Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00045

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00045

 

НПГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/02619 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч НПГ-ын хариуцагч П.Б-, Л.А-, Д.Б- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, хариуцагч Д.Б-, хариуцагч П.Б-, Л.А- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-,Л.А-, П.Б- нар нь бүлэглэн ТК ХХК-ийн 2013 онд ашиглалтад оруулсан 2 блок 96 айлын орон сууцны дулаан, цэвэр усны сүлжээнд холбох техникийн нөхцөл авах үед тухайн ажлын зураг төсвийг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр төсөвлөн хийж өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өндөр үнээр төлөвлөсөн ажлаа ЭС ХХК-аар гүйцэтгүүлэх шаардлагатай гэж ТК ХХК-тай 278 051 641 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, улмаар 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ЭС ХХК-ийн захирал Ч.Н-гаас тус бүр 10 000 000 төгрөгийн хээл хахууль авсан гэх гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Л.А-, П.Б-, Д.Б- нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зах зээлийн ханшнаас өндөр үнээр төлөвлөсөн ажлаа ЭС ХХК-аар хийлгүүлэх шаардлагатай гэж ТК ХХК-тай 278 051 641 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, улмаар ЭС ХХК-ийн захирал Ч.Н-гаас бүр 10 000 000 төгрөгийн хээл хахууль авсан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66А дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Хариуцагч нарын 30 000 000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэргийн улмаас олсон орлого буюу төр, нийтийн ашиг сонирхолд гэм хор учруулсны хариуцлагыг хүлээлгэхгүй орхигдуулж болохгүй юм. Авилгалын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйл гэмт хэргээс олсон орлого гэж гэмт хэрэг үйлдэх замаар шууд буюу шууд бусаар олсон эсхүл авсан аливаа эд хөрөнгийг хэлнэ, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого буюу тийм орлогын үнийн дүнтэй тохирох эд хөрөнгийг хураахаар Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг нийтийн албан тушаалтанд хориглосон, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.

Гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгуулахаар прокурор нэхэмжилж байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д нийтийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоос ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болох бөгөөд прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд Л.А-, П.Б-, Д.Б- нараас хууль бусаар олсон тус бүр 10 000 000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Биднийг 10 000 000 төгрөгийн хээл хахууль авсан гэх гэм буруутайд тооцсон Эрүүгийн хэргийн аль ч шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гараагүй. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.1-д шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж хуульчилсан атал хариуцагч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэх утга тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй. ТК ХХК нь 2 блок 96 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулан, дулаан, цэвэр усны сүлжээнд холбох барилга угсралтын ажлын хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2013/55 тоот гадна дулаан, цэвэр усны шугам шинээр угсрах ажил гүйцэтгэх гэрээг ЭС ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189, 343 дугаар зүйлд заасан нөхцлөөр талууд чөлөөтэйгээр тохиролцож, гарын үсэг зурж байгуулсан. Энэ гэрээний дагуу гүйцэтгэгч тал нь гэрээнд үнэ, нөхцөл, мөн захиалагч талаас төсөв, зураг төслийн дагуу хийж гүйцэтгэн, 2013 оны 10 сард хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Гэрээнд заасан ажил үйлчилгээг зарим шалтгааны улмаас хугацаа хожимдуулсан боловч бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд н.Д-ын тайлбар мэдүүлэгт өгсөн гэрээг цуцалсан гэх асуудал болоогүй. Ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй чанар байдал, үнэ, хугацаатай холбоотой маргааныг оролцогч талууд иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд энэ талаар гэрээнд тусгасан. Захиалагч тал буюу ТК ХХК-ийн удирдлагын алдаатай үйл ажиллагаа болон бусад санхүүгийн хүндрэлтэй байдлаас үүдэн дулаан, цэвэр усны сүлжээнд холбох барилга угсралтын удааширч, техникийн нөхцлөөр олгогдсон хугацаа өнгөрсөн нь тухайн компанийн дотоод үйл ажиллагааны алдаанаас үүдэлтэй гэж дүгнэх боломжтой. Энэ нь гадаад хүчин зүйл буюу тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий иргэдийн гэм буруутай үйлдлээс шалтгаалаагүй. Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн, шинжээч А.Э-ийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэд өнөөдрийн байдлаар газар дээрээ хийгдсэн дулааны, цэвэр усны шугам сүлжээ залгаж ажиллагаанд оруулаагүй бөгөөд ЭС ХХК-ийн хийсэн далд шугам сүлжээний ажлыг талууд акт үйлдэж шахаж шалган хүлээн авсан байна гэх шаардлагатай нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэргийн баримтад авагдсан. Л.А- нь УДС ТӨХК-д анх 1998 оны 10 сард ажилд дулааны байцаагч албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. 2010 онд инженерийн албаны даргаар ажиллаж байгаад 2010-2012 он хүртэл баруун бүсийн салбарын дарга, 2012 оноос хойш зүүн бүс 2 дугаар салбарын даргаар ажиллаж байсан. Түүний энэхүү албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалтан ангилалд хамаарахгүй, төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрлөх эрх, үүрэгтэй субьект юм. Өөрөөр хэлбэл, энэхүү албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарах боловч НАНБХАСЗАСЗУСТХ-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан өөрийн албан үүргийн дагуу авах цалин хөлснөөс гадна энэ хууль, бусад хуулиар хориглоогүй бусад ажил, алба, гэрээний урамшуулал, мөн хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагааны орлого олж болох Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан албан тушаалын ангилалд хамаарагдана гэж үзэх боломжтой юм. Мөн тэрбээр Монгол улсын мэргэшсэн, зөвлөх инженерийн эрхтэй юм. Иймд гэмт хэрэг үйлдэж гэм хор учруулсан гэх хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Борлууд овогтой П-ийн Б /РД:ЧЕ58092971/, Лха овогтой Л-ийн А /РД:ИЭ70042550/, авирборжигон овогтой Д-ийн Б /РД:ФМ70092897/ нараас тус бүр 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулан, улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгзэр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч тус бүрээс тэмдэгтийн хураамжид 174 950 төгрөг гаргуулан орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо:

1.Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэснийг зөрчсөн.

Шүүхээс Авлигалын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан Үндэслэлгүй хөрөнгөжих гэх ойлголт нь нийтийн эрх зүйн /Эрүүгийн эрх зүй/ зохицуулалт бөгөөд шүүхээс нэр бүхий этгээдүүдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай /Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14/ гэж тооцсон тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Прокуророос нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 66а /660/ тогтоол гэж тайлбарлах боловч уг тогтоолд ...Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/ 263.2, мөн хуулийн 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/ 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзнэ. Авлигалын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан үндэслэлгүй хөрөнгөжихийг хориглосон зохицуулалт нь Эрүүгийн хуулийн /2002/ 270/1/ буюу хууль бусаар хөрөнгөжих гэм буруугийн хэлбэр. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах /мөрдөн байцаах/ ямар ч ажиллагаа хийгдээгүй, дээрх нэр бүхий иргэдийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр эсвэл энэ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн, эсвэл яллагдагчаар татсан прокурорын тогтоол байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтуудыг иргэний хэрэгт гаргаж өгөөгүй, гаргаж өгөх ч боломж прокурорт байхгүй.

Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх явцад шүүхээс Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

2. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...гэвч тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу хариуцагчийн гэм буруу нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэхгүй тул шаардах эрхгүй байна гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ. Учир нь Үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон шүүхийн шийдвэр, эсвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аливаа нэг тогтоол шийдвэр байхгүй.

Нэгэнт шүүхээс шаардах эрхгүй гэж дүгнэсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болно.

3. Шүүхээс нэр бүхий дээрх иргэдийг нийтийн албан тушаалтан гэж дүгнэжээ. Хэрэг учрал болсон гэх 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Д.Б- нь тухайн ажлын байран дээрээ удирдах албан тушаал хашиж байгаагүй тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэхгүй. Мөн Л.А, П.Б, Д.Б- нар нь төрийн өмчит хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан боловч тэднийг ажлын бус цагаар хуулиар хориглоогүй ажил, үйлчилгээ эрхэлснийг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтгаж буруутгах боломжгүй. Энэ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, гэрч нарын мэдүүлэг зэрэг нь эрүүгийн хэргийг шалгах явцад хэрэгт авагдсан. /НПГ-ын хяналтын прокурорын Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 46 тоот тогтоол/

Эдгээр нөхцөл байдал нь НПГ-ын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн прокурорын газар нь хариуцагч П.Б-, Л.А-, Д.Б- нарт холбогдуулан гэм хорын хохиролд буюу хээл хахуульд авсан тус бүр 10 000 000 төгрөгийг /нийт 30 000 000 төгрөгийг/ хариуцагч нараас гаргуулж улсын орлого болгохоор Прокурор Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 17-18/

 

Нэгэнт Нийслэлийн прокурорын газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эрхийг эдэлж үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч тал шүүхийн өмнө тэгш эрхтэй оролцоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болохоор заасан.

 

Хэргийн 54-133 дугаар талд авагдсан НПГ-ын хуулбар үнэн дарагдсан бичмэл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан хуулбар үнэн тэмдэг нь хэргийн оролцогчид хамаарахгүй юм. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Анхан шатны шүүхээс хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон бөгөөд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Нэхэмжлэлийн цаана дандаа зөрчигдсөн эрх, ашиг сонирхол, эсхүл хариугүй зөрчигдөхөд дөхсөн, эрх зүйн хувьд тодорхой бус байдалд орсон эрхийн асуудал дагалдаж байдаг. Прокурор нэхэмжлэлийн шаардлагаа дээрх тус бүр 10 000 000 төгрөгийн хээл хахууль авсан гэх албан тушаалтнууд нийтийн эрх ашиг сонирхолд хохирол учруулсан гэж тодорхойлжээ. Нийтийн ашиг сонирхол гэдэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хэлнэ гэжээ. Хариуцагч нар нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан эсэх, хууль бусаар тус бүр 10 000 000 төгрөгийг авсан эсэх, хэнээс авсан, нийтийн ашиг сонирхол гэх ойлголтыг ямар хүрээнд тайлбарлаж хэрэглэх зэрэг асуудлаар талууд бүрэн мэтгэлцээгүй.

 

Мөн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасныг зөрчиж, талуудыг гэм буруутай эсэх талаар мэтгэлцүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого буюу хээл хахуульд авсан мөнгөн хөрөнгийг улсын орлого болгуулахаар нэхэмжилсэн байхад шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн Авлигалын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан Үндэслэлгүй хөрөнгөжих гэх ойлголт нь нийтийн эрх зүйн зохицуулалт юм.

 

Мөн нийтийн ашиг сонирхол тухайн хэрэгт хэрхэн зөрчигдсөн, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх хүрээгээ нэхэмжлэгч хэрхэн тодорхойлж байгаа, хариуцагч нарын авсан гэх 30 000 000 төгрөг нь ажлын хөлс, эсхүл хэнээс ямар үндэслэлээр авсан ямар учиртай мөнгөн хөрөнгө болох талаар үйл баримт тогтоогдоогүй, тухайн хэрэгт эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр маргаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/02619 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.А-аас төлсөн 174 950 төгрөг, хариуцагч Д.Б-аас төлсөн 174 950 төгрөг, хариуцагч П.Б-аас төлсөн 174 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД