Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2172

 

О.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02227 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О-т холбогдох

 

29 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Марал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Ж.О  нь БНСУ-д 2006-2015 он хүртэл 9 жил ажиллаж амьдарч байхдаа хурааж цуглуулсан мөнгөөрөө Б.О-ээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн 5-185 тоотод орших хашаа байшинг худалдаж авахаар хамтран амьдарч байсан Б.Оюунцэцэгээр дамжуулж тохиролцсон. Монгол Улсад ирэх хүртлээ нийт 29 000 000 төгрөг цувуулж өгсөн байдаг Б.О-ийн эгч болох Б.Оюунцэцэгтэй цаашдын үлдсэн амьдралаа хамт өнгөрөөхөөр төлөвлөж байсан бүхэн нь худал болсонд сэтгэл санаагаар шаналан хямарч гэрээслэл үлдээн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн амь насыг хохироосон. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасанд эрүүгийн 201625022817 тоот хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж шалгуулсан боловч 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр сэжигтэн Б.О-ийг миний аавын амь насыг хохирсон асуудалд буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэсэн прокурорын 923 тоот тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бүх шатны прокурорын тогтоолуудад нэхэмжлэгч намайг талийгаач аав Ж.О ын зүгээс байшин худалдаж авахаар хариуцагч Б.О-т өгсөн 29 000 000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсэн. Мөн эрүүгийн хэрэгт сэжигтнээр өгсөн Б.О-ийн мэдүүлэг, гэрч Р.Т , О.Р нарын мэдүүлгүүдэд миний ааваас мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байсан. Иймд нэхэмжлэгч миний бие талийгаач аав минь гэрээслэлдээ бичиж үлдээсэн хариуцагч Б.О-ээс хашаа байшин худалдаж авахаар өгсөн 29 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.О т хашаа байшин 29 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд 29 000 000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар авч байгаагүй. Нэхэмжлэгчийн аав нас барахдаа надаас 29 000 000 төгрөгийн авлагатай гэх утга бүхий гэрээслэлийг үлдээсний дагуу талийгаачийн үхэлд хариуцагчийг буруутай хэмээн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж 201625022817 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 923 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож хариуцагчийг талийгаачийн үхэлд гэм буруугүй болохыг тогтоосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт болох талийгаачийн үлдээсэн гэрээслэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд зүгээр л талийгаачийн дотроо бодож санаж явдаг бодлоо цаасан дээр буулгаж үлдээсэн зүйл болохоос нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж үүний дагуу хариуцагчаас 29 000 000 төгрөг шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч хариуцагч болон талийгаачийн хооронд мөнгө төгрөг өгч авалцсан талаарх нотлох баримт бүрдээгүй бөгөөд хариуцагч нь талийгаачаас 29 000 000 төгрөгийг хүлээж аваагүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О-ээс 29 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 462 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02227 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж маргааны үйл баримтыг буруу дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ прокурорын тогтоолд сэжигтэн болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй болно. Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор сэжигтний мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлэг нь нотлогдоогүй байхад шүүх шууд анхдагч нотлох баримт хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай болсон.

Мөн гэрчүүд болон хариуцагч нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө талийгаачаас ганцаарангаас нь мөнгө авсан талаар мэдүүлэг өгөөгүй тийм баримт хэрэгт байхгүй байхад нэхэмжлэгчийг 29 000 000 төгрөг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн ааваас нэг ч удаа мөнгө төгрөг авч байгаагүй бөгөөд зөвхөн өөрийн төрсөн эгчээс мөнгө авч байсан. Гэтэл шүүх талийгаачаас 29 000 000 төгрөг авч байсан хэмээн дүгнэж шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай болсон. Түүнчлэн, цагдаагийн байгууллагад өгсөн гэрчүүдийн мэдүүлэг болон сэжигтний мэдүүлэг нь шууд нотлох баримт болохгүй бөгөөд эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар шүүх үнэлэх гэж байгаа тохиолдолд шүүгч өөрөө хууль сануулан тайлбарлаж гэрчийн мэдүүлэг авсан тохиолдолд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстой байсан.

Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тохиолдолд мөн хуулийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд шилжүүлэг хийгдсэн байх шаардлага зайлшгүй тавигдах бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хөрөнгийн шилжүүлэг хийгдсэн талаарх бичгийн нотлох баримт байхгүй байхад шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн учир дутагдалтай.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч Б.О-т холбогдуулан 29 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч О.М- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ж.О тай ямар нэгэн хэлцэл байгуулаагүй, 29 000 000 төгрөгийг аваагүй гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч О.М-ын эцэг Ж.О  нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогджээ. /хэргийн 12 дугаар тал/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.М- нь өөрийн эцэг Ж.О ын хууль ёсны өвлөгч болохын хувьд мөн түүнийг нас барах хүртэл хамт амьдарч байсан тул нас барагч Ж.О ын өвийг хүлээн авсан гэж үзэж, түүнтэй холбоотой эд хөрөнгийн талаар шаардлага гаргах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нас барагч Ж.О ын бичиж үлдээсэн гэрээслэл гэх баримтыг үндэслэж байх боловч уг 4 хуудас гар бичвэр нь бүдэг, уншихад гаргацгүй байх бөгөөд Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1 дэх хэсэгт заасан гэрчлүүлэх шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэлт өгөх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Харин хариуцагч Б.О- нь Ж.О аас мөнгө огт аваагүй талаар шүүхэд тайлбар гаргасан боловч 201625052817 дугаартай эрүүгийн хэрэгт түүний сэжигтнээр байцаагдахдаа өгсөн мэдүүлэг, мөн гэрчээр байцаагдсан О.Р, Р.Т  нарын өгсөн мэдүүлэг зэргээс зөрүүтэй байх бөгөөд эдгээр баримт нь иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт биш хэдий ч хариуцагч нь нэхэмжлэгчийн эцэг Ж.О аас 29 000 000 төгрөгийг авсан гэх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан бичгийн нотлох баримт болох талаар шүүх зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, уг баримтыг хариуцагч үгүйсгэсэн тайлбар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд Ж.О аас 29 000 000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар авч байгаагүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоотод байрлах хашаа байшин нь Б.О-ийн өмчлөлийн бус, түүний хадам ээж болох О.Р-ийн өмчлөлийн хөрөнгө болох талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч Б.О- нь дээрх хашаа байшинг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш тул түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн эцэг Ж.О аас хашаа байшин худалдах зорилгоор хүлээн авсан 29 000 000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлтэй. Уг мөнгийг хариуцагч өөрийн эгч Б.Оюунцэцэгээс авсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                  ШҮҮГЧИД                                 М.НАРАНЦЭЦЭГ   

                   

                                                                                                    С.ЭНХТӨР