Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00344

 

Ц.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 179 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар магадлалтай,

Ц.Гийн нэхэмжлэлтэй

Э.Эт холбогдох

Үлдсэн төлбөр 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр алт угаах тоног төхөөрөмжийг Э.Эт 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 2017 оны 07 дугаар сарын 10-нд урьдчилгаанд 17.500.000 төгрөг авсан. Үлдэх 17.500.000 төгрөгийг 07 дугаар сарын 10-нд авахаар тохиролцож, энэ нөхцөлийг гэрээндээ тусгаж, талууд гарын үсгээ зурсан. 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өнгөрч 17.500.000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний 2.3-д Худалдан авагч тоног төхөөрөмжийн үнийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги худалдан авагчид төлнө гэж заасан. Үүний дагуу 17.500.000 төгрөгийн алдангид 8.750.000 төгрөгийг нэхэмжилнэ. Э.Эаас тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг, нийт 26.250.000 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл миний бие нь С.Ц, С.Батнаран, Т.Чулуун-Эрдэнэ нартай хамт 2017 оны 04 дүгээр сарын дундуур Ц.Гтой очиж уулзан алт угаах скрупер 80 тоног төхөөрөмжийг хийлгэхээр харилцан тохиролцсон. Ц.Гоос алт угаах тоног төхөөрөмжийг гэрээ хийхээс өмнө очиж С.Ц, О.Батнаран, Т.Чулуун-Эрдэнэ нарын хамт очиж аваад, хөдөө ачиж явсан. Урьдчилгаа 17,500,000 төгрөгийг би өгөөгүй, С.Цл мөнгө төгрөгийг нь гаргаж өгсөн. Хэдийд яаж өгснийг нь мэдэхгүй. Харин намайг Алтанбулаг руу гэр лүүгээ явж байхад С.Цутсаар намайг Чи Ц.Г дээр очоод Худалдах, худалдан авах гэрээ хийгээд гарын үсэг зураад ир гэхээр нь мөнгө төгрөг нь болсон юм болов уу гэж бодоод л гэрээ хийж, гарын үсэг зурсан. Миний хувьд техник тоног төхөөрөмж авах мөнгө төгрөг ч байхгүй. Зөвхөн би С.Цгэдэг хүнтэй сарын 2.500.000 төгрөгөөр хөлсөөр ажиллахаар тохиролцсон байсан боловч сүүлдээ таарч тохирохгүйн улмаас удалгүй 2017 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан. Би өөрөө ч ажилласан хөлсөө аваагүй байгаа. Энэ асуудал надад хамаагүй. Би зөвхөн С.Цыг гуйхаар нь л өөрийн нэр дээр гэрээ хийн гарын үсгээ зурсан. С.Цл удирдаж зохион байгуулан ажилладаг байсан. Надад тамхины ч мөнгө байгаагүй. Тийм учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 179 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 зааснаар Э.Эаас 26.250.000 төгрөг гаргуулан Ц.Гт олгуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 289.200 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 179 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 289.200 /хоёр зуун наян есөн мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд хяналтын гомдолдоо: Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Э.Эт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 26 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч үндэслэлгүй тайлбар хийж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нь үнэнд нийцэхгүй юм. Магадлалын үндэслэл хэсэгт: ...хамтран хариуцагч С.Цт холбогдох хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаагүй байна гэжээ. Анхан шатны шүүхийн 179 дугаартай шийдвэрт ... хамтран хариуцагч С.Цыг эрэн сурвалжилахад тухайн оршин суух хаягт бүртгэлтэй боловч 2017 оны 11-р сарын 12-ны өдөр “Буянт-Ухаа”-ийн боомтоор Монгол Улсын хилээр гарсан болох нь Хил Хамгаалах Ерөнхий Газрын 2019 оны 02-р сарын 22-ны өдрийн 2/1526 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул хариуцагч нь С.Цт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж заасан байхад давж заалдах шатны шүүх хэт үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа. Хариуцагч Э.Э нь нас биед хүрсэн, эрх зүйн чадамжтай иргэнийхээ хувьд бусадтай гэрээ хийчихээд гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй, хариуцлага хүлээх болохоороо хүний өмнөөс гарын үсэг зурсан хариуцлага хүлээхгүй гэж маргаж байгаа боловч татгалзлынхаа үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй. Нэхэмжлэгч Ц.Гийн Хаан банкны дансанд 2017 оны 04-р сарын 15 ны өдөр 17 500 000 төгрөг орсон байдаг. Энэ мөнгө нь хариуцагч Энхбаяр болон С.Ц нараас ороогүй. Ц.Г нь өөр олон хүнтэй харьцаж тэдэнд эд зүйл хийж өгөн ажлын хөлс, авдаг учраас энэ мөнгө үйлчлүүлэгч иргэдээс дансанд нь орсон мөнгө юм. Энэ мөнгийг хэнээс орж ирсэн гэдгийг мэдэх шаардлагатай байсан юм бол хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж тодруулж болох байсан. Ийм хүсэлт огт гаргаагүй байж шүүх дансны эзэн хэн болохыг тогтоох ёстой байсан гэж үзэж үндэслэлгүй гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх гомдлыг нь хүлээн авсан нь буруу байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн нөхцөл байдалд зөв зүйтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн учир шийдвэр үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй боловч зарим хууль зүйн дүгнэлтийг зөвтгөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Э.Эт холбогдуулан худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 26 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Зохигчийн хооронд 2017 оны 05 сарын 11-ний өдөр байгуулагдсан “алт угаах төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ”-нд Э.Э гарын үсэг зурсан байх боловч гэрээг байгуулаагүй гэж маргаж, “...бодит байдалд С.Цтөхөөрөмжийг худалдаж авч, урьдчилгаа 17 500 000 төгрөгийг төлсөн, ...алт олборлохоор хамт ажиллаж зөвхөн цалин авахаар С.Цтай тохирсон боловч өгөөгүй, гэрээнд гарын үсэг зураадах гэхээр нь зурсан, ...эд хөрөнгийг худалдаж аваагүй, надад тоног төхөөрөмж байхгүй...” гэж мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч Э.Эын хүсэлтээр С.Цыг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн, С.Цын хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр түүнийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн, С.Цнь Солонгос улс руу 2014 оны 11 сарын 12-ны өдөр Буянт-Ухаа боомтоор хил нэвтэрсэн нь тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх хамтран хариуцагч С.Цт холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт дурдаагүй, хоёр хариуцагчийн нэгэнд холбогдох хэргийг шийдвэрлэж, нөгөө хариуцагчид холбогдох асуудлыг хэрхсэн нь тодорхойгүй, ямар нэгэн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заасан, хариуцагчийг зөвхөн нэхэмжлэгч тодорхойлохыг хуульд заасан байхад хариуцагчийн хүсэлтээр хамтран хариуцагч оролцуулсан ажиллагаа хуулийн уг хэм хэмжээг ноцтой зөрчсөн зөрчил болно. Зүй нь давж заалдах шатны шүүх уг зохицуулалтын дагуу дүгнэлт өгөх ёстой байсан бөгөөд анхан шатны шүүх уг алдааг залруулах нь зүйтэй болно.

Харин анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс гаргасан хэрэгт ач холбогдол бүхий баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангасан боловч тухайн баримт бүрэн бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн, үүний улмаас зохигчийн мэтгэлцэх эрх хязгаарлагдсан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан журмыг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Талуудын хүсэл зориг, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан эсэх, алт угаах тоног төхөөрөмжийн үнийг хэн төлсөн, нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийг хэнд хүлээлгэн өгсөн,  Э.Э нь өөрөө гэрээ байгуулж, үүрэг хүлээсэн үү эсвэл С.Цыг төлөөлж гэрээнд оролцсон уу гэх хэргийн ач холбогдол бүхий үйл баримтыг зохигчоос тодруулж, зайлшгүй зохих эрх зүйн дүгнэлтийг хийх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхой болгоогүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                    П.ЗОЛЗАЯА