Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/00402

 

*******ын нэхэмжлэлтэй

                     иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/02068 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1923 дугаар магадлалтай, 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох, 

29,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, өмгөөлөгч Д.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав Ж.Отгонбаяр нь Бүгд Найрамдах Солонгос улсад 2006-2015 он хүртэл 9 жил ажиллаж амьдарч байхдаа хурааж цуглуулсан мөнгөөрөө *******ээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, хангайн 5-185 тоотод орших хашаа байшинг худалдаж авахаар Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа хамтран амьдарч байсан Б.Оюунцэцэгээр дамжуулж тохиролцсон. Монгол улсад ирэх хүртлээ нийт 29,000,000 төгрөг цувуулж өгсөн байдаг. Гэтэл *******ийн эгч болох Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа танилцсан Б.Оюунцэцэгтэй цаашдын үлдсэн амьдралаа хамт өнгөрөөхөөр төлөвлөж байсан бүхэн нь худал болсонд сэтгэл санаагаар шаналан хямарч өөрийн ах дүүстээ болон тухайн үед хамт амьдарч байсан охин болох надад гэрээслэл үлдээн 2016 оны 11 сарын 16-ны өдөр өөрийн амь насыг хохироосон юм. 2017 оны 03 сарын 24-ний өдөр сэжигтэн *******ийг миний аавын амь насыг хохирсон асуудалд буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэсэн прокурорын 923 тоот тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч бүх шатны прокурорын тогтоолуудад нэхэмжлэгч намайг талийгаач аав Ж.Отгонбаярын зүгээс байшин

худалдаж авахаар хариуцагч *******т өгсөн 29,000,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсэн. Өнөөдөр миний бие багаасаа эцэг эхээсээ хол хөндий өсөж , эцэг эхийн хайр халамж, анхаарал дутагдаж байсны уршгаар үерхдэг эрэгтэй найзаасаа насанд хүрээгүй байхдаа хүүхэдтэй болж 2017 оны 05 сарын 14-нд охин Ж.Мишээлийг төрүүлж, одоо өөрийн гэсэн тогтсон орон байргүй, өөрийн найзуудынхаар 1 ой 1 сартай охины хамт хоног төөрүүлж явна. Охин Ж.Мишээл төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй буюу нэг гарын сарвуугүй төрсөн. Охин маань хөгжлийн бэрхшээлтэй учир надад ажил төрөл хийх боломж байдаггүй. Иймд нэхэмжлэгч миний бие талийгаач аав минь гэрээслэлдээ бичиж үлдээсэн хариуцагч *******ээс хашаа байшин худалдаж авахаар өгсөн 29,000,000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчийн аав болох Ж.Отгонбаярт хашаа байшин 29,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн ааваас 29,000,000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар авч байсан зүйл байхгүй болно. Нэхэмжлэгчийн аав нас барахдаа надаас 29,000,000 төгрөгийн авлагатай гэх утга бүхий гэрээслэлийг үлдээсний дагуу талийгаачийн үхэлд хариуцагчийг буруутай хэмээн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж 201625022817 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 923 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож хариуцагчийг талийгаачийн үхэлд гэм буруугүй болохыг тогтоосон юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт болох талийгаачийн үлдээсэн гэрээслэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд зүгээр л талийгаачийн дотроо бодож санаж явдаг бодлоо цаасан дээр буулгаж үлдээсэн зүйл болохоос нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж үүний дагуу хариуцагчаас 29,000,000 төгрөг шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/02068 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******ээс 14,500,000 /арван дөрвөн сая, таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 14,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 230,450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1923 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/02068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 230,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.21-ний өдрийн 184/ШШ2019/02068 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019.1 1.13-ны өдрийн 1923 тоот магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Талийгаач Отгонбаяр хэзээ ямар хөрөнгөтэй байсан талаар шүүхийн журмаар гаргуулан нотлох баримтыг үзвэл Отгонбаяр нь хилээр орж ирэхдээ мөнгөтэй байгаагүй, каргогоор мөнгө аваагүй, дансанд нь их хэмжээний мөнгө байгаагүй нь тогтоогдсон. Талийгаач Отгонбаяр иь ойрхон хугацаатай 2 машин худалдан авсан. БНХАУ-ын хилээр 2 удаа гарч их хэмжээний бараа худалдан авсан талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн Нарантуул захаас 2 павилон худалдан авч ажиллуулсан гэдгийг нэхэмжлэгч Марал хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр 2 машины мөнгө 2 удаагийн барааны мөнгө, Нарантуулын 2 павилоныг авах мөнгийг талийгаач хаанаас олж авсан байх вэ? Энэ бүх мөнгө бол Оюунцэцэг Солонгосоос ирээд дансаа хаалгаж авсан мөнгө Отгонбаярт өгсөн мөнгө. Талийгаач Отгонбаяр нь Оюунцэцэгтэй эрх зүйн харилцаанд орсон. Оюунцэцэг нь Отгонцэцэгтэй эрх зүйн харилцаанд ороогүй. Отгонбаяр нь Отгонцэцэгтэй Иргэний хуулийн 8-р зүйлд заагдсан эрх зүйн харилцаанд орсон. Шүүх маргааныг шийдэхдээ харилцан эрх зүйн харилцаанд орсон маргаанаар хэргийг шийдвэрлэдэг болохоос 8-р зүйлд заагдсан харилцаанд ороогүй этгээдийг татан оролцуулж шийдвэрлэж болохгүй. Шүүгчид Оюунцэцэгийн Үнэнмөнхөд олгосон итгэмжлэлийг гарган өгч гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргахад шүүх хүлээн авахаас татгалзсан мөртлөө Оюунцэцэгийн өөрийнхөө мөнгийг өөрөө авч талийгаачид өгсөн мөнгийг Отгонцэцэгээс гаргуулна гэсэн нь Монгол Улсын Иргэний хууль, ИХШХШТХ-д нийцсэн гэдгийг ойлгохгүй байна.

Иймд мөнгө тэнгэрээс унаж бий болдог, эрх зүйн харилцаанд орсон Оюунцэцэгийг хэрэгт хамаагүй гэж эрх зүйн харилцаанд огт ороогүй, мөнгийг нь үзээгүй, бариагүй, тоолоогүй Оюунцэцэгт хариуцлага оногдуулсан, Иргэний хуулийн 8-р зүйлийг үгүйсгэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.21-ний өдрийн 184/ШШ2019/02068 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019.11.13-ны өдрийн 1923 тоот магадлалыг хүчингүй болгож мөнгө тэнгэрээс унадаг эсэхийг шударгаар шийдвэрлүүлэхийн тулд анхан шатны буцааж, шалгуулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

******* нь *******ээс 29,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.  

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...аав Ж.Отгонбаяр Солонгос улсад 9 жил ажиллаж байхдаа хуримтлуулсан мөнгөөрөө *******ээс ...хашаа, байшинг худалдан авахаар тохирч, хамтран амьдарч байсан Б.Оюунцэцэгээр дамжуулж 29,000,000 төгрөг өгсөн, ...байр, мөнгөгүй болсон тул сэтгэл санаагаар шаналан гэрээслэл үлдээн амь насаа хохироосон, ...мөнгийг буцаан гаргуулна гэж тайлбарлажээ. 

Ж.Отгонбаяр 2016.11.16-ны өдөр нас барсан байх бөгөөд нэхэмжлэгч ******* түүний төрсөн охин болох нь хэрэгт авагдсан төрсний болон нас барсны гэрчилгээгээр тогтоогджээ.  

Иргэний хуулийн 520  дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд хууль ёсны өвлөгч бөгөөд ******* нь талийгаач Ж.Отгонбаярын хууль ёсны өвлөгч болох нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.  

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авна гэж үзнэ.  

******* нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан тул өвийг хүлээн авсан гэж үзэх тул хашаа байшингийн талаар шаардлага гаргах эрхтэй байна.  

Талийгаач Ж.Отгонбаяр нь нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоотод байрлах хашаа, байшинг худалдан авахаар *******т 29,000,000 төгрөг өгсөн болох, хариуцагч мөнгийг буцаан төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.  

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлд Ж.Отгонбаярын нас барахаасаа өмнө бичиж үлдээсэн баримт, мөн эрүүгийн хэргийг шалгах явцад авагдсан гэрч, сэжигтний мэдүүлэг зэргийг дурджээ.  

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс 2016.11.28-ны өдөр Ж.Отгонбаяр нас барсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.  

Эрүүгийн хэргийг шалгах явцад ******* ...талийгаач Ж.Отгонбаяр, эгч Оюунцэцэг нарын урьдчилгаа гэж өгсөн 11,000,000 төгрөгийг зээлсэн мөнгөндөө өгсөн, ...эгчтэй нийлээд хадам ээж О.Ринагийн нэр дээр байдаг ...хашаа байшинг худалдан авахаар болсон, ...12,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, ...увуулж цувуулаад 29,000,000 төгрөг өгсөн... гэсэн,

О.Рина ...хашаа байшингаа 29,000,000 төгрөгөөр зарах гэж байсан, ...бэр ******* манай эгч Солонгост байдаг, хашаа байшинтай болмоор байна гэж ярьсан, ...анх урьдчилгаа гээд 12 сая төгрөг өгсөн, ...нэг мөр гүйцээж өг гээд мөнгийг буцаагаад өгсөн...гэсэн,

Ж.Наранцэцэг ...Ж.Отгонбаяр Солонгост байхдаа хашаа байшин худалдаж авч байгаа, мөнгийг нь цувуулаад өгч байгаа гэж хэлж байсан, ...2013 онд Рина гэдэг хүнтэй холбогдож хашаа байшинг нь очиж үзэж байсан... гэсэн,

Р.Түвшинжаргал ...Отгонбаяр, Оюунцэцэг нар бид нартай холбогдоод 2013 онд 11,000,000 төгрөг бэлнээр өгсөн,...хоорондоо тохиролцоод хашаа байшинг 29,000,000 төгрөгөөр зарахаар болоод үлдэгдэл мөнгийг цувуулж авахаар болсон, ...25,000,000 орчим төгрөг авсан байх... гэсэн тайлбарыг тус тус өгчээ /хэргийн 5-7, 23-36 дугаар тал/.  

Түүнчлэн Ж.Отгонбаяр нас барахаасаа өмнө охин Марал, ах эгч дүү нартаа гэж хаяглан үлдээсэн гар бичвэрт ...энэ хашаа байшинг би өөрийнхөө мөнгөөр авсан, ... хашаа байшинг Отгонцэцэгийн хадам болох Рина 22 саяар авсан юм билээ, гэвч бид хоёрт 25,000.000 авсан гэж, бас 10,000,000 төгрөгөөр засвар хийсэн гэж 35,000,000 зарсан... гэж бичжээ /хэргийн 161-166 дугаар тал/. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан дээрх баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.  

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй ба хариуцагч нь хашаа байшинг Ж.Отгонбаяр, Б.Оюунцэцэг нарт худалдаж, 29,000,000 төгрөг авсан боловч уг хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй, худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нь 29,000,000 төгрөгийг Ж.Отгонбаяр болон түүнтэй хамтран амьдарч байсан Б.Оюунцэцэг нараас авсан байх тул нэхэмжлэгч уг мөнгийг бүхэлд нь шаардах эрхгүй болно.  

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, хашаа байшингийн үнээс Ж.Отгонбаярт ногдох хэсэг болох 14,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т нийцсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.  

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хангасан төлбөрийн хэмжээг бичгээр арван дөрвөн сая таван зуу гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа болсныг дурдах нь зүйтэй. 

2. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахыг хүссэн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна. 

Б.Оюунцэцэгийг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүгчийн 2019.05.06-ны өдрийн 05188 дугаар захирамжаар хангахгүй орхихдоо Монгол улсад байхгүй, дуудан ирүүлэх боломжгүй, эрх ашиг зөрчигдөж байна гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрх нь нээлттэй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.  

Түүнчлэн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талийгаач Отгонбаяр хилээр орж ирэхдээ мөнгөтэй байгаагүй, каргогоор мөнгө аваагүй, дансанд нь их хэмжээний мөнгө байгаагүй,...ойрхон хугацаанд 2 машин худалдаж авсан, ...Отгонцэцэгтэй эрх зүйн харилцаанд ороогүй... гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2019/02068 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1923 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 230,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

  Х.ЭРДЭНЭСУВД