Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2019/00183

 

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2019/00183

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ш.М-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 4,504,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, хариуцагч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

...Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хэсэг иргэдийн хамт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарладаг 20,000,000 төгрөгөөс доош өртөг бүхий ажлын сонгон шалгаруулалтанд орох зорилгоор Хамтын тэмүүлэл нэртэй иргэдийн бүлэг байгуулж ахлагчаар нь Ш.Мг ажиллуулсан юм. Иргэдийн бүлгийн ахлагч нь сонгон шалгаруулалтанд тэнцэж ажил авсан тохиолдолд өдөр тутмын ажил болон санхүүгийн асуудлуудыг хариуцан ажилладаг. Манай иргэдийн бүлэг нь 2015 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны барилгын хаалга тусгаарлах, 24 дүгээр хорооны гадна талын сандал зэрэг тус бүр нь 17 сая төгрөгийн, нийт 34,000,000 төгрөгийн ажил хийж хүлээлгэн өгсөн байдаг. Миний хувьд уг ажлуудад иргэдийн бүлэг эхлээд сонгон шалгаруулалтанд орох барилгын ажлыг гүйцэтгэх явцад материал түүхий эд нийлүүлэх зэргээр оролцож явсан боловч одоо болтол ашиг болон нийлүүлсэн материалын үнийг аваагүй байна.

Уг ажилд өөрийн үйлдвэрлэж байсан нэг ширхэг нь 1,300 төгрөгийн үнэтэй углуургатай блок 1,380 ширхэг, нийт үнэ 1,794,000 төгрөг, 2 тонн цемент 300,000 төгрөг, 2 портер хайрга 160,000 төгрөг, бүгд 2,254,000 төгрөгийг материал нийлүүлсэн, мөн гэрээнд заасан ажил гүйцэтгэсний ашгийн надад ногдох хувь, алдангийн хамт 2,250,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Ашгийн хувьд үүрэг хариуцлагыг 3 хүн хариуцахаар, ашиг авахаар гэрээнд заасан. Мөнгөнхүүд хамаагүй. Ашгаа 3 хувааж л авах ёстой гэж үздэг. Мөнгөнхүү болон бусад нөхдүүдийн хувьд ашиг биш харин цалин авч хамтран ажилласан. Иймд хариуцагч Ш.М-гээс нийт 4,504,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь Д.О-д ямар нэгэн гэрээний төлбөр, бараа материалын өглөггүй. 2015 оны 4 дүгээр сарын 4-нд байгуулсан Хамтын тэмүүлэл иргэдийн бүлгийн хийсэн ажилд Д.О огт оролцоогүй, удаа дараа ирж уулз, өр төлбөрөө барагдуул, гэрээгээ шинэчил гэхэд ирээгүй, иргэдийн бүлгийн ажилд хэрэглэхээр барьцаанд тавьсан автомашины мөнгийг аваад алга болсон.

Манай иргэдийн бүлгийн Сонгинохайрхан дүүрэгт ажил хийдэг цаг хугацаанд нэхэмжлэгч Д.Онь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар 201625020011 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/02534 дугаар шийдвэрээр Д.О-аас надад 3,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч одоо болтол өгөөгүй. Нийлүүлсэн тоосгоны тухайд тэдний үйлдвэрийнх мөн байж болох боловч өөр этгээдээс худалдаж авсан. Ашиг орлого олигтой олоогүй. Төсвөөр ашгийг 15 хувь гэж тооцсон, түүгээр бодохоор 3 сая гаран төгрөг болж байгаа. Д.О гээд 3 хүн ашиг хувааж авна гэх. Бүгдээрээ хамтарсан учраас 3 хүн хуваах үндэслэлгүй. Ажил хийж байгаа учраас цалин авах ёстой, дээр нь гэрээнд заасны дагуу ашиг ч авах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Онь хариуцагч Ш.М-д холбогдуулан Хамтын тэмүүлэл иргэдийн бүлэгт нийлүүлсэн материалын үнэ 2,254,000 төгрөг, олгогдох байсан ашиг, алданги 2,250,000 төгрөг, нийт 4,504,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмлэгч талаас ...хамтран ажиллах гэрээ байгуулсан, би урьдчилаад гүйцэтгэж байгаа ажлынх нь материал болох блок, хайрга, цементийг нийлүүлсэн, ажлын гүйцэтгэлийн дараа төсөвлөгдсөн хөрөнгө орж ирэхээр буцааж авах байсан хэдий ч Ш.М өгөөгүй, мөн ашиг олсон ашгаас авах ёстой гэж, хариуцагч талаас ...хамтран ажиллах гэрээ байгуулсан нь үнэн хэдий ч Д.О-аас хамтын ажиллагаанд огт оролцоогүй, барилгын материал нийлүүлсэн зүйл байхгүй, хамтын ажиллагаанд оролцоогүй учраас ашиг авах үндэслэлгүй гэж тайлбар мэдүүлэг гарган мэтгэлцдэг.

 

Хэрэг авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Ш.М нь нэхэмжлэгч Д.О болон Н.С, Г.Б, Д.Б, С.Б Т.Э нартай Хамтын тэмүүлэл нэртэй иргэдийн бүлэг байгуулан 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан худалдан авах ажиллагаанд бүлгийн нэрээр оролцож, ажил гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд энэхүү хамтран ажиллах хэлцэл болон үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

Хамтран ажиллах гэрээнд нэг талаас Ш.М, нөгөө талаас Д.О, Н.С, Г.Б, Д.Б, С.Б, Т.Э нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан худалдан авах ажиллагаанд оролцож, гэрээ гүйцэтгэхээр хамтран ажиллана, гэрээний хугацаа 1 жил байна, Иргэдийн бүлгийн ахлагч нь Ш.М байна, ахлагч нь хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг дангаар төлөөлөн удирдан явуулна, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг 14 хоногт тайлагнана, захиалагчтай бүлгийг төлөөлөн харилцах, захиалагчийн зааварчилгааг хүлээн авч, төлбөр тооцоог хийх эрхтэй байна, гишүүд нь гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих эрхтэй байна гэж заан харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлцгээн гарын үсэг зурцгаасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д бичгээр хийх хэлцлийг ...талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол хийсэн гэж үзнэ, 476 дугаар зүйлийн 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасантай нийцэж байна.

 

Тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний талуудын хэн нэг үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Талууд ...гэрээний зорилго нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцож, гэрээ байгуулан ажил гүйцэтгэж ашиг олоход хамтрахаар тохиролцсон асуудал гэж хүлээн мэдүүлдэг бөгөөд бусад хамтран ажиллах гэрээний талууд барилгын ажилд оролцоогүй, хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэх асуудлаар маргаан үүсгээгүй.

 

Хамтран ажиллах гэрээний гуравдугаар зүйлд талуудын эрх, үүрэг хариуцлагын талаар тусгасан байх ба 3.1-д ...Иргэдийн бүлэг /бараа, ажил үйлчилгээ/ захиалагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй, 3.4-т ...хамтын үйл ажиллагааны үр дүн, хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг Д.О, Н.С, Т.Э нар хамтран хариуцна, 3.5-д Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үед нөгөө талдаа дараахь торгууль алданги төлнө, үүргийн гүйцэтгэлийн хожимдуулсан хоног тутам 0.5% алданги төлнө гэж заасан.

 

Дээрх гэрээний зүйл заалтаар нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ тайлбарладаг хэдий ч Иргэний хуулийн 477 дугаар зүйлд ...хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно, талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заасны дагуу талууд хамтарч байгаа мөнгөн хөрөнгө, үзүүлэх үйлчилгээгээ гэрээндээ тухайлан зааж өгөөгүй тул дундаа өмчлөх хөрөнгө болох гүйцэтгэсэн ажлаас олох ашиг орлогыг талуудад тэнцүү хуваарилах нь хуулийн үндэслэлтэй болно. Д.О, Н.С, Т.Э нар үр дүн, хохирлыг хамтран хариуцах хариуцлагыг гэрээнд заасан нь гүйцэтгэсэн ашгийг мөн адил авах эрхтэй, Ш.М, Г.Б, Д.Б, С.Б нар ашиг авах эрхгүй, цалин авч байгаа нь тэдний ашиг гэх тайлбар хуулийн үндэслэлгүй байх ба гэрээндээ талууд нарийвчилж зааж өгөөгүй тул тэнцүү хэмжээгээр хариуцна гэж үзэв. Харин гэрээнд заасан алдангийн хувьд адил тэнцүү эрх, үүрэг бүхий талуудын хэн нь хариуцахыг гэрээгээр тодорхойлоогүй тул хангах үндэслэлгүй.

 

Хамтын тэмүүлэл бүлэг нь сонгон шалгаруулалтад тэнцэж Сонгинохайрхан дүүргийн 24, 28 дугаар хорооны барилга, гадна талбайн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, ажлыг гүйцэтгэсэн, төсөв батлагдсан болох нь СХД-ийн Засаг даргын тамгын газар, Хамтын тэмүүлэл иргэдийн бүлгийн ажил гүйцэтгэх 2 гэрээ, Засаг даргын захирамж, ажлын төсөв, албан бичгүүдээр /хх 151-193/ нотлогдож байх ба нэхэмжлэгч талын дээрх 2 ажлыг гүйцэтгэснээр 10 орчим сая төгрөгийн ашиг олсон гэх тайлбар нотлогдоогүй, хариуцагч талын ажлын төсвийн тооцоогоор гүйцэтгэсэн ажлын 15% ашиг байгаа юм, 4 орчим сая төгрөгийн ашигтай байсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хамтран гүйцэтгэсэн 2 ажлын төсөв, тайлангаас үзэхэд СХД-ийн 28-р хорооны хаалганы ажлын төсөв 17,279,254 төгрөг, 24-р хорооны гадна ажлын төсөв 17,017,568 төгрөг болсон болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул уг төсөвт ашгийг 15% тооцсоныг үндэслэн эхний ажлын ашиг 1,933,761 төгрөг, дараагийн ажлын ашиг 1,945,645 төгрөг, 3,879,406 нийт төгрөгийн ашиг олсон байна. Уг ашиг хамтран ажиллах гэрээ байгуулсан 7 иргэнд адил тэнцүү хуваарилагдах бөгөөд нэг хүнд ноогдох ашиг 554,200 төгрөг гэж тооцож иргэдийн бүлгийн ахлагч буюу хариуцагч Ш.Мгээс 554,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О ад олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Ш.Мгээс нэхэмжлэгч Д.Оыг хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй, ажил гүйцэтгэхэд оролцоогүй тул ашиг авах үндэслэлгүй гэдэг боловч нэхэмжлэгчийн ...хамтын бүлэг байгуулж тендэрт буюу сонгон шалгаруулалтад орох үед баталгаа шаардсаны дагуу миний бие бусадтай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг гаргаж өгч байсан гэх өөрийн оролцоог дурдсан тайлбар мэдүүлгийг /хх 91, 92/ хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэгчийг үйлчилгээ ажил үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хамтран ажилласан гэж дүгнэв.

 

Харин нэхэмжлэгч талын ажил гүйцэтгэхэд өөрийн хөрөнгийг оруулсан, уг хөрөнгийн үнийг буцаан гаргуулна гэх шаардлага баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д заасан шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь Хамтын тэмүүлэл иргэдийн бүлгийн ажилд барилгын материал нийлүүлсэн болохыг буюу хэдэн ширхэг блок орсон, хайрга цемент хэрэглэгдсэн болохыг гэрчүүд болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нотлоно гэдэг. Хариуцагч нь тухайн барилгад Д.О-ын үйлдвэрлэсэн тоосго ороогүй гэхгүй, тоо ширхэг нь харагдана, хэргийн учир нь тэр блок, хайрга, цементийг Оюунбатаас аваагүй гэнэ. Блок хүргэж өгсөн гэх жолооч буюу гэрч Б.Ж-ын ...2015 оны 8 сарын дундуур О-ын хүсэлтээр 28-р хороонд 650 хэдэн блок, 2-3 куб хайрга буулгасан, 8 сарын сүүлээр айлын хашаанаас 800 блок ачиж 28-р хорооны байрны гадаа буулгасан гэх, блок ачилцсан нэхэмжлэгчийн төрсөн дүү буюу гэрч Д.О-ийн ...М блок авч явдаг байсан, эхлээд 680 ширхэгийг манай үйлдвэрээс, дараа нь 700 ширхэгийг Орбитоос очиж авсан. Мөн 2 портер хайрга, 2 тн цемент авч явсан. Нэг машинд авч яваагүй тус тусад авч явсан гэх, нэхэмжлэгчийн ...Мөнгөнхүүд блок өгсөн гэх, хариуцагчийн ...О-аас блок аваагүй, блок аваачсан жолооч, ачилцсан дүү нар худалд мэдүүлээд байна гэх тайлбар, мэдүүлгүүд зөрүүтэй байх бөгөөд эргэлзээгүй үнэн гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч О-аас хаалга болон гадна талбайн ажилд блок нийлүүлсэн үйл баримт хангалттай нотлогдоогүй байна.

 

Иймд хариуцагч Ш.Мгээс хамтран ажиллах гэрээний үүрэгт 554,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Оад олгож, нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Мгээс 554,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,949,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагаас улсын тэмдэгтийн хураамжид 17.276 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ