Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2020/02517/И |
Дугаар | 102/шш2021/01477 |
Огноо | 2021-06-07 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 102/шш2021/01477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны ... дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...
Хариуцагч:...
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ...
Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ...
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ... шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Миний бие 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ... ХХК-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, ...тоот дахь 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 62,700,000 төгрөг өгөхөөр бариулсан. Төлбөрийг 2014 оны 7 дугаар сарын 07-нд 20,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 29-нд 20,000,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 05-нд 20,000,000 төгрөг, 2 дугаар сарын 08-нд 1,700,000 төгрөг, 12 дугаар сарын 02-нд 1,000,000 төгрөг, нийт 62,700,000 төгрөг өгч тооцоо дууссан байгаа. Мөн 2016 оны 2 дугаар сарын 05-нд Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ хийж, авто зогсоолыг 16,000,000 төгрөгөөр бариулсан ба гэрээний дагуу төлбөрийг бүрэн өгч дуусгасан. Гэтэл тус компани гэрээний дагуу үүргээ биелүүлж миний захиалж бариулсан орон сууц болон авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа тул гэрээний дагуу ... ХХК-иас дээрх орон сууц болон авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах гэснийг орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох гэж өөрчилж байна. Нэхэмжлэлийн агуулга хэвээрээ болно.
Тухайн орон сууцанд төлбөрөө төлж дуусгаад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс нүүн орж, амьдарч байгаа. Байраа өмчлөлдөө бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бичгээр хандаагүй. Хариуцагч ... ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нийтээр нь гаргаж өгнө, бүх байрнууд компанийн нэр дээр байгаа гэж байсан учраас түүнийг нь хүлээгээд хугацаа алдсан. 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ... болон ... ХХК-ийн хооронд Орон сууц захиалгаар бариулах гэрээ хийгдсэн. Гэтэл үүнээс хойш хийгдсэн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бусдад орон сууцыг шилжүүлсэн нь буруу юм. Тиймээс орон сууц болон авто зогсоолыг ... өмчлөх эрхтэй. Үүнийгээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа. Хариуцагч байгууллагатай тооцоо нийлсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Тиймээс гэрээ хүчин төгөлдөр байна. Мөн уг орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа...гэв.
Хариуцагч ... ХХК-ийг төлөөлөн захирал ...шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
... нь ... ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орон сууцны захиалгаар бариулах гэрээ байгуулсан байна. ... нь 144 айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төблөр авагч ба ...миний бие нягтлан бодогчоор ажилладаг. Зээл төлөлтийн графикийн сүүлийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байсан. Захирал ...графикийн дагуу зээлийн төлбөрийг хийгээгүй. ... нь мөнгөө авч чадахгүй байсны улмаас өөрийн хөрөнгөө хамгаалж тус компанийн захирал ... уулзан 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр гэрээ байгуулан шилжүүлж авсан. Компанийн өмнөх хувьцаа эзэмшигч ...2017 оноы 12 дугаар сарын 31-нд ...д зээлсэн мөнгөө хятадуудаас авчирч өгөөд компаниа буцаан авна гэсэн учир бид хүлээж байсан. ... захирал гадаад томилолтоор явахаар болсон тул компанийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр ...миний нэр дээр шилжүүлсэн. Улсын бүртгэлийн албанд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас компанийн шилжих хөдөлгөөнд хориг тавьсан байгаа.
Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан ... уулзаж, хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж ... ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэнд 100 хувь шилжүүлсэн. Гэтэл ...нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 3 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш ...нэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй бидэнд итгэл үзүүлэн алга болсон, өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа. Компанийн санхүүгийн бичиг баримт, зээлийн гэрээг мөн хүлээлгэн өгөөгүй.
Иргэн ... нь ... ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан, авто зогсоолын гэрээ нь байхгүй, шүүхэд өгсөн материалаас танилцсан болно. ... нь тус компанийн Худалдаа хөгжлийн банкны 464004610 тоот, Хаан банкны 5088065798 тоот дансанд байрны төлбөр 62,700,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байна. Компани нь шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 3 хөрөнгө оруулагчдад орон сууцнуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч тус компанийн хоорондох маргаантай асуудлууд хуулийн шатанд байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. ... амьдарч байгаа А-36 тоот 62,76 м.кв талбайтай 2 өрөө байрыг компанийн өмнөх хувьцаа эзэмшигч давхардуулан хийснийг мэдээгүй.
... ХХК нь А-36 тоот 2 өрөө байрны төлбөр Шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч ... нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шилжсэн. ... нэр дээр шилжүүлэхэд шийдвэр гүйцэтгэлийн алба ... нар А-36 тоот 2 өрөө байранд айл амьдарч байгааг мэдэж байсан. Тухайн үед дээрх байр эрхийн доголдолгүй, улсын бүртгэлийн албанд ... гэрээгээ бүртгүүлээгүй байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шийдвэрийг биелүүлсэн...гэжээ.
Гуравдагч этгээд ... шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Миний бие анх 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ... ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, мөн оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, ...хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. ... ХХК-иас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул тус компаниас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгах гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулсан. Эдгээр гэрээгээр хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал ... надад гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон.
Гэтэл хариуцагч ... ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасныг болон надтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, ... гэгч хүнтэй 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр ...хорооллын Ласти таун хотхоны 10а блокын 36 тоотын 2 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. ... ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар миний бие Хан-Уул дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор ... ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу ... ХХК нь надад 2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэхээр хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, ...хороолол, ... тоотын 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц болон бусад орон сууцнуудыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.
... нь ... болон ... ХХК нарын хооронд хийгдсэн Орон сууц захиалгаар бариулах гэрээний оролцогч тал биш юм. Тус компани миний зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, мөн нэхэмжлэгч нь миний өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Орон сууц захиалгаар барих тухай гэрээ нь гуравдагч этгээдийн оролцоогүйгээр хийгдсэний зэрэгцээ улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлага хангаагүй байна. Гэрээний талуудаас хэн нь ч тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандаагүй байна. Тийнхүү хандсан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. ... ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулагч ...д мэдэгдэж бусадтай гэрээ хийх ёстой байсан. Мөн тус компаниас улсын бүртгэлд хандсан 18 иргэд байсан ба энд нэхэмжлэгч ...нэр байгаагүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.2, 183.3 дахь хэсгүүдэд зааснаар ... нэр дээрх бүртгэл үнэн зөв, тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ... байгаа учир түүний өмчлөлийн хөрөнгийг өөр этгээдтэй байгуулсан гэрээний үүрэгт шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн орон сууц захиалгаар барих гэрээг хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдтэй хийгээгүй, тухайн цаг хугацаанд ... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар... гэх хүн бүртгэгдээгүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг буюу төлсөн мөнгөө нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж байна. Авто зогсоолын тухайд талуудын байгуулсан гэрээг хариуцагч компанийн захирал ...баталсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна. Уг авто зогсоол хариуцагчийн өмчлөлд байдаг гэж сонссон. ... хувьд авто зогсоолын хүрээнд хамааралгүй учир өөр нэмж хэлэх тайлбар байхгүй...гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан орон сууц, авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.
Хариуцагч ... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс тус компани нь ...тэй Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулсан, гэрээний төлбөр 62,700,000 төгрөгийг нэхэмжлэгч бүрэн төлж барагдуулсан зэрэг үйл баримтыг хүлээн зөвшөөрч тайлбарласан боловч, тухайн хөрөнгө нь гуравдагч этгээд ... өмчлөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шилжсэн талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг тус компанийн захирал ...гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 020 тоот Орон сууц захиалгаар барих тухай гэрээг захиалагч ..., гүйцэтгэгч ... ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Хүрэлбаатар нар байгуулж, гүйцэтгэгч нь ... орон сууцны А блокын 1 дүгээр орцны 9 давхарт 36 тоот дахь 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь төлбөр 62,700,000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан графикийн дагуу гүйцэтгэгчид хувааж төлөх үүргийг тус тус хүлээхээр гол нөхцлөө тохирон, талуудын хүлээх үүрэг, эдлэх эрх, гэрээ цуцлах үндэслэл, хариуцлага болон бусад нөхцлийг тусгаж, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байна. /хэргийн 9-13 дугаар хуудас/
Дээрх гэрээний дагуу захиалагч ... 62,700,000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд 5 удаа хуваан төлж барагдуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Мөнгөн шилжүүлгийн баримтууд, ... ХХК-ийн НӨАТ-ын буцаан олголтын баримт зэргээр тогтоогдож байна. /хэргийн 14, 15 дугаар хуудас/
Мөн нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК-тай 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 05 тоот Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч ... ХХК нь ...144 айлын орон сууцны 05 тоот дахь 20 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьж гүйцэтгэн 2016 оны 4 дүгээр сард Улсын комисст хүлээгэн өгөхөд бэлэн болгож, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь төлбөр 16,000,000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээн, гэрээний дагуу ... төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар талууд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Авто зогсоол худалдан авах 01 тоот гэрээг байгуулжээ. /хэргийн 17-21 дүгээр тал/
Орон сууц захиалгаар барих тухай гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар захиалагч ... төлбөрийг гүйцэтгэгчийн дансанд 100 хувь төлснөөр өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэхээр тохиролцож, захиалагч энэ үүргээ биелүүлсэн боловч гүйцэтгэгч ... ХХК нь гэрээний зүйлийг захиалагчийн эзэмшилд хүлээлгэн өгч, харин өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Маргааны зүйл болох... тоот дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээд ... улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... тоот гэрчилгээгээр тогтоогдсон....
Гуравдагч этгээд ... нь ... ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 3,000,000,000 төгрөг шаардаж, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар тухайн шаардлагын 2,500,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, талуудын эвлэрлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар баталж, уг захирамжийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас маргааны зүйл болох ... тоот орон сууц болон бусад 23 үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагч ... өмчлөлд бүртгэж, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгэжээ. /хэргийн 85-102 дугаар тал/
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч ... орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг хариуцагч ... ХХК-д амаар шаардсан гэж тайлбарлах бөгөөд бичгээр шаардсан баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн тэрээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Тиймээс ..., ... ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэснийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ... нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч мөн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдсон ба Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасанд нийцсэн байх тул улсын бүртгэлд бүртгэгдэн баталгаажсан иргэн ... өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ... өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин ...144 айлын орон сууцны 05 тоот дахь 20 м.кв талбай бүхий авто зогсоолыг нэхэмжлэгч ... ... ХХК-иас шилжүүлэн авч эзэмшиж байгаа, тухайн үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд бүртгэгдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч зохигчдоос тухайн хөрөнгө ... ХХК-ийн өмчлөлд байдаг талаар тайлбарласан, хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч маргаагүй болно.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч... дээрх авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч... ...хороолол, ... орон сууцны байрны 05 тоот 20 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас... ... орон сууцны А блокын 1 дүгээр орцны 9 давхарт 36 тоот дахь 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 527,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА