Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 208/МА2019/00023

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2017/00627

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25ы өдрийн 179 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох  үлдсэн төлбөр 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр алт угаах тоног төхөөрөмжийг *******т 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 2017 оны 07 дугаар сарын 10-нд урьдчилгаанд 17.500.000 төгрөг авсан. Үлдэх 17.500.000 төгрөгийг 07 дугаар сарын 10-нд авахаар тохиролцож, энэ нөхцлийг гэрээндээ тусгаж, талууд гарын үсгээ зурсан. 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өнгөрч 17.500.000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний 2.3-д Худалдан авагч тоног төхөөрөмжийн үнийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги худалдан авагчид төлнө гэж заасан. Үүний дагуу 17.500.000 төгрөгийн алдангид 8.750.000 төгрөгийг нэхэмжилнэ. *******аас тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 17.500.000 төгрөг, алданги 8.750.000 төгрөг, нийт 26.250.000 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь шүүхэд гаргасан энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл миний бие нь *******, *******, ******* нартай хамт 2017 оны 04 дүгээр сарын дундуур *******той очиж уулзан алт угаах скрупер 80 тоног төхөөрөмжийг хийлгэхээр харилцан тохиролцсон. *******оос алт угаах тоног төхөөрөмжийг гэрээ хийхээс өмнө очиж *******, О.Батнаран, ******* нарын хамт очиж аваад, хөдөө ачиж явсан. Урьдчилгаа 17,500,000 төгрөгийг би өгөөгүй, ******* л мөнгө төгрөгийг нь гаргаж өгсөн. Хэдийд яаж өгснийг нь мэдэхгүй. Харин намайг Алтанбулаг руу гэр лүүгээ явж байхад ******* утсаар намайг Чи ******* дээр очоод Худалдах, худалдан авах гэрээ хийгээд гарын үсэг зураад ир гэхээр нь мөнгө төгрөг нь болсон юм болов уу гэж бодоод л гэрээ хийж, гарын үсэг зурсан. Миний хувьд техник тоног төхөөрөмж авах мөнгө төгрөг ч байхгүй. Зөвхөн би ******* гэдэг хүнтэй сарын 2.500.000 төгрөгөөр хөлсөөр ажиллахаар тохиролцсон байсан боловч сүүлдээ таарч тохирохгүйн улмаас удалгүй 2017 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан. Би өөрөө ч ажилласан хөлсөө аваагүй байгаа. Энэ асуудал надад хамаагүй. Би зөвхөн *******ыг гуйхаар нь л өөрийн нэр дээр гэрээ хийн гарын үсгээ зурсан. ******* л удирдаж зохион байгуулан ажилладаг байсан. Надад тамхины ч мөнгө байгаагүй. Тийм учраас би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 179 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 зааснаар *******аас 26.250.000 төгрөг гаргуулан *******т олгуулж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 289.200 төгрөгийг Төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Энэ иргэний хэрэг хоёр хариуцагчтай байтал хэргийн нэг хариуцагч *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй, түүнийг байлцуулалгүй нэг хариуцагчтай хэрэг мэтээр шийдвэр гаргасныг хууль ёсны дагуу гаргасан шийдвэр гэж үзэхгүй байна. Энэ талаар 2018 оны 01-р сарын 29-ний өдрийн тус шүүхийн шүүгчийн 236 дугаартай захирамжаар *******ыг ИХШХШТХуулийн 27-р зүйлийн 27.3-д заасан үндэслэлээр хамтран хариуцагчаар" татсан байдаг бөгөөд дээрх захирамжаа уг захирамжийг гаргасан шүүгч дахин 2018 оны 10-р сарын 26-ны өдөр 1830 дугаартай захирамж гарган хүчингүй болгосон. Хэргийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар буцсаны дараагаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02-р сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 1830 дугаартай захирамжийг хүчингүй болгосноор *******ыг хамтран хариуцагчаар татсан захирамж хүчинтэй хэвээр үлдсэн, захирамж хүчин төгөлдөр үйлчилж байхад хэргийн нэг хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан гэж үзэж байна.

Хоёр хариуцагчтай хэргийг хянан шийдвэрлэж байгаа атлаа нэгийг нь эрэн сурвалжилж олох хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тудгэлзүүлэх эсхүл хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байсан талаар хариуцагч талын хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр үндэслэлгүй болсон гэж үзнэ. ИХШХШТХуулийн 61-р зүйлд нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна гэсэн заалтыг зөрчсөн, хэргийн нэхэмжлэгч гарын үсгээ зураагүйгээ хүлээн зөвшөөрсөн, төлөөлөгч оролцож буй талаар итгэмжлэл нэхэмжлэлд хавсаргагдаагүй итгэмжлэлийг сүүлд нь гаргасан боловч нь хууль зөрчсөн зэрэг мөн хуулийн 65-р зүйлийн 65.1.5, 65.1.9 дэх заалтыг зөрсөн, энэ талаар хариуцагчийн удаа дараа гаргасан тайлбар, хүсэлтийг харгалзан үзээгүй, мөн худалдах худалдан авах гэрээний тухайд уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн эсэхийг нягтлан шалгаагүй. дээрх гэрээний 1.5-р зүйлд худалдагч нь төлбөрийг бүрэн барагдуулсны дараа худалдан авагчид уг эд хөрөнгийг шилжүүлнэ гэсэн заалтыг нэхэмжлэгч зөрчсөн эсэх асуудлыг нягтлан тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж нотолсон нотлох баримтыг огт гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй, шүүх хурал болгон дээр зөрүүтэй, өөр тайлбар гаргасан, хэрэгт шүүхийн журмаар гаргуулсан бичгийн нотлох баримтыг болон хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэсээр байхад ч зөвхөн нэхэмжлэгчийн аман тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн хариуцагчийн хүсэлтээр гэрчээр иргэн О.Батнаран, *******, Б.Мөнхбаатар нарыг асуусан талаарх нотлох баримтууд, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.Батнарангийн мэдүүлэг зэргээс тухайн үед алт олборлох үйл ажиллагаанд ******* ахалж бүх санхүүгийн асуудлыг нь хариуцан тэднийг хөлсөөр цалинжуулан ажиллуулахаар аман хэлцэл хийж ажиллуулсан боловч цалин хөлс огт өгөлгүй хамаг юмаа орхиод худал хэлж оргон алга болсон, мөн түрээсээр ашиглаж байсан 2ш эксковаторын "түрээсийн гэрээ-нд мөн цуг ажиллаж байсан О.Батнарангаар гарын үсэг зуруулсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байхад дээрх нотлох баримтуудыг үнэлж үзээгүй, хариуцагч иргэн ******* түүний хамааралтай этгээдүүд нь ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч байгаагүй талаар Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа тодорхойлолтыг үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 01-р сарын 09-ний өдрийн Хүсэлт хангаж нотлох баримт гаргуулах" тухай захирамжийг өмнө нь огт биелүүлээгүй дахин дахин хүсэлт гаргаснаар сүүлийн шүүх хурлын өмнөх өдөр хаан" банкнаас нэхэмжлэгч *******ийн харилцах дансыг шүүхийн журмаар гаргуулсан байх бөгөөд шалгахад нэхэмжлэгч *******ийн дансанд 2018.04.15-ны өдөр 17.500.000 төгрөг бэлэн бусаар шилжүүлгээр орсон байхад тэр баримтыг шүүх хурал дээр шинжлэн судалж лавлаж асуухад нэхэмжлэгч ******* өөрөө надад тийм мөнгө төгрөг огт орж ирээгүй гэдэг. Энэ талаар шүүх хуралдаан даргалсан шүүгч өөрөө дахин нэхэмжлэгчээс тодруулан асуусан. Нэхэмжлэгч ийм мөнгө орж ирээгүй гэж хариулт өгсөн байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт .., 2017 оны 04-р сарын 15-ны өдрөөс 2017 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл депозит дансны дэлгэрэнгүй хуулга"-ыг шүүлгэн үзэхэд дансаар мөнгө шилжүүлээгүй харин нэхэмжлэгчид урьдчилгаа төлбөрийг бэлнээр өгсөн нь үндэслэлтэй гэж цугларсан нотлох баримтаас эрс зөрүүтэй тухайн нотлох баримтыг үгүйсгэсэн байдлаар хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч нь ганц нэг удаа шүүхэд тайлбар гаргахдаа хэрэгт огт ач холбогдолгүй би нэхэмжлэлдээ он сар өдрийг буруу бичсэн байна, надад мөнгө хүлээн авсан баримт байхгүй, мөнгийг Э. Энхбаяр 2-3 хувааж өгсөн, мөнгийг тэр 4 хүн дөрвүүлээ л бэлнээр өгсөн, бэлнээр өгсөн баримт нь байхгүй байгааг харгалзаж өгнө үү, надад 17.500.000 төгрөгийг дансаар өгөөгүй гэх зэргээр шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадахгүй байхад хэт нэг талыг барьж үндэслэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой.

Иймд хэргийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгч хэргийн хариуцагч нь ганц ******* биш, ******* бас байх ёстой гэж ярьдаг. Нэхэмжлэгч өөрөө шүүхэд нэхэмжлэлийнхээ шаардлагыг шүүхэд гаргахдаа *******ыг сонгож гаргасан. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө сонгож, татсан. Харин хариуцагчийн хүсэлтээр *******ыг хариуцагчаар татаж оруулсан нь үндэслэлгүй. Энэ хүнийг татах уу?, яах уу? гэх асуудлыг нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асууж тодруулаагүй. Нэхэмжлэгч хариуцагчийн татаж оруулахыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагч ******* насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай, бичиг үсэг мэддэг ийм хүн байж бусдын өмнө үүрэг хүлээж, худалдах худалдан авах гэрээ хийчихээд энэ гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй гээд татгалзаад байгаа татгалзал нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар хангалттай нотлогддоггүй. Нэхэмжлэгч *******ийн дансанд орсон 17.500.000 төгрөгийг бидний зүгээс өгсөн мөнгө гэж тайлбарлаж байгаа боловч хэний данснаас орсон гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. ******* бол өөрөө скрупер гэх төхөөрөмж хийдэг, олон хүнтэй харьцдаг учраас 17.500.000 төгрөг орж ирэхийн хувьд орж ирсэн. Гэхдээ энэ мөнгө *******аас эсвэл *******аас орж ирсэн гэдэг нь нотлогдоогүй, үүнийгээ нотолж хариуцагч нотлоогүй.

Нэхэмжлэгчийн ажлын онцлог бол төмөр чулуугаар юм хийдэг тул гараа бэртээсэн тул нэхэмжлэл гаргахдаа зарим нэг зүйл дээр гарын үсгээ зураагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжээд шүүх хуралдаанд ирж оролцсон тул гарын үсгийн тал дээр ямар нэгэн маргаан гараад байх үндэслэлгүй тул хэргийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзэж байна.

4. ******* нь би энэ асуудлыг удирдан зохион байгуулаагүй бидний дөрвөн залуучууд *******т хөлсөөр ажиллаж байсан гэж яриад байдаг. ******* гэж хүн *******той өөрөө уулзаад ...Би Сэлэнгэ нутгийн хүн, энэ алтны үйл ажиллагаа явуулах лицензээ өөрөө олоод авчихна... голчлон яриад байсан, мөн худалдах худалдан авах гэрээн дээр өөрөө гарын үсэг зураад авсан байдаг.

Өнөөдөр ******* нь тухайн гэрээг хийсэн гэдэг дээр маргаагүй байна. Тиймээс ******* энэ гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн 179 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 26.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ

Хэргийг судлан үзвэл:Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа зохигчдын хооронд 2017 оны 05 сарын 11-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээнд ******* гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй гэж тайлбарладаг бол хариуцагч нь гэрээнд гарын үсэг зурсан боловч тухайн худалдах худалдан авах гэрээг бодит байдал дээр ******* нь байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь хамтран хариуцагчаар *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргаснаар шүүгчийн 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 236 дугаартай захирамжаар *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн байх ба улмаар хамтран хариуцагч *******ын хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр түүнийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн бөгөөд ******* нь Солонгос улс руу 2014 оны 11 сарын 12-ны өдөр Буянт-Ухаа боомтоор хил нэвтэрсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн хугацаанд арилаагүй гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн улмаар хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч захирамж гаргах бөгөөд захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл, түүнийг хэрхэн засах талаар тусгана гэж заасан байхад тухайн ажиллагааг шүүх хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, хамтран хариуцагч *******т холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт дурдаагүй, өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хоёр хариуцагч татан оролцуулсан атлаа нэг хариуцагчид холбогдуулан хэргийг шийдвэрлэж, нөгөө хариуцагчид холбогдох асуудлыг хэрхсэн нь тодорхойгүй,ямар нэгэн дүгнэлт өгөлгүй орхигдууулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Зохигчид хоорондоо алт угаах төхөөрөмж худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгчтэй хэн байгуулсан талаар маргадаг бөгөөд нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* нь алт угаах төхөөрөмж хийлгэх гэрээг хийж үнийн урьдчилгаа 17.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг бол хариуцагч ******* нь гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч ******* гэрээг байгуулж төхөөрөмжийн урьдчилгаа үнийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, би гэрээнд огт хамаагүй гэж маргаж улмаар мөнгийг ******* шилжүүлсэн гэдгийг нотлох зорилгоор *******ийн эзэмшдэг ХААН банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

ХААН банкнаас 2019 оны 04 сарын 25-ны өдөр буюу шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед *******ийн дансны хуулгыг ирүүлсэн ба тухайн дансны хуулгаар 2017 оны 04 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч *******ийн дансанд 17.000.000 төгрөг орсон тухай баримт авагдсан бөгөөд тухайн баримтаар нэхэмжлэгчийн дансанд тухайн мөнгийг шилжүүлсэн хүн хэн болох талаар тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна.

ХААН банкнаас нэхэмжлэгчийн дансанд хэний дансаар мөнгө шилжсэн тухай лавлах боломжтой байхад шүүх дээрхи байдлыг тодруулах ажиллагаа хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар зохигчдын хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлснээр талуудын мэтгэлцэх эрх зөрчигджээ.

Иймд шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүйгээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 179 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 289.200 /хоёр зуун наян есөн мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН