Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2022/01405

 

 

 

 

 

 

2022 07 27 210/МА2022/01405

 

 

Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10ы өдрийн 102/ШШ2022/02201 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н-ын хариуцагч П.Б р, Л.А Д.Б н нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд тус бүр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, хариуцагч Д.Б н, хариуцагч Л.А П.Б р нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Д.Б н Улаанбаатар сүлжээ ТӨХК-ийн техник хяналтын албаны хэрэглэгчийн техник хяналт, холболтын инженерээр ажиллаж байхдаа Дулаан үйлчилгээний 2 дугаар салбар хариуцсан албаны дарга Л.А Цахилгааны эргэх механизмын дарга П.Б р нартай бүлэглэн Т ХХК -ийн 2013 онд ашиглалтад оруулсан 2 блок 96 айлын орон сууцны дулаан, цэвэр усны сүлжээнд холбох техникийн нөхцөл авах үед тухайн ажлын зураг төсвийг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр төсөвлөн хийж өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өндөр үнээр төлөвлөсөн ажпаа Э ХХК -иар хийлгүүлэх шаардлагатай гэж, Т ХХК -тай 278,051,641 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Улмаар хариуцагч нар нь 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Э ХХК -ийн захирал Ч.Н гаас тус бүр 10,000,000 төгрөгийн хахууль авсан. Хариуцагч нарын дээрх байдлаар хахууль авсан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 66а дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Хариуцагч нар нь тус бүр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийн улмаас олсон орлого буюу төр, нийтийн ашиг сонирхолд гэм хор учруулсан. Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 1 дүгээр бүлгийн 2 дугаар зүйл гэмт хэргээс олсон орлого гэж гэмт хэрэг үйлдэх замаар шууд буюу шууд бусаар олсон эсхүл авсан аливаа эд хөрөнгийг хэлнэ. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого буюу тийм орлогын үнийн дүнтэй тохирох эд хөрөнгийг хураахаар, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг нийтийн албан тушаалтанд хориглосон, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль бус аливаа шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг Иргэний хууль болон холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэхээр зохицуулсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын /төрийн, нийтийн/ эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгуулахаар прокурор нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас тус бүр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нарыг 10,000,000 төгрөгийн хахууль авсан гэх гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.1 дэх хэсэгт Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр тодорхойлсон нь үндэслэлгүй. Т ХХК нь 2 блок 96-н айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулан, дулаан, цэвэр усны сүлжээнд холбох барилга угсралтын ажлын хүрээнд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2013/55 дугаар гадна дулаан, цэвэр усны шугам шинээр угсрах ажил гүйцэтгэх гэрээг Э ХХК -тай байгуулсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189, 343 дугаар зүйлд заасан нөхцөлөөр талууд чөлөөтэй, харилцан тохиролцож, гарын үсэг зурж байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал Э ХХК гэрээнд үнэ, нөхцөл, мөн захиалагч талаас Т ХХК гаргаж өгсөн төсөв, зураг төслийн дагуу 2013 оны 10 дугаар сард хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгч, ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Гэрээнд заасан ажил үйлчилгээг зарим шалтгааны улмаас хугацаа хожимдуулсан боловч бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд Л.А нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалтан ангилалд хамаарахгүй. Төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрлөх эрх, үүрэгтэй субъект. Иймд гэмт хэрэг үйлдэж гэм хор учруулсан гэх хууль зүйн үндэслэл нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Манай компани тухайн үед Т ХХК -ийн гадна цэвэр ус, дулааны шугамыг уг компанийн гаргасан төсвөөр ажил гүйцэтгэх гэрээг хямдруулан хугацаанд нь хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Уг ажлыг гүйцэтгэхэд маш их хүндрэлтэй байсан тул Д.Б н, Л.А П.Б р нарын мэргэжлийн туслалцаа, заавар, зөвлөгөөг амралтын өдрөөр авч, түүний дагуу ажлаа гүйцэтгэсэн. Энэ 3-т тус бүрд нь ажлын хөлс 10,000,000 төгрөг өгсөн. Манай компанид ямар ч хохирол байхгүй. Манай нэрийн өмнөөс Н р нэхэмжлэл гаргаж байгаа юм бол манай хувьд ямар нэгэн санал байхгүй. Гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Иргэн П.Б р, Л.А Д.Б н нар нь эрүүгийн хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болсон байна. Ямар нэгэн хохирогч гомдол байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй. Иргэн н.Норовсамбуугаас тус бүр 30,000,000 төгрөг авсан. Хохирогч гомдол байхгүй учраас гэм буруугүй гэж үзэж байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.А аас 10,000,000 төгрөг, хариуцагч Д.Б наас 10,000,000 төгрөг, хариуцагч П.Б раас 10,000,000 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгох тухай нэхэмжлэгч Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Д.Б н Улаанбаатар сүлжээ ТӨХК-ийн техник хяналтын албаны хэрэглэгчийн техник хяналт, холболтын инженерээр ажиллаж байхдаа Дулаан үйлчилгээний 2 дугаар салбар хариуцсан албаны дарга Л.А цахилгааны эргэх механизмын дарга П.Б р нартай бүлэглэн Т ХХК -ийн 2013 онд ашиглалтад оруулсан 2 блок 96 айлын орон сууцны дулаан, цэвэр усны сүлжээнд холбох техникийн нөхцөл авах үед тухайн ажлын зураг төсвийг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр төсөвлөн хийж өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өндөр үнээр төлөвлөсөн ажлаа Э ХХК -аар хийлгүүлэх шаардлагатай гэж Т ХХК -тай 278,051,641 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, улмаар 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Э ХХК -ийн захирал Ч.Н гаас тус бүр 10,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 66а дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул прокуророос бусдад буюу төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Л.А Д.Б н, П.Б р нар нь Э ХХК -ийн захирал Ч.Н гаас тус бүр 10,000,000 төгрөгийн хээл хахууль авсан үйл баримт нотлогдон тогтоогдсоноос гадна хариуцагч нар бусдаас мөнгө авсан талаар маргаагүй. Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Мөн хуулийн Арван гурав дугаар зүйлийн 13.1 дэх хэсгэт шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй гэж зохицуулсантай хамааралтай болохоос иргэний журмаар гэм хорын хохирлыг шаардах эрхийг хориглоогүй болно. Иргэний шүүх гэм хор учруулсан эсэхэд нотлох баримтад тулгуурлан гэм хор учруулсан буруутай эсэхийг тогтоох бүрэн боломжтой. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нь бусдад учруулсан хохирол, хор уршгийг төлүүлэхээс чөлөөлөх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олсон орлого буюу бусдад учруулсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлд хамаарч байгаа, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Прокурорын байгууллага Олон улсын гэрээ конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Үндсэн хууль болон бусад хуулиар шүүхээс гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй нөхцөлд гэм буруутайд үл тооцно гэх зарчмыг ойлгохгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэж тайлбарлаж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шүүх шийдвэрлээгүй. Прокурорын байгууллагаас тус хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Дараа нь хэргийг сэргээж, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон тогтоолд бусдад учруулсан хохирол байхгүй гэж дүгнэсэн. Прокурорын байгууллагаас гаргасан нэхэмжлэл, гомдлын агуулга хуульд нийцээгүй. Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулиар шүүн таслах ажиллагаа буюу шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ заалтыг зөвхөн Монгол Улсын Үндсэн хуульд заагаагүй, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгаад дэлхийн 200 гаруй улс хэрэгжүүлж байна. Шүүхэд гуравдагч этгээдээр оролцсон этгээдүүд бид хохироогүй, тухайн үед хийсэн ажлын хөлсийг нь хүмүүстэй тохиролцоод өгсөн гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хариуцагч 3 иргэний хувьд хуулиар хориглосон төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалтан биш, улсын хөрөнгө оруулалттай компанийн ажилтнууд юм. Хариуцагч нарын хувьд өөрсдийн зөвлөх инженерийн туршлага, мэдлэг чадвараа ашиглаад ажлын бус цагаар бусдад ажил үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл үүнийг гуйвуулж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад, гэмт хэрэг үйлдсэн гэх асуудал ярьж байгааг анхаарах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н р нь хариуцагч П.Б р, Л.А Д.Б н нарт холбогдуулан гэм хорын хохиролд тус бүр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар Т ХХК -ийн техникийн нөхцөл авах үед тухайн ажлын зураг төсвийг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр төсөвлөн хийж өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж уг ажлыг Э ХХК -иар гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, тус компанийн захирлаас тус бүр 10,000,000 төгрөгийн хахууль авсан үйлдэл нь төр, нийтийн ашиг сонирхолд гэм хор учруулж олсон орлогыг тэдгээрээс гаргуулан улсын орлогод оруулна гэж, хариуцагч нь тайлбар, татгалзлаа ...гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй, хариуцагч Л.А нь төрийн үйлчилгээний албан тушаалтан биш, тухайн гэрээг талууд өөрсдөө харилцан тохиролцож байгуулсан, нийт 30,000,000 төгрөгийг бусдад ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан. Талууд бусдад гэм хорын хохирол учруулсан эсэх, уг үндэслэлээр нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй эсэх асуудлаар маргасан байна.

4. Н-ын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 66а дугаар тогтоолоор ...Э ХХК-ийн захирал Ч.Н нь Улаанбаатар сүлжээ ТӨХК-ийн ажилтан Д.Б н, Л.А П.Б р нарыг тус бүр 10,000,000 төгрөгийн хээл хахууль авсан үндэслэлээр шалгах, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хахууль авах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, /хх6-7/ уг прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шүүхийн тогтоол гаргаагүй прокурорын тогтоолд хахууль авах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж дүгнэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хахууль авсан, улмаар үндэслэлгүй хөрөнгөжилтийг буцаах тухай маргааныг иргэний журмаар хэлэлцэхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн зохицуулалтыг хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

Нэхэмжлэгч Н р нь дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч нарын дээрх үйлдлийн улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учирсан талаарх үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул гэм хорын хохирол учирсан гэж дүгнэхгүй юм.

7. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хорын хохирол учирсан болох нь нотлогдоогүй гэж дүгнэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд юуны өмнө нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан болох нь нотлогдсон, улмаар дээрх хохирол хариуцагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйтэй/ шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байх учиртай.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нотлох баримт үнэлэх журам зөрчсөн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Мөн иргэдийн төлөөлөгчийн ...хариуцагч нар нь эрүүгийн хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болсон байна, ямар нэгэн хохирогч гомдол байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/02201 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЦОГТСАЙХАН