Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1262

 

М.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг

хохирогч Б.Бын өмгөөлөгч С.Чинзориг,

шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1372 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 80 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдлоор М.Мад холбогдох 1806023620691 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Мийн М, 1985 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Рашаан сувилал 1 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух;

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн;

            Шүүгдэгч М.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын толгой руу чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Мийн Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Мад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Дуламсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх хуралдаан нь нээлттэй явагдсан ба шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаараа танилцуулсан билээ. Прокурор 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдааны бичлэгтэй танилцахад шүүгч шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Мад оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тусгагдсан байна. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүх хуралдаанд уншин сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэг зөрүүтэй нөхцөл байдал үүсч байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1372 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр гэж танилцуулсан байсан. Шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг дээр хаалттай хорих байгууллагад эдлүүлэх гэж бичигдсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх бичгээр гаргасан шийтгэх тогтоолдоо “нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэж бичсэн. Эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...” гэв.

            Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Мын гэм буруутай эсэхийг анхан шатны шүүх хоёр удаа хянан хэлэлцээд 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус тус “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 809 дүгээр магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ дээрх магадлалд “...өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд ... гэрч ... нарыг оролцуулах хүсэлт гарган, тодорхой бус гэж үзсэн асуудлаа тодруулах ажиллагааг шүүх хуралдаан дээр хэрэгжүүлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой...” талаар дурдсан. Үүний дагуу өмгөөлөгчийн зүгээс өмнө нь шүүх хуралдаанд оролцож байгаагүй, тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд М.Мтай хамт байсан гэх гэрч Л.Төрмөнхийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан ба анхан шатны шүүх өмгөөлөгчийн гэрч оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч уг гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Түүнчлэн, шүүгдэгч М.Мын зүгээс шүүх хуралдаанд тухайн үед хохирогч Б.Бтой хамт байсан гэх мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэрч С.Ариунбилэг, Б.Батцэнгэл нарыг оролцуулах хүсэлтийг, хохирогчийн өмгөөлөгч С.Чинзоригоос “Их буурал төв” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах хүсэлтийг тус тус гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгаагүй нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнчлэн өмгөөлөгчийн цагаатгах талын саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй байна. Нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Б.Бын дагзны орчим эсхүл зүүн зулай хэсэгт хаана нь гэмтэл учирсан гэдэг нь харилцан зөрүүтэй, эргэлзээтэй байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Харин мөрдөгч Д.Соронзонболд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр М.Маас гэрчээр мэдүүлэг авсан байдаг бөгөөд уг мэдүүлэгт М.М нь хохирогч Б.Быг чулуугаар цохисон талаарх нөхцөл байдал тусгагдаагүй, тогтоогдоогүй байдаг. Шүүгдэгч М.М нь сургуульд сураагүй, уншиж бичиж чадахгүй гэж тайлбарладаг бөгөөд түүнийг бүрэн дунд боловсрол эзэмшсэн талаарх гэрчилгээ, баримт хэргийн материалд авагдаагүй бөгөөд хэрвээ энэ нөхцөл байдал нь тогтоогдвол өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг нотлох баримтаар тооцохгүй байх үр дагавар үүсэх юм. М.Маас мэдүүлэг авсан тэмдэглэлд түүний зурсан гарын үсгүүд өөр өөр байдлаар зурагдсан буюу М.М уг мэдүүлэгт өөрөө гарын үсгээ зурсан эсэх нь эргэлзээтэй байгааг анхааралдаа авахыг хүсье. Иймд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гээд 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гээд 1.4-т “энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Б.Бын өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлөөгүй учраас 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял болгож, шийдвэрлээд хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудал нь болсон асуудал байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийтгэх тогтоол алдаатай бичигдсэн. Мөн хохирогчийн эрх зүйн байдлыг онцгой анхаарч үзнэ үү. Эмчилгээний зардал төлөх болохоор шүүгдэгч М.М нэг ч төгрөг төлдөггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Шүүгдэгч М.М нь тодорхой ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа энэ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан. Одхүү гэх гэрч “манай хамгаалалтын албанд ажиллаж байсан” гэж мэдүүлсэн. Хөдөлмөрийн гэрээ байна уу гэхээр байдаггүй. Ажил олгогч бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн буруу юм. Иймд компанийг иргэний хариуцагчаар татан оролцуулах саналтай байна. Энэ талаарх хүсэлтээ шат шатанд нь тавьж байсан. Энэ асуудлыг нягталж үзнэ үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос М.Мыг 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бын толгой руу чулуугаар цохисны улмаас эрүүл мэндэд нь зулай ясны цөмөрсөн хугарал, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулай дагзны хуйханд цус хуралт, зулайн хуйханд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, М.Мад холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1372 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.3 дахь заалтыг ноцтой зөрчжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Мөнхөөгийн Мыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Мад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааны бичлэгт хуралдаан даргалагч шүүгч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” 1.9-д “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй болох нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.” гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, прокурор Н.Дуламсүрэнгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, М.Мад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1372 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Мад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл М.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ