Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/01045

 

                                         **** **** газрын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/02201 дүгээр шийдвэр, 

**** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01405 дугаар магадлалтай, 

**** **** газрын нэхэмжлэлтэй,

****, ****, Д. ****нарт холбогдох 

Хууль бус орлого тус бүр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулж, улсын

орлого болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинхоролын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинхорол, хариуцагч Д.Баярсайханхариуцагч ****, **** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** **** **** нь ****, ****, Д. ****нарт холбогдуулан хууль бус тус бүр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулж, улсын орлого болгуулахааршаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/02201 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас 10,000,000 төгрөг, хариуцагч Д.Баярсайханаас 10,000,000 төгрөг, хариуцагч ****аас 10,000,000 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгох тухай нэхэмжлэгч **** **** газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

3. **** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01405 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/02201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Б.Ичинхорол хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. **** прокурорын газраас “Улаанбаатар сүлжээ” ТӨХК-ийн Дулаан үйлчилгээний 2 дугаар салбар хариуцсан албаны дарга ****, Цахилгааны эргэх механизмын дарга ****, Техник хяналтын албаны хэрэглэгчийн техник хяналт, холболтын инженер Д. ****нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “...зах зээлийн ханшнаас өндөр үнээр төлөвлөсөн ажлаа “Энерготех сервис” ХХК-аар хийлгүүлэх шаардлагатай гэж “Тулга констракшн” ХХК-тай 278,051,641 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, улмаар “Энерготех сервис” ХХК-ийн захирал Ч.Норовсамбуугаас тус бүрд 10,000,000 төгрөгийн хээл хахууль авсан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасан “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр 2019.06.27-ны өдрийн 66А дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул ****, ****, Д. ****нараас хууль бусаар олсон орлого 10,000,000 төгрөг тус бүр гаргуулан улсын орлогод оруулах тухай прокурорын нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. **** прокурорын газраас Д. ****“Улаанбаатар сүлжээ” ТӨХК-ийн техник хяналтын албаны хэрэглэгчийн техник хяналт, холболтын инженерээр ажиллаж байхдаа Дулаан үйлчилгээний 2 дугаар салбар хариуцсан албаны дарга ****, Цахилгааны эргэх механизмын дарга **** нартай бүлэглэн “Тулга констракшн" ХХК-ийн 2013 онд ашиглалтад оруулсан 2 блок 96 айлын орон сууцны дулаан, цэвэр усны сүлжээнд холбох техникийн нөхцөл авах үед тухайн ажлын зураг төсвийг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр төсөвлөн хийж өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өндөр үнээр төлөвлөсөн ажлаа “Энерготех сервис” ХХК-аар хийлгүүлэх шаардлагатай гэж “Тулга констракшн” ХХК-тай 278,051,641 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, улмаар 2013.07.04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Энерготех сервис” ХХК-ийн захирал Ч.Норовсамбуугаас тус бүр 10,000,000 төгрөгийн хээл хахууль авсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан, “Энерготех сервис” ХХК-ийн Ч.Норовсамбуу нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨҮГ-ийн албан тушаалтнууд болох ****, ****, Д. ****нарт ажил олж өгвөл тохирсон хөлс төлөхөөр ярилцаж тохирсны дагуу ****, ****, Д. ****нарт тус бүр 10,000,000 төгрөг өгсөн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн уг гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Дээрх хэргийн улмаас нийтийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлд хамаарч байгаа, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, 13 дугаар зүйлийн 13.1.-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн зарим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дах хэсэг “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно.”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэг “Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй” гэж зохицуулсантай хамааралтай болохоос иргэний журмаар гэм хорын хохирлыг шаардах эрхийг хориглоогүй болно. Түүнчлэн эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг яллагдагч зөвшөөрөөгүй тохиолдолд /гэм буруугүй гэж үзсэн бол/ мөн зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүхээр цагаатгах тогтоол гаргуулахаар буюу гэм буруугүйд тооцуулахаар гомдол гаргах бөгөөд ийнхүү гомдол гаргаагүй тохиолдолд прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх хууль зүйн боломжгүй юм. Өөрөөр хэлбэл яллагдагч гэм буруугийн хувьд маргаагүй учраас энэхүү эрхээ эдэлж, гэм буруугүйд тооцуулахаар прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй.

4.1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нь бусдад учруулсан хохирол, хор уршгийг төлүүлэхээс чөлөөлөх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хууль бусаар олсон орлого буюу бусдад учруулсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нөгөөтээгүүр ****, ****, Д. ****нар нь 10,000,000 төгрөг авсан, Ч.Норовсамбуу нь тус бүр 10,000,000 төгрөг өгсөн үйл баримт эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон, уг нотлох баримтыг иргэний хэрэгт гаргаж өгсөн бөгөөд энэ талаар хариуцагч нар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч маргаагүй тул шүүх уг авсан, өгсөн мөнгөн хөрөнгө нь хууль ёсны эсхүл хууль бусаар олсон орлого эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэр гаргах бүрэн боломжтой байтал Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийг шийдвэрлээгүй байхад иргэний шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хахууль авсан, улмаар үндэслэлгүй хөрөнгөжилтийг буцаах тухай маргааныг иргэний журмаар хэлэлцэхгүй гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй гэсэн атлаа нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй гэж харилцан зөрүүтэй дүгнэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ. 

5. Хариуцагч Д.Баярсайханхариуцагч ****, **** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд нар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Б.Ичинхоролын гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ. 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Б.Ичинхоролын гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.10.10-ны өдрийн 001/ШХТ2022/01054 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ: 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Б.Ичинхоролын хяналтын журмаар гаргасан “... ****, ****, Д. ****нараас хууль бусаар олсон орлогод тус бүр 10,000,000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах...” гэсэн утга бүхий гомдлыгхангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

8. Анхан шатны шүүх **** **** газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

9. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг хангалттай бүрэн дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүйн улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь алдаатай болжээ.   

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар дээрх алдаануудыг залруулах боломжтой тул зөвтгөнө. 

10. **** **** **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д. ****Улаанбаатар сүлжээ ТӨХК-ийн техник хяналтын албаны хэрэглэгчийн техник хяналт, холболтын инженерээр ажиллаж байхдаа Дулаан үйлчилгээний 2 дугаар салбар хариуцсан албаны дарга ****, Цахилгааны эргэх механизмын дарга **** нартай бүлэглэн “Тулга констракшн” ХХК-ийн 2013 онд ашиглалтад оруулсан 2 блок 96 айлын орон сууцны дулаан, цэвэр усны сүлжээнд холбох техникийн нөхцөл авах үед тухайн ажлын зураг төсвийг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр төсөвлөн хийж өгч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өндөр үнээр төлөвлөсөн ажлаа “Энерготех сервес” ХХК-аар хийлгүүлэх шаардлагатай гэж, “Тулга констракшн” ХХК-тай 278,051,641 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Улмаар хариуцагч нар нь 2013.07.04-ний өдөр “Энерготех сервес” ХХК-ийн захирал Ч.Норовсамбуугаас тус бүр 10,000,000 төгрөгийн хахууль авсан. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019.06.27-ны өдрийн 66А дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. ...Хариуцагч нар нь тус бүр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийн улмаас олсон орлого буюу төр, нийтийн ашиг сонирхолд гэм хор учруулсан. ...хариуцагч нараас тус бүр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж өгнө үү...” гэж тодорхойлсон байна. 

Хариуцагч ****, ****, Д. ****нар “...гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй, хариуцагч **** нь төрийн үйлчилгээний албан тушаалтан биш, тухайн гэрээг талууд өөрсдөө харилцан тохиролцож байгуулсан, нийт 30,000,000 төгрөгийг бусдад ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбаруудыг гарган мэтгэлцжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Норовсамбуу “...Манай компани тухайн үед “Тулга констракшн” ХХК-ийн гадна цэвэр ус, дулааны шугамыг уг компанийн гаргасан төсвөөр ажил гүйцэтгэх гэрээг хямдруулан хугацаанд нь хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Уг ажлыг гүйцэтгэхэд маш их хүндрэлтэй байсан тул Д.Баярсайхан, ****, **** нарын мэргэжлийн туслалцаа, заавар, зөвлөгөөг амралтын өдрөөр авч, түүний дагуу ажлаа гүйцэтгэсэн. Энэ гуравт тус бүрд нь ажлын хөлс 10,000,000 төгрөг өгсөн. Манай компанид ямар ч хохирол байхгүй. Манай нэрийн өмнөөс **** **** **** нэхэмжлэл гаргаж байгаа юм бол манай хувьд ямар нэгэн санал байхгүй. Гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулгатай хариуцагч нарын байр суурийг дэмжиж оролцсон байна. 

11. Зохигчдын хооронд эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан эсэх нь маргааны зүйл болжээ.  

12. **** **** **** нэхэмжлэлдээ “... **** байгууллагын тухай хуулийн 20, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна...” гэж дурдсан байна. 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэснийг Монгол Улсын Их Хурлын 2021.01.15-ны өдрийн хуулиар “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж өөрчлөн найруулж, 2022.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр заасан. 

Дээрх хуулийн зохицуулалтын төрийн байгууллагын хүсэлт гэдэгт Монгол Улсын Их хурал, Засгийн **** болон тэдгээрээс эрх олгосон байгууллагаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлүүлж прокурорыг оролцуулах хүсэлтийг бичгээр гаргасныг хамааруулан ойлгоно. 

Харин прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцад маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд уул асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй байх нөхцөлд прокурор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг хамааруулж үзэж болдог. 

14. **** тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэйг заасан бөгөөд прокурор энэ эрхээ хэрэгжүүлэх нөхцөл нь өмнө дурдсанаар маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй тохиолдол бий болсон нөхцөлд уг асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гарахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй буюу эрх нь дуусгавар болсон, эрхийг түдгэлзүүлсэн, зогсоосон байх явдал болно. 

**** **** газраас ****, ****, Д.Баярсайхан нарыг цагаатгах журмаар бус хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул хариуцагч нарыг шударга бусаар эд хөрөнгө олж авсан гэж үзвэл төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлж уг эд хөрөнгийг шаардах эрхтэй. 

15. Анхан болон давж заалдах шатны шүүх ****, ****, Д. ****нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шүүхийн тогтоол гаргаагүй, прокурорын тогтоолд хахууль авах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж дүгнэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хахууль авсан, улмаар үндэслэлгүй хөрөнгөжилтийг буцаах тухай маргааныг иргэний журмаар хэлэлцэхгүй гэж дүгнэсэн. 

16. Нэгэнт эрүүгийн хэргийн журмаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоогоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нийтлэг журмын хүрээнд ****, ****, Д. ****нарын гэм буруу, маргааны зүйл болсон мөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар буюу хууль бус болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан боловч авсан болохыг нэхэмжлэгч нотлох үүрэг хүлээнэ. Тодруулбал: 

17. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж тус тус зохицуулсан. 

Аливаа этгээдэд зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр эрх, эд юмсын эзэмшил үүсэх бөгөөд харин өөрийн эзэмшлийг үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан тохиолдолд хууль бус эзэмшигчид хамааруулж ойлгодог. 

Өөрөөр хэлбэл, ****, ****, Д. ****нар маргааны зүйл болох мөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлээр олж авсан, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол Иргэний 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй”  гэж заасны дагуу хариуцагч нарынэзэмших эрх хамгаалагдах учиртай. 

Эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс эхлэн уг хөрөнгийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшсэн тохиолдолд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна. 

18. **** прокурорын **** 66А дугаар тогтоолоор Д.Баярсайхан “Улаанбаатар сүлжээ” ТӨХК-ийн техник хяналтын албаны хэрэглэгчийн техник хяналт, холболтын инженерээр ажиллаж байхдаа Дулаан үйлчилгээний 2 дугаар салбар хариуцсан албаны дарга ****, Цахилгааны эргэх механизмын дарга **** нартай хамт “Тулга констракшн" ХХК-ийн 2013 онд ашиглалтад оруулсан 2 блок 96 айлын орон сууцны дулаан, цэвэр усны сүлжээнд холбох техникийн нөхцөл авах үед тухайн ажлын зураг төсвийг зах зээлийн ханшнаас хэт өндрөөр төсөвлөн хийж өгч, албан тушаалын байдлаа ашиглаж өндөр үнээр төлөвлөсөн ажлаа “Энерготех сервис” ХХК-аар хийлгүүлэх шаардлагатай гэж “Тулга констракшн” ХХК-тай 278,051,641 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, улмаар 2013.07.04-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Энерготех сервис” ХХК-ийн захирал Ч.Норовсамбуугаас тус бүр 10,000,000 төгрөг авсан нь тогтоогджээ. 

Хариуцагч ****, ****, Д. ****нар **** прокурорын газрын дээрх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, ...эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу гомдлоо гаргаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэсэн хуулийн заалтыг хэрэглэх эсэхийг эрүүгийн ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна. 

 Иймээс маргааны зүйл болох мөнгийг хариуцагч нар үндэслэлгүйгээр, шударга бусаар эзэмшилдээ авсан эсэхийг иргэний журмаар хянан шийдвэрлэхэд **** прокурорын газрын 2019.06.27-ны өдрийн 66А дугаар тогтоол саад болохгүй тул хариуцагч нар мөнгөний шударга эзэмшигч гэж үзэхэд хамаарах болон нөлөөлөх нөхцөл байдал байгаа эсэх талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүх дүгнэлт хийнэ. 

19. Хэрэгт “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2013.05.23-ны өдрийн Б/99 дүгээр тушаал, Д.Баярсайхан, ****, **** нарын ажлын байрны тодорхойлолт, ****, **** нарын хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, **** прокурорын газрын 2017.04.10-ны өдрийн 46 дугаар, 2019.06.27-ны өдрийн 66А дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 274 дүгээр, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 430 дугаар шийтгэвэр, **** Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 123 дугаар, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаар магадлал, **** прокурорын газрын 2018.12.31-ний өдрийн 5/20 дугаар хариу мэдэгдэх хуудас, **** прокурорын газрын 2019.02.18-ны өдрийн 66 дугаар, 2018.12.07-ны өдрийн 327 дугаар тогтоол, 2016.11.30-ны өдөр ял өөрчлөн сонсгож яллагдагчаар байцаасан тэмдэглэл, 2016.12.02-ны өдөр ****ыг яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл, Ч.Норовсамбууг 2016.09.27-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, 2016.10.05-ны өдөр, 2016.11.03-ны өдөр сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл, 2016.11.28-ны өдрийн яллагдагчаар татах тогтоол, 2016.11.28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл, Г.Доржмягмарыг 2016.09.29-ний өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, Б.Дарьдулам, М.Хулан нарыг 2016.09.30-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, Ш.Бат-Эрдэнийг 2016.11.02-ны өдөр, 2016.12.12-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, Ю.Баатаржавыг 2016.11.03-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, 2016.10.04-ний өдөр Т.Алтангэрэлийг гэрчээр байцаасан тэмдэглэл, 2016.10.11-ний өдөр ****ыг яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл, 2016.11.30-ны өдрийн сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол, мөн өдрийн ял өөрчлөн сонсгож яллагдагчаар байцаасан тэмдэглэл, 2016.12.01-ний өдөр Д.Баярсайханд ял өөрчлөн сонсгож яллагдагчаар байцаасан тэмдэглэл, ****, ****, Д. ****нарт холбогдох эрүүгийн 201601000190 дугаар хэрэгт үзлэг хийж, эрүүгийн хэргээс гадна дулаан, цэвэр усны шугам шинээр угсрах ажил гүйцэтгэх 2013/55 дугаар гэрээ, 23 дугаар дулааны дэд станцын гидравлик горимын тооцоо, дүгнэлт, шинжээчийн 2016.10.24-ний өдрийн дүгнэлт, Ш.Ганцэцэгийг 2016.11.01-ний өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2013.05.23-ны өдрийн Б/99 дүгээр тушаал, О.Энхбаярыг 2017.03.17-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, Ш.Мөнхжаргалыг 2017.03.16-ны өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл, “Тулга констракшн” ХХК-ийн 2017.03.15-ны өдрийн 17/64 дугаартай албан бичиг, шинжээчийн 2017.03.06-ны өдрийн дүгнэлт, 258 дугаартай нэхэмжлэх, шинжээчийн зардлын тооцоо, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, “Тулга констракшн” ХХК-ийн 96 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр усны шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн төсөв, “Тулга констракшн” ХХК-ийн 2016.11.15-ны өдрийн 16/197 дугаар, 16/207 дугаар албан бичиг, Улсын ерөнхий прокурорын газрын 2019.03.21-ний өдрийн 13/1071 дугаар албан бичиг зэрэг нотлох баримт авагджээ. 

**** прокурорын газрын 2019.06.27-ны өдрийн 66А дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр ****, ****, Д. ****нарт холбогдох хэрэг бүртгэлтийн 201601000190 дугаартай хэргийг хаасан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын гэм буруу, үндэслэлгүйгээр, шударга бусаар эд хөрөнгө олж авсныг нотолсон агуулгатай баримт гэж үзэхээр байна.  

20. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заажээ. 

Дээрх хуульд заасан "шударга бус эзэмшигч" гэж эзэмшлээ хууль бус болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хууль бус эзэмшигч гэж хууль зүйн хувьд ойлгодог болно. 

21. ****, ****, Д. ****нар 30,000,000 төгрөгийг бусдад ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авсан гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч нар тайлбарын үндэслэлээ нэхэмжлэгчийн шаардаж буй хохиролтой шалтгаант холбоогүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

22. Энэ тогтоолын 19 дүгээрт дурдсан нотлох баримтуудаас үзвэл ****, ****, Д. ****нар бусдаас хууль болон гэрээнд заасан үндэслэлээр мөнгийг олж авсан, уг мөнгийг хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх бөгөөд хариуцагч нар үндэслэлгүйгээр, шударга бусаар орлого олсон тул Иргэний 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар шударга бус эзэмшигч гэж үзнэ. 

Энэ маргааны хувьд ****, ****, Д. ****нарын үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан мөнгийг, уг мөнгийг шилжүүлэн өгч байгаа үйлдлээ мөн адил хууль бус болохыг мэдэж байсан “Энерготех сервис” ХХК-ийн захирал Ч.Норовсамбууд бус, харин төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлж улсын орлого болгохоор хуульд заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргасан **** **** газрын шаардлагын хүрээнд хариуцагч нар Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар төлөх үүрэгтэй байна. 

23. Иймд **** прокурорын газрын 2019.06.27-ны өдрийн 66А дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд тусгагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд хариуцагч нарын үүргийг тодорхойлж, ****, ****, Д. ****нараас тус бүр 10,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцэх юм. 

24. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж заасан үндэслэл тогтоогдоогүй болно. 

25. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Б.Ичинхоролын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. **** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01405 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/02201 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ****аас 10,000,000 төгрөг, Д.Баярсайханаас 10,000,000 төгрөг, ****аас 10,000,000 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ****, Д.Баярсайхан, **** нараас тус бүр 174,950төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ    

                                                ШҮҮГЧИД                                           Н.БАЯРМАА

                                                                                                             Д.ЦОЛМОН 

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД