Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1333

 

2020               10            20                                       2020/ДШМ/1333

Р.Б, Д.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

цагаатгагдсан этгээд Р.Б, түүний өмгөөлөгч Г.Орхон,

цагаатгагдсан этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, Б.Оюунбилэг,

хохирогч Г.Батхишигийн өмгөөлөгч Я.Баярсайхан, Д.Цэнгэлмаа,

иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/688 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Маралын бичсэн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 59 дугаартай эсэргүүцэл, хохирогч Г.Батхишигийн өмгөөлөгч Я.Баярсайхан, Д.Цэнгэлмаа, иргэний нэхэмжлэгч Б.Булгантамирын өмгөөлөгч Т.Багахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1805021840440 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ....................., 19......... оны ........... дугаар сарын ..............-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20/5 дугаар байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

2. ..............., 19........... оны ........... дугаар сарын .............-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Баянгол дүүргийн нотариатч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11-1-23 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

Р.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурванбилэг” их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах нотариатын газарт бусдыг хуурч, иргэн Г.Батхишигийн эзэмшлийн 77-87 УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашиныг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Д.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурванбилэг” их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 77-87 УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашины өмчлөгч Г.Батхишигийн өмчлөх эрхийг зөрчиж, өмчлөгчийг байхгүйд түүний иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн автомашин бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгийн эрхэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Р.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т, Д.Бямбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .............од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, баримт бичиг ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан”, шүүгдэгч ...............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсаны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан” гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц 77-87 УНЛ улсын дугаартай “Land cruiser 200” маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ хэрэгт Р.Б 2 хоног баривчлагдсан, Д.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг, хохирогч Г.Батхишиг, иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг” ХХК нь иргэний нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Марал бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Р.Б нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр бусдыг хуурч, иргэн Г.Батхишигийн эзэмшлийн 77-87 УНЛ улсын дугаартай “Ланд круйзер” маркийн автомашиныг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч ашиглан түүнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ...зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба Р.Б нь “би хөөцөлдөөд таны нэр дээр болгоод өгье” гэж Г.Батхишигээс 77-87 УНЛ улсын дугаартай “Ланд круйзер” машины бичиг баримтыг авч, улмаар Г.Батхишигийн оронд өөр хүн дагуулан очиж, иргэний үнэмлэхний хуулбарыг ашиглан нотариатч Д.Бар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ...зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дугаар 33” гэсэн тусгай зөвшөөрөлтэйгээр Баянгол дүүргийн тойрогт нотариатчийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа “Бэлэглэлийн гэрээ” 2018 оны 3 дугаар сарын 1, бэлэглэгч Г.Батхишиг бэлэг хүлээн авагч Р.Б 77-87 УНЛ улсын дугаартай JTMHV05JX041110 аралтай тээврийн хэрэгслийг бэлэглэж байна” гэсэн утга бүхий гэрээг бэлэглэгч гэх Г.Батхишигийг байлцуулахгүйгээр, шаардлага хангаагүй баримт болох иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн гэрчилжээ. Г.Батхишиг нь Р.Бод автомашиныг бэлэглэсэн эсэх нь тодорхойгүй байхад Д.Б нь уг гэрээг гэрчилсэн үйлдэл нь хохирогч Г.Батхишигт их хэмжээний хохирол учрах шууд шалтгаан болсон. Шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж буй үндэслэлийг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийн цагаатгасан үндэслэлийг тусгана” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Р.Б, Д.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Цагаатгах тогтоолд Р.Бын үйлдэл нь илрэх гадаад хэлбэрээр гэмт хэргийн шинжтэй мэт боловч залилах гэмт хэргийн субъектив шинж болох гэм буруу тогтоогдоогүй гэж дурдсан байна. Энэ гэмт хэргийн хувьд анхнаасаа хууль бус хэлцлийг нотариатаар батлуулсан. Хохирогчийн автомашиныг шилжүүлж өгнө гэж хэлж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Үүнийг иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг нотолж байгаа. 70.000.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авсан. Д.Бямбын үйлдэл анхнаасаа хууль бус байсан. Иргэний үнэмлэхийн хуулбараар хэлцлийг баталсан нь хууль бус үйлдэл байсан. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна.” гэв.

Хохирогч Г.Батхишигийн өмгөөлөгч Д.Цэнгэлмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5-д “...хэд хэдэн шүүгдэгчээс заримыг цагаатгасан эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтын үгүйсгэсэн үндэслэл, тэдгээр нотлох баримтын агуулгыг тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйлдэл бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ “...Энэ хэрэгт 77-87 УНЛ улсын дугаартай машиныг хууль бусаар шилжүүлж хэрэг үүсгэсэн гэдгийг прокурор ярьсан. Энэ машин бол Батхишиг гэдэг хүний хөрөнгө биш, манай гэр бүлийн хөрөнгө. Шинээр хүүхэдтэй болж байхдаа түрээсийн орлогоор авна гэж байгаад авсан. Манай гэр бүл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Нархан” хотхонд байдаг 3 өрөө байр, “Болор” автомашин угаалгын газар зэрэг нь Амарсайханы ээж Батхишигийн нэр дээр байдаг. Амарсайхан бид хоёр тогтмол олдог орлого байхгүй, жижиг сажиг бизнес “Болор” автомашин угаалгын газрыг төрсөн эгчдээ түрээсэлж машиныг авсан гэсэн...” гэсэн мэдүүлэг нь эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгагдан тогтоогдож, нотлогдоогүй шүүгдэгчийн худал мэдүүлгийг цагаатгах тогтоолын үндэслэл болгон бичжээ. Хэргийн материалд яллах талын нотлох баримтанд байгаа хохирогч Г.Батхишигийн /1хх 4-9/, гэрч Ц.Амартүвшингийн /1хх 93-94/, Ц.Амарсайханы /2хх 1/, Ц.Амармэндийн /1хх 98-99/, сэжигтэн Р.Бын /1хх 14-15/ нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 76-82/, зээлийн гэрээ /1хх 182-189/, Ц.Амартүвшин, С.Батжаргал нарын Хаан банкны дансны хуулга /1хх 182-189/, Хаан банкны барьцаанаас чөлөөлөх тухай албан тоот /1хх 199/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /1хх 213-215/, нотариатын бүртгэлийн дэвтэр, бэлэглэлийн гэрээ /1хх 216-220/ зэрэг шүүгдэгч нарын гэм буруутай болохыг нотолсон яллах нотлох баримтуудыг цагаатгах тогтоолд няцаан үгүйсгэсэн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн дүгнэж бичээгүй. Шүүхийн шийдвэр бичих талаар Улсын Дээд шүүхээс тогтоосон аргачилалын журмыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт заасан, 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1.2-д заасан заалтуудыг энэ хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх бүрэлдэхүүн ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Р.Бын шүүхийн хэлэлцүүлэг дээр өөрийн залилан өмчлөх эрхэд халдсан автомашиныг иргэд хоорондын эд хөрөнгийн маргааны шинжтэй уг машиныг өөрийн өмч мэтээр ярьсан худал мэдүүлгийг үндэслэсэн хавтаст хэрэгт байгаа яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэж няцаасан үндэслэл байхгүй байхад гаргасан дээрх цагаатгах тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хууль ёсны шаардлагад нийцээгүй байна. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах нотариатын газарт бусдыг хуурч, иргэн Г.Батхишигийн эзэмшлийн 77-87 УНЛ улсын дугаартай “Ланд Круйзер 200” маркийн автомашиныг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан, залилан мэхэлсэн шүүгдэгч Р.Б, нотариатч Д.Б нар ял завшиж, эрх нь зөрчигдсөн хохирогч Г.Батхишигийн эрх сэргээгдэх боломжгүй болсон байна. Эрүүгийн хэргийн яллах дүгнэлтэд бичигдээгүй үйл баримтыг эрүүгийн хэргийн шүүх тогтоох боломжгүй байсан. Гэтэл дээрх цагаатгах тогтоолд “Р.Б, Ц.Амарсайхан нар нь 1998 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад заасан “...хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх барих дээд байгууллагад бүртгүүлж хууль ёсоор гэр бүл болсон байна. Р.Б, Ц.Амарсайхан нар нь 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1508 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ” гэх мэтээр иргэний гэрлэлт цуцалсан зэрэг шүүхийн шийдвэрийг хүртэл эрүүгийн хэргийг цагаатгах үндэслэл болгож бичсэн нь эрүү, иргэн гэр бүлийн ямар хэрэг хэлэлцээд байгаа нь ойлгомжгүй болжээ. Дээрх асуудал нь Эрүүгийн хуулийн залилан мэхэлсэн гэмт хэрэгт огт хамааралгүй. Р.Б Ц.Амарсайхан нарын гэрлэлт цуцалсан, эд хөрөнгийн маргааныг иргэний шүүх хуулийн дагуу шийдвэрлэсэн огт өөр харилцааг зохицуулсан гэр бүлийн эрх зүй, иргэний эрх зүйн харилцааны журмаар шийдвэрлэсэн асуудал байна. Иргэний хэргийн талаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эрүүгийн хэргийн шүүх хэргийн цагаатгах тогтоолын үндэслэл болгосон нь ойлгомжгүй эрүү, иргэн, гэр бүлийн хэргийг хооронд хольсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Шүүхээс “...улмаар автомашиныг Р.Б, Ц.Амарсайхан нар гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж, ашиглаж тодорхой хэмжээний мөнгийг зээлийн гэрээний төлбөрт төлж байсан болох нь...” гэж дүгнэжээ. Шүүхийн энэ дүгнэлт нь тодорхой хэмжээний мөнгийг зээлийн гэрээний төлбөрт төлж байсан болох нь гэсэн нь яг хэдэн төгрөгийг Р.Б, Ц.Амарсайхан нар нь хэзээ төлсөн нь тодорхойгүй, энэ талаар үнийн дүнг дурдаагүй, баримт нотолгоогүй хийсвэр дүгнэлт хийж, гэм буруутай этгээдүүдийг эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүй чөлөөлж цагаатгасан байна. Гэтэл хохирогч Г.Батхишиг нь “Мөнххада” ХХК-аас уг автомашиныг 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хаан банктай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 165.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авсан байна. “Мөнххада” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 14/028 дугааргай “Автомашин худалдах худалдан авах” гэрээ байгуулж, охин Ц.Амартүвшинтэй хамтран зээлдэгчээр орж автомашины төлбөрийг иргэн Ц.Амартүвшин зээл хүүгийн хамт 217.984.523 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогч Г.Батхишиг нь 77-87 УНЛ улсын дугаартай “Ланд Круйзер 200” маркийн автомашины шударга хууль ёсны эзэмшигч мөн бөгөөд энэ машиныг захиран зарцуулах эрх бүхий ганц этгээд юм. Хохирогч Г.Батхишигийн мэдүүлгээр уг машиныг Хаан банкинд төлбөрөө төлж дууссан тул өөрийн нэр дээр шилжүүлэхээр шүүгдэгч Р.Быг явуулсан гэж ойлгож байсан бөгөөд хэн нэгний өмчлөлд шилжүүлэх хүсэлт албан ёсоор гаргаагүй байхад шүүгдэгч Р.Б нь уг машиныг дур мэдэн, шунахай сэдэлтээр хуурамч бэлэглэлийн гэрээ нотариатч Д.Бтай хуйвалдан үйлдэж, Авто тээврийн үндэсний төв дээр очиж өөрийн нэр дээр шилжүүлэн итгэлийг эвдэж улмаар уг автомашиныг “Сайн” ломбарданд 70.000.000 төгрөгөөр тавьж, залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байхад хэрэг шийдвэрлэгдэхгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрч хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөөр байна. Шүүхээс гаргасан цагаатгах тогтоол нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг барьсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Энд гэрч Ц.Амарсайханы хувьд автомашинд төлсөн мөнгө огт байхгүй, энэ тухай өөрөө ч мэдүүлсэн байна. Р.Боос “Болор” автомашин угаалгын газрын түрээсийн төлбөрт орж ирсэн мөнгийг нэг удаа шилжүүлсэн 17.906.274 төгрөг хүний данснаас шилжүүлсэнээс өөр төлөлт хийж байгаагүй байна. Гэрч Р.Гэрэлт-Одын мэдүүлэгт “...2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “Ланд Круйзер 200” маркийн автомашины төлбөр төлөгдөөгүй учраас Хаан банк хураах гээд байна..., Р.Бын Худалдаа хөгжлийн банкны 416007651 тоот данс руу 20.650.000, 1.800.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн” гэж мэдүүлсэн. Гэтэл шүүгдэгч Р.Б нарын мөрдөн байцаалтын шатанд энэ талаар байцаасан байцаалтад өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа баримтууд хоорондоо илт зөрүүтэй, гэрч Амартүвшингийн машины зээлийн дансанд Р.Гэрэлт-Одын компанийн данснаас түрээсийн орлого нэрээр мөнгө орж ирсэн нь дээрх мэдүүлгээс зөрүүтэй, хохирогч Г.Батхишигийн Хаан банкнаас лизингээр авсан машины мөнгийг хэн яаж төлсөн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдоогүй, хохирогч шүүгдэгчийн хэн нь үнэн хэлж байгаа нь тодорхойгүй, хэргийн бодит хохирол тогтоогдоогүй байхад шүүгдэгч Р.Быг төлбөр төлсөн, машин тэр хүний өмч гэж шүүхээс дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ. Мөн шүүгдэгч Р.Б уг машиныг ямар бичиг баримт үндэслэн хууль ёсны эзэмшигчийг байхгүй байхад Авто тээврийн үндэсний төвд хандан автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан талаар хэрэгт мөрдөн байцаалтаар шалгаж тогтоогоогүй, гэрч Ц.Амартүвшингийн мэдүүлэгт /хх 94/ “...Би зээл хаа гэж хэн нэгэнд хэлээгүй юм. Гэтэл 5033249088 дугаарын данснаас миний 5112078237 дугаарын Хаан банкны машины лизингийн данс руу 17.906.274 төгрөг орсны улмаас автоматаар банк татсаны дагуу миний зээл хаагдсан .Тэгээд Хаан банкнаас над руу залгаж зээлийг чинь төлж дууссан байна, ирж бичиг баримтаа чөлөөлж ав” гэж хэлсэний дагуу бичиг баримтаа авсан. “5033249088 дугаарын данс хэний данс гэдгийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн байхад Р.Б хэнээс юу гэж ямар зорилгоор Ц.Амартүвшингийн автомашины зээлийн дансанд мөнгө шилжүүлүүлсэн энэ үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх талаар шалгаж тодруулаагүй, хэрэгт шалгавал зохих зүйлүүдийг дутуу шалгасан байна. Нотариатч Д.Б нь хохирогч иргэн Батхишиг өөрөө очоогүй байхад түүний иргэний үнэмлэхний хуулбарыг мэдсээр байж шүүгдэгч Р.Бтой хуйвалдан бэлэглэлийн гэрээг баталж, нэг ёсондоо Р.Бтой бүлэглэн хамтарч оролцсон эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон гэж үзэж байна. Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч Д.Бямбын хийсэн нотариатын үйлдлээс шалтгаалан хохирогчийн эд хөрөнгийн эрхэд их хэмжээний хохирол учирсан байхад “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсаны улмаас бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учирсан” гэмт хэргийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нотариатч Д.Б нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан бол шүүгдэгч Р.Бын үйлдлийг таслан зогсоох боломжтой байсан. Нөгөө талаас шүүгдэгчийн илт хууль бус бэлэглэлийн гэрээг баталж өгсөнөөс болж шүүгдэгч Р.Б хохирогч иргэн Г.Батхишигийн өмчлөлийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар “Сайн” ломбарданд 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад барьцаанд тавьж залилсанаас хохирогч өнөөдөр хүртэл эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд хохирол амсаж байна. Нотариатч Д.Бямбын хуурамч бичиг баримтийг үндэслэн хийсэн бэлэглэлийн гэрээ нь уг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоотой, бэлэглэлийн гэрээ хэлцлийн нэг тал байхгүй байхад улмаар иргэний үнэмлэхний канондсан цаасыг ашигласан байхад илт хууль бус хэлцлийг баталсан нь тодорхой байхад Д.Бямбын би буруугүй Р.Б нь Г.Батхишигийг дагуулж ирсэн, энэ дагуулж ирсэн хүн Батхишиг мөн байна гэж шүүх хуралдаан дээр хохирогчийг гүтгэн доромжилж, ёс зүйгүй авирлаж байгаад хохирогч туйлын гомдолтой байна. Нотариатчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэх хуулиар тогтоосон чиг үүрэгтэй этгээд Нотариатын тухай хуулийн заалтуудыг зөрчин, хууран мэхлэгч залилагч этгээдийн хууль бус үйлдэлд оролцож бусдыг хохироочихоод гэмт хэргээс мултарч хууль ёсны шударга өмчлөгч иргэн хохироод үлдэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Нотариатч Д.Бямбын мэдүүлэгт “...Би Баярт- Одыг танина. Хамгийн анх 10 гаран жилийн өмнө манай үзмэрч дүү Мөнгөнтөгс гэх дүү дээр ирж засал хийлгэдэг байсан. Тэр үеэс танилцаж эхэлсэн. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр намайг ажил дээрээ сууж байхад Р.Б над дээр ирж автомашин бэлэглэлийн гэрээ хийх гээд хадам ээж болох Батхишигийн хамт ирсэн. Тэгээд иргэний үнэмлэхээ олохгүй байна, таныг зорьж ирлээ тус болооч гэж хэлж ирсэн. Тэгэхээр нь би замын эсрэг талд байгаа “Москва” их дэлгүүрийн ТҮЦ машинаас иргэний үнэмлэхний лавлагаа аваад ир гэсэн. Тэгтэл гарч яваад удалгүй гуч гаран минутын дараа хадам ээжтэйгээ хамт орж ирээд лавлагаа авах гэсэн чинь ТҮЦ машин нь ажиллахгүй байна. Би яаралтай ажилтай явж байна тус болоод өгөөч гээд гуйгаад байхаар нь иргэний үнэмлэхний хуулбараар бэлэглэлийн гэрээ хийж өгсөн. Дараа нь лавлагаа аваад ирье гэсэн. Тэрнээс хойш ямар ч холбоо байхгүй, надтай уулзаагүй холбоо бариагүй” гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт байгаа шүүгдэгч Р.Бтой ярьсан утасны биллээр 2018 оны 3 дугаар сарын 1-нээс утсаар байнга холбогдож байсан нь шүүгдэгч нар эртнээс бие биенээ таньж мэддэг хууль бус хэлцлийг анхнаас нь нотариатч шүүгдэгч Р.Б нар хуйвалдан хийсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс залилах гэмт хэргийн гэм буруугийн субъектив талын шинжийг хангахгүй гэж дүгнэж, шүүгдэгч Р.Б, Д.Б нарт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхээс залилан мэхэлсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдэл эхэлсэн, төгссөн нөхцөл байдлыг зөв тогтоож гэмт хэрэг үйлдэгдэж дууссаны дараагаар бусдад тухайн хохирогч Г.Батхишигийн эд хөрөнгө болох “Ланд круйзер 200” маркийн автомашиныг барьцаалан “Сайн” ломбарданд 70.000.000 төгрөгөөр тавьж залилан мэхэлсэн гэмт хэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Шүүгдэгч Р.Бын бусдыг залилан мэхэлсэн зарим үйлдэл эрүүгийн хэрэгт шалгагдаагүй орхигдсон байгаа бөгөөд залилуулсан иргэн Б.Энхтүвшин нарын гомдлыг хэрэгт нэгтгэн шалгуулах шаардлагатай байна. Шүүгдэгч Р.Б нь иргэн Энхтүвшинд “Нарны хорооллоос байр авч өгнө” гэж түүнээс 11.000.000 төгрөг залилан авсан үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд шалгасан боловч тухайн үйлдлийг хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэсэн нь хэргийн материалаас харагдахгүй, залилангийн үйлдэлд ороогүй байна. Хохирогч Г.Батхишигийн эзэмшилийн “Нархан” хотхонд байсан 3 өрөө байрыг шүүгдэгч Р.Бын бусдыг залилан мэхэлсэн хэргийн хохирлын мөнгийг “Жи Эс Би Капитал” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж төлж байсны улмаас уг банк бус санхүүгийн байгууллагад алдсан байх тул иргэдийг залилан мэхэлсэн үйлдлүүдийг энэ хэрэгт нь нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Г.Батхишигийн өмгөөлөгч Я.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн заалтыг зөрчиж, хохирогчийн хууль ёсны эрхийг хөсөрдүүлж, өмчлөх эрхийг нь хязгаарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анх шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Ланд круйзер 200” автомашины өмчлөл нь Г.Батхишигийн нэр дээр бүртгэлтэй боловч бодит байдал дээр Ц.Амарсайхан, Р.Б нар гэр бүлээрээ эзэмшиж ашигладаг, уг машины төлбөрөөс төлж байсан, мөн гэр бүлийн гишүүд болон гэр бүлийн хамаарал бүхий хадам эх нарын хоорондын өмчлөлийн маргааны шинжтэй нөхцөл байдал үүсчээ” /цагаатгах тогтоолын 5 дугаар тал/ гэж тодорхойлоод “Р.Бын Бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн гэм буруугийн субьектив талын шинжийг хангахгүй байна” гэж дүгнэсэн. Ц.Амарсайхан, Р.Б нар нь 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан боловч үүнээс хойш дахин хүүхэд төрүүлэн хамтын амьдралтай нэг гэрт амьдарч байсан. Бусдын нэр дээр өмчлөлийн бүртгэлтэй эд хөрөнгийг ашиглаж байсан гээд хуурамч бичиг баримт ашиглан захиран зарцуулах эрхийг хуулиар хэнд ч олгоогүй. Иргэний хуулийн 3 дугаар бүлэгт гэр бүлийн хөрөнгийн эрхийн талаар зохицуулсан байдаг бөгөөд 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ.” гэж зохицуулсан. Г.Батхишиг нь Ц.Амарсайхан, Р.Б нартай хамтын амьдралгүй бөгөөд тусдаа амьдралтай өөрийн нэр дээр тодорхой хэмжээний өмч хөрөнгө эзэмшиж байгаа иргэн. Г.Батхишиг нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан “Ланд Круйзер 200” автомашины шударга эзэмшигч юм. Бусдын нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг илт хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээг ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үйлдлийг шүүх гэмт хэргийн шинжтэй мэт боловч сувьектив шинж чанар болох гэм буруу тогтоогдоогүй тул холбогдох эрүүгийн хэргийг 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3-д заасан “Шударга ёсны зарчмыг” зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Р.Бын өөрийн мэдүүлснээр гудамжнаас танихгүй хүнийг гуйгаад 20.000 төгрөг өгөөд дагуулж ороод худал яриулан бэлэглэлийн гэрээ батлуулсан үйлдэл нь гэмт хэргийн сувьектив шинжтэй үйлдэл юм. Дээрх үйлдлийг гэр бүлийн хоорондын өмчийн маргаантай холбоотой асуудал мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь илт хууль бус шийдвэр юм. Г.Батхишигийн нэр дээр бүртгэлтэй “Ланд Круйзер 200” автомашиныг ганцхан Ц.Амарсайханы гэр бүл биш мөн Ц.Амартүвшиний гэр бүл авч хэрэглэдэг байсан. Анхан шатны шүүх Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчин эд хөрөнгийн эзэмшигч нь байхгүй байхад түүний эзгүйд бичиг баримтын хуулбарыг үндэслэн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатич Д.Багийн үйлдлийг “гэм буруу нь хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй байвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж байхаар хуульчлагдсаныг үндэслэн” гэж заажээ. Д.Багийн Нотариатын тухай хуулийн 21.1.1-д “нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоох”, 27.1-д “Нотариатич үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичгийг үндэслэх бөгөөд шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно”, 31.1-д “нотариатич нь үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомжид харшилж байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана”, 4.1-т “Нотариатич нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг дараах баримт бичгийг үндэслэн тогтооно. Үүнд: 4.1.1. иргэний үнэмлэх... гэж заасныг тус тус зөрчиж, бэлэглэлийн гэрээг гэрчилсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатич гэрчлэн баталсан ...улмаас их хэмжээний хохирол учирсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байхад шүүх хэргийг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьж бусдад ял завшуулсан үйлдэл юм. Д.Б нь анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт “Би Батхишигийг өөрийн биеэр ирсэн гэж бодож төөрөлдсөний улмаас гэрээг баталсан” гэж мэдүүлдэг бөгөөд шүүх Д.Багийн энэхүү мэдүүлэгт үндэслэн шийдвэрээ гаргасан гэж үзэж болохоор байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны эрхийг хөсөрдүүлж, өмчлөх эрхийг нь хязгаарлаж шийдвэрлэсэн нь Үндсэн хуульд заасан Монгол улсын иргэний өмчлөх эрх болон Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3-д заасан “Шударга ёсны зарчим”-ыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 688 тоот цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгаж, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, шүүгдэгч Р.Б нь өөрөө Хаан банкны зээлийн төлбөрийг төлж барагдуулж дууссан автомашиныг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр нотариатч Д.Бар бэлэглэгчийн эзгүйд бэлэглэлийн гэрээ байгуулан гэрчлүүлж, тус гэрээний дагуу Авто тээврийн үндэсний төвд хандаж, 77-87 УНЛ улсын дугаатай автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Ингээд Р.Б нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр “Тайгын булаг авто” ХХК-тай фидуцийн гэрээ, зээлийн гэрээ байгуулж, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, нэг сарын хугацаатайгаар 70.000.000 төгрөгийн зээл болгон зээлж авсан байдаг. /хх-60, 62/ Гэтэл бодит байдалд Р.Б нь хууль бусаар бусдын өмчлөлийн хөрөнгийг шилжүүлж авах тухай гэрээ хэлцлийг хуурамчаар бэлтгэсэн, түүнийгээ танил нотариатчаар дамжуулан гэрчлүүлж, бусдын эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан зэрэг хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг шууд хангаж байгаа бөгөөд бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан шунахайн сэдэлт бүхий үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгасны улмаас хохирогч болон иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхол хохироод байна. Ийнхүү хууль бус хэлцлийг ашиглан гэрээ байгуулсан болох нь тухайн үед иргэний нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулах үед мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн төдийгүй хожим хохирогч н.Батхишиг цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасны үндсэн дээр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, энэ хууль бус хэлцлийн талаар олж мэдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасан. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь дээрх зохицуулалтыг анхаарч үзэлгүй орхигдуулж дүгнэлт гаргасан нь илт хууль зүйн үндэслэлгүй. Мөрдөн байцаалтын шатанд уг тээврийн хэрэгслийг үнэлсэн бөгөөд хохирогч н.Батхишигт учирсан хохирлын хэмжээг нэгэнт тодорхойлсон тул хохирлыг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Р.Б, Д.Б нарын хөрөнгө орлогоос албадан гаргуулж, нөхөн төлүүлэх ёстой тул Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг буруутай этгээдүүдийн хөрөнгө, орлогоор албадан гаргуулах нь хууль ёсных юм. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Бямбын үйлдлийг анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй юм бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог бөгөөд дахин иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхгүй болдог. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Бямбын буруутай үйлдлийн улмаас хохирогч н.Батхишигт их хэмжээний хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-д автомашины хохирол учирсан байхад түүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болбол эдгээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нар Д.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй болох юм. Анхан шатны шүүх дээрх үндэслэлийг шүүхийн цагаатгах тогтоолдоо дурдаагүй байна. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдэлтэй маргаагүй бөгөөд Р.Бтой харилцан тохиролцож хууль бусаар бусдын өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байдаг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог. Эдгээр этгээдүүд нь энэхүү үйлдлээ хийгээд хэн хэдэн төгрөг авсан болохоо мэдүүлээгүй. Харин тэдний байнгын холбоотой байдаг байсан нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Б нь хохирогч н.Батхишигт учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч “Тайгын булаг авто” ХХК-ийн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. “Тайгын булаг авто” ХХК нь төрийн байгууллагын олгосон улаан гэрчилгээг үндэслэж зээл олгосон. Гэтэл хэрэг шалгагдаад явах үед төрийн байгууллагыг давхар хуурсан байсан нь тогтоогдсон. Бэлэглэлийн гэрээг хуурамчаар байгуулж, манай компани болон төрийн байгууллагыг хуурсан. “Тайгын булаг авто” ХХК зээлийн гэрээний хугацаа дууссан хойно автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Р.Б зээлийг эргэн төлөх зорилгогүй байсан болох нь залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж мөн. Үүнийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн журмаар шийдвэрлэвэл автомашин “Тайгын булаг авто” ХХК-д ирэх боломжтой. Харин залилах гэмт хэрэг биш, иргэний хэрэг гэж үзвэл цагаатгах тогтоолд иргэний нэхэмжлэлийн асуудлыг бодитой дурдаж өгөх ёстой байсан. Мөн шүүх бэлэглэлийн гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд Р.Бын өмгөөлөгч Г.Орхон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй, гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй байна гэж дурдсан. Улсын Дээд шүүхээс хэргийг буцаахдаа гэмт хэрэг гарах нөхцөл байдал юу болох, санаа сэдэл, зорилгыг нь тодруул гэж заасан. Өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцахад гэр бүлийн хоорондын харилцаанаас үүдэлтэй эд хөрөнгийн шинжтэй иргэний маргаан байсан. Учир нь, Баярт-Од нь хохирогч гэх Батхишигийн хүүхэд Амарсайхантай 1998 оноос хойш 2013 он хүртэл гэр бүл болж амьдраад 3 хүүхэдтэй болсон. Улмаар 2014 онд гэрлэлтээ цуцлуулахдаа хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж хотын төвд 2 өрөө байр авч өгнө гэсэн гэрээ байгуулж асуудлаа шийдвэрлэсэн. Гэвч үүнээс хойш дахин хамтран амьдарч 1 хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд тэдний эд хөрөнгө болох байр, автомашин, орлогын эх үүсвэр “Болор” автомашины угаалгын газар бүгд эхийнх нь нэр дээр байдаг. Өөрөөр хэлбэл, энэ маргааныг үүсгэх гол хүн нь Амарсайхан бөгөөд Баярт-Одтой гэр бүл болж амьдрахдаа эд хөрөнгөө өөрийн эхийн нэр дээр байлгасан. Эх нь нярав, нягтлан хийдэг тэтгэврийн хүн байдаг. Хавтас хэрэгт Амартүвшин гэх хүний зээлийн эргэн төлөлтийн хуулга дотор Амарсайхан гэх хүний Хаан банкны дансны дугаартай шилжүүлгийн гүйлгээний баримт байдаг. Амарсайхан гэх хүн өвдөж хэвтэрт ороод ажил хийх боломжгүй болох үед автомашины зээл нэхэгдэж Хаан банкнаас хүмүүс очсон байдаг. Зээлдэгч нь Батхишиг байсан бол түүнээс шаардах байсан. Гэтэл Амарсайханаас шаардсан. Улмаар Баярт-од өдрийн зээлдэгч буюу Цэрэнбадам гэх хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Хүү нь өндөр байсан тул банк бус санхүүгийн байгууллагад автомашинаа барьцаалж зээл авч, өөрсдөд нь үүссэн өр зээлийг дарсан. Нөхрөө хэвтэрт орсон байхад гэрлэлтээ цуцлуулсан хэрнээ автомашиных нь зээлийг төлж байсан байхад гэмт хэрэгтэн болгоод гомдол гаргаж байга нөхцөл байдлыг анхан шатны шүүх үнэн зөв үнэлж дүгнэлт гаргасан. Иргэний маргааны шинжтэй хэргийг эрүүгийн хэрэг болгож, хүнийг яллах гэсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй болох нь хэргийн бодит байдлаас харагдана.” гэв.

Цагаатгагдсан этгээд Р.Б тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Бямбын өмгөөлөгч Ц.Дарьжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн эсэргүүцлийн тухайд, нотариатч Д.Б нь Батхишигийг байлцуулахгүйгээр шаардлага хангахгүй баримт болох иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн 77-87 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бэлэглэх гэрээг гэрчилсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байхад шүүх түүнийг гэм буруугүйд тооцож цагаатгасан нь буруу гэх эсэргүүцэл үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг хэрэгт хамааралтай тул нотариатчийн үйлдэл хэн нэгэн этгээдийн өмчлөх эрхэд ноцтой болон их хэмжээний хохирол учруулсан байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, нэг талаас Р.Бын үйлдсэн гэх өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох залилан мэхлэх гэмт хэргийн халдлагын зүйлийг хохирсон гэх этгээд өөрийн хөрөнгөөр бий болгосон болон хууль ёсоор эзэмшиж өмчилсөн, өмчлөлийн асуудлаар маргаангүй байх, нөгөө талаас нотариатч нь Батхишигээс Баярт-Одод тээврийн хэрэгсэл бэлэглэсэн хэлцэл илт хууль бус болохыг мэдсээр байж нотариатын үйлдэл хийж бусдад ноцтой болон их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд нотариатч Д.Бямбын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан хэргийн шинжийг хангах болно. Хэргийн материалд цугларсан баримтаар дээрх нөхцөл байдал нотлогдоогүй нь шүүх хуралдааны үед тогтоогдсон тул шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж цагаатгах тогтоол гаргасан. Р.Б нь өөрийн хадам ээж Батхишигтэй адил төстэй царайтай, ойролцоо насны хүнд 20.000 төгрөг өгөөд дагуулж хамт нотариатчийн ажлын өрөөнд орж ирж хоорондоо ямар ч маргаангүй сайн дураар автомашин бэлэглэх хэлцэл хийлгэх хүсэлт тавьж, нотариатч Д.Бямбыг төөрөгдөлд оруулсан нь Р.Бын удаа дараагийн мэдүүлэг болон нотариатын үйлдэл хийсэн дэвтэрт бэлэг өгөгч Батхишиг гэж бичсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан хэргийн шинжид буй “илт” гэх үгийг Монгол хэлний тайлбар толь бичигт “...илэрхий, тодорхой, магад үнэн магадлах шаардлагагүй” гэх агуулгаар ойлгохоор заасан байх ба Р.Б нь өөрийн хадам ээж Батхишигийн иргэний үнэмлэхний зурагтай адил төстэй хүнийг дагуулж ирээд тэр хүн нь ч би Батхишиг байна гээд бэлэглэлийн гэрээ хийх хүсэлт гаргаж байгаа болон иргэний үнэмлэхний хуулбар илт засвартай хуурамч гэх зүйлгүй байсныг шалгаж, магадлах шаардлагагүй гэж үзээд нотариатч үйлдэл хийснийг “илт хууль бус хэлцэл” хийсэн гэж буруутгах үндэслэлгүй. Нотариатч Д.Б нь өөрийгөө Батхишиг гэж танилцуулсан иргэний үнэмлэхний хуулбарт буй зурагтай адил төстэй хүн болон Р.Б нарыг ТҮЦ машинаас хурууны хээ уншуулаад албан ёсны хуулбараа авчрахыг шаардаж буцаасан хэдий ч хэсэг хугацааны дараа “ойр хавьд албан ёсны хуулбар авах машин байхгүй, хадам ээжийн бие муу ядраад олон дахин явж чадахгүй байна, маргааш авчраад өгье, одоо бэлэглэлийн гэрээг яаралтай хэрэглэх гээд байна” хэмээн настай хүн гуйж учирлаад байхаар итгэж найдаад нотариатын үйлдэл хийсэн болон Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт “...иргэний үнэмлэх түүний хуулбар” гэж заасныг баримтлан хэлцлийг гэрчлэх үйлдэл хийснийг нотариатч Д.Б нь санаатайгаар илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан гэж үзэх үндэслэлгүй зэргийг харгалзан үзэхгүйгээр улсын яллагч Д.Б нь Батхишигийг байлцуулахгүйгээр, шаардлага хангаагүй баримт болох иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн байхад шүүх цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэрэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна.

Өмгөөлөгч Д.Цэнгэлмаагийн давж заалдах гомдлын тухайд, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн хэргийн онцлог шинж болох Батхишигийн өмчлөх эрх зөрчигдсөн эсэх, тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч гэх Батхишиг болон Баярт-Од, Амарсайхан нар гэр бүлийн хамааралтай хүмүүс мөн эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийхийн тулд хэргийн халдлагын зүйл болох тээврийн хэрэгслийг зээлээр худалдаж авсан гэрээнд хэн хэн гарын үсэг зурсан, тухайн автомашины үнэ буюу зээлийг хэн, хэрхэн төлж байсан, автомашиныг хэн бодитойгоор эзэмшиж байсан болох, зээлийн үлдэгдлийг хэн хэрхэн төлж барьцаанаас чөлөөлсөн, тухайн автомашины зээлийн үлдэгдлийг төлж бэлэглэлийн гэрээний үндсэн дээр барьцаанд тавиад авсан мөнгө хэрхэн зарцуулагдсан байдал, Баярт-Од, Амарсайхан нарын гэр бүл цуцлагдсан шийдвэр биелэгдээгүй, Баярт-Од өөрт оногдох хөрөнгөө аваагүй байдал, Батхишигийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн үнийг хэн хэн, хэрхэн төлж барагдуулсан асуудал зэргийг тодорхойлж, өмч хөрөнгийн талаар маргаантай, уг маргаан нь шийдвэрлэгдээгүйг тогтоож иргэний нэхэмжлэлийн асуудлаа иргэний хэргийн шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Батхишигийн гэх “Ланд круйзер 200” маркийн автомашины үнийг хэн төлж өмчлөгч нь болсон асуудал маргаантай болох нь тогтоогдсон тул Батхишигийн өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдэгдсэн хэмээн дүгнэх боломжгүй байдал бий болсон учраас залилан мэхлэх гэмт хэргийн субъектив талын шинж тогтоогдохгүй гэх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон. Баярт-Одын худал мэдүүлэгт үндэслэн шүүх хууль бус шийдвэр гаргасан гэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Баярт-Од өөрийн хадам эх Батхишигтэй адил төстэй, ойролцоо насны хүн олоод нотариатч Д.Бямбын өрөөнд дагуулан орж, итгэл үнэмшил төрүүлсэн, хадам ээж гэх хүний бие муу олон дахин явах боломжгүй байна, иргэний үнэмлэхээ эх хувиар нь маргааш авч ирээд үзүүлье гэж гуйж байгаад нотариатын үйлдэл хийлгэсэн гэх мэдүүлэг болон “Ланд круйзер 200” маркийн автомашиныг нөхөр Амарсайханы хамт эзэмшиж, унаж, хэрэглэж байсан, уг машины зээлийг төлж байсан болон барьцаанд тавиад авсан мөнгөө гэр бүлдээ зарцуулсан, гэрлэлт цуцлуулаад оногдох хөрөнгөө аваагүй талаарх мэдүүлгүүд нь бусад баримтаар нотлогдсон болон үгүйсгэгдэж няцаагдаагүй тул шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсаныг худал мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн хэмээн үзэх боломжгүй. Хохирогч Батхишигийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжгүй гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь, Батхишиг өөрийн өмчлөлийн гэх “Ланд круйзер 200” маркийн автомашиныг Баярт-Одод бэлэглэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх замаар эрхээ сэргээлгэх боломжтой атал түүний зөрчигдсөн эрх сэргээгдэхгүй хэмээн гомдол гаргаж буй нь үндэслэлгүй зэргийг давж заалдах шатны шүүх анхаарч, гомдол эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/688 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Бямбын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нотариатч нь Нотариатын тухай хууль болон уг хуулийг хэрэгжүүлэхэд холбогдох хуулийн заалтуудыг хэрэглэж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл нотариатч Д.Бямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан илт хууль бус хэлцлийг баталсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Хэрэв нотариатч хууль бус үйлдэл хийсэн гэж үзвэл Нотариатын тухай хуулийг ямар зүйл заалтыг зөрчсөн талаар яллах дүгнэлтэд тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, нотариатч тусгайлсан хуулиар чиг үүргээ хэрэгжүүлэхдээ уг хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөнийг тодорхойлж яллах дүгнэлтэд дурдаагүй. Д.Б ямар хууль бус үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Д.Б нь Баярт-Од, Батхишиг нарын бэлэглэлийн гэрээг гэрчлэхдээ Баярт-Од, Батхишиг нарыг байлцуулсан гэж ойлгосон байдаг. Учир нь, Батхишигийн иргэний үнэмлэхний хуулбартай орж ирсэн гэдэг. Тодруулбал, Д.Б Батхишиг гэх хүнийг заавал таних үүрэггүй. Адил төстэй хүн байсан бөгөөд Бямбын гэрчилсэн нотариатын дэвтэрт талууд аль аль нь байлцсан гэж гарын үсэг зурагдсан байдаг. Нотаритаын тухайн хуулийн 21.2 дугаар зүйлд нотариатын үйлдэл хийхэх зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбарыг үндэслэж хийнэ гэж зааснаас заавал эх хувь гэж заагаагүй. Эндээс үзэхэд Батхишигийн иргэний үнэмлэхийн хуулбартай ирснийг гэрчилсэн нь хууль бус гэж үзэх боломжгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг ойлгомжгүй байгаа бөгөөд өмгөөлөгчийн зүгээс уг хуулийн заалттай холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн яамны сайд болон Улсын Их Хурлын гишүүдэд хүсэлт илгээсэн. Өмчлөх эрхийг хязгаарлах шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчилсэн үл хөдлөх хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ажилтны үйлдлээр гэм буруугийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэтэл Иргэний хуульд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байхаас илт хууль бус хэлцэл гэж байдаггүй. Хэрэв Батхишиг өөрөө байгаагүй гэж хохирогч тал маргаж байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах боломжтой. Гэтэл заавал эрүүгийн хэрэг болгох гэж 4 ачийг нь төрүүлсэн бэрийгээ гудамжид хөөж гаргаад автомашины асуудал хөөцөлдөж байна. Иймээс Д.Бямбын үйлдэлд хууль бус шинж байхгүй. Түүнчлэн гомдол гаргасан тал хуурамч бичиг баримт ашигласан гэж байгаа боловч энэ талаар ямар нэг баримт хэрэгт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хийсэн бэлэглэлийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. 3 жилийн хугацаанд эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянгол дүүргийн прокурорын газраас Р.Быг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурванбилэг” их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах нотариатын газарт бусдыг хуурч, иргэн Г.Батхишигийн эзэмшлийн 77-87 УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашиныг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Д.Бямбыг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурванбилэг” их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 77-87 УНЛ улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашины өмчлөгч Г.Батхишигийн өмчлөх эрхийг зөрчиж, өмчлөгчийг байхгүйд түүний иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн автомашин бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгийн эрхэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Р.Б, Д.Б нарт холбогдох хэргийн үйл баримт, зүйлчлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласнаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон Р.Бын үйлдэл, санаа зорилго, сэдэлттэй нийцээгүй байна.

Цагаатгагдсан этгээд Р.Бын холбогдсон хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, түүний санаа зорилгоос үзэхэд түүнийг хохирогч Г.Батхишигийг залилсан эсвэл түүнийг хуурамч баримт бичиг үйлдэж, түүнийгээ ашигласан эсэхийн аль нь болох талаар анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай.

Харин шүүгдэгч Д.Бямбын хувьд, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, цагаатгагдсан этгээд Р.Бын гэм буруутай үйлдэлд хууртагдсан, эсхүл мэдсээр байж илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталсны аль нь болох талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байна.

Р.Б нь Гэр бүлийн өмчийн маргааныг хууль бус арга замаар шийдэхдээ гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Р.Б, Д.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/688 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Р.Б, Д.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Р.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ