Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2018/00058

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2017/00627

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 452 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох Тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр алданги нийт 26.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******т алт угаах тоног төхөөрөмжийг 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч урьдчилгаанд 17.500.000 төгрөг аван гэрээ байгуулсан байдаг. Энэ мөнгөөр тоног төхөөрөмжийнхөө бэлдэцийг бэлдээд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болсон. Улмаар ******* нь тоног төхөөрөмжийг хүлээж аваад 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохирч гэрээ байгуулахдаа, үлдэгдэл мөнгийг хугацаандаа төлөөгүй тохиолдол өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор тусгасан байдаг. Иймд гэрээний дагуу тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 17.500.000 төгрөг алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Уг тоног төхөөрөмжийг 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр ******* нь өөрийн биер очиж хүлээж авсан. Тухайн үед би өөрийн биеэр байлцсан. Намайг гэртээ ирээд буцаж ажилдаа явж байтал ******* нь над руу утасдаад иргэний үнэмлэх чинь байвал очоод гарын үсэг зурчих гэж хэлсэн. Би *******ыг гэрээний мөнгийг бүрэн төлсөн гэж бодон гарын үсэг зурсан. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэл байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ******* нь ямар нэгэн байдлаар *******т мөнгө төлөөгүй. Мөн *******т ашигт малтмал олборлох эрх байхгүй. 17.500.000 төгрөг ямар нэгэн баримтгүйгээр авна гэж байхгүй зэргийг дүгнэн үзэхэд энэ хэргийн хариуцагч нь ******* биш Цогтбаяр болох нь тодорхой харагдаж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ айман дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 547 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******аас 26.25.000 төгрөг гаргуулан *******т олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 547 дугаартай шийдвэрийг хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. ...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр байгаа хариуцагчийн гарын үсэг нь худалдах, худалдан авах гэрээнд зурагдсан *******ийн гарын үсэг биш нь тодорхой харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан шийдвэр болсон учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 26.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн алт угаах тоног төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 17.500.000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 8.750.000 төгрөг нийт 26.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах гэрээг би байгуулаагүй, хамтран ажиллаж байсан ******* нь худалдан авсан тул түүнийг тус хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийг шүүх хүлээн авч шүүгчийн 2018 оны 01 сарын 29-ны өдрийн 236 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Гэтэл тус хэргийн хамтран оролцогч ******* нь оршин суугаа хаягтаа байхгүй тул хариуцагч *******ын хүсэлтээр түүнийг шүүх эрэн сурвалжилж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №326 дугаартай захирамжаар түдгэлзүүлжээ.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснээс хойш 08 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй гэсэн үндэслэлээр шүүгчийн №1697 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, мөн өдрөө хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай №1698 дугаартай захирамж гарган хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлосон байна.

Улмаар шүүх хуралдааныг зохигчдын хүсэлтээр 2 удаа хойшлуулсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус хэрэгт хамтран хариуцагч *******ыг эрэн сурвалжилсан боловч түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 1-т зааснаар Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай гэсэн №1830 дугаартай захирамжаар урьд гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн №236 дугаартай хамтран хариуцагчаар татах шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Дээрхи хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.

Үүнд: - Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж буй этгээдийг хариуцагчаар сонгох эрхтэй бөгөөд шүүх хариуцагчийг хамтран татан оролцуулахдаа нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэдэг. Гэтэл тус хэргийн нэхэмжлэгч нь хамтран хариуцагч татан оролцуулах тухай хүсэлт гаргаагүй байхад шүүх зөвхөн хариуцагчийн хүсэлтийг харгалзан хамтран хариуцагч татан оролцуулж хэргийн оролцогчийн буюу нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг зөрчсөн,

-Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 4-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл, түүнийг хэрхэн засах талаар тусгана. гэж тодорхойлсон байхад шүүгч хэргийг сэргээхдээ хэрэг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч татан оролцуулсан байдал гэж тодорхойлон улмаар өөрийн урьд гаргасан хамтран хариуцагчаар татах тухай шүүгчийн захирамж хүчингүй болгосон нь ойлгомжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн,

-Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгч захирамж гарган хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж улмаар шүүх хуралдааныг хоёр ч удаа хойшлуулсны дараа буюу шүүхээр хэргийг шийдвэрлэх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хэргийн хамтран хариуцагчаар татсан захирамжаа өөрийн санаачилгаар хүчингүй болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулсан зэрэг болно.

 

Иймд дээрхи хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн № 547 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 5, 172 дугаар зүйлийн 2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН