Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2237

 

 

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/02237

 

 

“ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02707 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ү” ХХК,

Хариуцагч: Т.Б-,

Хариуцагч: Б.Б- нарт  тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 254 264 767 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Идэрмөнх, Э.Гантөгс, Д.Мөнхзул

Хариуцагч: Т.Б-

Хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Цацралтуяа

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Нандинцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “Ү” ХХК, Т.Б- нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ХБтай 5001163269 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй зээлж авсан.

 Мөн өдөр зээлдэгч “Ү” ХХК, Т.Б- нартай 1030014979 дугаартай гэрээ зээлийн байгуулж 175 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй зээлж авсан.

Талууд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2014 оны 1030014979 дугаартай зээлийн гэрээ, 5001163269 дугаартай зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн нийт үлдэгдэлийг 197 574 559 төгрөг болохыг тодорхойлж зээлийн гэрээний ерөнхий хугацааг 48 cap байхаар харилцан тохиролцсон.

Зээлдэгчид 5001163269, 1030014979 тоот зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 03 дугаар сараас хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй.

Зээлдэгчид нь зээлийн 5001163269, 1030014979 дугаартай гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Баталгаат ипотекийн 1060011307-1 дугаартай гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2204010226 дугаартай, Баянзүрх дүүргийн 18-р хороо,13 дугаар хороолол, 38 дугаар байр, 121Б тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, орон сууц, Улсын бүртгэлийн Г-2201000237 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо,1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 92 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай, орон сууцыг, барьцааны 5001163269 дугаартай гэрээгээр  140 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр ахуйн хэрэгсэл болон цахилгаан хэрэгсэл, 33-55 УБЦ улсын дугаартай автомашиныг, баталгаат ипотекийн БИ10300144979-01 дугаартай гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2203030073 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Майхан толгой сб 13-р хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 275 м.кв талбайтай хувийн сууцыг, барьцааны БГ1030014979-02 дугаартай гэрээгээр улсын бүртгэлийн Г-2203009513, ГД-000520976 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Майхан толгой сб 13-р хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан.

Батлан даалтын 5001163269,1030014979 дугаартай гэрээгээр Б.Б- нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн.

Зээлдэгч “Ү” ХХК, Т.Б-, батлан даагч Б.Б- нар нь 5001163269, 1030014979 дугаартай гэрээний 1.4, 3.4.2-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан 5001163269, 1030014979 дугаартай зээлийн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно.

Иймд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 19 574 559 төгрөг, үндсэн хүү 43 100 760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 637 598 төгрөг, нийт 236 312 917 төгрөгийг хариуцгач нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 5 сар гаруй хугацаа өнгөрч, хариуцагч нар өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн хүү 17 241 174 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 710 674 төгрөг, нийт 17 951 847 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүүлж байна гэжээ.

 

Хариуцагч нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх 2005 оноос эхлэн ХБтай харьцаж бизнесийн үйл ажиллагаандаа зориулан зээл авч, зээлийг гэрээний хугацаанд, хуваарийн дагуу төлж барагдуулсаар ирсэн.

2013 оны 4 сард 150 000 000 төгрөгийн зээл авах талаар хүсэлт гаргахад банкны зүгээс "монгол төгрөгөөр зээл олгох боломжгүй, ам.долларын зээл авбал ав” гэсэн. Тухайн үед манай компани бараа материал татан авахын тулд урьдчилгаа төлбөр хийсэн тул эргэлтийн хөрөнгө зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд аргагүйн эрхэнд зээл авахад хүрч 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 150 000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, 13.8 хувийн хүүтэй зээлэхээр 14543 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээл зээл олгох үед бидний урьд авсан 150 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хэвийн үргэлжилж байсан ба нэмэлт нөхцөлийн гэрээгээр барьцааны зүйлийн үнэлгээг өөрсдийн санаачилгаар өсгөн бид 150 000 000 төгрөгийн зээлийг хүссэн байхад 213 450 000 төгрөг болгон нэмэгдүүлэн олгосон. Биднийг зээл авах үед 1 ам.доллар 1423 төгрөгийн ханштай байсан, зээл авсны дараа ам.долларын ханш нэмэгдсэн.

Уг зээлийн гэрээний үүрэгт 2013 оны 05 дугаар сарын 20-ын өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 175 604 030 төгрөг буюу 123 404 ам.доллар төлсөн.

Ам.долларын ханш байнга өсөж байснаас зээлийн үлдэгдэл 62,739.56 ам.долларыг монгол төгрөгт шилжүүлэх хүсэлтийг бид банкинд 2014 оны 6 дугаар сард гаргасан ба хүсэлтийг банк шийдвэрлэхдээ 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 175 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэй олгохоор 1030014979 тоот зээлийн гэрээ байгуулж, 06 дугаар сарын 30-ны өдөр 164 200 000 төгрөгийг “Ү” ХХК-ийн дансанд шилжүүлснээ мөн өдөр ам.долларын зээлийн үлдэгдэл төлбөрт 114 750 675 төгрөгийг суутган авч, ам.долларын зээлийг хугацаанаас нь өмнө цуцлан зээлийн гэрээг дуусгавар болгосон. 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр банк нь 10 800 000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлж, компанийн дансанд 60 687 463 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Ханшийг 1822 төгрөгөөр бус 1426 төгрөгөөр бодож 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжүүлсэн бол зээлийн зарцуулалт, эргэн төлөлт, компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах байсан. Ханшны зөрүү 25 033 085 төгрөг гарсан.

175 000 000 төгрөгийн зээлийг ашиглуулаагүй байж ногдох хүү, нэмэгдүүлсэн хүү 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 он хүртэл хугацаанд 60 687 536 төгрөгөөр төлүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон. Энэ зээлийн гэрээнд илүү төлсөн 50 253 964 төгрөгийн төлбөрийг хасуулна. Энэ зээлийн гэрээний үүрэгт 54 004 067 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Энэ зээлийн гэрээнд барьцаалсан байсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол 70 дугаар байрны 9 тоот 73,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг банкны дарамт шахалтаар 144 000 0000 төгрөгөөр худалдан борлуулсан.  30 000 000 төгрөгийг Т.Б- авч, банкны дансанд 114 000 000 төгрөг үлдсэн ба 175 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт авсан гэж ойлгож байсан. 08 дугаар сарын 31-ний өдөр дансанд орсон мөнгийг 2015 оны 12 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл сар бүр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт оруулж суутгаж улам хохироож байна.

“Ү” ХХК, Т,Бямбасүрэн нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ХБнаас 100 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авахаар хүсэл зоригоо илэрхийлэн 5001163269 тоот зээлийн шугамын гэрээг байгуулсан.  2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 44 160 000 төгрөг, нийт 144 160 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэрээний дагуу 2014 оны 07 сарын дугаар 31-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 14 937 260 төгрөг төлсөн. 4-9 сарын үүрэгт 1 840 000 төгрөг х 6 cap = 11 040 000 төгрөг төлөх байтал үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс банк нийт 11 764 947 төгрөг төлүүлж, 724 947 төгрөг илүү суутган авсан. 10, 11 дүгээр сарын хүүгийн эргэн төлөлтөд 3 692 000 төгрөг төлсөн. Нийт 30 394 207 төгрөг төлсөн. 2016 оны 12 дугаар сарын 08-наас 21-ний өдөр хүртэл төлсөн 5 119 500 төгрөгийг банкны тодорхойлсон үүрэг болох 97 086 283 төгрөгөөс хасч 91 966 783 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Түүнчлэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 150 000 000 төгрөгийн зээлээс илүү төлүүлсэн 2 287 910 төгрөгийг хасч тооцуулна гэжээ.   

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ү” ХХК, Т.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 242 702 703.31 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 562 061.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Б-т холбогдох нэхэмжлэгч “ХБ” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Ү” ХХК, Т.Б- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2204010226 дугаартай, Баянзүрх дүүргийн 18-р хороо,13 дугаар хороолол, 38 дугаар байр, 121Б тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай орон сууц, 33-55 УБЦ улсын дугаартай Форд эксплорер маркийн автомашин, Улсын бүртгэлийн Ү-2203030073 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Майхан толгой сб 13-р хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 275 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2203009513, ГД-000520976 дугаартай , Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Майхан толгой сб 13-р хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын бүртгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 587 224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ү” ХХК, Т.Б- нараас 1 371 464 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 87 750 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас 130 093 840 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. 500163269, 1030014979 дугаар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад энэ 2 гэрээнээс татгалзаж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дээрх 2 гэрээний төлбөрийг нэмж, нийлүүлээд 1 гэрээ болгож, хугацааг нь сунгаад өг гэсэн хүсэлтийг хариуцагч тал ХБинд гаргаагүй юм. Гэтэл ХБ өөрийн бусармаг аргаараа гэрээг нэгтгэн, харилцагчийн эрхийг ноцтой зөрчиж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулж, Б.Б-, Т.Б- биднийг банк дээрээ дуудаж, энэ гэрээнд гарын үсэг зур гэж тулган гарын үсэг зуруулж, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн байгуулсан хэлцлийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх уг нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Банкны өмнөх зээлийг хаах зорилгоор дараагийн зээлийг олгосон үйлдэл нь Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, зээл олгох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол банкны ерөнхийлөгч, Санхүү эдийн засгийн сайдын 2010 оны хамтарсан тушаалаар батлагдсан "Активыг ангалах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах" журмын 10 дахь хэсэг, “ХБ” ХХК-ийн "Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам"-ын 1.5.2, 2.7.2, Иргэний хуулийн 451дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон 175 000 000 төгрөгийн зээлийг 2 хувааж хариуцагчийн зээлийн дансанд шилжүүсэн байх бөгөөд эхний удаагийн шилжүүлэг буюу 164 800 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон, тухайн зээл олгосон өдрөө 114 312 462 төгрөгийг банк хариуцагчийн данснаас татан авч өмнөх зээлийг хаасан, 2 дахь шилжүүлэг буюу 10 800 000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байдаг. Иймээс бодитоор 60 687 537 төгрөгийг гэрээнд заасан зориулалтаар зээлдүүлсэн учир энэ дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой.

Мөн Улсын Дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/00590 тоот тогтоолд нэхэмжлэгч нь нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн шугамын 5001163269 дугаар гэрээ болон 1030014979 дугаартай зээлийн гэрээнд талууд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн зээлийн нийт үлдэгдлийг 197 574 559 төгрөг болохыг тодорхойлж, зээлийн гэрээний ерөнхий хугацааг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 48 сар байхаар харилцан тохиролцсон, зээлийн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа гэж тодорхойлсон байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдөр хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах боломжтой. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 5001163269 дугаар, 1030014979 дугаартай зээлийн гэрээний үүргийг нэгтгэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн зээлийн нийт үлдэгдлийг 197 574 559 төгрөг гэж тогтоосон гэх боловч 5001163269 дугаар, 1030014979 дугаартай зээлийн гэрээний үүргийг хэрхэн нэгтгэсэн нь тодорхойгүй, энэ талаарх тооцооллын баримт хэрэгт авагдаагүй, дээрх хоёр гэрээний эргэн төлөлтийн хуваарь болон эргэн төлөлтийн тооцооны талаар маргаантай гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан хүсэлтүүдээс үзвэл талуудын хооронд хийгдсэн гэх 2013 оны 04 сарын 17-нь өдрийн 150,000 ам.долларын зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 1030014979 дугаартай зээлийн гэрээ болон 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт нь хамаарах эсэх нь ойлгомжгүй, ам.долларын гэрээний үүргийг төгрөгийн зээлийн гэрээгээр сольсон буюу нэг үүрэг үргэлжилж байгаа эсхүл шинэ үүрэг үүссэн эсэх нь тодорхойгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 12 дугаар хороолол, 70 дугаар байрны 9 тоот 73,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан, орон сууцыг Г.Жамсран гэдэг иргэнд зарсан, Г.Жамсран байрны төлбөрөө 8 дугаар сарын 31-ний өдөр ХБинд байршуулсан гэсэн тайлбарьг хариуцагч гаргасан байх бөгөөд байрны төлбөрийг зээлийн аль гэрээний үүрэг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нөхцөлд "банкны зээлийн хүү"-г жилийн суурь хүү, үндсэн хүү, хувьсах хүү гэх зэргээр хэд хэдэн томьёоллоор тусгасныг зээл авагч талд ойлгомжтой нөхцөл гэж үзэх боломжгүй, түүнчлэн нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэл болж буй 5001163269, 1030014979 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийг ямар хугацаанд хэдий хэмжээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн гэж дүгнэх, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан дүнг шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Түүнчлэн хариуцагч "Ү" ХХК, Б.Б- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. "Ү" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компанийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, өөр төлөөлөгч оролцуулах боломж олгон хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авалгүй шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Хариуцагч Т.Б-гийн өмгөөлөгч Г.Нандинцэцэгт шүүх хуралдааны товыг мөн мэдэгдээгүй. Талуудын тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлзэх  боломжоор хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Улсын Дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/00590 тоот тогтоол гарснаас хойш нэхэмжлэгч талаас ямар нотлох баримт хэрэгт гаргаж өгснийг хариуцагч талд мэдэгдэж, танилцуулаагүй болно.

Шүүх хуралдааны явц шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч “Ү” ХХК, Т.Б-, Б.Б- нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 254 264 767 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 175 000 000 төгрөгийн болон мөн өдөр байгуулсан 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нэгтгэж 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож үндсэн үүргийг 197 574 559 төгрөгөөр тогтоосон гэрээг цуцалж, үүргийг 252 264 767 төгрөг болсон гэж тодорхойлжээ. 

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж, уг зээлийн үндсэн үүргийг 197 574 559 төгрөгөөр тодорхойлж, зээлийн гэрээний жилийн хүү 22,08 хувь, 48 сарын хугацаанаас өмнө гэрээг нэхэмжлэгч тал цуцалсан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон мөнгөн дүнг зээлдэгчид шилжүүлсэн байх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлага хангагдаагүй байна.

 

Иймд хариуцагчийн тайлбарын дагуу талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 175 000 000 төгрөг болон мөн өдөр байгуулагдсан 100 000 000 төгрөгийн зээлийн үүргийг тус тусад дүгнэж нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Талуудын хоороонд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 175 000 000 төгрөгийг жилийн 22,08 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлийн гэрээ /дугаар 1030014979/  байгуулагдсан ба зээлдүүлэгч нь хариуцагч “Ү” ХХК-ийн 5000050428 тоот дансанд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 164 200 000 төгрөгийг, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 10 800 000 төгрөгийг тус тус шилжүүлснээр зээлдэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг хүлээн авсан гэж дүгнэнэ. /1 хавтас, 27-32, 152-154 дах тал/ Гэтэл зээлдүүлэгч нь уг данснаас 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн эргэн төлөлт зориулалтаар 114 312 463 төгрөгийг суутгаж авсан байх бөгөөд уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нь өөрөө шилжүүлсэн гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй. Иймд 175 000 000 төгрөгийн зээлийн 114 312 463 төгрөгийг зээлийн зориулалтаар ашиглах боломжийг зээлдүүлэгч нь зээлдэгчид олгоогүй тул зээлийн энэ хэсэгт ногдох Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр зээлдэгчийн 175 000 000 төгрөгийн зээлийн үүргийг давж заалдах шатны шүүхээс 54 434 515 төгрөг гэж тодорхойлов. Үүнд: 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл 175 000 000 төгрөгөөс зээлдүүлэгчийн суутгасан 114 312 463 төгрөгийг хасвал 60 687 486 төгрөгөөс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү тооцно. 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 60 687 463 төгрөгийн зээлийн хүү 2 456 628 төгрөг / 22,08ч12сарЧ9 сар/ бөгөөд бүгд үүрэг 63 144 091 төгрөг болж байх бөгөөд үүнээс зээлдэгч 60 687 463 төгрөгийг төлсөн тул үндсэн зээл 2 465 463 төгрөг төлөгдөөгүй үлджээ. Нийт үүргийг 116 769 091 /2 456 628+114 312 463/ төгрөгөөр тодорхойлж үүнээс хойш 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлөгдсөн 6 000 000 төгрөг, барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр хороолол 1 дүгээр байрны 92 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсны орлогоос 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хугацаанд төлөгдсөн 62 334 576 төгрөгийг хасч тооцвол хариуцагчийн үүрэг 54 434 515 төгрөгөөр тооцогдож байна.

 

            Талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 37-ны өдөр байгуулагдсан 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн хүүг жилийн 22,08 хувь, зээлийн хугацааг 24 сараар тохиролцжээ. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

 

            2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар энэ зээлийн гэрээний үндсэн үүргийг талууд 91 966 783 төгрөгөөр тодорхойлсон ба энэ талаар маргаангүй байна. Иймд энэ зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө төлөгдсөн мөнгөн хөрөнгийн талаар маргаангүй гэж дүгнэж, хариуцагчийн үүргийн энэ өдрөөс хойшхи хугацаанд тооцвол зээлийн хүүд 32 151 583 төгрөг /91 966 783Ч36,06 хувь /1жил 7 сар 18 хоногт ноогдох хүүгийн хувь хэмжээ болно/, нэмэгдүүлсэн хүү 6 430 317 /32 151 583Ч20 хувь/ төгрөг, нийт үүрэг 130 548 687 төгрөг болж байх бөгөөд энэ хугацаанд төлөгдсөн 13 584 100 төгрөгийг хасч тооцвол хариуцагч нь 116 964 597 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

            Дээрхи хоёр зээлийн гэрээний үүргийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн үүрэг нь 171 399 102 /54 434 515 +116 964 587/ төгрөг болж байх тул энэ хэмжээгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Зээлийн гэрээний зээлдэгч тал нь “Ү” ХХК болон Т.Б- нар байх бөгөөд тэдгээрээс анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин хариуцагч Б. Батсүх нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний тал байх бөгөөд түүнд холбогдох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Дээрх хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд талууд барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй. Дээрх барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулж, ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулсны үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийг хангуулах эрхтэй. Харин 3 дахь заалтын хувьд хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны шаардлагад анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байгааг залруулах боломжтой. Түүнээс гадна гэр ахуйн болон цахилгаан хэрэгсэл барьцаалахтай холбоотой шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон атлаа шийдвэрт заагаагүй байгаад найруулгын өөрчлөлт оруулна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрхи хоёр зээлийн хүүг гэрээнд жилийн суурь хүү дээр 5.58 хувийг нэмсэнтэй тэнцүү 22,08 хувийн хүүтэй байх, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүү 16,5 хувь, жилийн хүү 22.08 хувь байхаар тохиролцсон байх ба энэ хугацаанаас хойш жилийн суурь хүүг өөрчилсөн баримтгүй тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний хүүг жилийн 22,08 хувиар тохиролцсон гэж дүгнэх юм. Иймд зээлийн гэрээний хүү ойлгомжгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд зохигч шүүх хуралдаанд бэлтгэж ирэх үүрэгтэй. Улсын Дээд шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойшхи хугацаанд анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааныг мөн сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хойшлуулахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах, хариуцагч талын өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангажээ. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны зарыг хариуцагч Т.Б- өөрт нь болон түүгээр дамжуулан түүний нөхөр Б.Б-, “Ү” ХХК /захирал нь Б.Б-/-д тус тус анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5, 77.6-д заасантай нийцсэн байна. Хариуцагч тал өөрийн өмгөөлөгчид шүүх хуралдаан болох талаар мэдэгдэх боломжтойгоос гадна хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүргийг хүлээх юм. Иймд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх хариуцагч талын гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Улсын Дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанаас хойш хэргийг анхан шатны шүүх хуралдаанаас хянан хэлэлцэх хүртэл 4 сар гаруй хугацаа байсан ба хариуцагч тал хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй юм. Түүнээс гадна энэ хугацаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт нь хэргийн 3 дугаар хавтас 49-52 дах талд авагдсан ба талуудын хооронд байгуулагдсан 5001163269 тоот зээлийн гэрээний хавсралт болох зээлийн шугамыг хумих, тэлэх нөхцөл 1 хуудас, 1030014979 тоот зээлийн гэрээний хавсрал болох Олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь 1 хуудас, Тусгай активын албаны дансны хуулга 1 хуудас, нэхэмжлэгч байгууллагаас гаргасан итгэмжлэл /3 дугаар хавтас 58 дахь тал/, ХБны улсын бүртгэлийн гэрчилгээ /3 дугаар хавтас 59 дэх тал/, ХБны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “ХБийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай А-1815 тоот албан бичиг /3 дугаар хавтас 60 дахь тал/ байх ба бусад баримтууд нь талуудаас шүүхэд гаргасан хүсэлт болон анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан баримтууд байна. Иймд хэргийн баримттай танилцуулаагүй гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. 

 

Шүүх хуралдааны явц шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдаагүй гэх хариуцагч талын гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, өөрчлөлт оруулах санал гаргах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02707 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “242 702 703.31 төгрөг” гэснийг “171 399 102 төгрөг” гэж, “11 562 061.36 төгрөгт” гэснийг “82 865 665 төгрөгт” гэж өөрчилж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 1581.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ү” ХХК, Т.Б- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2204010226 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,13 дугаар хороолол, 38 дугаар байр, 121Б тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 33-55 УБЦ улсын дугаартай Форд эксплорер маркийн автомашин, Улсын бүртгэлийн Ү-2203030073 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой сб 13 дугаар хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 275 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Г-2203009513, ГД-000520976 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой сб 13 дугаар  хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгээс гэр ахуйн болон цахилгаан хэрэгсэлийг худалдан боруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтын “1,371,464 төгрөг” гэснийг “1 014 945 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 371 464 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА