Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 150/ШШ2021/00160

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 15-р баг, Мангирт 5-р хэсэг, 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, Хөхдан овогт ******* /РД:ТВ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтан булаг сумын 1-р баг, 0-р гудамжны 00 тоотод оршин суух, Шарууд овогт ******* /РД:ТЯ00000000/-т холбогдох,

Тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг, нийт 26.250.000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд /цахимаар/, хариуцагч Э.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр алт угаах тоног төхөөрөмжийг ******* 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах худалдан авах гэрээ хийсэн. 2017 оны 07 дугаар сарын 10-нд урьдчилгаанд 17.500.000 төгрөг авсан. Үлдэх 17.500.000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний 2.3-т “Худалдан авагч тоног төхөөрөмжийн үнийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги худалдан авагчид төлнө гэж заасан. Үүний дагуу 17.500.000 төгрөгийн алдангид 8.750.000 төгрөгийг нэхэмжилнэ. Э.Энхбаяраас тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг, нийт 26.250.000 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь хариуцагч ******* холбогдуулан тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Нэхэмжлэл гаргах үндэслэл нь ******* нь Дархан-Уул аймагт оршин суудаг. Алт угаах тоног төхөөрөмжийг гар аргаар хийдэг хүн. Энэ хүнтэй Э.Энхбаяр нь 2017 оны 04 дүгээр сард уулзаад тоног төхөөрөмж худалдаж авъя гэсэн санал тавьсан. Энэ саналынхаа дагуу 2017 оны 04 дүгээр сард урьдчилгаа мөнгө гэж 17.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ өгсөн мөнгөөр ******* бэлдэц бэлдээд бэлэн болгосон. 2017 оны 05 дугаар сард бэлэн болж Э.Энхбаяр хүлээж авах ёстой байсан боловч 17.500.000 төгрөгийг өгөөгүй. Тиймээс 2017 оны 07 дугаар сард өгнө гэж хоорондоо ярилцаж тохиролцоод худалдах худалдан авах гэрээгээ албан ёсоор хийгээд Дархан-Уул аймгийн нотариатын газар батлуулсан байдаг. 07 дугаар сарын 10-ны өдөр тохирсон цаг хугацаандаа мөнгөө өгөөгүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Гэрээнд заасан худалдан авагч тоног төхөөрөмжийн үнийг цаг хугацаанд нь төлөөгүй бол үнийн дүнгийн 0.5 хувийг алданги төлнө гэж гэрээнд заасан байсан тул энэ гэрээний дагуу алданги төлүүлнэ. Алданги нь тухайн үед нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр алданги тооцсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж  шүүх хуралдаанд оролцож байна...”, “...Өмгөөлөгчийн хэлээд байгаа Ганзоригийн дансаар орсон мөнгө Цогтбаяраас ч юм уу орсон мөнгө гэж тайлбарлаад байна. Түрүүн би цаг хугацааны хувьд тодорхой хэлсэн. Чимэдцэеэ гэдэг хүн байна. Ер нь хүн аливаа харилцаанд оролцохдоо таньдаг байж харилцаанд орохгүй. Чимэдцэеэ гэдэг хүн  алттай холбоотой зүйл хийсэн үү, хууль бус зүйл хийсэн байдаг ч юм уу тэрийг би хэлж мэдэхгүй байна. Ийм шаардлагаар би энд оролцмооргүй байна гээд байсан болохоос биш одоо бид нартай үед үгсэн тохиролцох мэдүүлэг өгөөгүй та өөрөө хуульч хүн байж зөв байдлаар хандаасай гэж үзэж байна. Ядуу хоосон ч юм уу хурал болгон дээр татах тамхины мөнгөгүй хүмүүс гээд байна. Ганзориг ч гэсэн баян цатгаландаа хүмүүс хөлдүү төмрөөр халуун хүйтэнд гагнуур хийж өгөөд аль аль нь амьдрах гэж байгаа амьдралд хэрэгтэй зүйл хийж өгөөд байна. Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Наад хүн чинь шууд очоод энэ дээр зурчхаарай гэхээр зураад байдаг. Дарханд явж байсан юм бол цуг очъё гээд Цогтбаярыг аваад хамт очоод зурахгүй яасан юм бэ. Өөрөө бичиг үсэг мэддэг хүн биеэ даагаад хүнтэй гэрээ хэлцэл хийхдээ уншаагүй гээд байна. Гэрээ хийхдээ буруу зөв ойлгоод төөрөгдөлд ороод хийлээ, хууран мэхлэгдэж хийсэн эсвэл итгэмжлэлээ хийсэн гэдгээ ямар нэг байдлаар нотлохгүй байна. Нэхэмжлэлийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

Хариуцагч Э.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* гэж хүнтэй 2017 оны 04 дүгээр сард байх усан буу худалдаж авах гэрээг нь сүүлд хийсэн. Очиход намайг байсан гээд байна. Уул нь Цогтбаяр болон Чулуун-Эрдэнэ бид нар дөрвүүлээ очиж байсан. Би ганцаараа нэг ч удаа очиж байгаагүй. Дээрээс нь бэлэн мөнгө өгсөн гээд худлаа яриад байна. Тухайн үед ямар ч бэлэн мөнгө өгөөгүй. Би ажилчин хүн. Тухайн үед Цогтбаяр гэж хүнтэй ажилчнаар очиж байсан. Усан бууг худалдаж авахад нь цуг очсон. Сүүлд нь гэр Алтанбулагт байдаг болохоор Цогтбаяр гэж хүн миний дүү Дарханаар дайраад Ганзориг гэж хүнтэй гэрээнд нь гарын үсэг зурчхаарай гэхээр нь би хэд хоногийн дараа очиж гэрээнд нь гарын үсэг зурсан. Иймэрхүү үйл явдал болсон. Тухайн үед Цогтбаяр нь дансаар шилжүүлсэн гэж надад хэлсэн. Бэлэн мөнгө, ямар ч, нэг ч төгрөгийн тооцоо хийж байгаагүй. Би ажилчин хүн учир усан буу 17.000.000 төгрөгөөр худалдаж авах шаардлага байгаагүй. Би зүгээр жирийн уул уурхайн том машин, экскаватор барьдаг. Намайг 17.000.000 төгрөгийг 2-3 удаа хувааж өгсөн гээд илтээр худлаа хэлж байгаад гайхаж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг нь нэлээн олон жилийн нүүр үзэж байна. Бараг 2, 3 жил боллоо. Энэ хооронд нэлээн хэдэн шүүхээр ороод Улсын Дээд шүүх хүртэл хянагдаад ирсэн хэрэг. Хэргийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй. Энэ шаардлагыг нотолсон зүйл ерөөсөө байхгүй. Энхбаяр гэдэг хүн 17.500.000 төгрөг өгсөн гэж ярьж байгаа боловч анхан шатны шүүх хуралд нэг л удаа нэхэмжлэгч ирсэн. Тэр хурал дээр ирээд 4-лээ байсан. Хэн нь өглөөдөө мэдэхгүй байна гэсэн. Хэн ч өгсөн юм бүү мэд.  17.500.000 төгрөгийг авсан гэж бодохоор дансаар аваагүй гэж шүүхэд гараар бичиж өгсөн байна. 17.500.000 төгрөгийг энэ 4-өөс аваад дараа нь бэлэн бусаар 17.500.000 төгрөг авсан юм биш үү энэ хүн гэдэг байдал гарч байна. Гэрээний 1.4-д заасан. Мөнгийг төлснөөр эд материал шилжүүлнэ гэж байгаа. Нэхэмжлэл нь өөрөө эргэлзээтэй. Аливаа эрх ашиг нь зөрчигдсөн гэж нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байгаа боловч нотлох үүрэгтэй. Энэ хүн тэдэн удаа тэнд очоод надад тэдэн төгрөг өгсөн баримт нь энэ байна. 17.500.000 төгрөг ямар ч баримт байхгүй. Хүлээлцсэн акт байхгүй гэж ярьдаг. Хүн  100.000 төгрөг өгсөн ч баримт авдаг. Банкнаас гаргаж өгч байгаа баримтыг үгүйсгэж байна. 17.500.000 төгрөг зүгээр дансаар ордог юм уу. Иймэрхүү байдлаар асуудал хандаж байна. Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байгаа Г.Чимэдзаяа нь энэ хэрэгт мэдүүлэг өгмөөргүй байна гэсэн сүүлд нь албадан ирүүлж байж энэ хүнээс хариулт авсан байна. Би мэдүүлэг өгөхгүй би тийм зүйлд орооцолдмооргүй байна. Энэ хүн мэдэж байгаа. Мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ хүний данснаас 17.500.000 төгрөг гараад явахаар энэ хүн мэдэхгүй байна гэж байхгүй. Ганзориг нарыг танихгүй байна гэж байхгүй. Эсвэл Цогтбаяр хэлсэн байж таараа. Иймэрхүү байдлаар цугларсан нотлох баримт нь бүгд хариуцагч талаас хүсэлтээр гаргасан нотлох баримт байна. 4 хүн гэрчээр асуулгасан. Улсын бүртгэлийн хэлтэс, банкны дансны хуулга 3 удаа гаргуулсан. Нэхэмжлэгч талаас Энхбаяр гэдэг хүн хариуцагч мөн гэдгийг нотолж чадахгүй байна. Тиймээс хэргийн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна. Би 3 янзаар тайлбарлаж байгаа. Нэгт нэхэмжлэл шаардлага хангахгүй байгаа. Төлөөлөл гарын үсэг зурж байгаа бол төлөөлөл нь байх ёстой. Тэр нь сүүлд гарсан. Гар нь өвдсөн гэдэг нь шалтгаан биш. Хоёр дугаарт гэрээнд 17.500.000 төгрөг авсан дараа нь дахиад 17.500.000 төгрөг дансаар авсан байна. 35.000.000 төгрөг болчхож байна гэж үзэхээр байна. Цогтбаярыг хамтран хариуцагчаар татах үндэслэл байсан. Дээд шүүх хүртэл тайлбарлахдаа нөгөө өнцгөөс нь тайлбарлаад байна. Гэтэл хэрэв шаардлагатай бол шүүх өөр этгээдийг хамтран хариуцагчаар татаж болно гэсэн заалт байгаа. Нэгэнт шүүх шийдсэн тул өөр зүйл ярихгүй. Цогтбаяр мөн гэсэн бичиг байна. Бүх хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлдэг. Энэ хүн тамхины мөнгө олох гэж ар гэрээ тэжээх гэж бид нар хөлсөөр 1.500.000 төгрөгөөр үнэлж Цогтбаярын боол болж хөлсний ажил хийж байгаа хүмүүс бид нар ямар алт авах мөнгө байх вэ гэж нэгэн дуугаар мэдүүлсэн байдаг. Энэ бүхнээс үзэхэд дээд шүүхээс хэд хэдэн зүйл дээр анхаарлаа хандуул гэсэн. Энэ хүн өөрөө худалдан авах гэрээ хийсэн үү Цогтбаярын даалгавраар хийсэн үү гэдгийг нарийн тогтоосны үндсэн дээр дүгнэлт хийх шаардлагатай байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна гэж хариуцагчийн өмгөөлөгч үзэж байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...”, “...Улсын бүртгэлээс Чимэдцэеэ нь Цогтбаяртай ямар харилцаатай талаар лавлагаа гаргуулахыг хүссэн боловч энэ нь хүний эрхийн асуудал байсан. Ямар харилцаатай байсныг өөрсдөө тодорхойлохоос биш найз нөхөд, нууц амраг, гэр бүл, ах дүү, амраг садны харилцаатай гэдгийг шүүх нотлох боломжгүй зохисгүй гэдэг хариулт өгсөн. Нэхэмжлэлд дурдсан 04 дүгээр сард 17.500.000 төгрөг тоо ёсоороо авсан гэдэг нь таараад байгаа. Авсан гэсэн мөнгө нь Ганзоригийн дансанд орсон л байгаа байхгүй юу. Энэ хүн явуулаагүй нь тодорхой. Яг нарийн мөшгөхөөр шүүх хурал эхлэхийн өмнө бодож байсан. Энэ бол ерөөсөө шийдэгдэхгүй юм байна. Яг Чимэдзаяа гэж хүн Цогтбаяртай ямар холбоотой гэдгийг өөрсдөө л хэлэхгүй бол нэгэнт хүн би яримааргүй байна гэхэд нь шүүх хэн ч эрхэд халдах боломжгүй. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтуудтай таарч байна. Тоног төхөөрөмж худалдан авсан хүн бол Цогтбаяр мөн гэсэн байр суурьтай байна. Нэгэнт Ганзориг нь 17.500.000 төгрөгийг дансаар аваагүй гэж илэрхийлээд байгаа бол дансаар орсон уу нэхэмжлэлийн шаардлага хангагдсан уу талаар үүнтэй холбогдуулан шүүхэд хүсэлт гаргаж байсан. “Ашид билгүүн” ХХК нь энэ тоног төхөөрөмж ямар үнэтэй талаар. Харамсалтай нь тодорхой баримт гараагүй юм байна. Зарим нэмэлт баримтууд шаардсан тэрийг Цогтбаяр зараад алга болсон учир нотлох үнэлэх боломжгүй болоод саатсан байна. Цугларсан нотлох баримтуудыг үзэхэд хэргийг шийдвэрлэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналаа дэмжиж байна...” гэв.

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан Тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг, нийт 26.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Э.Энхбаяр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна. 

 Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалбал: 

Нэхэмжлэгч *******, хариуцагч Э.Энхбаяр нарын хооронд алт олборлох тоног төхөөрөмж Худалдах, худалдан авах гэрээ 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдаж, гэрээний талууд /хавтас2, хуудас3/ гарын үсэг зурсан байна.

Гэрээний 1.2-т хөрөнгийн нийт үнэ 35.000.000 төгрөг бөгөөд урьдчилгаа 17.500.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-нд төлсөн, гэрээний 1.3-т үлдэгдэл 17.500.000 төгрөгийг 2017.07.10-нд төлж барагдуулна гэсэн бол 2.3-т худалдан авагч гэрээнд заасан хугацаанд худалдаж буй тоног төхөөрөмжийн үнийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алдангийг худалдагч талд төлнө гэж тохиролцсон, урьдчилгаа 17.500.000 төгрөгийн талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч *******, хариуцагч Э.Энхбаярыг гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл 17.500.000 төгрөгийг төлөөгүй гэж алданги 8.750.000 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэл 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Шүүх хуралдаанд хариуцагч Э.Энхбаяр “...2017 оны 04 дүгээр сард байх усан буу худалдаж авах гэрээг нь сүүлд хийсэн. Очиход намайг байсан гээд байна. Уул нь Цогтбаяр болон Чулуун-Эрдэнэ бид нар дөрвүүлээ очиж байсан. Би ганцаараа нэг ч удаа очиж байгаагүй. Дээрээс нь бэлэн мөнгө өгсөн гээд худлаа яриад байна. Тухайн үед ямар ч бэлэн мөнгө өгөөгүй. Би ажилчин хүн. Тухайн үед Цогтбаяр гэж хүнтэй ажилчнаар очиж байсан. Усан бууг худалдаж авахад нь цуг очсон. Сүүлд нь гэр Алтанбулагт байдаг болохоор Цогтбаяр гэж хүн миний дүү Дарханаар дайраад Ганзориг гэж хүнтэй гэрээнд нь гарын үсэг зурчхаарай гэхээр нь би хэд хоногийн дараа очиж гэрээнд нь гарын үсэг зурсан. Би Цогтбаяр гэдэг хүнтэй хамтарч ажиллаж байсан болохоор гэрээнд гарын үсэг зурчхаач гэж гуйхаар нь гарах үр дагаврыг нь мэдэхүй гарын үсэг зурсан. Надад бэлэн 17.500.000 төгрөг хэзээ ч байгаагүй. Энэ мөнгийг С.Цогтбаяр төлж худалдаж авсан...Цогтбаяр надтай ажиллахгүй гэсэн учир 2017 оны 07 сарын 10-аас хойш ажиллаагүй.Алтны төхөөрөмж уурхай дээр үлдсэн” гэх тайлбар нь

Шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Т.Чулуун-Эрдэнийн “С.Цогтбаяр О.Батнаран бид гурав 2017 оны 04 сард хамтарч алт хувиараа олборлох талаар ярилцах үедээ, алт олборлоход ийм,ийм тоног төхөөрөмж хэрэгтэй авна гэж хоорондоо ярилцсан.Ерөнхийдөө С.Цогтбаяр усан буу авах санааг гаргаж,С.Цогтбаяр хэлэхдээ “... би өөрөө усан буу техникийг нь гарган.та нар зүгээр ажлаа хий гэсэн саналтай байсан.С.Цогтбаяр усан буу 35.000.000 үнэтэй байна.Урьдчилгаа болгож 17.500.000 төгрөгийг нь төлж авсан гэж тухайн үедээ ярьж байсан...Ц.Цогтбаяр нь 2017 оны 10 сард цалин мөнгөө тавина Улаанбаатар хот руу хоол хүнс олж ирнэ гээд явсан. Буцаж ирээгүй. О.Батнаран бид хоёр техник хэрэгсэлтэйгээ Ерөө сумын Ялбаг гэх газарт үлдсэн тэр үед Гантөмөр гэх хүн ирээд усан буу авъя С.Цогтбаяртай өгч авалцахаар ярьсан гэж ирсэн. Тухайн үед О.Батнаран бид хоёр Цогоо ах тэгж хэлэхгүйдээ өгөхгүй  гэж маргасан боловч Гантөмөрийн утсан дээр С.Цогтбаяр усан бууг өгч авалцах талаар ярилцсан бичлэг байсан тэгээд удаагүй Гантөмөр усан бууг аваад явсан” гэх мэдүүлэг /хавтас 1, хуудас 30 ар тал/,

Гэрч О.Батнарангийн “Алт угаах усан бууг С.Цогтбаяр захирал өөрөө санаачилж, С.Цогтбаярын мөнгөөр авсан...Бид нарт ямар ч хөрөнгө байхгүй,харин С.Цогтбаяр захирал ямар техник төхөөрөмж авах, хөрөнгө мөнгөний асуудлыг өөрөө шийддэг байсан” гэх /хавтас 1 хуудас 33/ мэдүүлэг,

Гэрч Б.Мөнхбаатарын “Анх гэрээг н.Эхбаярын нэр хийсэн байдаг. Бодит байдал дээр н.Энхбаяртай тэр усан буу хамааралгүй. н.Энхбаяр усан буу авах мөнгөтэй хүн биш С.Цогтбаяр, Э.Энхбаяр нарын хоорондох харилцааг би сайн мэдэхгүй” гэх /хавтас 1 хуудас 34 ар тал/ мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Дээрх тайлбар мэдүүлгээс дүгнэхэд хариуцагч Э.Энхбаярыг алтны тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний тал гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан.  

Тоног төхөөрөмжийн урьдчилгааг гэрээ байгуулахаас өмнө буюу 2017 оны 04 сарын 20-нд төлсөн бөгөөд гэрээ байгуулсны дараа уг төхөөрөмж эзэмших, ашиглах, өмчлөх эрх хэнд шилжсэн гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй  байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасны дагуу алтны тоног төхөөрөмжийг С.Цогтбаяр, Э.Энхбаяр, О.Батнаран нар Дархан-Уул аймагт очиж *******оос авсан ба Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар түрүүлж гэрээ хийсэн этгээд болох Э.Энхбаяр түрүүлж  өөрийн эзэмшилдээ авах байсан.

 Гэтэл С.Цогтбаяр 17.500.000 төгрөг шилжүүлсэн гэдэг үндэслэлээр  тоног төхөөрөмжийг өөрийн эзэмшилдээ авч бусдад худалсан болох нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна.

Дээрх байдлыг дүгнээд 2017 оны 05 сарын 11-ний өдөр байгуулсан эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээ байгуулах үед нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль хөнгөмсгөөр хандаж гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч  ******* нь Э.Энхбаяр гэдэг хүнтэй гэрээ байгуулах үед С.Цогтбаярыг төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг шалгалгүй, гэрээ байгуулсан, хариуцагч Э.Энхбаяр нь С.Цогтбаярын итгэмжлэлгүйгээр “ иргэний үнэмлэхээ авч очоод гэрээн дээр гарын үсэг зурчих” гэж хэлсэн гэж гэрээг байгуулсан байна.

 Нэхэмжлэгч нь хариуцах эрхгүй хүнтэй гэрээ байгуулсан, нэхэмжлэгч, хариуцагч нар  хэн аль гэрээ хийснээр гарах үр дагаврыг ухамсарлан ойлгоогүй, өөрсдийн үйлдэлдээ хөнгөмсгөөр хандаж гэрээ байгуулсан  байна.  

Алтны тоног төхөөрөмж худалдан авах хүсэл зориг нь С.Цогтбаярын хүсэл зориг бөгөөд худалдах худалдан авах гэрээний тал болох нь хэргийн материалаар хангалттай тогтоогдож байна.  Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Худалдах- худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг. Иймд тоног төхөөрөмжийн үлдэгдэл 17.500.000 төгрөгийг хариуцан төлөх үүрэг бүхий этгээд нь С.Цогтбаяр байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг, нийт 26.250.000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд гэрч нарын өгсөн мэдүүлгүүд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдүүлгүүд бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан хариуцлагыг танилцуулж авсан мэдүүлэг тул нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлт шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчийг оролцуулах талаар талуудаас хүсэлт гараагүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох 17.500.000 төгрөг алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг бүрэн эхээр бичсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.         

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА