Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2016/0786/з |
Дугаар | 221/МА2017/0159 |
Огноо | 2017-02-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2017/0159
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бум-Аюуш, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хишигбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Хишигбатын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Хишигбатын “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжийн тус тус Т.Батсуурьт холбогдох хэсэг, Т.Батсуурийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0325934 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ж.Сумъяадоржийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0285680 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Хишигбат, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нар давж заалдах гомдолдоо: “1. Ж.Сумьяадоржид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Баяндөхөм 24-119 тоотод байрлах /миний хашаа хатган амьдарч байсан газар/ Баянзүрх дүүргийн засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосныг үндэслэн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0285680 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 195 дугаар захирамжид Ж.Сумьяадоржид эзэмших эрх олгогдоогүй, тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй байтал 0285680 дугаар гэрчилгээ гарсан нь нотлогддог.
Гэтэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.1.1-д зааснаар энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана, 34 дүгээр зүйл 34.1-д “Энэхүү хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг нийслэл дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон. улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан байтал газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамжгүй байхад Ж.Сумьяадоржийн хүсэлтгүйгээр 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0285680 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ бичсэн төдийгүй хавтаст хэрэгт гэрчилгээний дугаар бичигдээгүй Ж.Сумьяадоржид эзэмших эрхийн гэрчилгээ бас авагдсан байна. Энэ нь өөрөө Ж.Сумьяадорж нь бусдын газрыг хууль бус аргаар дээрэмдэн авсан гэдгийг нотолсоор байтал анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Хэрвээ Ж.Сумьяадорж нь бусдын газрыг хууль бус аргаар авч эрх шилжүүлэх гэрээгээр худалдан борлуулаагүй бол миний бие нь өөрийн охины нэр дээр энэхүү газрын эзэмших эрхийг авах байсан болно.
2. ... Миний бие нь 2004 оноос хойш хашаа хатган үерийн шуудуу ухан газрыг арчлан хамгаалж ирсэн төдийгүй дүүргийн газрын алба нь Ж.Сумьяадоржийг хүсэлт гаргахад газар дээр нь ирж нэгж талбарын дугаарыг тэмдэгжүүлэн зааж өгөх үүрэгтэй байтал шууд ямар ч эрх зүйн акт байхгүй газар дээрээ Ж.Сумьяадорж нь амьдардаг эсэхийг тодруулахгүйгээр шууд гэрчилгээ бичсэн нь өөрөө хууль бус төдийгүй төрийн нэрийг барьж дээрэм хийж байгаа юмаа. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх нь үүнийг хууль бус гэж үзэхийн оронд төрийн нэр барьж дээрэм хийх нь зөв юмаа гэсэн дүгнэлт хийж байгаа ард иргэд биднийг доромжилж байгаагийн илрэл юм гэж үзэж байна. Хэрвээ Баянзүрх дүүргийн газрын алба нь энгийн иргэд биднийг хүсэлт гаргахад газар дээр нь очиж үзнэ, заавал хашаа барьсан тохиолдолд газар эзэмших, өмчлөх эрх олгоно гэдэг шигээ Ж.Сумьяадоржид газар эзэмших эрхийг олгосон бол миний эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй байсан. Иймээс төрийн албан хаагч нь хуйвалдан иргэдийн газрыг дээрэмдэн авсан байгаа нь нотлох баримтаар нотлогдож байхад үнэлэхгүйгээр орхиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймээс Ж.Сумьяадоржид эрх олгосон захиргааны акт гараагүй байхад хийсвэрээр гарсан гэж бичээд түүнийгээ үндэслээд Баянзүрх дүүргийн 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” 50 дугаар, “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/598 дугаар захирамжуудын тус тус /Т.Батсуурьт холбогдох хэсэг/ гаргасан байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Г.Хишигбатаас “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан ажиллагааны явцад “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” 50 дугаар захирамжийн Т.Батсуурьт холбогдох хэсэг, Т.Батсуурьт 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгосон 0325934 дугаар, Баянзүрх дүүргийн газрын албанаас Ж.Сумъяадоржид 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон 0285680 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчаар өөр этгээдийг нэмж татсан тохиолдолд шүүх тухайн шаардлагатай нь холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хамтран хариуцагчийг татан оролцуулсан захирамжийг гаргаж, тухайн этгээдэд эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч Г.Хишигбатын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн, ялангуяа Баянзүрх дүүргийн газрын албаны иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг захиргааны акт гэж үзсэн тохиолдолд хамтран хариуцагчаар Баянзүрх дүүргийн Засаг дарга болон газрын албыг татан оролцуулсан захирамжийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлах ёстой.
Гэтэл анхан шатны шүүх тухайн ажиллагааг гүйцэтгэлгүйгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэх үндэслэл болно.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу томилсон шүүгч хэргийг хянан шийдвэрлээгүй байгаа нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх, энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болно.
Үүнээс гадна шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Хишигбат нь өөрийн, эсхүл М.Өнөрзаяагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтойг дурдах нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР