| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2019/02028/И |
| Дугаар | 183/ШШ2021/02019 |
| Огноо | 2021-09-29 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2021/02019
| 2021 оны 09 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2021/02019 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
/... дүүрэг, .... дугаар хороо, ...... давхарт байрлах, улсын бүртгэлийн дугаар ........, регистрийн дугаар ......../
Хариуцагч: *******тайж овогтой, Пийн Бэд холбогдох,
/Хан-Уул дүүрэг, .....дугаар хороо, ....... байр, ....тоотод оршин суух, регистрийн дугаар ........./
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 159.790.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, өмгөөлөгч Д.Т, нарийн бичгийн дарга Д.Содбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Б нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Х-...дугаар Зуучлалын гэрээг манай байгууллагатай байгуулж, Хан-Уул дүүргийн ......дугаар хороо, .....дүгээр хороолол /......./, ..... тоот хаягт байрлалтай, 1260 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 7 давхар барилгыг 308 м.кв талбайтай газрын хамт худалдан борлуулахад зуучлах, зуучилсны хөлсөнд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан дүнгийн 5 хувьтай тэнцэх мөнгийг төлөхөөр тохирсон. Манай компани барилгыг очиж үзэн, судалгаа хийж 2.900.000.000 төгрөгөөр дуудан 2.700.000.000 төгрөгөөр зарагдах нөхцөлийг бүх талаар бүрдүүлж, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, 2019 оны 5 дугаар сарын сүүлээр уг үл хөдлөх эд хөрөнгө 2.900.000.000 төгрөгөөр зарагдсан байна. П.Б нь манай компанид “...зараагүй, түрээслэж байгаа” гэж худал хэлж, зуучлалын хөлсөө төлөхөөс зугтсан. П.Бийн хувьд гэрээ цуцлах, татгалзах талаар манай компанид огт мэдэгдэж байгаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй. Иймд гэрээний 4.1, 4.4, Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3-т зааснаар харилцан тохиролцсон зуучлалын хөлс болох үл хөдлөх эд хөрөнгийг 2.700.000.000 төгрөгөөр худалдсан үнийн дүнгийн 5 хувь болох 145.000.000 төгрөг, алданги 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны 34 хоногийн 14.790.000 төгрөг, нийт 159.790.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зуучлалын гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ манай компани уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа өөрсдөө худалдан авагчийг олсон бөгөөд Худалдаа хөгжлийн банкинд уг үл хөдлөх эд хөрөнгө байсан ба банкны зүгээс худалдан авагчийг олж өгсөн. П.Бийн зүгээс 2019 оны 6 дугаар сард “банкнаас худалдан авах хүн олж өгсөн тул гэрээнээс татгалзах санал” О ХХК-д мэдэгдсэн тул зуучлалын хөлс төлөх боломжгүй, харин зуучлахад гарсан зардлын үнийг тохиролцоод төлж болно гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Бэд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 159.790.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн “...П.Б нь гэрээ цуцлах, татгалзах талаар мэдэгдэж байгаагүй, харин гэрээний хугацаанд бидэнд мэдэгдэлгүй үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсан тул гэрээний үүргийн гүйцэтгэлд зуучлалын хөлс 145.000.000 төгрөг, алдангид 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 34 хоногийн 14.790.000 төгрөг, нийт 159.790.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлдээ “...зуучлагч худалдан авагчийг олж өгөөгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгө Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байсан ба банкнаас худалдан авагчийг олж өгсөн. П.Б гэрээ цуцлах мэдэгдэл 2019 оны 6 сард О ХХК-д мэдэгдсэн” гэсэн тайлбар гаргаж, зохигч мэтгэлцжээ.
П.Б, “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Х-.....дугаар “Зуучлалын гэрээ”-ээр 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд зуучлагч “О” ХХК нь Хан-Уул дүүрэг, .....дугаар хороо, 1.......... тоот хаягт байршилтай, 1260 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус обьектод харьяалагдах 308 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт 2.900.000.000 төгрөгөөс худалдах нөхцөлтэйгөөр үнэлэн шилжүүлэх, гуравдагч этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч П.Б нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний хөлс төлөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан хүчин төгөлдөр Зуучлалын гэрээг талууд байгуулжээ.
Уг гэрээний дагуу зуучлагч “О” ХХК нь “Хан-Уул дүүрэг, ....дугаар хороо, ........ тоот хаягт байршилтай, 1260 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус обьектод харьяалагдах 308 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт 2.900.000.000 төгрөгөөс худалдах” талаарх зар сурталчилгааг .......... сайтад 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд байршуулсан, Зар мэдээ сонин болон Шуурхай зар сонингийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны хэвлэлийн дугааруудад нийтлүүлсэн, тухайн обьектыг сонирхож байсан этгээдэд танилцуулж, зарим тохиолдолд зуучлуулагчтай холбоо тогтоож өгсөн талаарх, мөн зуучлуулагч П.Б нь зуучлалын хөлс төлөөгүй талаарх үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.
П.Б нь Хан-Уул дүүрэг, ......дугаар хороо, .....хороолол, ........... байр, ..........тоот хаягт байршилтай, 1224 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2.400.000.000 төгрөгт тооцон 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Арилжааны гэрээний дагуу БНХАУ-ын иргэн Ли Цайшагийн өмчлөлд шилжүүлсэн, энэ талаар тухайн үед зуучлагч “О” ХХК-д мэдэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1246 дугаар лавлагаа, түүнд хавсарган ирүүлсэн баримт болон гэрч БНХАУ-ын иргэн .....ий мэдүүлэг зэрэг баримтаар нотлогджээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...П.Бийн зүгээс 2019 оны 6 дугаар сард гэрээнээс татгалзах саналыг О ХХК-д мэдэгдсэн” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.3-т “зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд зуучлагчид хөлс, шагнал олгохоор тохиролцож болно” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т “гэрээний хугацаанд зуучлагч талын тусламж, зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан тохиолдолд зуучлалын хөлсийг бүрэн төлнө” гэж заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнэ болох 2.400.000.000 төгрөгийн 5 хувь болох 120.000.000 төгрөгийн зуучлалын хөлсийг хариуцагч П.Бээс гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэрээний 7.1-д “...зуучлуулагч зуучлалын хөлсийг тогтоосонд хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлнө” гэж заасан байх боловч гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болохоор талууд тохиролцсон тул нэхэмжлэгч нь “...2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны алдангид 14.790.000 төгрөг”-ийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д зааснаар хариуцагчаас шаардах эрхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч П.Бээс зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд хөлс 120.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39.790.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 410 дугаар зүйлийн 410.1, 411 дүгээр зүйлийн 411.3-т заасныг баримтлан хариуцагч П.Бээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 120.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39.790.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 956.900 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 757.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД