Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2021/02619

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 18 өдөр                 Дугаар 102/ШШ2021/02619                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч З.Доржнамжин, Г.Ариунаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч:, Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ,

Хариуцагч: А ,

Хариуцагч: Б нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Б.Ичинхорол, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахаа: Д.Б “Улаанбаатар сүлжээ” ТӨХК-ийн техник хяналтын албаны хэрэглэгчийн техник хяналт, холболтын инженерээр ажиллаж байхдаа Дулаан үйлчилгээний 2 дугаар салбар хариуцсан албаны дарга Л.А, Цахилгааны эргэх механизмын дарга П.Б нартай бүлэглэн “Тулга констракшн” ХХК-ийн 2013 онд ашиглалтад оруулсан 2 блок 96 айлын орон сууцны дулаан, цэвэр усны сүлжээнд холбох техникийн нөхцөл авах үед тухайн ажлын зураг төсвийг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр төсөвлөн хийж өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өндөр үнээр төлөвлөсөн ажпаа “Энерготех сервес” ХХК-иар гүйцэтлгүүлэх шаардлагатай гэж “Тулга констракшн” ХХК-тай 278,051,641 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, улмаар 2013.07.04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Энерготех сервес” ХХК-ийн захирал Ч.Норовсамбуугаас тус бүр 10,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэх гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Эрүүгийн 201601000190 дугаар хэргийг “Улаанбаатар сүлжээ” ТӨХК-ийн Дулаан үйлчилгээний 2 дугаар салбар хариуцсан албаны дарга Л.А, Цахилгааны эргэх механизмын дарга П.Б, Техник хяналтын албаны хэрэглэгчийн техник хяналт, холболтын инженер Д.Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зах зээлийн ханшнаас өндөр үнээр төлөвлөсөн ажлаа “Энерготех сервес” ХХК-иар хийлгүүлэх шаардлагатай гэж “Тулгаконстракшн” ХХК-тай 278,051,641 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, улмаар “Энерготех сервес” ХХК-ийн захирал Ч.Норовсамбуугаас бүр 10,0 сая төгрөгийн хээл хахууль авсан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр 2019.06.27-ны өдрийн 66А дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. “Улаанбаатар сүлжээ” ТӨХК-ийн Дулаан үйлчилгээний 2 дугаар салбар хариуцсан албаны дарга Л.А, Цахилгааны эргэх механизмын дарга Б, Техник хяналтын албаны хэрэглэгчийн техник хяналт, холболтын инженер Д.Б нарын 30,0 сая төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэргийн улмаас олсон орлого буюу төр, нийтийн ашиг сонирхолд гэм хор учруулсны хариуцлагыг хүлээлгэхгүй орхигдуулж болохгүй юм. Авилгалын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйл “Гэмт хэргээс олсон орлого” гэж гэмт хэрэг үйлдэх замаар шууд буюу шууд бусаар олсон эсхүл авсан аливаа эд хөрөнгийг хэлнэ; 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого буюу тийм орлогын үнийн дүнтэй тохирох эд хөрөнгийг хураахаар” Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг нийтийн албан тушаалтанд хориглосон, 34.1-д Авлигын  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулжээ. Иргэний хуулийн 497.1-д зааснаар бусдын /төрийн, нийтийн/ эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгуулахаар прокурор нэхэмжилж байна. Прокурорын тухай хуулийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41.1-д Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоос ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.2-т Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мздүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болох бөгөөд прокурор нь дээр дурьдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд Л.А, П.Б, Д.Б нараас хууль бусаар олсон тус бүр 10,000,000 төгрөгийг гаргуулан орлогод оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нараас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарыг 10,0 сая төгрөгийн хээл хахууль авсан гэх гэм буруутайд тооцсон Эрүүгийн хэргийн аль ч шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гараагүй байгаа билээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуулийн 16.14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.1-д шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж хуульчилсан атал хариуцагч нарыг “гэмт хэрэг үйлдсэн” гэх утга тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. “Тулга констракшн” ХХК нь 2 блок 96 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулан, дулаан, цэвэр усны сүлжээнд холбох барилга угсралтын ажлын хүрээнд 2013.07.01-ний өдөр 2013/55 тоот “Гадна дулаан, цэвэр усны шугам шинээр угсрах ажил гүйцэтгэх гэрээ”-г “Энерго тех сервис” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээ нь ИХ-ийн 189, 343 дугаар зүйлд заасан нөхцлөөр талууд чөлөөтэйгээр тохиролцож, гарын үсэг зурж байгуулсан. Энэ гэрээний дагуу гүйцэтгэгч тал нь гэрээнд үнэ, нөхцөл, мөн захиалагч талаас төсөв, зураг төслийн дагуу хийж гүйцэтгэн, 2013 оны 10 сард хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Гэрээнд заасан ажил үйлчилгээг зарим шалтгааны улмаас хугацаа хожимдуулсан боловч бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд Доржмягмарын тайлбар мэдүүлэгт өгсөн “Гэрээг цуцалсан” гэх асуудал болоогүй байгааг анхаарах нь зүйтэй. Ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй чанар байдал, үнэ, хугацаатай холбоотой маргааныг оролцогч талууд иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд энэ талаар гэрээнд тусгасан. Энэ болсон үйл, фактын талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Доржмягмар, Т.Алтангэрэл, Ч.Норовсамбуу, Л.А болон бусад хүмүүс мэдүүлдэг. Гэвч захиалагч тал буюу “Тулга констракшн” ХХК-ийн удирдлагын алдаатай үйл ажиллагаа болон бусад санхүүгийн хүндрэлтэй байдлаас үүдэн дулаан, цэвэр усны сүлжээнд холбох барилга угсралтын удааширч, техникийн нөхцлөөр олгогдсон хугацаа өнгөрсөн нь тухайн компанийн дотоод үйл ажиллагааны алдаанаас үүдэлтэй гэж дүгнэх боломжтой. Энэ нь гадаад хүчин зүйл буюу тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий иргэдийн гэм буруутай үйлдлээс шалтгаалаагүй. Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн, шинжээч А.Энхпүрэвийн 2016.10.24-ний өдрийн дүгнэлтэд “Өнөөдрийн байдлаар газар дээрээ хийгдсэн дулааны, цэвэр усны шугам сүлжээ залгаж ажиллаагаанд оруулаагүй бөгөөд “Энерго тех сервис” ХХК-ийн хийсэн далд шугам сүлжээний ажлыг талууд акт үйлдэж шахаж шалган хүлээн авсан байна” гэх шаардлагатай нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэргийн баримтад авагдсан бөгөөд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтуудаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ирүүлээгүй. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд Л.А нар нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д анх 1998 оны 10 сард ажилд “Дулааны байцаагч” албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. 2010 онд инженерийн албаны даргаар ажиллаж байгаад 2010-2012 он хүртэл баруун бүсийн салбарын дарга, 2012 оноос хойш зүүн бүс 2-р салбарын даргаар ажиллаж байсан. Түүний энэхүү албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд заасан “Төрийн жинхэнэ албан тушаалтан” ангилалд хамаарахгүй, “төрийн үйлчилгээний” албан тушаалтан бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрлөх эрх, үүрэгтэй субьект юм. Өөрөөр хэлбэл энэхүү албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарах боловч НАНБХАСЗАСЗУСТХ-ийн 22.1-д заасан “Албан тушаалтан өөрийн албан үүргийн дагуу авах цалин хөлснөөс гадна энэ хууль, бусад хуулиар хориглоогүй бусад ажил, алба, гэрээний урамшуулал, мөн хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагааны орлого олж болох ТАтХ-ийн 15 дугаар зүйлд заасан албан тушаалын ангилалд хамаарагдана гэж үзэх боломжтой юм. Мөн тэрбээр Монгол улсын мэргэшсэн, зөвлөх инженерийн эрхтэй юм. Иймд гэмт хэрэг үйлдэж гэм хор учруулсан гэх хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нийслэлийн прокурорын газар нь Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргана гэж зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн П.Б, Л.А, Д.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд тус бүр 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн ч хууль бусаар олсон орлогыг гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нар нь хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдэж гэм хор учруулсныг буюу гэм буруутайг нотлоогүй, нэхэмжлэл гаргах эрхгүй субьект хохирол шаардсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хариуцагч нарт холбогдуулан эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэн, Нийслэлийн Прокурорын газрын 219.06.27-ны өдрийн 660 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хаан шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

 Нэхэмжлэгчээс төрийн болон нийтийн эрх ашигт учирсан гэм хорын хохирол гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ.

 

 Гэвч тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу хариуцагчийн гэм буруу нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэхгүй тул шаардах эрхгүй байна. Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан тул Прокурорын тогтоолыг хариуцагч нарыг гэм буруутайд тооцсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон гэдэг нь гэм буруугийн үйлдэлд нь ял шийтгэл оногдуулах ажиллагааг явуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг ойлгоно.

 

Харин дээрх тогтоолд “Тулга констракшн” ХХК нь 2013 онд барьж ашиглалтад оруулсан 2 блок 96 айлын орон сууцны барилгыг төвлөрсөн дулаан, цэвэр усны нэгдсэн сүлжээнд холбуулах хэрэгцээ, шаардлагыг нь далимдуулан,  “УБДС” ТӨХК-ийн Дулааны үйлчилгээний 2 дугаар салбар хариуцсан албаны дарга Л.А, Цахилгааны эргэх механизмын дарга П.Б, Техник хяналтын албаны хэрэглэгчийн техник хяналт, холболтын инженер Д.Б нар нь тухайн ажлын гүйцэтгэгчийг санал болгож, “Энерготех сервис” ХХК-иар шугам сүлжээний ажлаа хийлгэхгүй бол барилга нь дулааны сүлжээнд холбогдох боломжгүй гэснээр “Тулга констракшн” ХХК нь “Энерготех сервис” ХХК-ийг сонгож, зах зээлийн ханшнаас 3 дахин илүү үнээр төсөвлөсөн ажлаа хийлгүүлэхээр гэрээ байгуулсан,  өөрсдөө зураг төсвийг хийж, төлбөр төлөх үйл ажиллагаанд нь оролцож, “Энерготех сервис” ХХК-ийн захирал Ч.Норовсамбуу нь дээрх албан тушаалтнуудад ажил олж өгвөл тохирсон хөлс төлөхөөр ярилцаж тохирсны дагуу тус бүр 10,000,000 төгрөг өгсөн нь батлагдсан талаар дүгнэсэн байна.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоос ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ гэжээ.

 

Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан хамаарахаар байна.

 

Хэрэгт авагдсан Ажлын байрны тодорхойлолт баримтаар төрийн өмчит хувьцаат компанийн хариуцагч нарын албан тушаал нь удирдах буюу нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

 

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д зааснаар нийтийн албан тушаалтанд үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг хоригложээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заажээ.

 

“Тулга констракшн” ХХК болон “Энерготех сервис” ХХК нарыг зах зээлийн ханшнаас 3 дахин илүү үнээр төсөвлөсөн ажил хийлгүүлэхээр гэрээ байгуулсан,  өөрсдөө зураг төсвийг хийж, төлбөр төлөх үйл ажиллагаанд нь оролцсоноор нийтийн албан тушаалтан Л.А, П.Б, Д.Б нар нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасныг зөрчин, 30,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул хариуцагч нараас гаргуулан, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгзэр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хурааамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч тус бүрээс тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулан орлогод оруулах нь зүйтэй.

 

Зохигч иргэдийн төлөөлөгчийг оролцуулах санал гаргаагүй тул тэдний зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Б , А , Б нараас тус бүр 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулан, улсын орлогод оруулсугай.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгзэр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хурааамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч тус бүрээс тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулан орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                     З.ДОРЖНАМЖИН

                                                  

                                                                           Г.АРИУНАА