн гэсэн бичгийг хийж өгсөн. Энэ бичгийг миний эсрэг ашиглах гэж байгааг огтхон ч зөвшөөрөхгүй бөгөөд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бичиж өгсөн. Иймд Г.Ариунболд миний өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НМХГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүрэнхорлоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: НМХГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн шуурхай ажлын багийн ажилтнаар ажиллаж байсан Г.А нь иргэний /7012-8012/ утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажлаагүй, ирсэн гомдлыг цаг хугацаанд холбогдох албан тушаалтанд хүргүүлээгүй, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн байна. Шуурхай ажлын багийн ажилтнаар ажиллаж байсан Г.А нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан. НМХГ-ын Тамгын газрын 2017 оны цагийн балансад 06, 07 дугаар саруудад ажиллаагүй гэж тусгагдсан. Г.А-ын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цалингүй чөлөөг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, НМХГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 6.3.8, 6.5-ыг тус тус үндэслэн НМХГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/728 тоот тушаалаар олгосон байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. 2018 оны 01. 02, 03 дугаар сард чөлөө авсан гэж өргөдлөө биччихээд, бичээгүй гэж яриад байгаа. Хэрэгт энэ баримт нь нотариатаар баталгаажуулсан байдлаар авагдсан байгаа. 03 дугаар сараас эхлээд ажилласан цагийг нь үзлэг хийгээд тогтоогоод тооцоог нь хэрэгт өгсөн байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар НМХГ-аас ажилгүй байсан хугацааны цалин 2.710.890 төгрөгийг гаргуулах Г.А-ын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.А улсын тэмдэгтийн хураамжид 128.750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар НМХГ-аас ирүүлсэн мөн газрын 2018 оны шалган бүртгэх товчооны рапортын дэвтрийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Г.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжнйн 3.2-д зааснаар бол ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Нэгэнт шүүхээр мэтгэлцэх явцад 2018 оны 05 сард өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч тушаал гаргаж өгөөгүй учир ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж өгчихөөд байхад ч тушаал гаргаж өгөөгүй нь ч мөн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хэрэв Г.А надад Б/212 тушаалыг гардуулан өгсөн, гарын үсэгтэй баримтыг хариуцагчаас гаргаад ирвэл  миний бие нэхэмжлэлээ татан авах, нэхэмжлэлээсээ татгалзсан ч болно. Өөрийн хүсэлтээр ч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй бөгөөд олон хүний дунд дарамталж байж өргөдөл бичүүлсэн болно. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт заагдсанаар хүндэтгэн үзэх шалтгаан байгааг мэтгэлцээний явцад тогтоогдсоор байхад эрх бүхий дээд апбан тушаалтнаас хараат жирийн ажилчин Г.А намайг хууран мэхэлж ажилласан хөдөлмөрийн хөлсөө шаардан авах эрхийг шүүгч нотлох баримтыг үндэслэн, хүндэтгэн үзэх шалтгааныг сэргээж болох заалтыг миний эсрэг ашигласанд гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлага нотлох шаардлагатай гэрч болох Шадар сайдын зөвлөх О.Эрдэнэчимэгийг оролцуулах хүсэлтийг хангаагүй. Энэ гэрч шүүх хуралд оролцсон бол гэрчийн даалгаснаар миний бие 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хийж эхэлсэн, дарга нар намайг ажилд авахдаа ямар хүсэлт бичүүлж авсан болохыг нотлох боломжтой байсан. Иймд гэрч оролцуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Шүүхэд нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг хариуцагч нь нотлох баримтаар гарган өгсөн байх бөгөөд энэхүү нотлох баримтыг шүүх үнэлэх учиргүй байсан. Учир нь гарын үсгийн үнэн зөвийг зөвхөн тухайн этгээдийг буюу Г.А намайг оролцуулж гэрчлэх учиртай бөгөөд хууль бус нотлох баримтыг шүүх үнэлэх учиргүй гэж үзэж байна. Хэрэв энэ нотлох баримтыг үнэн зөв биш гэж үзвэл 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нөхөж бичсэн чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг Иргэний хуулийн 58, 89 дүгээр зүйлд заагдсанаар хүчин төгөлдөр бусад тооцох боломжтой гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүрэнхорлоо нь нэхэмжлэгч Г.А-ын 2018 оны 3 сард ажилласан рапортын дэвтэрт үзлэг хийж, 2018 оны 3 дугаар сарын цалинг олгож болно, хүлээн зөвшөөрнө, маргах зүйл байхгүй гээд байхад шүүгч Б.Сайханцэцэг олгохгүй гэж байгаад ихэд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч НМХГ-т холбогдуулан 2017 оны 06, 07 сарын бүтэн цалин, 2018 оны 01, 02, 03 сарын цалин           2 710 890 төгрөг гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бичсэн өргөдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй болохыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...надад мэдэгдэлгүйгээр удаа дараа сахилгын шийтгэл ногдуулсан...” гэж тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч байгууллагаас түүнд сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/614, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/247, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/346 тушаалуудыг танилцуулсан талаарх холбогдох баримтыг эсрэг талаас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх-ийн 34/

Шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2018/09130 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн эсрэг талаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан /хх-ийн 37/ боловч эдгээр баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэснээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

Мөн  2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь гар утасны ярианы бичлэгийг СД болоод цаасан дээр буулгаж  гаргаж өгсөн /хх-ийн 131/ байх боловч шүүх түүнд үзлэг хийж бэхжүүлэх, эсхүл  хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эсэхийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9, 48 дугаар зүйл, 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дах заалтуудыг тус тус зөрчсөн байхаас гадна уг баримтыг шүүх хуралдаан дээр шинжлэн судлаагүй атлаа хэрэгт хавсаргаж ирүүлсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/0095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ариунболдоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ