Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00021

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00183 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 479 дүгээр магадлалтай,

Д.О-ын нэхэмжлэлтэй,

Ш.М-д холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 4.504.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2015 оны 04 сарын 04-ний өдөр хэсэг иргэдийн хамт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарладаг 20.000.000 төгрөгөөс доош өртөг бүхий ажлын сонгон шалгаруулалтад орох зорилгоор Хамтын тэмүүлэл нэртэй иргэдийн бүлэг байгуулж ахлагчаар нь Ш.М-г ажиллуулсан юм. Иргэдийн бүлгийн ахлагч нь сонгон шалгаруулалтад тэнцэж ажил авсан тохиолдолд өдөр тутмын ажил болон санхүүгийн асуудлуудыг хариуцан ажилладаг. Манай иргэдийн бүлэг нь 2015 оны 8 сард Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны барилгын хаалга тусгаарлах, 24 дүгээр хорооны гадна талын сандал зэрэг тус бүр нь 17.000.000 төгрөгийн нийт 34.000.000 төгрөгийн ажил хийж хүлээлгэн өгсөн байдаг. Миний хувьд уг ажлуудад иргэдийн бүлэг эхлээд сонгон шалгаруулалтад орох барилгын ажлыг гүйцэтгэх явцад материал түүхий эд нийлүүлэх зэргээр оролцож явсан боловч одоо болтол ашиг болон нийлүүлсэн материалын үнийг аваагүй байна. Уг ажилд өөрийн үйлдвэрлэж байсан нэг ширхэг нь 1300 төгрөгийн үнэтэй углуургатай блок 1380 ширхэг, нийт үнэ 1.794.000 төгрөг, 2 тонн цемент 300.000 төгрөг, 2 портер хайрга 160.000 төгрөг, бүгд 2.254.000 төгрөгийг материал нийлүүлсэн, мөн гэрээнд заасан ажил гүйцэтгэсний ашгийн надад ногдох хувь, алдангийн хамт 2.250.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Ашгийн хувьд үүрэг хариуцлагыг 3 хүн хариуцахаар, ашиг авахаар гэрээнд заасан. Ш.М-д хамаагүй. Ашгаа 3 хувааж л авах ёстой гэж үздэг. Ш.М- болон бусад нөхдүүдийн хувьд ашиг биш харин цалин авч хамтран ажилласан. Иймд хариуцагч Ш.М-гээс нийт 4.504.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.М-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие Д.О-ад ямар нэгэн гэрээний төлбөр, бараа материалын өглөггүй. 2015 оны 04 сарын 04-ний өдөр байгуулсан Хамтын тэмүүлэл иргэдийн бүлгийн хийсэн ажилд Д.О- огт оролцоогүй, удаа дараа ирж уулз, өр төлбөрөө барагдуул, гэрээгээ шинэчил гэхэд ирээгүй, иргэдийн бүлгийн ажилд хэрэглэхээр барьцаанд тавьсан автомашины мөнгийг аваад алга болсон. Манай иргэдийн бүлгийн Сонгинохайрхан дүүрэгт ажил хийдэг цаг хугацаанд нэхэмжлэгч Д.О- нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар 201625020011 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/02534 дугаар шийдвэрээр Д.О-аас надад 3.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч одоо болтол өгөөгүй. Нийлүүлсэн тоосгоны тухайд тэдний үйлдвэрийнх мөн байж болох боловч өөр этгээдээс худалдаж авсан. Ашиг орлого олигтой олоогүй. Төсвөөр ашгийг 15 хувь гэж тооцсон, түүгээр бодохоор 3.000.000 гаруй төгрөг болж байгаа. Д.Оюунболд гээд 3 хүн ашиг хувааж авна гэх. Бүгдээрээ хамтарсан учраас 3 хүн хуваах үндэслэлгүй. Ажил хийж байгаа учраас цалин, дээр нь гэрээнд заасны дагуу ашиг ч авах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00183 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.М-гээс 554.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.949.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17.276 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 479 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.570 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ш.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Д.О- болон нэр бүхий 7 иргэний хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсгэн ажиллахаар, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээг дуусгах үндэслэл дундын эд хөрөнгийг хуваарилах журмыг тохиролцоогүй. Мөн Иргэний хуулийн 477, 478.5, 478.8 дахь хэсгүүдэд хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамж төлөх талаар тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр харилцах хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн бол санал нэгтэйгээр гэрээнээс гаргаж болох талаар, гэрээнд заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлсэн хувилахаар заасан байна. "Хамтын тэмүүлэл” иргэдийн Д.О-аас бусад нь хийсэн ажлын хувь хүртсэн байхад зөвхөн надаас өөрт ногдох хэсгийг нэхэмжилсэн байдаг. Миний эзэмшлийн 81-29 УНЕ улсын дугаартай машиныг 2015.04.01-ний өдөр “Бест фийш” ХХК-нд барьцаалуулан 3.500.000 төгрөг зээлүүлж иргэдийн бүлгийн ажилд хэрэглэнэ гээд аваад залилан хийж алга болсон иргэдийн бүлгийн ажилд оролцсон мэтээр хувь хүртэх талаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.О-ын залиланг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын 2016.03.07-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Д.О-, Ч.Солонго нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. "Хамтын тэмүүлэл" иргэдийн бүлэгт оролцоогүйг Н.Сэрээнэндорж, Э.Эрдэнэ-Уул маш тодорхой илэрхийлсэн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцэх акт, ажлын явцын хяналтад Д.О-ын нэг ч гарын үсэг оролцоо байхгүй болно. “Хамтын тэмүүлэл" иргэдийн бүлгийн ажилд оролцоогүй үүргээ ноцтой зөрчиж бидний хэрэглэх гэж байсан 3.500.000 төгрөгийг залилан авч бидний зүгээс тодорхой тайлбар хүргүүлж байхад, ажилд оролцсон мэтээр ногдол ашиг өгөхөөр шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Шийдвэрийн үндэслэлийг харахад Д.О-тай холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, ажлын туршлага харуулсан гэрээний хуулбар үндэслэсэн байдаг. Уг баримтууд нь ажилд оролцсон гэх үндэслэлийг хангахгүй гэж үзэж байна. Уг ажилд дээрх баримтууд ороогүй бөгөөд анх удаа Сонгинохайрхан дүүрэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулахад нийт гишүүдийн туршлага, гэрээний хуулбар зэрэг баримтуудыг хавсаргаж өгсөн байдаг. Д.О- зөвхөн өөрийн мэдээллийг хавсаргаж ажилд гол үүрэг гүйцэтгэсэн мэтээр залилангийн мэдүүлэг удаа дараа өгсөн байна. Иймд Д.О-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.О- Ш.М-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг материалын үнэ 2.254.000 төгрөг, ашиг, алданги 2.250.000 төгрөг, нийт 4.504.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 554.200 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч Ш.М-гийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцох зорилгоор иргэд Хамтын тэмүүлэл иргэдийн бүлэг байгуулж, уг хамтын үйл ажиллагааг Ш.М-гээр удирдуулж, сонгон шалгаруулалтад оролцох, шалгарсан тохиолдолд ажил гүйцэтгэн ашгийг хуваан авахаар тохиролцон 2015.04.04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан нь тогтоогджээ.

Хамтын тэмүүлэл иргэдийн бүлэг сонгон шалгаруулалтад оролцсон, 2 удаагийн нийт 34.296.822 төгрөгийн төсөв бүхий ажил гүйцэтгэх гэрээг Ш.М- нь тус бүлгийг төлөөлж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан, улмаар ажил гүйцэтгэн хүлээлгэн өгсөн талаар зохигч маргаагүй байна.

Хариуцагч Ш.М-, нэхэмжлэгч Д.О-ыг хамтын үйл ажиллагаанд оролцоогүй, ашиг авах эрхгүй гэж маргасан хэдий ч түүний тайлбар хэргийн баримтаар үгүйсгэгдсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохыг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т заажээ.

Нэхэмжлэгч Д.О- нь хамтын үйл ажиллагаанд оролцохдоо нийт 2.254.000  төгрөгийн барилгын материал нийлүүлснээ нотлоогүй боловч хамтын бүлэг байгуулж сонгон шалгаруулалтад оролцоход өөрийн бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгөөрөө баталгаа гаргасан нь нэхэмжлэгчийг үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хамтран оролцсон нь гэж үзнэ. Энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

Хамтын тэмүүлэл иргэдийн бүлгийн гүйцэтгэсэн ажлын төсвийн тооцоогоор ашгийг 15 хувь буюу нийт 3.879.406 төгрөг гэж, үүнээс 7 иргэнд тэнцүү хуваарилж 554.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосныг буруутгах үндэслэлгүй.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 479 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ш.М-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 17.280 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                 Г.АЛТАНЧИМЭГ