Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/03186

 

 

 

2017 оны 10 сарын 13 өдөр

  Дугаар 101/ШШ2017/03186

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү ХХК,

Хариуцагч: Б.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 254,264,764 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ү ХХК, Т.Б нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хтай зээлийн шугамын .... дугаартай гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч Ү ХХК, Т.Б нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Х зээлийн .......дугаартай гэрээ байгуулж 175,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Талууд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2014 оны ......... дугаартай зээлийн гэрээ, ....... дугаартай зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан үндсэн зээлийн нийт үлдэгдлийг 197,574,559.67 төгрөг болохыг тодорхойлж зээлийн гэрээний ерөнхий хугацааг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 48 сар байхаар харилцан тохиролцсон. Дансны дугаар ........болж өөрчлөгдсөн. Зээлдэгчид нь зээлийн ........... дугаартай гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

1.    Баталгаат ипотекийн ........ дугаартай гэрээгээр:

-          Улсын бүртгэлийн ..... дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ......... 40м.кв талбайтай орон сууц,

-          Улсын бүртгэлийн .. дугаартай, Сонгинохайрхан  дүүргийн 2 дугаар хороо ..... тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай орон сууц,

2.    Барьцааны ....... дугаартай гэрээгээр:

-          140,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр ахуйн хэрэгсэл болон цахилгаан хэрэгсэл

-          ..... улсын дугаартай Ford explorer маркын автомашин

3.    Баталгаат ипотекийн ......... дугаартай гэрээгээр

-          Улсын бүртгэлийн ...... дугаартай, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой .......тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан.

4.    Барьцааны .......... дугаартай гэрээгээр:

-          Улсын бүртгэлийн ........... дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой ......... тоот хаягт байрлалтай 700 м.кв талбайтай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан.

5.    Батлан даалтын ......... дугаартай гэрээгээр иргэн Б.Б нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн.

Зээлдэгч нь ....... зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 03 дугаар сараас хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс эхлэн Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Цаашид ....... дугаартай зээлийн гэрээнүүдийг үргэлжлүүлэх боломжгүй, гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Мөн зээлдэгч нар нь зээлийн асуудлыг шүүхээр шийлвэрлүүлэх тухай банкинд мэдэгдсэн.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчтэй 2014 оны 06 дугаар сарын 27-нд ........ тоот Батлан даалтын гэрээ байгуулсан, энэ гэрээгээр хариуцагч нар үүргээ биелүүлэхгүй бол батлан даагч үүргийг хариуцахаар заасан тул хариуцагч нарын нэгэн адил зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлтэй.

Зээлдэгч Ү ХХК, Т.Б, батлан даагч Б.Б нар нь ....... дугаартай гэрээний 1.4, 3.4.2-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан ......... дугаартай зээлийн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, талуудын хооронд байгуулсан .......... дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн хариуцагч нараас 254,264,765 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ү ХХК, Б.Б нар шүүхэд гаргасан болон төлөөлөгч Д.С... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Х нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгч Ү ХХК, Т.Б нарт 100,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэй .... тоот зээлийн шугамын гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дээрх ........ тоот гэрээгээр хүлээсэн үүргээ Ү ХХК бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд түүний өмнөөс иргэн Б.Б үүрэг гүйцэтгэхээр .... тоот батлан даалтын гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр .... тоот гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулагч Ү ХХК, Б.Б нар Нарантуул ОУХТ 36, 36 ,173 дугаар лангуу, 100 айл Одкон төв 82, 83 дугаар лангуу, хархорин 11 дүгээр павилон, Дүнжингарав худалдааны төв 919, 922, 923 павилон, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо .... тоот байр зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахаар ........тоот барьцааны, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ү ХХК, Т.Б нарт 175,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор ........ тоот зээлийн гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дээрх ..........тоот гэрээгээр хүлээсэн үүргээ Ү ХХК бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр иргэн Б.Бтэй ..... тоот батлан даалтын гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр банк Ү ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан барьцаат зэлийн гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ..... тоот зээлийн шугамын гэрээ, ....... тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахаар баталгаат ипотекийн ..... тоот гэрээг Б.Бтэй, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ......... тоот зээлийн гэрээний үлдэгдэл 97,575,163.40 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ....... тоот зээлийн шугамын гэрээний үлдэгдэл 99,999,396.27 төгрөг төлөх үүргүүдийг нэмж нэгтгэн, зээлдэгчээс банкинд төлөх зээлийн дүнг 197,574,559.67 төгрөг гэж тодорхойлж, нэмэлт өөрчлөлт оруулж, дансны дугаарыг 1030021886 болгон өөрчлөн, мөн өдөр ........ тоот барьцааны гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийн жагсаалтад Майхан толгойн газрыг барьцаалсан гэрээнүүдийг тус тус байгуулсан.

2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ........тоот барьцаат зээлийн гэрээний талаар: Бид анх 2005 оноос эхлэн Хтай харьцаж бизнесийн үйл ажиллагаандаа зориулан зээл авч, зээлийг гэрээний хугацаанд, хуваарийн дагуу төлж барагдуулсаар ирсэн. 2013 оны 04 дүгээр сард 150,000,000 төгрөгийн зээл авах талаар хүсэлт гаргахад банкны зүгээс “монгол төгрөгөөр зээл олгох боломжгүй, ам.долларын зээл авбал ав” гэсэн. Тухайн үед манай компани бараа материал татан авахын тулд урьдчилгаа төлбөр хийсэн тул эргэлтийн хөрөнгө зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд аргагүйн эрхэнд зээл авахад хүрч, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хны Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар салбараас 150,000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, 13,8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр 1060014543 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэ үед 1 ам.доллар 1423 төгрөгийн ханштай байсан. /Тухайн өдрийн төгрөгийн ханш 1423 төгрөг*150,000 ам.доллар=213,450,000 төгрөг зээлсэн/. Энэ зээл олгох үед бидний урьд нь авсан 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээ /2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, дансны дугаар 1060011307/ хэвийн үргэлжлэн явагдаж байсан ба энэ нь 1060011307-01 дугаар баталгаат ипотекийн гэрээний нэмэлт нөхцлийн гэрээгээр барьцааны зүйлийн үнэлгээг банк өөрсдийн санаачлагаар өгсөн бид 150,000,000 төгрөгийн зээлийн хүссэн байхад 213,450,000 төгрөг болгон нэмэгдүүлэн олгосон. Биднийг зээл авах үед 1 ам.доллар 1423 төгрөгийн ханштай байсан, зээл авсны дараа долларын ханш байнга нэмэгдсэн тул хуваарийн дагуу 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 175,604,030 төгрөг буюу 123,404 ам.доллар төлсөн.

Хэрвээ монгол төгрөгөөр зээл өгсөн бол энэ хугацаанд 25,604,030 төгрөгийг илүү төлж хохирсон.

Ам.долларын ханш байнга өгч байснаас зээлийн үлдэгдэл 62,739.56 ам.долларыг монгол төгрөгт шилжүүлэх хүсэлтийг банкинд 2014 оны 06 дугаар сард гаргасан ба уг зээлийн хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусах байсан.

2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 175,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй олгосон зээлийн гэрээний талаар: Ү ХХК болон иргэн Т.Б нар дээрх 62,739,56 ам.долларын зээлийн үлдэгдлийг төлж чадахгүй байдалд орсноос долларыг монгол төгрөгт шилжүүлэх хүсэл зоригоо банкинд удаа дараа илэрхийлэхэд тус банкны Чингэлтэй дүүргийн тооцооны 103 дугаар төв 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 175,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэхээр 1030014979 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 6 дугаар сарын 30-ны өдөр 164,200,000 төгрөгийг Ү ХХК-ийн дансанд хийсэн бөгөөд тухайн өдрөө 62,739.56 ам.долларын /зээлийн үлдэгдэл/*1822=114,312,463.42 төгрөгийг данснаас шууд суутган авсан. /164,200,000-114,312,463.42=49,887,536.58/ 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр банк нь 10,800,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлж компанийн дансанд 60,867,463.42 төгрөг үлдэгдэлтэй болсон.

Хэрвээ банк зээлдэгчийн эр ашиг, хүсэл зоригийг хүндэтгэж, 62,739.56 ам.долларын зээлийн үлдэгдлийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасны дагуу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцвол 1822 төгрөгөөр бус 1423 төгрөгөөр тооцож шилжүүлэн авч, мөн гэрээний хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлүүлсэн бол зээлийн гэрээний зарцуулалт, эргэн төлөлт, компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах байсан. /62,739.56*1423=89.278.393, 62,739.56*1822=114,311,478.32, буюу зөрүү нь 25,033,085 төгрөг гарч байна/

Тэгээд ч 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай компани 100,000,000 төгрөгийн зээл хүссэн байсан тул нэмж 175,000,000 төгрөгийн зээл авах ямар ч шаардлага хэрэгцээ байхгүй.

Гэтэл биднийг ноцтой төөрөгдөлд оруулж 62,739.56 ам.долларыг төлүүлэх эрх ашгийнхаа төлөө 175,000,000 төгрөгийн зээл олгож, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1060014543 тоот барьцаат зээлийн гэрээг дангаараа хугацаанаас нь өмнө цуцалж, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 175,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бидний хүсэл зоригийг эсрэг байгуулж, 114,312,463.42 төгрөгөөр өмнөх зээлийг төлүүснийг банкны үйл ажиллагаа болон эрх зүйн мэдлэг дутмагийн улмаас тухайн үед мэдээгүй бөгөөд хэрэг шүүхэд ирснээс хойш энэ талаар өмгөөлөгчийн тусламжтайгаар мэдлээ.

Бид долларын ханшны дарамтад орсны улмаас компани нь эрсдэлд орсон, нэмж зээл авах шаардлага байгаагүй юм.

Хны 103 дугаар салбараас олгосон 175,000,000 төгрөгөөс 114,312,463.42 төгрөгийг сутган авч, уг зээлийг ашиглуулаагүй байж 175,000,000 төгрөгт ноогдох хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлд 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 он хүртэлх хугацаанд 68,726,000 төгрөгийг 60,687,536.58 төгрөгөөр төлүүлснээс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан тул 150,000 ам.долларыг зээл авах 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1 доллар 1423 төгрөгийн ханшаар төлбөр төлөхөд 290,103,706 төгрөг илүү төлсөн 50,253,964 төгрөгийг төлбөрөөс хасуулна. 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 1030014979 тоот зээлийн гэрээ нь 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1060014543 тоот зээлийн гэрээг халхавчилж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул банк нь Ү ХХК-иас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.

Хнаас 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1060017265 тоот 150,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ....... тоот 175,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 70 дугаар байрны 9 тоот 73,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг орон сууцыг банкны дарамт шахалтаар 144,000,000 төгрөгөөр Г.Ж гэдэг иргэнд зарсан бөгөөд уг орон сууц нь банкны барьцаанд байсны улмаас “орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд заасны дагуу урьдчилгаа 43,200,000 төгрөгийг нь банкны дансанд байршуулсан. Орон сууцны үлдэгдэл мөнгийг худалдан авагч нь банкны зээлд оруулж төлсөн. Т.Б нь хүсэлт гаргаж, 30,000,000 төгрөгийг авч, 114,000,000 төгрөг нь банкинд үлдсэн бөгөөд энэ мөнгийг банк хэрхэн зарцуулсан талаар компанид мэдэгдээгүй. Энэ 114,000,000 төгрөгийг 175,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг 97,575,163 төгрөг гэж хэлэхэд нь бид маш ихээр гайхаж, зөвшөөрөөгүй.

Банкны үйл ажиллагаа нь зээлдэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байсан. Тухайлбал: Г.Ж байрны төлбөрөө 08 дугаар сарын 31-ний өдөр Хинд байршуулсан тул уг мөнгөөр манай үндсэн зээлийг хасах боломжтой байхад хасалгүй, мөнгийг дансандаа байршуулж, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйлгээ хийж, биднийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн мэтээр хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт оруулж, улам хохироож, дураараа аашилсан.

2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 100,000,000 төгрөг олгосон 5001163269 тоот зээлийн шугамын гэрээний талаар: Ү ХХК, хамтран зээлдэгч Т.Б би Хнаас 100,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22,08 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор 5001163269 тоот зээлийн шугамын гэрээ байгуулсан юм. Энэ зээлийн гэрээний дагуу 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 32,800,000 төгрөг төлсөн нь Хны дансны хуулгаар нотлогдож байна.

2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай компани Хнаас 100,000,000 төгрөг зээлсан тул мөн өдөр 175,000,000 төгрөг дахин зээлэх шаардлага байхгүй байсан. 2014 ны 06 дугаар сарын 27-ны өдөр гэхэд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус банкнаас зээлсэн 150,000,000 төгрөгийн зээл, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 150,000 ам.долларын зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийг бүрэн төлөөгүй байхад банк 1 өдөр 2 төрлийн зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон нь ойлгомжгүй бөгөөд зээлийн шугаман гэрээний учрыг ойлгоогүй, Иргэний хуульд “хувьсах хүү”-ийн талаар заагаагүй байхад банк хэрэглэх эрхтэй эсэх нь талаар шалгаж, зээлийг хүүг бууруулна уу.

Манай компани 2005 оноос эхлэн тус банкны харилцагч болж, найдвартай зээлээ эргэн төлдөг, банк манайд зээл олгодог байсан тул итгэж байсан. Гэтэл манай компанийн дансыг өөрийн дураар захиран зарцуулж, хүссэн үедээ компанийн өмнөөс гүйлгээ хйиж, орон сууцны төлбөрт авсан 114,000,000 төгрөгийг захиран зарцуулж, манай эрх ашгийг хохироож байна. Банкны хуулгыг хавсаргав. Мөн нэхэмжлэл гаргахдаа манай данснаас тэмдэгтийн хураамжийг төлснийг шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Энэ мэтээр банк хариуцагчийн дансанд хууль бусаар халдан гүйлгээ хийж байгаа нь бидний банкинд итгэх итгэлийг алдагдуулж байна.

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 197,574,559.67 төгрөгийн зээлийн гэрээний талаар: Х нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дээрх гэрээг Ү ХХК, Т.Б нартай байгуулсан боловч 197,574,559.67 төгрөгийг зээлдүүлж, мөнгийг хүлээлгэн өгч, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа, Ү ХХК-ийн нэр дээр .... тоот данс нээж, 197,574,559.57 төгрөгийг шилжүүлсэн гэж хуурамч гүйлгээ хийсэн нь банкны хууль бус үйлдэл юм. Мөнгө хүлээн аваагүй тул 197,574,559.67 төгрөг, зээлийн үндсэн хүү 43,100,760 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 637,598 төгрөг, нийт 226,312,917.67 төгрөгийг төлөхгүй гэв.

Хариуцагч Ү ХХК-ийн төлөөлөгч Д.С нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. ..... тоот зээлийн шугамын зээлийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тул гэрээг цуцалснаас хойш зээлийн хүү төлөхгүй, ............ тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.

Сүүлд байгуулсан гэх 197,574,559.67 төгрөгийн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ тул энэ гэрээний дагуу банк Ү ХХК-иас уг гэрээний үүргийг шаардах эрхгүй юм. Манай компаний төлөгдөөгүй үлдсэн 54,004,067 төгрөг, 100,000,000 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 91,966,783 төгрөг, нийт 146,970,850 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаагаас 150,000,000 төгрөгийн зээлийг дуусгавар болгохдоо илүү төлүүлсэн 2,287,910 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний дугаа үндэслэлгүйгээр төлүүлсэн 13,584,100 төгрөгийг хасч, үлдэх 130,098,840 төгрөгийг төлнө. Энэ үнийн дүнгээр нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой гэв.

Хариуцагч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг төлөөлөгч Д.С сая хэлчихлээ. Би Ү ХХК, Б.Б нартай адилхан саналтай байна, зээлээс 130,098,840 төгрөг төлөөд эвлэрч болж байна. Анх бид нар ам.долларын зээлээ төгрөг болгуулъя гээд өргөдөл гаргахад Х ам.долларын зээлийг төгрөг болгохгүйгээр шинээр зээл олгоод ам.долларын зээлийг хаасан нь бол үнэн, бид нар 175,000,000 төгрөгийн зээлийг авъя гэж аваагүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Ү ХХК, Т.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 254,264,765 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 130,093,840 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгээс татгалзжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Ү ХХК, Т.Б нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 100,000,000 төгрөгийн хэмжээтэй, 24 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэй .......... тоот “Зээлийн шугамын гэрээ”, мөн өдрийн 175,000,000 төгрөгийн хэмжээтэй, 36 сарын хугацаатай, жилийн 22.08 хувийн хүүтэй ........ тоот “Зээлийн гэрээ” тус тус байгуулжээ. /хэргийн 5-13, 26-31 дэх тал/

Зохигч 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “2014 оны ....... дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт” нэртэй гэрээгээр дээрх зээлийн гэрээнүүдэд өөрчлөлт оруулан нэгтгэж, гэрээний байгуулах өдрийн байдлаар .......... тоот зээлийн шугамын гэрээний үлдэгдэл 99,999,396.27 төгрөг, .......... тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний үлдэгдэл 97,575,163.40 төгрөг болохыг тус тус тодорхойлж нийт 197,574,559.67 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 48 сарын сарын хугацаанд /зээлийн хүүгийн хэмжээнд өөрчлөлт ороогүй/ хариуцагч нар нэхэмжлэгчид буцаан төлөх, зээлийн дансыг ...... болгон өөрчилж, барьцаа хөрөнгийн жагсаалтыг шинэчлэн тогтоожээ. /хэргийн 48-51, 241-242. 2-р хавтаст хэргийн 57-59 дэх тал/

Хариуцагч нар зээлийн гэрээг шинэчлэн байгуулснаас хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл нийт 13,584,100 төгрөг төлсөн болон үүнээс хойш зээл төлөөгүй талаар зохигч маргаагүй болно.

Нэхэмжлэгч нэгтгэсэн зээлийн гэрээний үүргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 192,574,559.67 төгрөг, үндсэн хүү 60,341,934 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,348,272 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон 175,000,000 төгрөгийн /..........тоот/ эргэлтийн хөрөнгийн зээлээс 114,312,463 төгрөгийг банк тэр дор нь буцаан татаж, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150,000 ам.долларын зээлийг төлүүлж зээл хааж бодитоор 60,687,537 төгрөгийг зээлдүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 197,574,559.67 төгрөгийг аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, өмнөх зээлийн үлдэгдэлд 130,093,840 төгрөгийг төлнө гэсэн тайлбар, татгалзлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч нар гаргаж байна.

Шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн .......тоот, 1030014979 тоот, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2014 оны .......дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт гэсэн зээлийн гэрээнүүдийг хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 254,264,765 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй ба дараах байдлаар тооцож хариуцагч Ү ХХК, Т.Б нараас 143,117,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэв.

1.    Хариуцагч Т.Б 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч

Х ХХК-иас 150,000 ам.долларын зээл авч, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 62,739.56 ам.доллар байсныг нэхэмжлэгч, хариуцагч нар тохиролцон 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон 175,000,000 төгрөгийн зээлийн 114,312,462 төгрөгөөр тус 62,739,56 ам.долларын зээлийг хаасан нь тус зээлийн гэрээ, зээл хаасан тухай дансны хуулга, нэхэмжлэгч Х ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн “Зээлийн санал”, 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 350 тоот ”Зээлийн удирдлагын дэд хорооны тогтоол” зэрэг баримтаар нотлогдож байна. /Хэргийн 124-129, 151, 153,159, 2-р хавтаст хэргийн 62-68 дэх тал/

Зохигч ийнхүү өмнөх зээлийг хаах зорилгоор дараагийн зээлийг олгохоор тохиролцсон, зээлээр зээлийг хаасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийг тодорхой зориулалтаар, зээлийг буцаан төлөх тодорхой үндэслэлд тулгуурлан олгох нөхцөл, журмыг зөрчсөн нь хуульд нийцэхгүй ба 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон 175,000,000 төгрөгийн зээлээс нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Ү ХХК, Т.Б нарт 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн .......... тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээгээр бодитоор 60,687,537 төгрөгийг гэрээнд заасан зориулалтаар зээлдүүлсэн, хариуцагч нар тус зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашигласан байх тул энэ дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл зохигч 114,312,462 төгрөгийг зээлийн гэрээнд заасан нөхцөлөөр /хугацаа, эргэлтийн хөрөнгийн зориулалт/ бус зээл хаах зорилгоор ашигласны хууль зүйн үр дагавар /зээлийг олгогчийн бүрэн эрх/ нэхэмжлэгчид илүү ногдоно.

Түүнчлэн Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т  зааснаар банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгох бөгөөд Х ХХК- ийн Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 1.5.2-т зээлийг тодорхой зориулалтаар олгохоор, мөн журмын 2.7, 2.7.2-т өмнөх зээлийг барагдуулах зориулалтаар зээл олгохгүй байхаар заасан журмаа зөрчиж зээл олгосон нь тус банкны Чингэлтэй салбарын зээлийн шинжээч Б.Тийн 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдөр бичсэн “Зээлийн санал”-ын нөхцөлд “68,750 ам.доллар буюу 125 сая төгрөгийн зээлийг зээл батлагдсан тохиолдолд хаана” гэх мөн “Өмнөх зээлийн үр дүн” хэсгийн “одоо хүсэж байгаа зээл батлагдсан тохиолдолд 68,750 ам.доллар буюу 125 сая төгрөгийн зээлийг өөрөө хаана” гэснээс үзэхэд дээрх үндэслэл тодорхой харагдаж байна. /Хэргийн 91-102 дахь тал/

Хариуцагч нар зээлийн гүйлгээ хийгдсэн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс гэрээнд өөрчлөлт оруулсан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ...........тоот зээлийн гэрээний үүрэгт 21,456,947 төгрөг, ........ тоот зээлийн гэрээний үүрэгт 120,557,742 төгрөгийг тус тус төлсөн талаар зохигч маргаагүй.

Хариуцагч нар .... тоот зээлийн гэрээний дагуу олгогдсон 60,687,537 төгрөгийн жилийн хүү 22.08 /22.08/12=1.84/, нэг сарын хүү 1,116,650 төгрөг ба 18 сарын хугацаанд төлбөл зохих хүү /1,116,650х18=20,099,700/ 20,099,700 төгрөг, /20,099,700+60,687,537=80,787,237/ нийт 80,787,237 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна. Үүнээс хариуцагч нарын 1030014979 тоот зээлд дээрх хугацаанд төлсөн 120,557,742 төгрөгийг хасвал /120,557,742-80,787,237=68,731,463/ хариуцагч Ү ХХК, Т.Б нар 68,731,463 төгрөгийг нэхэмжлэгчид илүү төлсөн гэж үзэхээр байна.

Талуудын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр ............ тоот зээлийн гэрээний нийт үлдэгдэл 197,574,559.67 төгрөгөөс дээр дурдсан үндэслэлээр ..... тоот зээлийн үлдэгдэл 97,575,163.40 төгрөгийг, ..... тоот зээлийн гэрээний үлдэгдэл 99,999,396.27 төгрөгөөс 68,731,463 төгрөгийн илүү төлөлтийг /99,999,396.27-68,731,463=31,267,933/ хасч, хариуцагч Ү ХХК, Т.Б нар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “2014 оны ....... дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт” гэрээгээр 31,267,933 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-д төлөх үүрэгтэй.

Хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тус гэрээний дагуу нэхэмжлэгчээс 197,574,559.67 төгрөг зээлж аваагүй гэж татгалзаж байх боловч тус гэрээг зохигч харилцан тохиролцож хариуцагч нарын зээлийн нөхцөлийг хөнгөрүүлэх зорилгоор байгуулсан, хариуцагч нарын зээлийн гэрээний хугацааг шинэчлэн сунгаж, зээлийн бүтцийн өөрчлөх замаар нэгтгэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 19 сарын хүү /жилийн хүү 22.08 ба нэг сарын хүү /22.08/12=1.84/ 1.84 хувь/ 11,121,080 төгрөг, /11,121,080+31,267,933=42,388,160/ нийт 42,388,160 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэйгээс хариуцагч нарын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний дагуу төлсөн 13,584,100 төгрөгийг /42,389,013-13,584,100=28,804,913/ хасч хариуцагч Ү ХХК, Т.Б нараас 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “2014 оны ........ дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт” гэрээний үүрэгт 28,804,913 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Ү ХХК, Т.Б нар 2014 оны 06 дугаар сарын 27-

ны өдөр нэхэмжлэгч Х ХХК-иас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн 175,000,000 төгрөгийн зээлээс 114,312,462 төгрөгийг хариуцагч Т.Б 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Х ХХК-иас зээлсэн 150,000, ам.долларын зээлийн үлдэгдлийг хаасан талаар шүүх өмнө дүгнэсэн.

Нэхэмжлэгч Х ХХК-иас 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бодитоор 114,312,462 төгрөгийн гүйлгээ хийгдэж хариуцагч Т.Б ам.долларын зээлээ хааж зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон, тус ам.долларын зээлийг нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож зээлийг хаасан нь хуульд нийцэхгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй боловч энэ нь хэн нэг этгээдэд бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгох үндэслэл болохгүй.

Зохигчийн хооронд 114,312,462 төгрөний хувьд гэрээний харилцаа үүсээгүй явдал нь хариуцагч нар нэхэмжлэгчийн өмнө гэрээний үүрэг хүлээхгүй, нэхэмжлэгчийн хувьд ийнхүү гэрээний үүргийг буцаах шаардах эрхийг үүсгэхгүй бөгөөд харин хариуцагч нарын өмчлөлд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй ба ийнхүү шилжүүлсэн 114,312,462 төгрөгийг хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

2.    Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Б.Б нарын хооронд 2014 оны 06

дугаар сарын 27-ны өдөр ...... тоот Батлан даалтын гэрээ байгуулжээ. /Хэргийн 14-15, 59-61 дахь тал/

Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр тус гэрээний 2.1-д заасан үүргийг хариуцагч Б.Б хариуцах үндэслэлтэй талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотлоогүйн зэрэгцээ мөн гэрээний 3.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бэд мэдэгдлийг батлан даагчид хүргүүлсэн тухай баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотох баримтаар нотлогдохгүй байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар батлан даалтын гэрээ байгуулагдсан, гэрээгээр хариуцагч тодорхой үүрэг хүлээсэн боловч мөн хуулийн 462 дугаар зүйлийн 462.1-д заасан үүргээ нэхэмжлэгч, батлан даагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь хуульд зааснаар батлан даагчийн шаардах, мэдээлэл авах эрх хязгаарлагдсан гэж үзэх тул мөн хуулийн 462 дугаар зүйлийн 462.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Б.Бээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан тул хариуцагч Б.Бэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Б.Б нь хариуцагч Ү ХХК-ийн захирал учраас зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн, хариуцагч нар зээлийг төлөхгүй байгааг мэдэж байгаа учраас тусгайлан мэдэгдэх шаардлагагүй тухай нэхэмжлэгчийн тайлбар нь бие даасан гэрээний оролцогчийн хувьд зээлдэгч нарын буюу хариуцагч Ү ХХК, Т.Б нарын өмнөөс нөхөх хариуцлага хүлээлгэхээр батлан даагч Б.Быг хариуцагчаар тодорхойлсон үндэслэлтэй нь зөрчилдөх бөгөөд зээлийн гэрээний үүрэгт хамааруулсан харилцааг батлан даалтын гэрээнд нэгэн адил тооцогдоно гэж үзсэн нь үүрэг бүр бие даасан байх шаардлагад нийцэхгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэхгүй.

3.    Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Ү ХХК, Б.Б нарын

хооронд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ...... тоот Барьцааны гэрээгээр Нарантуул ОУХТ-ийн 35, 36, 173-р лангуу, Одкон төвийн 82, 83-р лангуу, Хар хорин захын 11-р чингэлэг, Дүнжингарав худалдааны төвийн 919, 922, 923-р чингэлэгт байх 140,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр ахуйн хэрэгсэл, цахилгаан бараа, Ford Explorer маркийн 33-55 УБЦ улсын дугаартай автомашиныг, нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Б.Б нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн .... тоот Баталгаат ипотекийн гэрээгээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой ......... тоотод оршин байх улсын бүртгэлийн ..... дугаартай, 275 кв.м талбай бүхий хувийн сууц, 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ....... тоот мөн гэрээгээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, .... тоотод орших улсын бүртгэлийн ....... дугаартай, 40 кв.м талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ........ тоотод орших ........... дугаартай 40 кв.м талбайтай 3 өрөө орон сууц, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .......... тоот Барьцааны гэрээгээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой .........тоотод оршин байх улсын бүртгэлийн ...... дугаартай, 700 кв.м талбайтай зуслангийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан барьцааны болон батлгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар хүчин төгөлдөр байна. /Хэргийн 16-25, 32-47, 52-58/

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээр дурдсан барьцаа хөрөнгүүдийг тус тус худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 462 дугаар зүйлийн 462.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ү ХХК, Т.Б нараас 143,117,375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс 111,147,389 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Бэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ү ХХК, Т.Б нар шүүхийн шййдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Нарантуул ОУХТ-ийн .......-р лангуу, Одкон төвийн ...... лангуу, Хар хорин захын 11-р чингэлэг, Дүнжингарав худалдааны төвийн 9........ чингэлэгт байх 140,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр ахуйн хэрэгсэл, цахилгаан бараа, Ford Explorer маркийн ....... улсын дугаартай автомашин, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой ..... тоотод оршин байх улсын бүртгэлийн ..... дугаартай, 275 кв.м талбай бүхий хувийн сууц, мөн хаягт орших улсын бүртгэлийн . дугаартай, 700 кв.м талбайтай зуслангийн зориулалттай газар, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, . тоотод орших улсын бүртгэлийн . дугаартай, 40 кв.м талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, .........байрны ...... дугаартай 40 кв.м талбайтай 3 өрөө орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,587,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод, хариуцагч Ү ХХК, Т.Б нараас 873,536 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ