Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2018/02182

 

 

 

 

 

      2018 оны 09 сарын 10 өдөр

        Дугаар 184/ШШ2018/02182

               Улаанбаатар хот

 

                                  

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Д.О

Нэхэмжлэгч: Ш.М

4 504 000 /дөрвөн сая таван зуун дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хэсэг иргэдийн хамт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарладаг 20 000 000 төгрөгөөс доош өртөг бүхий ажлын сонгон шалгаруулалтанд орох зорилгоор “Хамтын тэмүүлэл” нэртэй иргэдийн бүлэг байгуулж ахлагчаар нь Ш.Мг тавьж ажиллуулсан юм. Иргэдийн бүлгийн ахлагч нь сонгон шалгаруулалтанд тэнцэж ажил авсан тохиолдолд өдөр тутмын ажил болон санхүүгийн асуудлуудыг хариуцан ажилладаг. Манай иргэдийн бүлэг нь 2015 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны барилгын хаалга тусгаарлах, 24 дүгээр хорооны гадан талын сандал зэрэг тус бүр нь 17 төгрөгийн, нийт 34 000 000 төгрөгийн ажил хийж хүлээлгэн өгсөн байдаг. Миний хувьд уг ажлуудад иргэдийн бүлэг эхлээд сонгон шалгаруулалтанд орох барилгын ажлыг гүйцэтгэх явцад материал түүхий эд нийлүүлэх зэргээр оролцож явсан боловч одоо болтол ашиг болон, нийлүүлсэн материалын үнийг аваагүй байна.

Миний хувьд уг ажилд өөрийн үйлдвэрлэж байсан нэг ширхэг нь 1300 төгрөгийн үнэтэй углуургатай блок 1380 ширхэг, нийт үнэ 1 794 000 төгрөг, 2 тонн цемент 300 000 төгрөг, 2 портер хайрга 160 000 төгрөг, бүгд 2 254 000 төгрөгийн материал нийлүүлсэн, мөн гэрээнд заасан ажил гүйцэтгэсний ашгийн надад ногдох хувь, алдангид 2 250 000 төгрөгийн хамт нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ш.Мгээс 4 504 000 төгрөг гаргуулж өгнө үү

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.Оад ямар нэгэн гэрээний төлбөр, бараа материалын өглөггүй. 2015 оны 4 дүгээр сарын 4-нд байгуулсан “Хамтын тэмүүлэл” иргэдийн бүлгийн хийсэн ажилд Д.О огт оролцоогүй, удаа дараа ирж уулз, өр төлбөрөө барагдуул, гэрээгээ шинэчил гэхэд ирээгүй, иргэдийн бүлгийн ажилд хэрэглэхээр барьцаанд тавьсан автомашины мөнгийг аваад алга болсон.

Манай иргэдийн бүлгийн Сонгинохайрхан дүүрэгт ажил хийдэг цаг хугацаанд нэхэмжлэгч Д.О нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар 201625020011 тоот эрүүгийн хэрэг үүүсгэн шалгагдаж байсан.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/02534 дугаар шийдвэрээс Д.Оаас надад 3 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч одоо болтол өгөөгүй. Нийлүүлсэн тоосгоны тухайд тэдний үйлдвэрийнх мөн байж болох боловч өөр этгээдээс худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдийн  тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ш.Мд холбогдуулан “Хамтын тэмүүлэл” иргэдийн бүлэгт нийлүүлсэн материалын үнэ 2 254 000 төгрөг, олгогдох байсан ашиг, алданги 2 250 000 төгрөг, нийт 4 504 000 төгрөг гургуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэлийн “Хамтын тэмүүлэл” иргэдийн бүлэгт нийлүүлсэн материалын үнэ 2 254 000 төгрөгийг хариуцагч Ш.Мгээс гаргуулах шаардлагын тухайд:   

Хариуцагч Ш.М нь нэхэмжлэгч Д.О болон Н.С, Г.Б, Д.Б, С.Б,  Т.Б  нартай 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, “Хамтын тэмүүлэл” нэртэй иргэдийн бүлэг байгуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан худалдан авах ажиллагаанд бүлгийн нэрээр оролцож, ажил гүйцэтгэхээр тохиролцжээ.

Гэрээнд иргэдийн бүлгийн ахлагч нь Ш.М байх, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан худалдан авах ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг /гэрээний 2.1/ ахлагч дангаар төлөөлөн удирдан явуулах, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг 14 хоногт тайлагнах, захиалагчтай бүлгийг төлөөлөн харилцах, захиалагчийн зааварчилгааг хүлээн авч, төлбөр тооцоог хийх эрхтэй байх / гэрээний 3.2/, гишүүд нь гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих эрхтэй байхаар заасан байна.

Нэхэмжлэгч нь “Хамтын тэмүүлэл” иргэдийн бүлгийн ажилд барилгын материал нийлүүлсэн талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл, бичгийн баримтгүй бөгөөд шаардлагаа нотлохоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/02534 дугаар шийдвэртэй Ш.Мгийн нэхэмжлэлтэй, Д.Оад холбогдох хэрэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 753 дугаартай дүгнэлт /үнэлгээний тайлан/-ийг  үндэслэн маргадаг.

Тухайн дүгнэлтээр Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хорооны засварын ажилд Д.О 1 243 200 төгрөгийн үнэ бүхий блок нийлүүлсэн, нийлүүлсэн блок нь уг барилгын ажилд орсон тухай дүгнэсэн байна.

Шинжээчийн дүгнэлт нь талуудын хооронд гэрээ хэлцэл байгуулагдсан эсэхийг нотлохгүй бөгөөд Д.Оын үйлдвэрлэсэн блок барилгын ажилд орсон нь түүнээс уг блокийг худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч Ш.М нь нэхэмжлэгч Д.Оаас барилгын материал авахаар тохиролцож байгаагүй, харин түүний үйлдвэрлэдэг блокоос худалдан авч хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй, тухайн үед Д.Оыг хайгаад олоогүй, миний машиныг ломбарданд тавьж мөнгийг нь аваад алга болсон гэж тайлбарласан ба нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээ, хэлцлийн дагуу барилгын материал нийлүүлсэнээ нотлоогүй болно.

Нэхэмжлэлийн олгогдох байсан ашиг, алданги 2 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ш.М нарын нэр бүхий 7 иргэдийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 476 дугаар зүйлийн  476.2, 476.3 дахь хэсгүүдэд хамтран ажиллах гэрээг бичгээр болох амаар байгуулж болох, бичгээр байгуулах тохиолдолд тусгах зүйлүүдийн талаар зохицуулсан байна.

Гэрээгээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дахь хэсэгт заасан ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журмын талаар тохиролцоогүй, гэрээний 2 дугаар зүйлд  зааснаар хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хийсэн ажлын талаар ахлагч, болон гишүүд тайлангаа тавьсан баримтгүй, мөн нэхэмжлэгч Д.О иргэдийн бүлгийн ажилд оролцож, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгээгүй, зөвхөн материал нийлүүлэх замаар оролцсон гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 478.5, 478.8 дахь хэсгүүдэд хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцах, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн талыг санал нэгтэйгээр гэрээнээс гаргаж болох, гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахаар заасан байна.

Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний талууд буюу “Хамтын тэмүүлэл” иргэдийн бүлгийн Д.Оаас бусад гишүүд хийсэн ажлын үр дүнгээс хувь хүртсэн байхад зөвхөн надаас өөрт ногдох хэсгийг нэхэмжилсэн, мөн миний эзэмшлийн 81-29 УНЕ улсын дугаартай автомашиныг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр “Бест фийш” ХХК-д барьцаалуулан 3 500 000 төгрөг зээлүүлж иргэдийн бүлгийн ажилд хэрэглэнэ хэмээн аваад алга болсон хүн бүлгийн ажилд оролцох боломжгүй талаар  тайлбарласан нь үндэслэлтэй байна.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн  385 дугаар тогтоолоор Д.О, Ч.С нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 148.2 дахь хэсэг зааснаар үүсгэсэн эрүүгийн 201625020011 дугаартай эрүүгийн хэргийг “яллагдагч нар гэмт хэрэг үйлдсэнээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн” үндэслэлээр Улсын их хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний  өдрийн Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 79/

Мөн Ш.Мгийн иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж, 184/ШШ2017/02534 дугаар шийдвэрээр Д.Оаас 3 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Мд олгож, Д.Оын хамтран ажиллах гэрээний үүрэгт 6 464 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн зээлийн хүү 630 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  5 834 000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 18/

Нэхэмжлэгч Д.Оын хамтран ажиллах гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил, оролцоо, хүртэх ашгийн хэмжээг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоох боломжгүй байна.

Иймд хариуцагч Ш.Мд холбогдуулан гаргасан “Хамтын тэмүүлэл” иргэдийн бүлэгт нийлүүлсэн материалын үнэ 2 254 000 төгрөг, олгогдох байсан ашиг, алданги 2 250 000 төгрөг, нийт 4 504 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 28-35, 58-68 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй, /хуулбараас хуулбарласан/, хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгч Д.Оын Ү-2205053001 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05/01 дугаартай “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Захиалгаар амины сууц барьж гүйцэтгэх гэрээ”, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны үнийн санал авах урилга, 28 дугаар хорооны өрхийн эмнэлэгт хаалга гаргах ажлын гэрээ, хүлээлгэн өгсөн акт, 24 дүгээр хорооны гадна талыг тохижуулах ажлын гэрээ зэрэг баримтыг үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон                                                                                                           

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Мгээс хамтран ажиллах гэрээний дагуу “Хамтын тэмүүлэл” иргэдийн бүлэгт нийлүүлсэн материалын үнэ 2 254 000 төгрөг, олгогдох байсан ашиг, алданги 2 250 000 төгрөг, нийт 4 504 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 020 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

     

                      

              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                         Т.БАТСҮХ