Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2018/02227

 

 

 

 

 

 

 

  

2018 оны 09 сарын 12 өдөр

     Дугаар 184/ШШ2018/02227

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ тоот хаягт оршин суух .... овогт О-ын М- /РД:...../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ын О- /РД:..../-т холбогдох

 

29.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-, гэрч Ж.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний аав Ж-ы О- нь Бүгд Найрамдах Солонгос улсад 2006-2015 он хүртэл 9 жил ажиллаж амьдарч байхдаа хурааж цуглуулсан мөнгөөрөө хариуцагч Б.О-ээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, хангайн 5-185 тоотод орших хашаа байшинг худалдаж авахаар Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа хамтран амьдарч байсан Б.О-ээр дамжуулж тохиролцсон. Монгол улсад ирэх хүртлээ нийт 29.000.000 төгрөг цувуулж өгсөн байдаг. Эцсийн эцэст 29.000.000 төгрөг ч үгүй, хашаа байшин ч үгүй болсон. Гэтэл Б.О-ийн эгч болох Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа танилцсан Б.О-тэй цаашдын үлдсэн амьдралаа хамт өнгөрөөхөөр төлөвлөж байсан бүхэн нь худал болсонд сэтгэл санаагаар шаналан хямарч өөрийн ах дүүстээ болон тухайн үед хамт амьдарч байсан охин болох надад гэрээслэл үлдээн 2016 оны 11 сарын 16-ны өдөр өөрийн амь насыг хохироосон юм. Энэ хэргийн улмаас миний аавын төрсөн эгч Ж.Н- нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасанд эрүүгийн 201625022817 тоот хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж шалгуулсан боловч 2017 оны 03 сарын 24-ний өдөр сэжигтэн Б.О-ийг миний аавын амь насыг хохирсон асуудалд буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэсэн прокурорын 923 тоот тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч бидний сонгосон өмгөөлөгч Д.Г- нь бүх шатны прокурорт хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон хэмээн гомдол гаргасан боловч шат шатандаа анхан шатны прокурорын тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж аваагүй. Гэсэн ч бүх шатны прокурорын тогтоолуудад нэхэмжлэгч намайг талийгаач аав Ж.О-ын зүгээс байшин худалдаж авахаар хариуцагч Б.О-т өгсөн 29.000.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсэн байсан. Мөн эрүүгийн хэрэгт сэжигтнээр өгсөн Б.О-ийн мэдүүлэг, гэрчээр мэдүүлэг өгсөн Б.О-ийн нөхөр Р.Т-, гэрч хадам эх О.Р- нарын мэдүүлгүүдэд миний ааваас мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байсан. Өнөөдөр миний бие багаасаа эцэг эхээсээ хол хөндий өсөж , эцэг эхийн хайр халамж, анхаарал дутагдаж байсны уршгаар үерхдэг эрэгтэй найзаасаа насанд хүрээгүй байхдаа хүүхэдтэй болж 2017 оны 05 сарын 14-нд охин Ж.М-ийг төрүүлж, одоо өөрийн гэсэн тогтсон орон байргүй, өөрийн найзуудынхаа гэрээр 1 ой 1 сартай охины хамт хоног төөрүүлж явна. Охин Ж.М- төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй буюу нэг гарын сарвуугүй төрсөн. Охин маань хөгжлийн бэрхшээлтэй учир надад ажил төрөл хийх боломж байдаггүй. Хаа ч явсан хүүхдээ чирээд явдаг. Миний ээж хүнтэй суусан тул би тэр хүнтэй нь таарч тохирдоггүй. Намайг хүүхэд гаргасан болохоор хүлээж авдаггүй байх гэж би боддог. Ээж маань надад ямар ч анхаарал халамж тавих чадваргүй, зөвхөн өөрийгөө болон миний дараах дүү нарын амьдралыг арай гэж  авч явдаг. Өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж амьдардаг. Иймд нэхэмжлэгч миний бие талийгаач аав минь гэрээслэлдээ бичиж үлдээсэн хариуцагч Б.О-ээс хашаа байшин худалдаж авахаар өгсөн 29.000.000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагч Б.О- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...тус шүүхэд нэхэмжлэгч О.М- нь надад холбогдуулан 29.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэгчийн аав болох Ж.О-т хашаа байшин 29.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн ааваас 29.000.000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар авч байсан зүйл байхгүй болно. Нэхэмжлэгчийн аав нас барахдаа надаас 29.000.000 төгрөгийн авлагатай гэх утга бүхий гэрээслэлийг үлдээсний дагуу талийгаачийн үхэлд хариуцагчийг буруутай хэмээн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж 201625022817 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 923 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож хариуцагчийг талийгаачийн үхэлд гэм буруугүй болохыг тогтоосон юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт болох талийгаачийн үлдээсэн гэрээслэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд зүгээр л талийгаачийн дотроо бодож санаж явдаг бодлоо цаасан дээр буулгаж үлдээсэн зүйл болохоос нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж үүний дагуу хариуцагчаас 29.000.000 төгрөг шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч хариуцагч болон талийгаачийн хооронд мөнгө төгрөг өгч авалцсан талаарх нотлох баримт бүрдээгүй бөгөөд хариуцагч нь талийгаачаас 29.000.000 төгрөгийг хүлээж аваагүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч Б.О-ийн эгч Б.О-тэй талийгаач  Ж.О- 2012 онд танилцаад 2013 оноос хамт амьдарч байсан юм байна. Гэхдээ гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлээгүй, гэрлэлтээ батлуулаагүй. Нэхэмжлэгчийн ааваас Б.О- 29.000.000 төгрөг огт аваагүй. Нэхэмжлэгчийн аав нас барахдаа 29.000.000 төгрөг авахаар гэрээслэл үлдээсэн учраас  нэхэмжилж байгаа гэж ойлгож байна. Гэрээслэл бол хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ “...эрүүгийн хэргийг шалгах явцад Б.О- нь мөнгө авсан гэдгээ хэлдэг” гэж байна. Яг Ж.О-аас авсан баримт бол байхгүй. Харин өөрийн эгч Б.О-ээс мөнгө авч байснаа хүлээн зөвшөөрдөг. Талийгаачийн үхэлд хариуцагчийг буруутай гэж Баянгол дүүргийн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад хариуцагч Б.О- талийгаач Ж.О-аас мөнгө авсан өгсөн гэсэн нотлох баримт байхгүй. Тиймээс  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч О.М-ын аав Ж.О- нь 2006 оноос хойш 2015 оныг хүртэл Солонгос улсад ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа Б.О-ийн эгч Б.О-тэй хамтран амьдардаг байсан. Энэ хугацаандаа Монголд очоод өөрийн гэсэн гэр оронтой болно гээд сар бүр каргогоор Б.О-рүү мөнгө  явуулдаг байсан. Б.О- өөрийнх нь ийм хашаа байшин байна. Үүнийг худалдаж ав гэж санал болгосны дагуу худалдаж авахаар болсон байдаг. Ж.О- нь 2015 онд Б.О-тэй хамт Солонгосоос Монголдоо ирсэн. Ирээд 5 шард Б.О-ийн хамт охинтойгоо гурвуулаа Б.О-ийн 2 өрөө байрыг түрээсэлж амьдарч байсан байдаг. Өвөл тэр хашаа байшинд нь амьдрахын эцэсгүй, хүйтэн байсан. Ингээд Б.О-ийн байрыг түрээсэлж байгаад түрээсийн мөнгөгүй болоод эхэлсэн чинь өөрийнхөө худалдаж авсан тэр хашаа байшиндаа оч гээд явуулдаг. Энэ хооронд Б.О- эгч нь Солонгосруу явсан. Солонгост байсан Б.О-тэй талийгаач харилцаа нь муудаж Б.О- ч эгчийгээ өмөөрч талийгаачийг дарамталдаг байсан. Ингээд өчнөөн жил Б.О-т мөнгө явуулсан байсан хүн хашаа байшинтай гэж бодоод очтол хүн амьдрахын эцэсгүй, нийтийн байр маягийн байшин байдаг. Гэтэл хашаа байшингаа бүтнээр нь өгсөн юм ч байхгүй, Ж.О-т жоохон хэсгийг нь худалдсан байдаг. Үүнийг хараад маш их гутарсан. Б.О- хашаа байшинг нэр дээр нь ч шилжүүлж өгдөггүй. Байшингаа авъя гэхээр чиний юм гэж юу байдгийн энэ хашаа байшинг зарж байж мөнгийг чинь өгнө гээд загнадаг. Хашаа байшин нь гэрэл зургаас тодорхой харагдана. Бүүр дээр үеийн хужаа нарын амьдарч байсан шавар тагз. Ингээд талийгаач өчнөөн жил гадаад улсад хөдөлмөрлөсөн байж мөнгө ч үгүй, орох орон гэр ч үгүй, хамт амьдарна гэж бодож явсан Б.О- нь хаяад явчихсан, дээрээс нь Б.О-ийн дүү Б.О- нэлээн дарамталдаг. Тэгж амьдарч байх явцдаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр амиа хорлосон байдаг. Амиа егүүтгэхэд хүргэсэн гэдэг зүйл заалтаар Б.О-ийг шалгуулсан. Эрүүгийн хэрэгт Б.О-ийн өмнөх өмгөөлөгч нь бид нартай хэлэлцэж тохиролцоод хашаа байшингийнх нь мөнгө төгрөгийг өгөхөөр болсон. Гэтэл Прокурорын газраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Бүх шатны прокурорт гомдол өгсөн боловч хүлээж авдаггүй. Тэгсэн эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болоод ирсэн чинь Б.О- өгнө гэсэн мөнгө төгрөгөө өгөхөө больдог. Б.О-ийн нөхөр н.Т- нь эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ 2 газар зэрэг өмчилж болдоггүй учир талийгаачид зарсан хашаа байшингаа ээж н.Р-гийн нэр дээр авсан. Өөрийнх нь хашаа байшин учир би зарсан нь үнэн гэж мэдүүлдэг. Сүүлдээ Б.О- манай эгч явуулсан гэж мэдүүлдэг, одоо болохоор ийм мөнгө огт аваагүй гээд байдаг. Ийм тогтворгүй мэдүүлэг өгдөг. Охин нь хууль ёсны өвлөгч болохоо илэрхийлж өв нээлгэх хүсэлт гаргасан. Яг ямар хөрөнгө өвлөж авах нь тодорхойгүй байсан учир өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй. Хашаа байшин уу, мөнгө өвлөх эрхтэй юу гэдгийг тогтоох боломжгүй байдал үүссэн. Өв нээлгэх хүсэлтээ нотариатад хуулийн хугацаандаа гаргасан. Одоо эд нар хашаа байшинг нь зарсан гэж ярьж байна. Тэгж болдог юм уу. Хүнд юм зарчхаад, тэр хүнийг нь дарамталсаар байгаад үхчихлээр нь хашаа байшинг нь зарчихдаг. Талийгаачийн хашаа байшин авахаар өгсөн 29.000.000 төгрөг бол О.М-ын өвлөх ёстой зүйл юм. Тиймээс худалдах, худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолтой учир тэр байшинг нь авахгүй. Тиймээс мөнгөн дүнгээр нь нэхэмжилж байна. Нэхэмжлэгч 17 настай байхдаа нэг охинтой болсон. Ам бүл хоёулаа, айл айлынхнаар хэсэж амьдардаг. Ээж нь хүнтэй суугаад хойд аавтай болсон. Хойд аав нь архи уудаг. Уухаараа охиныг оролдоно. Ийм хүнд байдалтай гэдгийг нь мэдсээр байж мөнгө аваагүй гээд байгаа. Талийгч ах, эгч, дүүдээ болон охиндоо энэ хашаа байшинг 35.000.000 төгрөгөөр авсан гэж ярьж, гэрээслэлдээ ч 35.000.000 төгрөгөөр Б.О-ээс авсан гэдгээ бичсэн байдаг. Гэхдээ эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад Б.О- өөрөө талийгчаас нийт 29.000.000 төгрөг авсан тухайгаа мэдүүлсэн байсан учраас бид нар 35.000.000 төгрөг биш 29.000.000 төгрөгийг нэхэмжлэхээр шийдсэн. Тиймээс хариуцагчаас 29.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.М- нь хариуцагч Б.О-т холбогдуулан 29.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төрсөн эцэг Ж.О-ын хашаа байшин худалдан авахаар төлсөн 29.000.000 төгрөгийг гаргуулна, хашаа байшинг Ж.О-ын өмчлөлд шилжүүлээгүй, мөн талийгч аав нь гэрээслэлдээ энэ талаар бичсэн” хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч Б.О- “...Ж.О-т хашаа байшин 29.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож ямар нэгэн хэлцэл байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн ааваас 29.000.000 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар авч байсан зүйл байхгүй. Энэ мөнгийг надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй...” хэмээн маргав.

 

Б- овогт Ж-ы О- нь 2016 оны 11 сарын 16-ны өдөр нас барсан болохыг 2016 оны 11 сарын 17-ны өдөр нас барсны бүртгэлийн 5768-рт бүртгэж  гэрчилгээ олгосон болох нь №0000195180 дугаартай “Нас барсны гэрчилгээ”-ний хуулбараар тогтоогдов. /хх-12х/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”-ийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй талаар заасан бөгөөд нэхэмжлэгч О.М- нь нас барагч Ж.О-ын төрсөн охин болох нь О.М-ын 0000965301 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдсон тул түүнийг нас барагчийн хууль ёсны өвлөгч гэж үзнэ. 

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т “өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” хэмээн заасан тул О.М- нь хууль ёсны өвлөгч болохын хувьд мөн нас барагчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан тул нас барагч Ж.О-ын өвийг хүлээн авсан гэж үзэж, маргаан бүхий хашаа байшин, түүний төлбөрийн талаар шаардлага гаргах эрхтэй байна.

 

2016 оны 11 сарын 16-ны өдөр Ж.О- нь өөрийн охин О.М- болон ах, эгч, дүү нартаа бичгээр захиас үлдээн нас баржээ. Ж.О- нас барсан гэх хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эрүүгийн 201625052817 дугаартай хэрэг үүсгэн Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр сэжигтнээр татан шалгажээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 323 дугаар тогтоолоор хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 5/225, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 5/1120, Улсын ерөнхий Прокурорын газрын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 5/938 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар анхан шатны прокурорын шийдвэрийг үндэслэлтэй талаар мэдэгджээ. /хх-5-10х/

 

Нэхэмжлэгч О.М-ын зүгээс нас барагч Ж.О-ын бичиж үлдээсэн “гэрээслэл” гэх зүйлийг үндэслэж шаардлага гаргаж байгаа боловч уг 4 хуудас гар бичвэр нь бүдэг, уншихад гаргацгүй, Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1-т заасан “гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ” гэх шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох  баримтын хэмжээнд үнэлж, дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Харин хариуцагч Б.О- нь Ж.О-аас мөнгө огт аваагүй талаар шүүхэд тайлбар гаргасан хэдий боловч 201625052817 дугаартай эрүүгийн хэрэгт сэжигтнээр байцаагдсан “...яг хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Манай эгчтэй нийлээд талийгаач манай хадам ээж О-ы Р-гийн нэр дээр байдаг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоот хашаа байшинг хамтаар худалдан авахаар болсон. ...надад 12 сая төгрөг бэлнээр өгч байсан юм. Ерөнхийдөө надад нийт 29 сая төгрөг өгсөн байгаа, ...тэгээд тэр хоёр Монголд ирэхэд нь нэр усаа шилжүүлж өгөхөөр ярьж байсан юм...” гэх мэдүүлэг, гэрчээр байцаагдсан О.Р-гийн “...хашаа байшингаа 29 сая төгрөгөөр зарах гэж байсан юм. Анх надад 12 сая төгрөг Б.О- өгөөд урьдчилгаа мөнгө гэхээр нь буцаагаад Б.О-т өгсөн...” гэх мэдүүлэг, мөн гэрчээр байцаагдсан Р.Т-ын “...талийгаач О-, манай эхнэрийн төрсөн эгч О- нар бид нартай холбогдоод анх 2013 онд 11 сая төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд хоорондоо тохиролцоод тэр хашааг 29 сая төгрөгөөр зарахаар болоод үлдэгдэл мөнгийг нь цувуулж авахаар болсон юм. Тэгээд нэг уван цуван авсаар байгаад бид хоёр 25 орчим сая төгрөг авсан байх” гэх мэдүүлэг зэргээс хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байгаа болно. Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан эрүүгийн хэрэгт сэжигтнээр болон гэрчээр байцаагдсан тэмдэглэлүүд, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2017 оны 03 сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 323 дугаар тогтоол зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангажээ. /хх-5-7, 23, 24, 27,28,57-59х/

 

Дээрх эрүүгийн хэрэгт Эрүүгийн хууль сануулан мэдүүлэг авсан гэрч О.Р-, Р.Т- нарын өгсөн мэдүүлэг, сэжигтнийг байцаасан тэмдэглэл зэргээс үзэхэд хариуцагч Б.О- нь нас барагч Ж.О-т хашаа байшин худалдах зорилгоор түүнээс мөнгө авсан болох нь хангалттай тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдов.

 

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-185 тоотод байрлах хашаа байшин нь Б.О-ийн өмчлөлийн бус, түүний хадам ээж болох О.Р-гийн өмчлөлийн хөрөнгө болох талаар талууд хэн аль нь маргаагүй байна. Тиймээс Б.О- нь маргаан бүхий хашаа байшинг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш атлаа үндэслэлгүйгээр Ж.О-ын мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” талаар заасан тул хариуцагч Б.О-ээс 29.000.000 төгрөгийг гаргуулан нас барагч Ж.О-ын хууль ёсны өв залгамжлагч О.М-д олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 462.950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. Нэхэмжлэгч О.М- нь төлбөрийн чадваргүй болох нь баримтаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О-ээс 29.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М-д олгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 462.950 төгрөг  гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.УРАНЗУЛ