Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00824

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00824

 

 

Г.А-ынэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00520 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлтэй хариуцагч ННН-д холбогдуулан гаргасан 2017 оны 06, 07, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын цалин нийт 2 710 890 төгрөг гаргуулах, Г.А-ын 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Г.А нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр НННай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж шуурхай албанд ажилд орсон. Ажиллах хугацаанд дарга Э нь ажил хийлгэхгүй маш их дарамталсан бөгөөд 2018 оны 06, 07 сард ажил хийлгээгүй тул Шадар сайд У.Х хандаж гомдол гаргаснаар 8 сард ажилдаа орсон.

Удаа дараа дээд тушаалтанд гомдол гаргасан гэх үндэслэлээр Э дарга намайг дахин хавчин хяхаж 2018 оны 01, 02 саруудад мөн л ажил хийлгээгүй. Би бас л дээд шатны байгууллага болох Засгийн газрын гишүүн шадар сайд н.Эд гомдол гаргаснаар эргэж 3 сард ажилдаа орсон. Дахиад л дарамталсаар байсан тул аргагүй эрхэнд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халагдах өргөдлөө өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл тушаал гаргаж өгөөгүй бөгөөд миний бие тушаалаа ч гардаж авч чадахгүй хохирч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд тушаал өгөхгүй байснаас гадна ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгож чадаагүй хохироож байна. Сарын дундаж цалин 542 180 төгрөг болж байх тул 5 сарын цалин 2 710 890 төгрөг болж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Эы шахалт хавчилтаар ажлаа хийж чадахгүй 2017 оны 06, 07 сарын цалин, 2018 оны 01, 02 сарын цалингаа авч чадахгүй хохирч явна. Ерөнхий сайд У.Х, шадар сайд Ө.Э-д Энх нийгэм ТББ-аар дамжуулан удаа дараа гомдол гаргасны төлөө ихэд хавчигдаж байсан бөгөөд гомдлын дагуу ажилдаа эргэн орж байсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э, Тамгын дарга н.Б, Захиргаа хүний нөөцийн дарга н.С нар 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өрөөндөө надтай уулзаж Чи битгий санаа зов, чиний цалинг чинь нөхөж олгоно гэснээр удирдлагадаа итгэж 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цалингүй чөлөө авсан нь үнэн гэсэн бичгийг хийж өгсөн.

Гэтэл өнөөдөр энэ бичгийг миний эсрэг ашиглах гэж байгааг огтхон ч зөвшөөрөхгүй бөгөөд хүчингүй болгуулахаар шаардлага гаргах эрх үүслээ. Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн нөхцөл байдлыг тодорхой заасан байх бөгөөд миний бие удирдлагын түвшний хүмүүсийн зөвлөгөө, шаардлагыг биелүүлсэн үйлдэл нь ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд 2017 оны 06, 07, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын цалин нийт 2 710 890 төгрөг гаргуулах, Г.Аын 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд 2017 оны 06, 07 дугаар сарын бүтэн цалин, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын цалин 2 710 890 төгрөгийг гаргуулах тухай дурджээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн шуурхай ажлын багийн ажилтнаар ажиллаж байсан Г.А нь иргэний /7012-8012/ утсаар ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаагүй, ирсэн гомдлыг цаг хугацаанд холбогдох албан тушаалтанд хүргүүлээгүй, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн. Г.А нь 2017 оны 5 дугаар 26-ны өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын 2017 оны цагийн балансанд 06, 07 дугаар саруудад ажиллаагүй гэж тусгагдсан байна.

Г.Аын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цалингүй чөлөөг Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1. заалт, Газрын хөдөлмөрийн дотоод журмын 6.3.8, 6.5-ыг тус тус үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/728 тоот тушаалаар олгосон.Г.А-ын нэхэмжлэлд дурдсан 2017 оны 06, 07 дугаар сарын бүтэн цалин, 2018 оны 01, 02, 03 дугаар сарын цалин 2 710 890 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.11, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ННН холбогдох 2017 оны 06, 07, 2018 оны 01, 02, 03 дугар сарын цалин 2 710 890 төгрөг гаргуулах, Г.А-ын 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Ш.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн 114 дүгээр талд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр Рапортын дэвтэрт үзлэг хийсэн байх бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ны өдер хүртэл нэхэмжлэгч Г.А ээлжинд гарч ажил үүргээ гүйцэтгэж байсныг хүлээн зөвшөөрсөн байгааг шүүх анхаараагүй. Энэ хугацааны буюу 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалингаа авах эрхтэй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс ажилдаа эргэн орж ажил үүргээ гүйцэтгэж эхлээд 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дарга Эы дарамтад орж ажлаас халагдах өргөдөл өгсөн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох учиртай байтал шүүх хугацааг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Г.А нь Ерөнхий сайд У.Х, Шадар сайдад гомдол гаргаж улмаар шадар сайдын зөвлөх Э нь гомдол гаргагч Г.А НМХГ-ын дарга Э нарыг дуудаж 2017 оны 3 дугаар сарын 07-нд Төрийн ордонд уулзаж, энэхүү уулзалтын үр дүнд 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа эргэн орсон үйл баримттай хариуцагч нар маргах боломжгүй юм. Гэтэл шүүх гэрчээр Шадар сайд асан Энхтүвшингийн зөвлөх Эийг оролцуулах хүсэлт гаргасныг хангаагүй нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийг хязгаарласан үйлдэл. Хэрэв гэрч Э шүүхэд мэдүүлэг өгсөн бол 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр НМХГ-ын дара Э миний 2017 оны 01,02,03 дугаар сарын цалинг олгоно гэж тохиролцсон болохыг нотлох байсан. Гэтэл шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гэрч Эийг оролцуулж, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч ННН холбогдуулан 2017 оны 6 дугаар сар, 7 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 3 дугаар сарын цалин нийт 2 710 890 төгрөг гаргуулах, Г.Аын 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./ 1-р хх 1, 17, 96-97/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн гэх цалингүй чөлөө хүссэн хэлцэл буюу хүсэл зоригийн илэрхийлэл болох өргөдлийг хэрэгт нотлох баримтаар гаргажээ./1-р хх 91-92/ Уг бичмэл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангахгүй байна.

 

Нэхэмжлэгчийн үйлдсэн гэх 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн бичмэл баримтыг хариуцагч байгууллага буюу хэргийн оролцогч өөрийн хуулбар үнэн дарж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Хуулбар үнэн тэмдгийг дарсан огноо, нотариатын тэмдэглэлийн огноо нэг өдрөөр байх бөгөөд бичмэл баримт нь эх биш хуулбар хувиар авагджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болох юм.

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулах заалт нь хэргийн оролцогчид хамаарахгүй юм.

Хуулбар баримтад байгаа өргөдлийн агуулга уншигдахгүй, гаргацгүй байх бөгөөд уг хүсэлд зоригийн илэрхийлэлд тайлбар хийж дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх эрхийг хуулиар олгоогүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Ажилтны хүсэл зоригийн илэрхийлэл нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт, өргөдөл байх юм.

Нэхэмжлэгчийн тайлбараар өргөдлийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр бичсэн, эсхүл хууран мэхлэгдэх, төөрөгдөх байдлаар үйлдэгдсэн талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх юм.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гэрч асуулгах хүсэлт нь яагаад хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй болох нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэрэгсэхгүй болгосноос хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой эрхийг бүрэн хангасан гэж дүгнэх боломжгүй болжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40,44 дүгээр зүйлд тус тус заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангуулах, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмын талаарх хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД