Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2238

 

 Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02182 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.О-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.М-д холбогдох

“Хамтын тэмүүлэл” иргэдийн бүлэгт нийлүүлсэн материалын үнэ 2 254 000 төгрөг, олгогдох байсан ашиг, алданги 2 250 000 төгрөг, нийт 4 504 000 төгрөг гургуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хэсэг иргэдийн хамт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарладаг 20 000 000 төгрөгөөс доош өртөг бүхий ажлын сонгон шалгаруулалтанд орох зорилгоор “Хамтын тэмүүлэл” нэртэй иргэдийн бүлэг байгуулж ахлагчаар нь Ш.М-г тавьж ажиллуулсан юм. Иргэдийн бүлгийн ахлагч нь сонгон шалгаруулалтанд тэнцэж ажил авсан тохиолдолд өдөр тутмын ажил болон санхүүгийн асуудлуудыг хариуцан ажилладаг. Манай иргэдийн бүлэг нь 2015 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны барилгын хаалга тусгаарлах, 24 дүгээр хорооны гадан талын сандал зэрэг тус бүр нь 17 төгрөгийн, нийт 34 000 000 төгрөгийн ажил хийж хүлээлгэн өгсөн байдаг. Миний хувьд уг ажилд өөрийн үйлдвэрлэж байсан нэг ширхэг нь 1300 төгрөгийн үнэтэй углуургатай блок 1 380 ширхэг, нийт үнэ 1 794 000 төгрөг, 2 тонн цемент 300 000 төгрөг, 2 портер хайрга 160 000 төгрөг, бүгд 2 254 000 төгрөгийн материал нийлүүлсэн, мөн гэрээнд заасан ажил гүйцэтгэсний ашгийн надад ногдох хувь, алдангид 2 250 000 төгрөгийн хамт нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ш.М-гээс 4 504 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 04-нд байгуулсан “Хамтын тэмүүлэл” иргэдийн бүлгийн хийсэн ажилд Д.О огт оролцоогүй, удаа дараа ирж уулз, өр төлбөрөө барагдуул, гэрээгээ шинэчил гэхэд ирээгүй, иргэдийн бүлгийн ажилд хэрэглэхээр барьцаанд тавьсан автомашины мөнгийг аваад алга болсон. Манай иргэдийн бүлгийн Сонгинохайрхан дүүрэгт ажил хийдэг цаг хугацаанд нэхэмжлэгч Д.О нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар 201625020011 тоот эрүүгийн хэрэг үүүсгэн шалгагдаж байсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/02534 дугаар шийдвэрээс Д.О-ас надад 3 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч одоо болтол өгөөгүй. Нийлүүлсэн тоосгоны тухайд тэдний үйлдвэрийнх мөн байж болох боловч өөр этгээдээс худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.М-гээс хамтран ажиллах гэрээний дагуу “Хамтын тэмүүлэл” иргэдийн бүлэгт нийлүүлсэн материалын үнэ 2 254 000 төгрөг, олгогдох байсан ашиг, алданги 2 250 000 төгрөг, нийт 4 504 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 020 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгч нотлох баримтыг гүйцэт судлаагүй. Шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа хариуцагч Д.О-ын үйлдвэрлэсэн блок миний барилгад ороогүй гэдэг тайлбарыг удаа дараалан өгдөг болохоор түүнийг нотлох гэж шинжээч томилуулж өөрийн блок мөн болохыг тогтоолгох гэж дүгнэлт гаргуулсан. Гэвч шүүгч блок нь мөн гэхдээ худалдах худалдан авах гэрээ байхгүй байна. Тиймээс авсан өгсөн тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл гэрч асуусан тэмдэглэлд "хэдийд хаанаас ямар материалыг хэдий хэрийн хэмжээтэй ачаад хаана хүргэж өгсөн талаар" гэрч тодорхой хэлсэн байдаг ч түүнийг огт шинжлээгүй.    Хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан. Тус шийдвэрт Ш.М нь Д.О-аас материал авсан болох нь тогтоогдож байгаа боловч үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй тул тусад нь нэхэмлэл гаргаж өгөх эрхийг нь нээлттэй үлдээгээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл шүүх тус шийдвэрт байгаа сөрөг нэхэмжлэлийг огт үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгосон мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна. Мөн тус шийдвэрт прокурорын тогтоолыг огт үндэслээгүй байдаг. Үүний илрэл нь хамтран хариуцагч Ч.Солонгыг хүртэл хамтран харицагчаас чөлөөлсөн байдаг. Энэ нь тус прокурорын тогтоолыг үндэслээгүй гэдэг нь харагдаг. Хамтран ажиллах гэрээнд 3.4-т ажлын үр дүнг Д.Оюунбат болон бусад 2 хүн хариуцаж, хүртэхээр заасан байтал ямарч ашиг үр дүн хүртэхгүй гэж тайлбарласан. Ш.М-д ямарч хариуцлага хүлээхгүй зөвхөн хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхтэй мэтээр тайлбарласан. Бусад гишүүд нь яаж ашиг хүртсэн талаар баримтгүй байхад зөвхөн хариуцагчийн тайлбараар бүх асуудлыг шийдсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хувьд хавтаст хэргийн 28-35, 58-68-р хуудсанд байгаа нотлох баримт нь Хамтран ажиллах гэрээ дагуу сонгон шалгаруулалтанд орохоос эхлээд ажил гүйцэтгэж дуусах хүртэлх хугацаанд өөрийн зүгээс оролцож байсныг нотлох баримт юм. Энэ баримтыг би өөрөө гаргаж өгөөгүй урьд нь сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас гаруулж авч шүүхэд ирсэн байсанг дахин энэ нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхийн архиваас гаргуулж авсан баримт болно. Гэтэл шүүгч уг баримтуудыг хэрэгт хамааралгүй нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүхийн архивын дардастай баримт нь шаардлага хангахгүй гэдэг нь шүүхийн архив нь ямар нэг эрх зүйн чадамжгүй гэж хэлж байгаатай адил байна. Мөн шүүхэд миний зүгээс хүсэлт гаргаж Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч зарим материал нь хуулбарлах боломжгүй хавчаад үдсэн байна гээд ирээгүй байсан. Энэ тухай шүүгчид хэлсэн боловч огт авч үзээгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож Ш.М-гээс  4 504 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ш.М-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 4 504 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/02534 дүгээр шийдвэрээр Д.О-аас             3 500 000 төгрөг гаргуулан  Ш.М-д олгож, Д.О-ын хамтран ажиллах гэрээний үүрэгт 6 464 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн зээлийн хүү 630 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  5 834 000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.О-ын хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой тусад нь нэхэмжлэл  гаргах эрхтэй болсон. /хх-ийн 18/

Зохигчдын хэн алин нь өөрсдийн гаргасан нэхэмжлэл, татгалзсан үндэслэлээ нотлох зорилгоор дээрх 184/ШШ2017/02534 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас уг хэргээс холбогдох 50 хуудас бичмэл баримтыг хуулбарлан ирүүлжээ. \хх-ийн -24\

Анхан шатны шүүх шүүх хуралдаан болсон тухайн өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын   10-ны өдөр зохигч талуудад хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтуудыг танилцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг “хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбараас хуулбарласан, үнэлэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй” гэх зэргээр дүгнэсэн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцээгүй буруу болжээ. Шүүхэд нотлох баримтыг үнэлэхээс татгалзах эрхийг хуулиар олгоогүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар хэргийн хуулбар баримтыг шаардлагатай тохиолдолд жинхэнэ эхийг шаардан авах хуулиар тогтоосон журмыг анхаараагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч зарим материал нь хуулбарлах боломжгүй хавчаад үдсэн байна гээд ирээгүй байсан...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус зааснаар хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхийн бүртэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/02182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 014 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                            Н.БАТЗОРИГ