Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 23

 

 

Б.О, Н.О, Г.П

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Б.А, шүүгч Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор А.О,

Шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Ж.Д,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.М,

Шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч М.Э, шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Ж.Д, шүүгдэгч Г.П-ийн өмгөөлөгч Д.А нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолоор Б.О, Н.О, Г.П нарт холбогдох 1916001060062 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Р овогт Н.О: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Цогт сумын  7 дугаар баг, Баянтоорой тосгонд оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ДМ90042016 регистрийн дугаартай,

Шүүгдэгч Г овогт Б.О: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ДА92070810 регистрийн дугаартай,

 Шүүгдэгч Т овогт Г.П: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхийн хамт Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ДА92010213 регистрийн дугаартай.

 

Шүүгдэгч Н.О, Б.О, Г.П нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны харьяа “Захуйн-Ус” гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас 2019 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 52 05 ГАА улсын дугаартай, “мицүбиши эл-200”, 68 79 УБЯ улсын дугаартай, “Истана” маркын тээврийн хэрэгслүүд ашиглан 35 боодол өвс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Р овогт Н.О, Г овогт Б.О, Т овогт Г.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар шүүгдэгч Н.О-т 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.О, Г.П нарт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, Г.П, Б.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ын цагдан хоригдсон 237 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Н.О, Г.П, Б.О нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.О-ын өмчлөлийн 52 05 ГАА улсын дугаартай “Мицүбиши эл-200” маркын тээврийн хэрэгслийг, мөн 68 79 УБЯ улсын дугаартай “Истана” маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 6.400.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргаж тус тус улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 52 05 ГАА улсын дугаартай “Мицүбиши эл-200” маркын тээврийн хэрэгслийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 68 79 УБЯ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, №01202930 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч Х.Э-д буцаан олгож, энэ хэрэгт шүүгдэгч Н.О, Б.О, Г.П нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.О, Г.П нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.П-ийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Г.П-ийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Г.П-ийн хувьд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлт нь нотлох баримтаар нотлогдоогүй таамаглал дэвшүүлж байгаа нь илтэд хууль бус үндэслэлгүй байна. Г.П нь Алтай сумд оршин суудаг бөгөөд анх удаа Баянтооройд очсон байсан. Н.О-ыг огт таньдаггүй байсан. Гэмт хэрэг үйлдэж байгаа талаар огт мэдээгүй мэдэх боломжгүй байсан. Хөдөөнөөс өвс аваад ирье гэнэ хамт яваад ирье гэж Б.О хэлснээр л хамт явсан.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэхээр заасан бөгөөд тус зүйлийн 2-т зааснаар гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульчилсан.

Иймд Г.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Б.О-ын хувьд Н.О-ыг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, санаатайгаар нэгдэж, бүлэглэж хулгайн гэмт хэрэгт холбогдсон гэж гэм буруутайд тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Н.О-ыг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй. Мэдэх боломжгүй байсан.

Гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсэн бол найз Г.П-ийг машинтай нь дагуулаад явахгүй байсан. Түүний ар гэрийн амьдрал хүнд байгаа. Өндөр настай аав нь даралт ихтэй эмчийн хяналтанд байдаг. Ээж нь даралт харвасан. Асаргаанд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй дүүгийн хамт амьдардаг. Эхнэртэйгээ албан ёсоор гэр бүл болоогүй байгаа. Энэ байдлуудыг нь харгалзан үзнэ үү. Анхан шатны шүүхээс Б.О-ыг хулгайн гэмт хэрэгт санаатайгаар хамтран оролцсон гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Б.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

 

Шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Н.О-ын хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлээ ухамсарлан ойлгож байгаа, хохирлоо нөхөн төлж, хор уршигийг арилгасан. Н.О нь 2019 оны 09 сарын 05-ны өдрийн анхан шатны шүүх хурлаас хорих ял авч 237 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдож байх хугацаанд зүүн чихнийх нь хэнгэрэг цоорсон. Тухайн хэрэг Улсын дээд шүүхээс буцаж, анхан шатны шүүх дээр ирэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж чихэндээ эмчилгээ хийлгэсэн боловч хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орж амжаагүй. Мөн тухайн хэргийн бусад холбогдогч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй давах, хяналтын журмаар гомдол гаргаж явсаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-нд дахин хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Н.О нь анх 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялыг авч, 237 хоног цагдан хоригдсон.

 Тухайн хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүй байсаар үйлчлүүлэгчийн хувьд хорих ялаас хугацааны өмнө суллагдах боломжоо алдаж эрх зүйн байдал дордож байгаа билээ. Эрүүл мэндийнх нь хувьд яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай хийлгэхгүй байвал сонсголгүй болох магадлалтай гэж үзлэг хийсэн нарийн мэргэжлийн эмч зөвлөсөн байдаг тул миний үйлчлүүлэгчид хорих ялаас 1 сарын хугацааг хасуулах маш чухал байгаа билээ. Иймд Н.О-ын гэмт хэрэгт холбогдсон байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, хор уршигийг арилгасан, эрүүл мэнд хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялаас 1 сарын хорих ялыг хасаж, хөнгөрүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би санамсар болгоомжгүй, хайнга үйлдлээсээ болоод эрүүгийн хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна. Надад гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, шаардлага огт байгаагүй. Би тэгэхэд гэмт хэрэг үйлдэж байна гэж бодоогүй. Би тэгэхэд л амьдралдаа анх удаа л очиж үзэж байсан. Манай найз хүн өвсөнд яваад өгөөчээ гэж байна гэхээр нь хамт явсан болохоор би хулгай хийх гэж байна гэж огт бодоогүй. Бид хэдийн очиж өвс авсан газар шинэ газар байгаагүй, тэр хашаа, торыг эвдэж ороогүй. Хуучин зам гарсан торны залгааг нь гараараа тайлаад орж харагдсан. Тэгэхээр нь надад хардаж, хулгай гэж бодох бодол огт төрөөгүй. Би энэ жил гэр бүл болж хуримаа хийх гэж байсан. Хориотой байх хугацаандаа хүүхэдтэй болсон. Цаашдаа би ийм асуудалд анхаарал болгоомжтой байх болно. Би тухайн үед Н.О ахыг огт таньдаггүй байсан. Тэгэхэд анх удаа харж байсан. Иймд миний хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Би хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна гэжээ.

 

Шүүгдэгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.О. Би хулгай гэдгийг мэдээгүй. Өөрийнхөө өвсийг авах гэж байгаа юм байна гэж бодоод найз Г.П-оо дагуулаад тусалсан. Миний аав даралт ихтэй хүн байдаг. Ээж даралт харвачихсан. Дүү групптэй. Энэ хүмүүсийг би харж хандаж явдаг юм. Миний энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэжээ.

 

Шүүгдэгч Н.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр энэ хэргийг хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цагдан хоригдож байх хугацаанд биеийн байдал маань дордож мэргэжлийн эмчээр үзүүлээд чихний хагалгаанд орох байсан. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй хугацаандаа эмчилгээ хийлгэх байсан боловч хийлгэж чадаагүй. Миний биеийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Н.О, Б.О, Г.П нарыг бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны харьяа “Захуйн-Ус” гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас 2019 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө 52 05 ГАА улсын дугаартай, “мицүбиши эл-200”, 68 79 УБЯ улсын дугаартай, “Истана” маркын тээврийн хэрэгслүүд ашиглан 35 боодол өвс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдах үндэслэлтэй гэж дүгнээд хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нар уг гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнээд шүүгдэгч Н.О, Б.О, Г.П нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм, ашиглан, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Гэтэл шүүгдэгч Н.О нь хэрэг бүртгэлтэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “О болон түүний найз Хавтгай үржүүлгийн төвийг мэдээгүй байсан. Би тэнд очиж өвс авна гэж хэлээгүй. Тэр хоёр хулгай гэж мэдээгүй” гэж мэдүүлсэн байна. /Хэргийн 1 дүгээр хавтасны 73 дугаар хуудас/

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О, Г.П нарын өмгөөлөгч М.Э-гийн “Б.О, Г.П хоёр өвс хулгайлах санаа зорилго байсан уу? Яагаад энэ хоёр чамтай хамт явсан юм бол? Тэр орой өвс ачиж байхад энэ хоёр хулгайн өвс гэдгийг мэдсэн үү? гэсэн асуултад “Мэдсэн” гэж хариулсан атлаа дахин “Энэ хоёр хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан уу? Чамд итгэж байсан юм болов уу? Эсхүл хулгай хийгээд чамд тусалъя гэсэн зүйл байна уу? гэсэн асуултад “Мэдэхгүй” гэж хариулсан байх бөгөөд /хэргийн 2 дугаар хавтасны 63 дугаар хуудас/ 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тухайн үед өмгөөлөгч М.Э-гийн асуулт ойлгомжгүй байсан учраас намайг хулгайн өвс гэдгийг мэдэж байсан уу гэж асууж байна гэж ойлгоод “мэдсэн” гэж хариулсан, “Тэнд миний өвс байхгүй гэдгийг тэр хоёр мэдэхгүй. Б.О, Г.П нар хавтгай үржүүлгийн хашааг мэддэг байсан эсэхийг би мэдэхгүй. Өөрсдөөс нь асууж үзээгүй гэж мэдүүлсэн /Хэргийн 2 дугаар хавтасны 246 дугаар хуудас/ байна.

 

 Мөн шүүгдэгч Б.О нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 03 дугаар сарын 08-ны 23 цагийн үед Баянтооройн Соёлын төвийн гадаа О-тай тааралдахад хөдөө өвсөнд явах гэсэн юм. Машин хэрэгтэй байна. Яваад өгөөч. Бензиний мөнгийг нь өгье гэхээр нь тус хүргэчихье гээд найздаа хамт яваад ирье гэж хэлээд цуг явсан. Хаанаас хэнээс өвс авахыг нь мэдээгүй, асуугаагүй. Хөдөө хашаа хорооноосоо авах юм байлгүй гэж бодсон. Бид хоёр зам мэдэхгүй болохоор араас нь дагаад явсан. Н.О ах торон хашаатай газар очоод залгааг нь тайлаад орсон бид хоёр машинаас буугаагүй. Хаалга нь хаана байдгийг нь мэдэхгүй болохоор хашаанд ингэж ордог юм байлгүй гэж бодсон. О ах хашааны залгааг тайлж байхад Хулгай хийж байгаа юм болов уу? Хулгай биш байгаа даа гэж бодсон боловч О ах өөрөө тоосон шинжгүй, шийдэмгий байхаар нь “Авах ёстой юм байна. Хулгай биш байлгүй” гэж бодсон. Энэ талаар асуугаагүй. Нийт 35 боодол өвс авч О ахын хашаанд буулгасан. Дараа нь хулгай байсныг нь мэдсэн” гэсэн агуулгатай, тогтвортой мэдүүлгийг удаа дараа өгсөн байна. /Хэргийн 1 дүгээр хавтасны 74, 75, 120, 2 дугаар хавтасны 65-66, 242 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Г.П хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянтооройн Соёлын төвийн гадаа О-тай таарсан. О, О-тай уулзаж ирээд О ах хөдөөнөөс өвс аваад ирье миний машинд багтахгүй байна гэж гуйж байна. Хоёулаа яваад ирье гэхээр нь хамт явсан. О-д түлш хий гэж 20 000 төгрөг өгснийг надад өгсөн. О мицубиши л-200 маркийн машинтайгаа урд ороод явсан. Би араас нь дагаад бартаа ихтэй замаар явсан.Тэгээд нэг тортой газар очсон. Би О ахыг хөдөө гэртээ очиж байгаа юм байлгүй гэж бодсон. Хашаанд ороод саравч шиг юмны дээрээс өвс ачсан. Хашаанд орох үед машины дугуй хагарсан тул хагарсан дугуйгаа сольсон. Намайг солиод дуусахад тэр хоёр өвсөө ачаад дууссан. Би хулгай хийж байгааг нь мэдээгүй. Ямар газраас авч байгааг нь бас мэдээгүй. Авах ёстой газраасаа авч байгаа юм байлгүй гэж бодсон.” гэсэн тогтвортой мэдүүлгийг удаа дараа өгсөн байна. /Хэргийн 1 дүгээр хавтасны 76, 125 дугаар хуудас, хэргийн 2 дугаар хавтасны 64-65, 244 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Н.О-ын мэдүүлэг нь зөрүүтэй, эргэлзээтэй, шүүгдэгч Б.О, Г.П нар нь Н.О-ыг хулгай хийж байгааг мэдээгүй учраас үйлдэлд нь тусалсан гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарын мэдүүлгийг шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлож  байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч нар уг гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн боловч улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон эдгээр нотлох баримтуудыг ямар үндэслэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үнэлж шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж байна гэж дүгнэж байгаагаа тайлбарлаагүй байна.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үндэслэн дүгнэвэл Н.О нь 2019 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө Б.О, Г.П нартай Баянтооройн төвд тааралдаж хөдөөнөөс өвс авч ирэх гэсэн юм. Машин хэрэгтэй байна. Хамт яваад өгөөч хэмээн гуйж Б.О, Г.П нар нь 68 79 УБЯ улсын дугаартай, “Истана” маркын микро автобусаар, Б.О нь өөрийн 52 05 ГАА улсын дугаартай, “мицүбиши Л-200” маркийн авто машинаар хамт явж Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны харьяа “Захуйн-Ус” гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас 35 боодол өвс авч мицубиши Л-200 маркийн авто машинд 20 боодол Истана маркийн микро автобусанд 15 боодол өвс ачиж Н.О нь гэртээ авч ирж буулгасан байна.

 

Энэ үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нар энэ үйл баримтын талаар маргаагүй байна. Шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн эдгээр нотлох баримтууд нь хавтгай үржүүлгийн газраас 35 боодол өвс хулгайд алдагдсан бөгөөд түүнийг Н.О хулгайлан авч захиран зарцуулж байсан болохыг нотолж байгаа боловч Б.О, Г.П нар Н.О-ыг уг өвсийг нууцаар, хууль бусаар буюу хулгайлан авч байгааг мэдсээр байж, уг  үйлдэлд  санаатай нэгдсэн болохыг нотлоогүй байна.

 

Тодруулбал шүүгдэгч Н.О уг 35 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу хулгайлан авснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч уг өвсийг нууцаар, хууль бусаар авч байгаагаа Б.О, Г.П нарт хэлээгүй. Тэр хоёр мэдээгүй гэж мэдүүлж байгааг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн шүүгдэгч Б.О, Г.П нар нь Н.О авах ёстой өвсөө авч байгаа юм байх гэж бодсон. Хулгай хийж байгааг нь мэдээгүй гэж хэрэг бүртгэлтийн шатнаас удаа дараа тогтвортой мэдүүлснийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Б.О, Г.П нар нь уг өвснөөс аваагүй, тэдэнд уг өвсийг захиран зарцуулах боломж бүрдээгүй, Б.О, Г.П нарын тухайд гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилго тогтоогдоогүй.

 

Тиймээс Б.О, Г.П нар нь шүүгдэгч Н.О-тай уг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч уг өвсийг нууцаар, хууль бусаар буюу хулгайгаар авч байгааг мэдсэн атлаа Н.О-ын уг үйлдэлд санаатай нэгдсэн гэдэг нь эргэлзээтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.О, Г.П нар нь Н.О-тай бүлэглэж буюу үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байх тул уг байдлыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгээр дахин хэлэлцэж талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит байдлыг үндэслэлтэй тогтоох нь зүйтэй гэж үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч шүүгдэгч Б.О, Г.П нар нь Н.О-тай урьдчилан тохиролцож, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай, бодитой тогтоогдоогүй, Б.О, Г.П нар нь уг гэмт хэрэгт гэмт буруутай эсэх нь эргэлзээтэй байна.

 

 Энэ хэргийн тухайд шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход шүүгдэгч нарын хоорондын харилцаа, үйлдэл, түүнчлэн шүүгдэгч нарын зүгээс үйлдэлдээ хандсан хандлага, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

Шүүгдэгч Н.О, Б.О, Г.П нар нь бүлэглэж уг гэмт хэргийг үйлдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар бодитой нотлогдоогүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн үндэслэл бодит байдалд нийцээгүй байна.

 

 Уг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Б.О, Г.П нар тухайн гэмт хэрэгт гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул энэ байдлыг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж Н.О Б.О, Г.П нарт холбогдох хэргээс Б.О, Г.П нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Н.О нь 2019 оны 03 дугаар сарын 08-наас 03 дугаар сарын 09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны харьяа “Захуйн-Ус” гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас 52 05 ГАА улсын дугаартай, “мицүбиши Л-200”, 68-79 УБЯ улсын дугаартай, “Истана” маркын тээврийн хэрэгслүүд ашиглан 35 боодол өвс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.О-ын энэхүү үйлдэл нь өөрийн тэжээж байсан морьдод өгөх шунахайн зорилгоор өөрийн үйлдлийг хөнгөвчилж машин механизм ашиглан 35 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Н.О нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн тул түүнийг ганцаараа уг гэмт хэргийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Тиймээс давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.М, шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Д.А нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын шүүгдэгч Н.О-т холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.О, Г.П нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул тэдгээрийн унаж явсан Истана маркийн авто машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд уг авто машиныг өмчлөгч Х.Э-д нь буцаан олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.О-т оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу зэрэгт тохирсон байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.

Үүнд:

А. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг бүхэлд нь: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Н.О, Б.О, Г.П нарт холбогдох 1916001060062 дугаар эрүүгийн хэргээс шүүгдэгч Г овогт Б.О, Т овогт Г.П нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын дугаарыг 2 болгон өөрчилж агуулгыг бүхэлд нь: “Шүүгдэгч Р овогт Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.

В. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж агуулгыг хэвээр үлдээсүгэй.

 

Г. Шийтгэх тогтоолын 4, 6 дахь заалтын Г.П, Б.О гэснийг хассугай.

Д. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтаас ... тээврийн хэрэгслийг гэсний дараа  “мөн 68-79 УБЯ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 6 400 000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргаж тус тус” гэснийг хассугай.

Е. Шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг шүүгдэгч Н.О 314 хоног, шүүгдэгч Б.О, Г.П нар нь 77 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.О-ын цагдан хоригдсон 314 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээдүүд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                           ШҮҮГЧИД                             Б.А

                        Ч.Э