| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/02152/И |
| Дугаар | 101/ШШ2021/02233 |
| Огноо | 2021-07-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2021/02233
| 2021 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2021/02233 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, *******, өөрийн байранд оршин байх *******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, *******,******* тоотод оршин байх Сод-Эгшиг ХХК-д холбогдох,
Орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардалд 6,712,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өмнө тодруулсан, тухайн *******, ******* тоотын орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардлыг гаргуулахаар Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах *******ы сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Сод-Эгшиг ХХК нь *******ы 100б байр ******* тоотод орон сууцны конторын үйл ажиллагаа явуулдаг, 100а байрны ******* тоотод биллъяард, теннисний үйл ажиллагаа явуулдаг. Сод-Эгшиг ХХК нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд төлөөгүй тул нэхэмжилж байна. Хариуцагч нь дээр хугацаанд 100б байр ******* тоотод 3,996,250 төгрөг, 100а байрны ******* тоотод 2,716,450 төгрөгийг тус тус төлөөгүй байгаа. Хариуцагч СӨХ-ны үйл ажиллагааг нь хариуцдаг байранд СӨХ-оос үйлчилгээ авч үйл ажиллагаа явуулдаг атлаа төлбөрийг төлөхгүй гэдэг боловч тус байрнуудын өмчлөгч гэдгээ өөрөө нотолдоггүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид байрны цэвэрлэгээ, гадна талын харуул хамгаалалт, гэрэлтүүлэг, гадна зогсоолын зэрэг үйлчилгээ үзүүлж ажилладаг. Байрны цахилгаан шатыг ч ашигладаг. Нэхэмжлэгчийн зүгээс тус *******, ******* тоотыг орон сууцны нэг хэсэг учир орон сууц л гэж л үзэж байгаа учраас төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд хариуцагчаас 6,712,700 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч В.Нармандах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь тус ******* тоотод конторын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь иргэд оршин суугчдын эрх ашгийн төлөө юм. ******* тоот нь орон сууцны зориулалтай биш техникийн өрөө бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Орон сууцны тухай хуулийн 3.1.1-д орон сууц гэж хүн амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин сууц, гэр хэмээн тодорхойлж өгсөн. Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаг ******* тоот нь зоорийн давхарт байдаг ба мөн хуулийн 3.1.9-д зааснаар инженерийн шугам, сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан техникийн өрөө юм. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Сод-Эгшиг ХХК нь орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээд. Мэргэжлийн байгууллагын буюу хариуцагчийн эрх үүргийг Орон сууцны тухай хуулийн 81 дүгээр зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19.1-д дундын өмчлөлийн эд хөрөнгөд гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг холбооноос тухай бүр төлүүлэх, ...цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах, орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавих гэж заасан тул хариуцагч нь нэхэмжлэгчид СӨХ-ны төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй.
Зөвхөн орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөр Иргэний хуулийн 147.1-д хуульчилсан. Хариуцагч нь орон сууц өмчлөгч биш бөгөөд инженер шугам сүлжээний техникийн өрөөг мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахаар эзэмшдэг тул төлбөрийг хариуцахгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч Сод-Эгшиг ХХК-д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 6,712,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг хариуцагчаас СӨХ-ны төлбөр шаардах эрхгүй гэх тайлбар гаргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж, , , , , , дугаар байруудыг хариуцан Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн 206 дугаартай гэрчилгээгээр нотлогдсон. Нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд хариуцагчийн эзэмшилд байдаг гэх *******ы 100 б байрны *******, 100 а байрны ******* тоотын дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг СӨХ-нд төлөөгүй тухай тайлбарлаж, Төрийн банк ХХК дахь нэхэмжлэгчийн төлбөр хүлээн авдаг дансны хуулга, нэг сард гарах төлбөрийн тооцоог шүүхэд нотлох баримтаар гаргажээ.
Хариуцагч нь мэргэжлийн байгууллагын хувьд тус ******* тоотод үйл ажиллагаагаа явуулдаг учир төлбөрийг хариуцан төлөхгүй, СӨХ-оос үйлчилгээ авдаггүй, мөн ******* тоотод нь хариуцагчид хамааралгүй тухай тайлбарлажээ. Хариуцагч Сод эгшиг ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул алтай хотхоны 100а, 100б, , , , , 112-116 дугаар байруудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхэлдэг, мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 10/2018 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна.
Зохигчийн хооронд маргаж буй *******ы 100б байрны *******, 100а байрны ******* тоот нь орон сууц эсхүл техникийн өрөө эсэх талаар маргаж, нэхэмжлэгчийн зүгээс орон сууц гэж, хариуцагчийн зүгээс техникийн өрөө гэж тайлбарлажээ. Зохигч хэн аль нь *******, ******* тоотод үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч тал хариуцагчаас тус *******, ******* тоотыг эзэмшиж, ашиглаж байгаагийн хувьд СӨХ-ноос гадна харуул хамгаалалт, цэвэрлэгээ, зогсоол, гэрэлтүүлэг гэх мэт үйлчилгээ авдаг тул зохих төлбөрийг төлөх үүрэгтэй тухай тайлбарлан Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардлыг нэхэмжилж байгаа гэж тайлбарлан мэтгэлцсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар нотлоогүй, хариуцагчаас зардал шаардаж буй хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй байна.
*******ы 100б байрны ******* тоотод орших зоорийн давхрыг хариуцагч үйл ажиллагаа явуулдаг талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан, энэ нь мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Хариуцагч нь уг хотхоны 100а байрны зоорийн давхарт орших ******* тоотод орших үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хугацаанд эзэмшилдээ байлгаж үйл ажиллагаа явуулдаг, ашигладаг эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолтоор тус ******* тоотод иргэн Г.Батнасан үйл ажиллагаа явуулан фитнес ажиллуулдаг болохыг тодорхойлжээ. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж, 100а байрны ******* тоотын дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал 2,716,450 төгрөгийг хариуцагч хариуцан төлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин хариуцагч *******ы 100б байрны ******* тоотод орших зоорийн давхрын хэсэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг талаар маргаагүй, хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрэл зургаас үзэхэд тус ******* тоот нь орон сууцны зориулалтай гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч тус ******* тоотыг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэж шүүх хуралдаанд тайлбарласан ч тайлбараа баримтаар нотлоогүй болно. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж зааснаар сууц өмчлөгчөөс зохих зардлыг төлүүлэх шаардах эрхтэй, сууц өмчлөгч төлөх үүрэгтэй. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн орон сууцанд холбогдох хэмжээгээр орон сууцыг өмчлөгч, эзэмшигч төлөх үүрэгтэй байна. Гэвч тус ******* тоот нь орон сууцны зориулалттай болон хариуцагч өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж, 100б байрны ******* тоотын дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хугацаанд хамаарах 3,996,250 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******-ны хариуцагч Сод-Эгшиг ХХК-иас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардалд 6,712,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Сод-Эгшиг ХХК-иас 6,712,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,353 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ