Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00712

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00712

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/04584 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г ХХК-д холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: 86,314,400 төгрөг гаргуулах, гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай,

Сөрөг нэхэмжлэл: 155,814,074 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь Өвөр Монголын Ш ХХК-тай 2019 оны 07 сарын 26-ны өдөр төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдагч нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Төмөр толгойн уурхайгаас 20,000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 2 сарын хугацаанд худалдан авагч Ш ХХК-д нийлүүлэх үүрэг хүлээсэн. Төмрийн хүдрийн баяжмалын 1 тонныг нь 19 ам.доллараар тооцон, нийт 380,000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон. Гэрээнд заасан 20,000 тонн төмрийн хүдрийн баяжмалаас Дархан-2 өртөө Дархан таван нуурын талбайд буулгасан байсан төмрийн хүдрийн үлдэгдэл 5,700 тонн хүдрийг УБТЗ ХНН-ийн Дархан таван нуур өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл тээвэрлүүлэх шаардлага үүссэн тул төмрийн хүдрийн тээвэрлэлт вагоноор хийж байсан Г ХХК-аар тээвэрлүүлэхээр болсон. Энэ тохиролцооны дагуу манайх 2019 оны 12 сарын 16-ны өдөр хариуцагч Г ХХК-д албан бичиг хүргүүлж байсан ба Г ХХК-ийн 2019 оны 11 сарын 23-ны өдрийн 15/19 тоот баталгаа гаргах тухай албан бичгээр Дархан таван нуурын өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл 5,700 тонн төмрийн хүдрийг вагоноор тээвэрлэлт хийж өгсөн. Бидний тохиролцооны дагуу Э ХХК нь 2019 оны 11 сарын 18-ны өдөр Голомт банкны ********** тоот данснаас 86,314,400 төгрөгийг Улаанбаатар төмөр замын төлбөр гэсэн гүйлгээний утгатай УБТЗ ХНН-ийн дансанд шилжүүлсэн. Энэ мөнгө 80 вагон тавиулах үнэд зориулагдсан. УБТЗ ХНН-д вагоны мөнгө төлөгдсөнөөр Г ХХК нь Дархан өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл 80 вагон нийт 5,700 тонн төмрийн хүдрийг тээвэрлэж, 2020 оны 01 сард Замын-Үүд сумын СХХК-ийн гаалийн хяналтын талбайд буулгаж, өнөөдрийг хүртэл гаалийн талбайд байлгаж, гаалийн бүрдүүлэлт хийлгэж, хилээр гаргахгүй байгаа. Энэ талаар удаа дараа шаардлага тавьсан. Уг 5,700 тонн төмрийн хүдрийн хадгалалтын хөлс өндөр гарч улмаар манай компани алдагдал хүлээх эрсдэл үүсэж байна. Иймд хариуцагчаас хохиролд 86,314,400 төгрөг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын СХХК-ийн гаалийн талбайд буулгасан 5,700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Ш ХХК нь Х ХХК-д 20,000 тонн төмрийн хүдрийг Монголоос худалдаж авахад зуучлах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах ёстой байсан ч тээвэрлэх үйл ажиллагаанд саад гарсан. Х ХХК-тай гэрээ байгуулахад тэрээр 20,000 тонн хүдрийг М ХХК-аас худалдаж авсан гэх бөгөөд 2019 оны 09 сарын 27-ны МТВ/Н8Н-19.02 тоот гэрээг үзүүлж байсан. Үүнээс харахад нэхэмжлэгч нь Ш ХХК-тай гэрээ байгуулж, төмрийн хүдэр байгаа мэтээр бичсэн нь ойлгомжгүй, уг гэрээний нөхцөл, зүйл заалт нь Х ХХК-ийн М ХХК-тай байгуулсан 2019 оны 09 сарын 27-ны өдрийн гэрээтэй яг адилхан байдаг. Үүнээс харахад 20,000 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч Ш ХХК-д худалдаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Манайхыг тээвэрлэлт хийхээр болоход ямар ч асуудалгүй 5,760 тонн хүдрийг бидэнд шилжүүлж өгсөн. Харин төмөр замаар ачаа тээвэрлэхэд дор хаяж 7-14 хоногийн өмнө захиалга өгөх ёстой байдаг тул танайх захиалга өгч цаг алдаж байхаар манай нэр дээр Замын-Үүд рүү төмрийн хүдрийг шуурхай явуулж болох тухай бидэнд тавьсан саналыг захиалагч тал болох Х ХХК болон зуучлагч Ш ХХК-д хэлэхэд зөвшөөрч, бүгд харилцан тохиролцож төмрийн хүдрийг Дарханаас Замын-Үүд рүү Э ХХК-ийн нэрээр ачуулахаар болсон. Харин төмөр замын тээврийн хөлсийг 20,000 тонноор бодож, нийт 365,200 ам.долларыг нэхэмжлэгчид 2019 оны 08 сарын 01-ний өдөр шилжүүлсэн гэж байсан. Х ХХК-тай байгуулсан 2019 оны 10 сарын 29-ний өдрийн тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төмөр замын тээвэрлэлтийн хөлсийг захиалагчаас авах байсан боловч нэхэмжлэгчид аль хэдийн шилжүүлсэн тул биднийг хөлс төлөх шаардлагагүй гэж байсан. Дарханаас Замын-Үүд рүү 2 удаагийн ачилтаар нийт 5,760 тонн төмрийн хүдэр ачигдсан, 1 удаагийн ачилтын үнэ 86,314,000 төгрөг болсон. Бидний тээвэрлэсэн ачаа Замын-Үүдэд С ХХК-ийн хашаанд хадгалагдаж байгаа бөгөөд Х ХХК-д хүргэж өгч чадахгүй байна. М ХХК-аас худалдаж авсан 20,000 тонн төмрийн хүдрийн бичиг баримт, гарал үүслийн бичиг баримт, худалдаж авсан гэрээ, лабораторийн гэрээ гэх баримтуудын эх хувь нь нэхэмжлэгчид хадгалагдаж байгаагаас бид гаалийн бүрдүүлэлт хийж чадахгүй байсаар өнөөг хүрлээ. Нэхэмжлэгч дээрх баримт бичгүүдийг гарган өгөхгүй байгаа нь төмрийн хүдрийг захиалагчид хүргэж чадаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан. Манайх 2019 оны 11 сараас хойш 2 жилийн турш Замын-Үүдэд төмрийн хүдрийн хадгалалт, талбайн түрээсийн хөлсийг С ХХК-д төлөх болоод байна. Нэхэмжлэгч нь тээврийн хөлсийг захиалагчаас авчихаад давхар манайхаас шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Э ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас 155,814,074 төгрөгөөр хохирсон тул гаргуулна. Эдгээр нь М ХХК-иас вагон түрээсэнд 42,800,000 төгрөг төлсөн. Э ХХК-д 86,314,400 төгрөг төлсөн. С ХХК-д төлсөн 69,120 юань /2019 оны 12 сарын 05-ны өдрийн Монгол банкны ханш 386.28 төгрөг/ буюу 26,699,674 төгрөг болно. Иймд Э ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг тогтоолгох, Э ХХК-аас нийт 155,814,074 төгрөг гаргуулах, маргаан бүхий 5,700 тонн төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэх үед үүсэх хадгалалт болон зардлыг гаргуулах эрхтэй болохыг тогтоолгоно гэжээ.

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал анх шүүхэд хариу тайлбар гаргахдаа, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд ч бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, маргаан бүхий төмрийн хүдрийн хувьд зөвхөн нэг л 20,000 тонн төмрийн хүдрийг хэргийн зохигчид, бусад гуравдагч гэж хариуцагч өөрөө тодорхойлсон М ХХК, Х ХХК-д давхар худалдсан төмрийн хүдрийн нэг л 20,000 тонн гэх зэргээр олон янзаар тайлбарладаг. Ийм байдлаар маргаж байгаа тохиолдолд маргааны зүйл болсон 5,700 тонн төмрийн хүдрийг Д ХХК-аас худалдан авсан гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй ба нөгөө талаар 14,300 тонн төмрийн хүдрийг Дархан-2 өртөөнөөс Зам-Үүд өртөө, Зам-Үүд өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэсэн гэдгээ нотлох ёстой боловч өнөөдрийг хүртэл энэ талаар нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Зөвхөн 5,700 тонн төмрийн хүдэр тээвэрлэх үүрэгтэй гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Г ХХК-аас 86,314,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь С ХХК-ийн гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч Э ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Г ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэлгүй тул Э ХХК-аас 155,814,074 төгрөг гаргуулах тухай Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659,722 төгрөг, хариуцагчаас 937,020 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 659,722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна:

6.1.  Талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоож чадаагүй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г ХХК тээвэрлэгч компани бөгөөд тээвэрлэлтийн гэрээ нь Дархан-2 өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл төмөр замаар Замын-Үүд өртөөнөөс Эрээн өртөө хүртэл авто тээврээр тээвэрлэлт хийхээр тохиролцсон болох нь хариуцагч Г ХХК нь 2019 оны 10 сарын 28-ны өдөр М ХХК-тай байгуулсан Вагон ашиглалтын гэрээ-гээр нотлогдоно. Мөн хэрэгт авагдсан хариуцагчийн хуулийн этгээдийн гэрчилгээ авто тээвэр хийдэг болохыг нотолсон баримтуудыг шүүх анхаарсангүй. Хэрэгт авагдсан төмөр замын ачаа тээвэрлэлтийн гэрээ /падаан гэрээ/ болох Улаанбаатар төмөр зам Замын хүснэгт Б0921548, Б0921569 дугаартай гэрээнд нэхэмжлэгч Э ХХК нь ачаа илгээгч /замын хүснэгт гэрээний 12 дугаар цонх/ хариуцагч Г ХХК нь хүлээн авагч /замын хүснэгт гэрээний 13 дугаар цонх/ тал болж оролцжээ. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-т Ш ХХК нь үлдэх 5,700 тонн төмрийн хүдрийг Э ХХК-аар бус Г ХХК-аар тээвэрлүүлэхээр тохиролцсоныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч бүтээгдэхүүнийг хариуцагч талд шилжүүлж өгсөн гэж зөв дүгнэсэн.

6.2.  Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Замын-Үүд өртөөний МЧ-3 талбайгаас цааш тээвэрлэлт хийгдээгүй нь нэхэмжлэгч Э ХХК нь гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагч Г ХХК-д өгөөгүйгээс маргаан үүссэн болохыг шүүх анхаарсангүй.

6.3.  Мөн талуудын шүүхэд гаргасан талбараас үзэхэд нэхэмжлэгч Э ХХК Өвөр Монголын Ш ХХК-ийн ачааг тээвэрлүүлсэн, харин Г ХХК нь Ө ХХК-ийн ачааг тээвэрлэсэн гэх тайлбарыг өгсөн. Талуудын тайлбар зөрж байгаа нөхцөлд шүүх үйл баримтаар шүүх дүгнэлт хийх ёстой. Хэрэв Э ХХК нь Өвөр Монголын Ш ХХК-ийн ачааг тээвэрлүүлсэн гэх тайлбар үнэн гэж үзвэл хариуцагч нь тээврийн төлбөрийг Э ХХК төлөх үүрэг үүсэх ёстой. Энэ нөхцөлд шүүхэд хариуцагч Г ХХК нь Өвөр Монголын Х ХХК-ийн ачааг тээвэрлэсэн гэх тайлбар үнэн зөв болох нь Г ХХК нь 2019 оны 10 сарын 28-ны өдөр Монголиан транс ХХК-тай байгуулсан Вагон ашиглалтын гэрээ-ний дагуу вагон түрээсийн төлбөрт төлсөн 42,800,000 төгрөгийн баримт, Г ХХК-аас нэхэмжлэгч Э ХХК-д төлсөн 86,314,400 төгрөг төлсөн баримт, 2019 оны 11 сарын 29-ний өдрийн баталгаа бичиг зэргээр хангалттай нотлогдоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э ХХК-ийн өмнөөс вагон түрээслээд, тээврийн хөлсийг төлөөд, ачааг буулгах болон хадгалалтын төлбөрийг төлдөг илгээмжийн гэрээ гэж байхгүй.

6.4.  Төлбөр тооцооны мөнгөн гүйлгээний баримтаас үзэхэд хариуцагч Г ХХК нь Өвөр Монголын Х ХХК-ийн ачааг тээвэрлэсэн учир 2019 оны 10 сарын 28-ны өдөр М ХХК-тай байгуулсан Вагон ашиглалтын гэрээ-ний 42,800,000 төгрөгийн төлбөр төлсөн, 86,314,400 төгрөг төлсөн баримт, 2019 оны 11 сарын 29-ний өдрийн баталгаа бичиг, ачаа хадгалалтын төлбөрт Замын Үүд МЧ-3 талбай буюу тухайн үеийн түрээслэгч С ХХК-д 69,120 юань буюу 26,699,674 төгрөг төлсөн үйл баримт нь хариуцагч Г ХХК-ийн мэдүүлэг үнэн зөв болохыг нотлох бөгөөд сөрөг нэхэмжлэл хангагдах ёстойг бүрэн баталж байгааг шүүх анхаарсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжпэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн агуулгаар дүгнэлт хийж, Улсын Дээд шүүх хэргийг анхан шатны шүүх руу буцааж шийдвэрлэсэн нь үнэн. Гэхдээ хэрэг анхан шатны шүүхэд буцаж ирсний дараа хариуцагч талаас 3, 4 төрлийн гэрээтэй холбоотой тодруулсан баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талаас М ХХК-тай 2019 оны 07 сарын 24-ний өдөр хийсэн худалдах худалдан авах гэрээ, гэрээг дүгнэсэн акт, хариуцагчийн тодорхойлж байгаачлан М ХХК-тай А ХХК-ийн хийсэн гадаад худалдааны гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. М ХХК-тай хийсэн худалдах худалдан авах гэрээний агуулгыг харвал 40,000 тонн төмрийн хүдрийг Д ХХК-аас худалдаж авахаар тохиролцсон байдаг. 40,000 тонн төмрийн хүдрээс нэхэмжлэгч Э ХХК 2019 оны 07 сарын 26-ны өдөр М ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний нөгөө тал Өвөр Монголын Ш ХХК-д 20,000 тонн төмрийн хүдрийг хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Үлдсэн 20,000 тонн төмрийн хүдрийг А ХХК тээвэрлэлт хийж, хариуцагчийн тодорхойлж байгаа Хуй шэнг уурхай ХХК-д гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Энэ байдлаар Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан яаж тодорхойлох нь тодорхойгүй энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч тодорхойлсон. 20,000 тонн төмрийн хүдрээс 14,300 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч компани гаалиар мэдүүлж гаргасан. Үүнтэй холбоотой гаалийн байгууллагаас ирсэн бүрдүүлэлт, хүснэгт байгаа. Г ХХК-тай яагаад маргаан үүссэн гэвэл нэхэмжлэгч компанийн үлдэгдэл төмрийн хүдрийг 40 вагоноор 2 удаа Замын-Үүдийн С ХХК-ийн гаалийн хяналтын талбай буюу МЧ-3 гэдэг талбай дээр 5,700 тонн төмрийн хүдрийг Г ХХК вагоноор тээвэрлэж буулгасан. Буулгасан төмрийн хүдрийг нэхэмжлэгч компани гаалийн бүрдүүлэлтийг нь хийж, гаалиар гаргаж, гэрээний нөгөө тал болох Өвөр Монголын компанид хүлээлгэж өгөөд гэрээний үүрэг дуусгавар болох ёстой. Гэтэл Замын-Үүдийн С ХХК-ийн талбай дээр 5,700 тонн төмрийн хүдэр буусны дараа нөхөж үйлдсэн хэлцэл байна. Түүнд Г ХХК, Х ХХК ордог. Эдгээр нь манай гэрээний нөгөө тал биш. М ХХК-аас авсан 20,000 тонн төмрийн хүдэр А ХХК-аар гаргах төмрийн хүдэртэй андуурч 5,700 тонн төмрийн хүдрийг бид нар гаргах ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э ХХК болон Өвөр Монголын Ш ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Хэрэгт Г ХХК-ийн баталгаа гаргасан албан бичиг байдаг бөгөөд тус албан бичигт 2 удаа 40, 40 вагон явж, 86,314,400 төгрөгийг 2 удаа Улаанбаатар төмөр замын дансанд байршуулсан. Тухайн төлөлт хийгдсэнээр Дархан таван нуурын өртөөнөөс Г ХХК-аас вагоноор тээвэрлэлт хийх эрхээ олж авч, тээвэрлэлтээ хийж, Замын-Үүд хүргэсэн. Энэ маргааны хүрээнд өнөөдрийг хүртэл гэрээний нөгөө талд үлдэгдэл бараагаа нэхэмжлэгч компани хүлээлгэж өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Энэ хүрээнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Улсын Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэхдээ энэхүү маргаантай харилцааны талууд нь хэн хэн бэ гэдгийг тодруул гэсэн байдаг. Захиалагч нь Өвөр Монголын Ш ХХК, худалдагч нь Д ХХК юм. Нэхэмжлэгч Э ХХК худалдааны зуучлагчийн үйл ажиллагааг МХХК-ийн 20,000 тонн төмрийн хүдрийг Өвөр Монголын компанид хүргэж өгнө гэсэн 2019 оны 07 сарын 26-ны өдрийн гэрээгээр худалдааны зуучлалын үйл ажиллагаа үзүүлсэн. Энэ маргаанд Г ХХК үлдэгдэл барааны тээвэрлэлттэй холбоотой орж байгаа. Түүнээс биш 5,700 тонн төмрийн хүдэр Г ХХК-ийн хүдэр биш. Энэ харилцааг Улсын Дээд шүүх хариуцагч талаас тайлбарлаж байгаа гэрээнүүдийг авч байж, хэргийг шийдвэрлэ гэсэн бөгөөд энэ хүрээнд нэхэмжлэгч талаас эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Эрх зүйн байдлын хувьд хэрхэн яаж оролцож байгааг анхан шатны шүүхэд тайлбарлаж, тодруулж оролцсон. Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 86,314,400 төгрөг гаргуулах, гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, 155,814,074 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргажээ. /1хх 1-3, 50-51, 2хх 204-205, 213-215/

Хариуцагч Г ХХК-ийн гаргасан ...гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг тогтоолгох..., ...хадгалалт болон бусад зардлыг гаргуулах эрхтэй болохыг тогтоолгох... гэх сөрөг шаардлага нь бие даасан сөрөг шаардлага биш, харин 155,814,074 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагын үндэслэл байна.

3.   Талууд 2019 оны 07 сарын 26-ны өдөр HNSJ/JXSH-19.01 тоот Төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь 20,000 тонн төмрийн хүдрийг уурхайн ам нөхцөлөөр худалдах, Өвөр Монголын Ш ХХК нь төмрийн хүдрийн үнэ 745,200 ам.долларыг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 11-12/

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д гэрээний талууд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон тээврийн зардлыг хэн хариуцах талаар гэрээнд зааж болохоор зохицуулсан.

Гэрээний 4.3-т ...төмрийн хүдрийг экспортод гаргахтай холбоотой гарах гаалийн бүрдүүлэлтийн зардал, татвар, хураамж, тээвэрлэлт болон бусад ачиж буулгах зардлуудыг худалдагч тал хариуцахгүй болно гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдрийг тээвэрлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч Өвөр Монголын Ш ХХК хариуцахаар талууд харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

4.   Худалдагч Э ХХК нь худалдан авагч Өвөр Монголын Ш ХХК-ийн өмчлөлд 14,300 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгсөн, харин үлдэх 5,700 тонн төмрийн хүдрийг Дархан-Уул аймгаас Замын-Үүд сум руу Г ХХК-аар тээвэрлүүлсэн, ийнхүү тээвэрлэлтийг эхлүүлэхээр 2019 оны 11 сарын 17-ны өдөр 86,314,400 төгрөгийг Улаанбаатар төмөр зам руу шилжүүлсэн, уг 5,700 тонн төмрийн хүдэр СХХК эзэмшиж, ашиглаж буй гаалийн талбайд бууж, тэндээ хадгалагдаж байгаа болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх 106, 107, 109, 123, 204, 205-207/

Дээрхээс үзвэл Э ХХК болон Өвөр Монголын Ш ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа, харин Э ХХК болон Г ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа тус тус үүссэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан илгээмжийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн, энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

5.   Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Иймд тээвэрлэгч Г ХХК нь ...6406769 вагоны үнэ... гэж шилжүүлсэн 86,314,400 төгрөгийг тээвэрлүүлэгч Э ХХК-д буцаан төлөх үүргийг хүлээхгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Хэрэгт Г ХХК-ийн захирал CH гэсэн гарын үсэг бүхий 2019 оны 11 сарын 23-ны өдрийн Баталгаа гаргах тухай гэх албан бичиг авагдсан боловч уг албан бичгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Учир нь, Г ХХК-ийн захирал CH нь гадаад улсын иргэн байх ба уг Баталгаа гаргах тухай гэх албан бичиг нь эх хэл дээр нь үйлдэгдээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3-т заасан шаардлагыг хангаагүй байна. /1хх 13/

6.   Нэхэмжлэгч Э ХХК-ийн гаргасан гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай шаардлагыг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэв.

Өмнө дурдсанчлан уг 5,700 тонн төмрийн хүдэр нь С ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй гаалийн талбайд бууж, тэндээ хадгалагдаж байгаа учир СХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр, ямар шалтгааны улмаас гаалийн бүрдүүлэлт хийгдэхгүй байгаа явдлыг С ХХК-аас тодруулахгүйгээр холбогдох шаардлагыг шийдвэрлэх боломжгүй юм.

7.   Хариуцагч Г ХХК-ийн гаргасан 155,814,074 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Г ХХК-аас 2019 оны 11 сарын 18-ны өдөр Э ХХК-д шилжүүлсэн 86,314,400 төгрөгийн тухайд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар буцаан шаардах үндэслэлгүй. /1хх 123-арын нүүр/

Харин М ХХК-д төлсөн гэх 42,800,000 төгрөг, С ХХК-д төлсөн гэх 69,120 юань буюу 26,699,674 төгрөгийн тухайд эдгээр нь баримтаар нотлогдохгүй байхаас гадна эдгээр төлбөрийг Г ХХК-тай байгуулсан ямар хэлцлийн үндсэн дээр Э ХХК төлөх үүргийг хүлээсэн болох нь тодорхойгүй байна.

8.   Д ХК болон М ХХК-иудын хооронд 2019 оны 07 сарын 24-ний өдөр байгуулагдсан гэх Худалдах, худалдан авах гэрээ, М ХХК болон Өвөр Монголын Ш ХХК-иудын хооронд 2019 оны 07 сарын 26-ны өдөр байгуулагдсан гэх Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ, М ХХК болон Өвөр Монголын Х ХХК-иудын хооронд 2019 оны 09 сарын 27-ны өдөр байгуулагдсан гэх Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ, Өвөр Монголын Ш ХХК болон Г ХХК-иудын хооронд 2019 оны 10 сарын 29-ний өдөр байгуулагдсан гэх Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ, Нэмэлт гэрээ-ний тухайд эдгээр гэрээний талуудаас тайлбар авалгүйгээр шүүх эргэлзээгүй дүгнэлт хийх боломжгүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй. /1хх 1хх 52-58, 59, 60-62, 2хх 216-218/

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/04584 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Г ХХК-д холбогдох, 86,314,400 төгрөг гаргуулах, гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...үлдээж, хариуцагчаас 659,722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг ...үлдээсүгэй гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 1,596,742 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР