Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00331

 

О.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02227 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2172 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.О-т холбогдох,

29 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний аав Ж.Отгонбаяр нь БНСУ-д 2006-2015 он хүртэл 9 жил ажиллаж амьдарч байхдаа хурааж цуглуулсан мөнгөөрөө Б.О-ээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн 5-185 тоотод орших хашаа байшинг худалдаж авахаар хамтран амьдарч байсан Б.Оюунцэцэгээр дамжуулж тохиролцсон. Монгол Улсад ирэх хүртлээ нийт 29 000 000 төгрөг цувуулж өгсөн болох нь эрүүгийн хэрэгт сэжигтнээр өгсөн Б.О-ийн мэдүүлэг, гэрч Р.Түвшинжаргал, О.Рина нарын мэдүүлгүүдэд миний ааваас мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрч байдаг. Миний аав 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр надад гэрээслэн үлдээсэн өөрийн амь насыг хохироосон.

Иймд нэхэмжлэгч миний бие талийгаач аав минь гэрээслэлдээ бичиж үлдээсэн хариуцагч Б.О-ээс хашаа байшин худалдаж авахаар өгсөн 29 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Миний бие Ж.Отгонбаярт хашаа байшин 29 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд 29 000 000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар авч байгаагүй. Нэхэмжлэгчийн аав нас барахдаа надаас 29 000 000 төгрөгийн авлагатай гэх утга бүхий гэрээслэлийг үлдээсний дагуу талийгаачийн үхэлд хариуцагчийг буруутай хэмээн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж 201625022817 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 923 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож хариуцагчийг талийгаачийн үхэлд гэм буруугүй болохыг тогтоосон.

... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт болох талийгаачийн үлдээсэн гэрээслэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02227 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О-ээс 29 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 462 950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2172 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Талийгаач Ж.Отгонбаяр, н.Оюунцэцэг нар Солонгос улсад ажил хийж дундаа мөнгө хуримтлуулсан. н.Оюунцэцэг нь Б.О-тэй хэлцэл байгуулж мөнгө төгрөг авалцаж өгөлцөж, 11-12 сая төгрөг авч байсан талаар талуудад ямар нэгэн маргаан байхгүй. Харин үлдэгдэл 17-18 сая төгрөгийг хэзээ яаж хэнээс хэнд өгсөн талаар эргэлзээтэй буюу ийм үйл явдал болсон талаар баримт байхгүй бөгөөд энэ үйл явдал болсон эсэхийг цор ганц н.Оюунцэцэг л мэднэ.

... Талийгаачийн бичсэн бичиг нь н.Оюунцэцэг, Ж.Отгонбаяр нарын дундын мөнгөний тухай бичсэн үү? эсвэл өс хонзонгийн байдлаар бичсэн үү? гэдгийг тодорхойлох боломжгүй. Хамтран мөнгө цуглуулсан гэх н.Оюунцэцэг нь хэрэгт шууд хамааралтай ба харин гуравдагч этгээдээр оролцох ёстой этгээд үү? хариуцагчаар татагдах ёстой этгээд үү? энэ асуудалд дүгнэлт хийх ёстой. Б.О-, н.Оюунцэцэг нарын хооронд үүргийн харилцаа үүссэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Харин Б.О-, Ж.Отгонбаяр нарын хооронд үүргийн харилцаа үүссэн гэдгийг нотлох зүйл байхгүй. Сэжигтэн худал мэдүүлэг өгөх эрхтэй. Гэрч худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээнэ. Сэжигтний мэдүүлгийг цор ганц үнэн зөв мэдүүлэг гэж үзэн үнэлэх боломжгүй. Сэжигтэн байсан этгээд мэдүүлгээсээ буцсан. Нэхэмжлэгч Ж.Отгонбаяр, н.Оюунцэцэг нар хэдэн жил хамт амьдарсан талаар худал зүйл нэхэмжлэлдээ бичжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зөвхөн үнэнийг бичих ёстой. Дээрх 9 үндэслэлээр шийдвэр, магадлал үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шүүх хэрэг маргааныг шийдэхдээ гуравдагч этгээдийн эрхэнд халдах ёсгүй.

н.Оюунцэцэг Б.О-т өгсөн мөнгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргавал хариуцагчаар огт харилцаанд ороогүй О.М-ыг хариуцагч болгох уу эсвэл Б.О-ийг хариуцагчаар татах уу?

Иймд үйл явдлыг сайн мэддэг, эрх нь зөрчигдөж байгаа н.Оюунцэцэгийг хэрэгт заавал оролцуулах шаардлагатай байгаа тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож дахин хянуулахаар буцааж өгнө үү.

Жич: н.Оюунцэцэгт шүүхийн шийдвэрийн тухай хэлэхэд “Миний мөнгийг яагаад надад мэдэгдэлгүй О.М-д өгдөг юм. Би шүүх хуралд оролцмоор байна ” гэж хэлсэн болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн эцэг талийгаач  Ж.Отгонбаярын хашаа байшин худалдан авах зорилгоор өгсөн 29 000 000 төгрөгийг хариуцагч Б.О-ээс гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Б.О- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О-ээс 29 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр  хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Б.О- нь талийгаач Ж.Отгонбаяраас хашаа байшингийн үнэд 29 000 000 төгрөг авсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч О.М- нь нас барагчийн өв залгамжлагчийн хувьд уг мөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн байна.

Хариуцагч Б.О- нь талийгаач Ж.Отгонбаяраас мөнгө аваагүй гэж шүүхэд тайлбарласан боловч урьдчилгаанд 11 000 000 төгрөг нийтдээ 29 000 000 төгрөг авсан талаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мэдүүлж байсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх баримтыг бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй юм.

Харин эдгээр мэдүүлэгт дээрх мөнгийг Ж.Отгонбаяр болон түүнтэй хамтран амьдарч байсан Б.Оюунцэцэг нараас авсан гэх агуулгатай тайлбар байгааг шүүх анхаараагүй, уг мөнгийг зөвхөн талийгаач Ж.Отгонбаяр өгсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хэрэгт шалгагдах явцад өгсөн хариуцагчийн мэдүүлгийн зарим хэсгийг нь  шийдвэрийн үндэслэл болгож, заримыг нь болгохгүй байх үндэслэл тодорхой бус байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан хөрөнгө буцаан шаардах эрх хөрөнгө шилжүүлсэн этгээдэд, эсхүл түүний эрх залгамжлагчид үүсэхийн тулд тэрээр уг хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байх учиртай. Хэрвээ хөрөнгийг хэн нэгэнтэй хамтарч шилжүүлсэн бол хамтран үүрэг гүйцэтгэсэн этгээдийн итгэмжлэлээр хөрөнгийг бүхэлд нь шаардах, эсхүл зөвхөн өөрт ногдох хэсгийг шаардах боломжтой болно.

Нэхэмжлэгч О.М-ын эцэг Ж.Отгонбаяр нь нас барахаасаа өмнө бичиж үлдээсэн баримт нь Иргэний хуулийн 523 дугаар зүйлд заасан гэрээслэлийн хэлбэр, агуулгын шаардлагыг хангахгүй байсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой бичгийн нотлох баримт мөн учир тухайн нотлох баримтын хэлбэрт хуульд заасан шаардлага хамааралтай болно. Шүүх уг баримтыг гаргацгүй гэж үнэлэхгүй байх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бөгөөд хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болдог. Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулдаг байна.

Талийгаач Ж.Отгонбаярын “Хайрт охин Маралд” гэж хаяглан бичсэн 4 хуудас бичгийн баримт нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тэмдгээр баталгаажсан хуулбар боловч унших боломжгүй, гаргацгүй бүдэг хувилагдсан байна. Шүүх уг баримтын эхийг үзэх, эсхүл үзлэг хийх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй нь учир дутагдалтай болжээ.

Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/02227 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2172 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчид хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 462 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН