Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00590

 

"Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03186 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220 дугаар магадлалтай,

                                                                                               

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ү” ХХК, Б.Б, Т.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 254,264,764 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Э.Гантөгс, хариуцагч Т.Б, “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулмандах, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нандинцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч “Ү” ХХК, Т.Б нар нь 2014 оны 06 сарын 27-ны өдөр Хасбанктай зээлийн шугамын 5001163269 дугаартай гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч “Ү” ХХК, Т.Б нар нь 2014 оны 06 сарын 27-ны өдөр Хасбанктай зээлийн 1030014979 дугаартай гэрээ байгуулж 175,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Талууд 2015 оны 12 сарын 08-ны өдөр 2014 оны 1030014979 дугаартай зээлийн гэрээ, 5001163269 дугаартай зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн нийт үлдэгдлийг 197,574,559.67 төгрөг болохыг тодорхойлж зээлийн гэрээний ерөнхий хугацааг 2015 оны 12 сарын 08-ны өдрөөс эхлэн 48 сар байхаар харилцан тохиролцсон. Дансны дугаар 1030021886 болж өөрчлөгдсөн. Зээлдэгчид нь зээлийн 5001163269, 1030014979 дугаартай гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

1. Баталгаат ипотекийн 1060011307-1 дугаартай гэрээгээр:

- Улсын бүртгэлийн Ү-2204010226 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 38 дугаар байр, 121Б тоот хаягт байрлалтай 40м.кв талбайтай орон сууц,

- Улсын бүртгэлийн Г-2201000237 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр 92 тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай орон сууц,

2. Барьцааны 5001163269 дугаартай гэрээгээр:

- 140,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр ахуйн хэрэгсэл болон цахилгаан хэрэгсэл

- 3355 УБЦ улсын дугаартай Ford explorer маркын автомашин

3. Баталгаат ипотекийн БИ1030014979-01 дугаартай гэрээгээр

- Улсын бүртгэлийн Ү-2203030073 дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 13 дугаар хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан.

4. Барьцааны БГ1030014979-02 дугаартай гэрээгээр

- Улсын бүртгэлийн Г-2203009513, ГД-000520976 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой сб 13 дугаар хэсэг гудамж 1344 тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан.

5. Батлан даалтын 5001163269, 1030014979 дугаартай гэрээгээр иргэн Б.Б нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн. Зээлдэгч нь 5001163269, 1030014979 зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 3 дугаар сараас хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 02 сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс эхлэн Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Цаашид 5001163269, 1030014979 дугаартай зээлийн гэрээнүүдийг үргэлжлүүлэх боломжгүй, гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Мөн зээлдэгч нар нь зээлийн асуудлыг шүүхээр шийлвэрлүүлэх тухай банкинд мэдэгдсэн. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчтэй 2014 оны 06 сарын 27-нд 5001163269 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан, энэ гэрээгээр хариуцагч нар үүргээ биелүүлэхгүй бол батлан даагч үүргийг хариуцахаар заасан тул хариуцагч нарын нэгэн адил зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлтэй. Зээлдэгч “Ү” ХХК, Т.Б, батлан даагч Б.Б нар нь 5001163269, 1030014979 дугаартай гэрээний 1.4, 3.4.2-т заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан 5001163269, 1030014979 дугаартай зээлийн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 500163269, 1030014979 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагч нараас 254,264,765 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ү” ХХК, Б.Б нарын шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулмандахын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х нь 2014 оны 06 сарын 27-ны өдөр зээлдэгч “Ү” ХХК, Т.Б нарт 100,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэй 5001163269 тоот зээлийн шугамын гэрээ, 2014 оны 06 сарын 27-ны өдөр дээрх 5001163269 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ “Ү” ХХК бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд түүний өмнөөс иргэн Б.Б үүрэг гүйцэтгэхээр 5001163269 тоот батлан даалтын гэрээ, 2014 оны 06 сарын 27-ны өдөр 5001163269 тоот гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулагч “Ү” ХХК, Б.Б нар Нарантуул ОУХТ 36, 36 ,173 дугаар лангуу, 100 айл Одкон төв 82, 83 дугаар лангуу, Хархорин 11 дүгээр павилон, Дүнжингарав худалдааны төв 919, 922, 923 павилон, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр байр 92 тоот байр зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахаар 5001163269 тоот барьцааны, 2014 оны 06 сарын 27-ны өдөр “Ү” ХХК, Т.Б нарт 175,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор 1030014979 тоот зээлийн гэрээ, 2014 оны 06 сарын 27-ны өдөр дээрх 1030014979 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ “Ү” ХХК бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр иргэн Б.Бтэй 1030014979 тоот батлан даалтын гэрээ, 2015 оны 04 сарын 06-ны өдөр банк “Ү” ХХК-ийн хооронд 2013 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан 5001163269 тоот зээлийн шугамын гэрээ, 1030014979 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахаар баталгаат ипотекийн БИ1030014979-01 тоот гэрээг Б.Бтэй, 2015 оны 12 сарын 08-ны өдөр 2014 оны 06 сарын 27-ны өдрийн 1030014979 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 97,575,163.40 төгрөг, 2014 оны 06 сарын 27-ны өдрийн 5001163269 тоот зээлийн шугамын гэрээний үлдэгдэл 99,999,396.27 төгрөг төлөх үүргүүдийг нэмж нэгтгэн, зээлдэгчээс банкинд төлөх зээлийн дүнг 197,574,559.67 төгрөг гэж тодорхойлж, нэмэлт өөрчлөлт оруулж, дансны дугаарыг 1030021886 болгон өөрчлөн, мөн өдөр БГ10300149979-02 тоот барьцааны гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийн жагсаалтад Майхан толгойн газрыг барьцаалсан гэрээнүүдийг тус тус байгуулсан. 2013 оны 04 сарын 17-ны өдрийн 1060014543 тоот барьцаат зээлийн гэрээний талаар: Бид анх 2005 оноос эхлэн Хтай харьцаж бизнесийн үйл ажиллагаандаа зориулан зээл авч, зээлийг гэрээний хугацаанд, хуваарийн дагуу төлж барагдуулсаар ирсэн. 2013 оны 4 дүгээр сард 150,000,000 төгрөгийн зээл авах талаар хүсэлт гаргахад банкны зүгээс “монгол төгрөгөөр зээл олгох боломжгүй, ам.долларын зээл авбал ав” гэсэн. Тухайн үед манай компани бараа материал татан авахын тулд урьдчилгаа төлбөр хийсэн тул эргэлтийн хөрөнгө зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд аргагүйн эрхэнд зээл авахад хүрч, 2013 оны 04 сарын 17-ны өдөр Хны Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар салбараас 150,000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, 13,8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр 1060014543 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед 1 ам.доллар 1423 төгрөгийн ханштай байсан. /Тухайн өдрийн төгрөгийн ханш 1423 төгрөг*150,000 ам.доллар=213,450,000 төгрөг зээлсэн/. Энэ зээл олгох үед бидний урьд нь авсан 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээ /2012 оны 02 сарын 27-ны өдрөөс 2014 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл, дансны дугаар 1060011307/ хэвийн үргэлжлэн явагдаж байсан ба энэ нь 1060011307-01 дугаар баталгаат ипотекийн гэрээний нэмэлт нөхцлийн гэрээгээр барьцааны зүйлийн үнэлгээг банк өөрсдийн санаачлагаар өгсөн бид 150,000,000 төгрөгийн зээл хүссэн байхад 213,450,000 төгрөг болгон нэмэгдүүлэн олгосон. Биднийг зээл авах үед 1 ам.доллар 1423 төгрөгийн ханштай байсан, зээл авсны дараа ам.долларын ханш байнга нэмэгдсэн тул хуваарийн дагуу 2013 оны 05 сарын 20-ны өдрөөс 2014 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл нийт 175,604,030 төгрөг буюу 123,404 ам.доллар төлсөн. Хэрвээ монгол төгрөгөөр зээл өгсөн бол энэ хугацаанд 25,604,030 төгрөгийг илүү төлж хохирсон. Ам.долларын ханш байнга өгч байснаас зээлийн үлдэгдэл 62,739.56 ам.долларыг монгол төгрөгт шилжүүлэх хүсэлтийг банкинд 2014 оны 6 сард гаргасан ба уг зээлийн хугацаа 2015 оны 04 сарын 17-ны өдөр дуусах байсан. 2014 оны 06 сарын 27-ны өдрийн 175,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй олгосон зээлийн гэрээний талаар: “Ү” ХХК болон иргэн Т.Б нар дээрх 62,739,56 ам.долларын зээлийн үлдэгдлийг төлж чадахгүй байдалд орсноос долларыг монгол төгрөгт шилжүүлэх хүсэл зоригоо банкинд удаа дараа илэрхийлэхэд тус банкны Чингэлтэй дүүргийн тооцооны 103 дугаар төв 2014 оны 06 сарын 27-ны өдөр 175,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэхээр 1030014979 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 6 сарын 30-ны өдөр 164,200,000 төгрөгийг “Ү” ХХК-ийн дансанд хийсэн бөгөөд тухайн өдрөө 62,739.56 ам.долларын /зээлийн үлдэгдэл/*1822=114,312,463.42 төгрөгийг данснаас шууд суутган авсан. /164,200,000-114,312,463.42=49,887,536.58/ 2014 оны 08 сарын 21-ний өдөр банк нь 10,800,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлж компанийн дансанд 60,867,463.42 төгрөг үлдэгдэлтэй болсон. Хэрвээ банк зээлдэгчийн эрх ашиг, хүсэл зоригийг хүндэтгэж, 62,739.56 ам.долларын зээлийн үлдэгдлийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасны дагуу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцвол 1822 төгрөгөөр бус 1423 төгрөгөөр тооцож шилжүүлэн авч, мөн гэрээний хугацааг 2015 оны 04 сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлүүлсэн бол зээлийн гэрээний зарцуулалт, эргэн төлөлт, компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах байсан. /62,739.56*1423=89.278.393, 62,739.56*1822=114,311,478.32, буюу зөрүү нь 25,033,085 төгрөг гарч байна/

Тэгээд ч 2014 оны 06 сарын 27-ны өдөр манай компани 100,000,000 төгрөгийн зээл хүссэн байсан тул нэмж 175,000,000 төгрөгийн зээл авах ямар ч шаардлага хэрэгцээ байхгүй. Гэтэл биднийг ноцтой төөрөгдөлд оруулж 62,739.56 ам.долларыг төлүүлэх эрх ашгийнхаа төлөө 175,000,000 төгрөгийн зээл олгож, 2013 оны 04 сарын 17-ны өдрийн 1060014543 тоот барьцаат зээлийн гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж, 2014 оны 06 сарын 27-ны өдөр 175,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бидний хүсэл зоригийг эсрэг байгуулж, 114,312,463.42 төгрөгөөр өмнөх зээлийг төлүүснийг банкны үйл ажиллагаа болон эрх зүйн мэдлэг дутмагийн улмаас тухайн үед мэдээгүй бөгөөд хэрэг шүүхэд ирснээс хойш энэ талаар өмгөөлөгчийн тусламжтайгаар мэдлээ. Бид долларын ханшны дарамтад орсны улмаас компани нь эрсдэлд орсон, нэмж зээл авах шаардлага байгаагүй юм. Хны 103 дугаар салбараас олгосон 175,000,000 төгрөгөөс 114,312,463.42 төгрөгийг суутган авч, уг зээлийг ашиглуулаагүй байж 175,000,000 төгрөгт ноогдох хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлд 2014 оны 07 сарын 20-ны өдрөөс 2015 он хүртэлх хугацаанд 68,726,000 төгрөгийг 60,687,536.58 төгрөгөөр төлүүлснээс 2015 оны 03 сарын 31-ний өдрөөс хойш зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан тул 150,000 ам.долларыг зээл авах 2013 оны 04 сарын 17-ны өдрийн 1 доллар 1423 төгрөгийн ханшаар төлбөр төлөхөд 290,103,706 төгрөг илүү төлсөн 50,253,964 төгрөгийг төлбөрөөс хасуулна. 2014 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан 1030014979 тоот зээлийн гэрээ нь 2013 оны 04 сарын 17-ны өдрийн 1060014543 тоот зээлийн гэрээг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул банк нь “Ү” ХХК-иас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Хнаас 2013 оны 12 сарын 18-ны өдөр 1060017265 тоот 150,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 06 сарын 27-ны өдрийн 1030014979 тоот 175,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 70 дугаар байрны 9 тоот 73,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг орон сууцыг банкны дарамт шахалтаар 144,000,000 төгрөгөөр Г.Жамсран гэдэг иргэнд зарсан бөгөөд уг орон сууц нь банкны барьцаанд байсны улмаас “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд заасны дагуу урьдчилгаа 43,200,000 төгрөгийг нь банкны дансанд байршуулсан. Орон сууцны үлдэгдэл мөнгийг худалдан авагч нь банкны зээлд оруулж төлсөн. Т.Б нь хүсэлт гаргаж, 30,000,000 төгрөгийг авч, 114,000,000 төгрөг нь банкинд үлдсэн бөгөөд энэ мөнгийг банк хэрхэн зарцуулсан талаар компанид мэдэгдээгүй. Энэ 114,000,000 төгрөгийг 175,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг 97,575,163 төгрөг гэж хэлэхэд нь бид маш ихээр гайхаж, зөвшөөрөөгүй.

Банкны үйл ажиллагаа нь зээлдэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байсан. Тухайлбал: Г.Жамсран байрны төлбөрөө 8 дугаар сарын 31-ний өдөр Хинд байршуулсан тул уг мөнгөөр манай үндсэн зээлийг хасах боломжтой байхад хасалгүй, мөнгийг дансандаа байршуулж, 2015 оны 09 сарын 02-ны өдөр, 2015 оны 10 сарын 30-ны өдөр, 2015 оны 11 сарын 04-ний өдөр, 2015 оны 12 сарын 08-ны өдөр гүйлгээ хийж, биднийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн мэтээр хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт оруулж, улам хохироож, дураараа аашилсан. 2014 оны 06 сарын 27-ны өдөр 100,000,000 төгрөг олгосон 5001163269 тоот зээлийн шугамын гэрээний талаар: “Ү” ХХК, хамтран зээлдэгч Т.Б би Хнаас 100,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор 5001163269 тоот зээлийн шугамын гэрээ байгуулсан юм. Энэ зээлийн гэрээний дагуу 2014 оны 06 сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 сарын 08-ны өдөр хүртэл 32,800,000 төгрөг төлсөн нь Хны дансны хуулгаар нотлогдож байна. 2014 оны 06 сарын 27-ны өдөр манай компани Хнаас 100,000,000 төгрөг зээлсан тул мөн өдөр 175,000,000 төгрөг дахин зээлэх шаардлага байхгүй байсан. 2014 оны 06 сарын 27-ны өдөр гэхэд 2015 оны 12 сарын 18-ны өдөр тус банкнаас зээлсэн 150,000,000 төгрөгийн зээл, 2013 оны 04 сарын 17-ны өдөр байгуулсан 150,000 ам.долларын зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийг бүрэн төлөөгүй байхад банк 1 өдөр 2 төрлийн зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон нь ойлгомжгүй бөгөөд зээлийн шугаман гэрээний учрыг ойлгоогүй, Иргэний хуульд “хувьсах хүү”-ийн талаар заагаагүй байхад банк хэрэглэх эрхтэй эсэх нь талаар шалгаж, зээлийг хүүг бууруулна уу.

Манай компани 2005 оноос эхлэн тус банкны харилцагч болж, найдвартай зээлээ эргэн төлдөг, банк манайд зээл олгодог байсан тул итгэж байсан. Гэтэл манай компанийн дансыг өөрийн дураар захиран зарцуулж, хүссэн үедээ компанийн өмнөөс гүйлгээ хийж, орон сууцны төлбөрт авсан 114,000,000 төгрөгийг захиран зарцуулж, манай эрх ашгийг хохироож байна. Банкны хуулгыг хавсаргав. Мөн нэхэмжлэл гаргахдаа манай данснаас тэмдэгтийн хураамжийг төлснийг шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Энэ мэтээр банк хариуцагчийн дансанд хууль бусаар халдан гүйлгээ хийж байгаа нь бидний банкинд итгэх итгэлийг алдагдуулж байна. 2015 оны 12 сарын 08-ны өдрөөс 197,574,559.67 төгрөгийн зээлийн гэрээний талаар: Х нь 2015 оны 12 сарын 08-ны өдөр дээрх гэрээг “Ү” ХХК, Т.Б нартай байгуулсан боловч 197,574,559.67 төгрөгийг зээлдүүлж, мөнгийг хүлээлгэн өгч, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа, “Ү” ХХК-ийн нэр дээр 5000050428 тоот данс нээж, 197,574,559.57 төгрөгийг шилжүүлсэн гэж хуурамч гүйлгээ хийсэн нь банкны хууль бус үйлдэл юм. Мөнгө хүлээн аваагүй тул 197,574,559.67 төгрөг, зээлийн үндсэн хүү 43,100,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 637,598 төгрөг, нийт 226,312,917.67 төгрөгийг төлөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруулмандахын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбарт: Хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. 5001163269 тоот зээлийн шугамын зээлийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тул гэрээг цуцалснаас хойш зээлийн хүү төлөхгүй, 10030014979 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Сүүлд байгуулсан гэх 197,574,559.67 төгрөгийн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ тул энэ гэрээний дагуу банк “Ү” ХХК-иас уг гэрээний үүргийг шаардах эрхгүй юм. Манай компанийн төлөгдөөгүй үлдсэн 54,004,067 төгрөг, 100,000,000 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 91,966,783 төгрөг, нийт 146,970,850 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаас 150,000,000 төгрөгийн зээлийг дуусгавар болгохдоо илүү төлүүлсэн 2,287,910 төгрөг, 2015 оны 12 сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний дугаа үндэслэлгүйгээр төлүүлсэн 13,584,100 төгрөгийг хасч, үлдэх 130,098,840 төгрөгийг төлнө. Энэ үнийн дүнгээр нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой гэжээ.

 

Хариуцагч Т.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би “Ү” ХХК, Б.Б нартай адилхан саналтай байна, зээлээс 130,098,840 төгрөг төлөөд эвлэрч болж байна. Анх бид нар ам.долларын зээлээ төгрөг болгуулъя гээд өргөдөл гаргахад Хасбанк ам.долларын зээлийг төгрөг болгохгүйгээр шинээр зээл олгоод ам.долларын зээлийг хаасан нь бол үнэн, бид нар 175,000,000 төгрөгийн зээлийг авъя гэж аваагүй гэжээ.

  

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03186 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 462 дугаар зүйлийн 462.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Ү” ХХК, Т.Б нараас 143,117,375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 111,147,389 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Бэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Ү” ХХК, Т.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Нарантуул ОУХТ-ийн 35, 36, 173-р лангуу, Одкон төвийн 82, 83-р лангуу, Хар хорин захын 11-р чингэлэг, Дүнжингарав худалдааны төвийн 919, 922, 923-р чингэлэгт байх 140,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр ахуйн хэрэгсэл, цахилгаан бараа, Ford Explorer маркийн 33-55 УБЦ улсын дугаартай автомашин, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой сб 13 дугаар хэсэг гудамж 1344 тоотод оршин байх улсын бүртгэлийн Ү-2203030073 дугаартай, 275 кв.м талбай бүхий хувийн сууц, мөн хаягт орших улсын бүртгэлийн Г-2203009513 дугаартай, 700 кв.м талбайтай зуслангийн зориулалттай газар, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байрны 121/Б тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204010226 дугаартай, 40 кв.м талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 92 тоотод орших Ү-2201000237 дугаартай 40 кв.м талбайтай 3 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,587,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод, хариуцагч “Ү” ХХК, Т.Б нараас 873,536 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03186 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “143,117,375” гэснийг “170,033,932” гэж, “111,147,389” гэснийг “84,230,832” гэж, 3 дах заалтын “873,536” гэснийг “1,008,120” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Э.Гантөгс нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 220 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Зээлийн гэрээний үүрэгт 254,264,764 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас 170,033,932 төгрөгийг хангаж, 84,230,832 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Магадлалын 8 дахь талд “Зээлийн гэрээнд зааснаар Х 2014.06.30-ны өдөр 164,200,000 төгрөгийг, 2014.06.27-ны өдөр 100,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, 175,000,000 төгрөгийн зээлээс тухайн өдрөө 2013.04.17-ны өдрийн 150,000 ам.долларын зээлийн үлдэгдэл 62,739.56 долларын зээлийг 1822 төгрөгөөр ханшийг тооцон 114,311,478.32 төгрөгийг суутган авч хаасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнийг тайлбарлавал, зээл аваад авсан зээлийн мөнгөн хөрөнгөөр өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлж болохгүй гэсэн зохицуулалт аль ч хуулинд байхгүй. Өмнөх шатны шүүхүүд 114,311,478.32 төгрөгийг Банк суутган авсан гэж дүгнэсэн. Суутган авна гэдэг нь тухайн зээлдэгчийн зээлийн болон харилцах дансанд мөнгийг өгөхгүйгээр өөрийн болгохыг ойлгоно. Гэтэл 175,000,000 төгрөг бүхлээрээ “Ү” ХХК-ийн 1030014979 дугаар зээлийн дансанд олгогдож, улмаар 5000050428 харилцах дансанд шилжсэн байдаг. Уг данснаас зээлдэгч өөрөө өмнөх зээлээ төлсөн байдаг. Иргэний хуулийн 281.1 зааснаар мөнгө буюу хөрөнгө зээлдэгчид шилжүүлэх, мөн 451.1 зааснаар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх зохицуулалттай. 451.3 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. Дээрх заалтуудын дагуу банк зээлийн хөрөнгийг зээлдэгчийн зээлийн дансанд, улмаар харилцах дансанд буюу гар дээр нь олгож, зээлдэгч өөрөө өмнөх зээлээ төлж захиран зарцуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх заалтуудыг баримтлаагүй буюу хуулиас дээгүүр давсан дүгнэлт хийсэн. Шүүгчийн буруу дүгнэлтээс болж 114,312,463 төгрөгөөс бодогдох хүүг банк алдсан. 114,312,463 төгрөгөөс 1116 хоног /2014.06.30-2017.07.20/, жилийн 22.08 хувийн хүүгээр тооцоход 77,172,751 төгрөгийн хүү бодогдоно. Магадлалын 9 дэх талд “Нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээгээ цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаар хязгаарлаж хариуцагч нарын үүргийг тодорхойлсон атлаа 2017.07.20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож 17,951,874 төгрөгийг шаарджээ. Нэгэнт зээлийн гэрээ цуцлагдсан байхад шүүх нэмэгдүүлсэн шаардлага гаргасан хугацаагаар хүү тооцож хариуцагч нарын үүргийг тодорхойлсон нь алдаатай болжээ.” гэж дүгнэсэн. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.1, 24,3-т заасны дагуу шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрхтэй. Хариуцагч одоог хүртэл зээлийг ашигласаар байгаа бөгөөд 2017.07.20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн дүн болох 17,951,847 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Магадлалын 9 дэх талд “Хариуцагч энэ гэрээний үүрэгт 120,557,742 төгрөг төлснөөс 80,787,237 төгрөгийг хасвал 39,770,505 төгрөгийг илүү төлсөн" гэж тооцоо гаргасан. 1030014979 дугаартай 175,000,000 төгрөгийн зээлийн дансны хуулгыг нягтлан шалгасан бол давж заалдах шатны шүүхийн тооцоололд өөрчлөлт орох байсан. 1030014979 дугаартай дансны хуулгаар зээл, хүүгийн нийлбэрт 117,965,447 төгрөг төлсөн. Үүнээс үүдэж 2,592,295 төгрөгийн зөрүү гарч байна. Өөрөөр хэлбэл, 2,592,295 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ёстой.

Магадлалын 10 дахь талд “Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр тохирсон нэмэгдүүлсэн хүүний талаар гомдол гаргаагүй бөгөөд батлан даагчийн талаарх гомдлоо давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дурьдаагүй тул энэ талаар дүгнэх шаардлагагүй байна." гэжээ. ИХШХШТухай хуулийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бичгээр гаргасан давж заалдах гомдол дээрээ батлан даагчийн талаарх үндэслэл бүхий тайлбараа гаргасан байхад үүнийг анхаарч үзэлгүй, дүгнэх шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа нь өөрөө учир дутагдалтай, тал бүрээс нь бодитой үнэлэж дүгнээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т хариуцагч батлан даагчийн талаар хийсэн дүгнэлтийн үндэслэлийн талаар: Зээлдэгч “Ү” ХХК-ийн захирал Б.Б нь уг зээлд иргэнийхээ хувьд батлан даалтын гэрээ байгуулж оролцсон тул түүнийг хариуцагчаар татсан. Шүүх Иргэний хуулийн 462.1-д заасны дагуу батлан даагчид мэдэгдээгүй тул 462.3-т зааснаар шаардах эрхээ алдсан байна гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 462.3-т батлан даагчаас шаардах эрхээ алдах урьдач нөхцөл иь 462.2 гэж заасан болохоос 462.1 гэж заагаагүй. Өөрөөр хэлбэл, батлан даагч үүргийн батлан даагчаас шаардах эрхээ алдах урьдач нөхцөл нь 462.2 гэж заасан шаардах эрхээ алдахаар байна. Батлан даагчийн мэдээлэл авах шаардлагыг биелүүлээгүй буруутай үйлдэл банк гаргасан тохиолдолд шаардах эрхээ алдана, түүнээс биш 462.1-д заасны дагуу мэдээлэл өгөөгүй бол 462.3-т хамаарахгүй юм. Иймд уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК, хариуцагч “Ү” ХХК, Т.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 254,264,765 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаас 130,093,840  төгрөг төлөхийг хариуцагч нар зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 462 дугаар зүйлийн 462.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг   баримтлан хариуцагч “Ү” ХХК, Т.Б нараас 143,117,375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 111,147,389 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Бэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 170,033,932 төгрөгийг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Х” ХХК болон “Ү” ХХК, Т.Б нарын хооронд зээлийн шугамын 5001163269 дугаар гэрээ байгуулагдаж, 100,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэйгээр, мөн өдөр 1030014979 дугаартай байгуулсан зээлийн гэрээнд 175,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүү төлөхөөр тохиролцсон, талууд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дээрх 5001163269, 1030014979 дугаартай гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн нийт үлдэгдлийг 197,574,559.67 төгрөг болохыг тодорхойлж зээлийн гэрээний ерөнхий хугацааг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 48 сар байхаар харилцан тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагад заасан ба гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилжээ.

Зээлдэгчид нь зээлийн 5001163269, 1030014979 дугаар гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон баталгаат ипотекийн 1060011307-1, БИ1030014979-01 дугаар гэрээ, 5001163269, БГ1030014979-02 дугаар барьцааны гэрээ байгуулж, тодорхой хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан, Б.Б нь нэхэмжлэгчтэй 2014 оны 06 дугаар сарын 27-нд 5001163269 тоот батлан даалтын гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн шугамын 5001163269 дугаар гэрээ болон 1030014979 дугаартай зээлийн гэрээнд талууд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн зээлийн нийт үлдэгдлийг 197,574,559.67 төгрөг болохыг тодорхойлж,  зээлийн гэрээний ерөнхий хугацааг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 48 сар байхаар харилцан тохиролцсон, зээлийн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа гэж тодорхойлсон байна.  

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 5001163269 дугаар, 1030014979 дугаартай зээлийн гэрээний үүргийг нэгтгэн  2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, үндсэн зээлийн нийт үлдэгдлийг 197,574,559.67 төгрөг гэж тогтоосон гэх боловч 5001163269 дугаар, 1030014979 дугаартай зээлийн гэрээний үүргийг хэрхэн нэгтгэсэн нь тодорхойгүй, энэ талаарх тооцооллын баримт хэрэгт авагдаагүй, дээрх хоёр гэрээний эргэн төлөлтийн хуваарь болон эргэн төлөлтийн тооцооны талаар маргаантай гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан хүсэлтүүдээс  үзвэл талуудын хооронд хийгдсэн гэх 2013 оны 04 сарын 17-ны өдрийн 150,000  ам.долларын зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 1030014979 дугаартай зээлийн гэрээ болон 2015 оны 12 сарын 08-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлт нь хамаарах эсэх нь ойлгомжгүй, ам.долларын гэрээний үүргийг төгрөгийн зээлийн гэрээгээр сольсон буюу   нэг үүрэг үргэлжилж байгаа эсхүл шинэ үүрэг үүссэн эсэх нь тодорхойгүй байна.

  Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 70 дугаар байрны 9 тоот 73,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан,   орон сууцыг Г.Жамсран гэдэг иргэнд зарсан, Г.Жамсран байрны төлбөрөө 8 дугаар сарын 31-ний өдөр Хинд байршуулсан гэсэн тайлбарыг хариуцагч гаргасан байх бөгөөд байрны төлбөрийг зээлийн аль гэрээний үүрэгт хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нөхцөлд “банкны зээлийн хүү”-г жилийн суурь хүү, үндсэн хүү, хувьсах хүү гэх зэргээр хэд хэдэн томьёоллоор тусгасныг зээл авагч талд ойлгомжтой нөхцөл гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл нэг сард төлөх зээлийн хүүгийн хэмжээг шууд тодорхойлогдохгүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 5001163269 дугаар, 1030014979 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийг ямар хугацаанд хэдий хэмжээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн гэж дүгнэх, 2015 оны 12 сарын 08-ны өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан дүнг үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т нийцэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/03186 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 579,104 /таван зуун далан есөн мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН