Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2021/00488

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч:  ОЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч:  ХО ХХК-д холбогдох,

  Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.674.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч Ү.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОЭ ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ба цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. 2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, 2 АТП барих зэрэг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Тухайн тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хамтарч оролцох нөхцөлтэй тендер зарлагдсан. Уг тендерт барилгын тусгай зөвшөөрөлтэй ХО ХХК (захирал У.М), эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй ОЭ ХХК (захирал Д.С) бид нар харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулан оролцсон. Бид тухайн үед төсвөө хамтран хийлгэж, 197.347.401 төгрөгийн нийт төсөвт өртөгтэй тендерт оролцож, улмаар уг тендерт шалгарч, ХО ХХК ерөнхий гүйцэтгэгчээр, манай компани туслан гүйцэтгэгчээр оролцож, аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газартай ХО ХХК-тай гэрээ байгуулсан. Нийт төсөв 197.347.401 төгрөгөөс цахилгааны ажил нь 78.768.872 төгрөгийн төсөвт өртөгтэй хийгдсэн. 118.578.529 төгрөгийн төсөвт өртгөөр ХО ХХК ариун цэврийн байгууламж барьсан. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар, норм, норматив боловсруулах сангийн шимтгэл, захиалагчийн хяналтын зардал, зураг төсвийн үнэ, магадлашгүй ажлын зардал, бусад зардалд төсөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл ХО ХХК-ийн гүйцэтгэх ажлын өртөг манай компаниас арай илүү байсан тул уг компанийг тендерт ерөнхий гүйцэтгэгчээр, харин манай компанийг туслан гүйцэтгэгчээр оруулсан. Ингээд манай компани гэрээний дагуу цахилгааны ажлыг 2018 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Цахилгааны ажлыг гүйцэтгэх нийт төсөвт өртөг нь 78.768.872 төгрөг бөгөөд ХО ХХК-иас манай компанид 60.094.000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн ба үлдэх 18.674.872 төгрөгийг ХО ХХК одоо хүртэл төлөхгүй байна. Ерөнхий гүйцэтгэгч ХО ХХК нь аймгийн төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний нийт 197.347.401 төгрөгийн санхүүжилтийг бүрэн гүйцэд авсан боловч цахилгааны ажлын хөлсөө бүрэн гүйцэд төлөхгүй биднийг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Хариуцагч нь сүүлд гаргаж өгсөн баримтаа хийгээгүй одоо хийгдэх ажилд зарцуулагдах зардал гэж хэлж байна. Хийгдээгүй ажил гэж огт байхгүй. Бидний ажлын ялгаа нь тус тусын ажлын зураг байгаа. Анхнаасаа мэргэжлийн зураг төсөвчин тус тусын ажлын зураг төсөвийг гаргаад тус зургийн хүрээнд л манай хоёр компани ажлаа хийсэн. Би зураг төсөвт тусгагдсан бүх л ажлаа хийсэн. Ү.М гуай бүр сүүлд ажил дууссаны дараа өөр төсөв хийлгэж ирээд, цахилгааны ажлын төсөв өндөр байжээ, үлдэгдэл санхүүжилт өгөхгүй гэсэн зүйл ярьсан. Анх ажил хийгдэж эхлэх гэж байхад Ү.М гуай тэр төсвөө гаргаж ирээд танилцуулсан бол тухайн үедээ манай компани энэ ажилд оролцохоос татгалзах боломжтой байсан. Бүх ажлаа хийлгээд улсын комисст хүлээлгэж өгсний дараа дахин төсөв хийлгэсэн нь үндэслэлгүй. Манай компани Барроко Хийц ХХК-аар зураг төсвөө гаргуулж хийсэн. Тэр барилгын гадна дотор гэрэлтүүлгийн ажлыг манай компани хийх боломжгүй бөгөөд хариуцагч компанийн хийх ажлыг зурагт орсон ажил байгаа юм. Одоог хүртэл манай барьж байгуулсан цахилгааны ажил ашиглагдаад явж байгаа. Гэтэл хариуцагчийн хэлж байгаагаар 700 метр гаруй шугам татаагүй гэж хэлж байх юм. Тийм бол тухайн цахилгааныг ашиглах боломжгүй. Эрчим хүчний тухай хуулиар АТП бариад, тоолуур тавьсан тохиолдолд түүнээс хойшхи асуудлыг хэрэглэгч байгууллага хариуцах ёстой. Иймд ХО ХХК-иас ОЭ ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 18.674.872 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Ү.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ОЭ ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээн дээр 2 тал ямар ажил хариуцах талаар тодорхой заасан байгаа. Манай компани барилга, гүний худаг, ариун цэврийн систем гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Харин ОЭ ХХК нь гадна цахилгаан хангамж, дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн угсралт цахилгааны ажлыг бүрэн хариуцна гэж заасан байгаа. Тухайн үед түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер тул үнийн дүнг зураг төсөв хийгдсэний дараа тохиролцохоор болсон. Харин уг ажлын төсөвт өртгийн хувьд Д.С Ховд аймагт миний найз байгаа, утсаар яриад төсөв хийлгэчихнэ, асуудалгүй гэсэн. Энэ төсвийг би тендерийн материал өгөх өдрийн өмнөх орой буюу 7 дугаар сарын 05-ны 20:00 цагийн үед материалаа бэлдэхээр цуглах үед Д.Сийг авч ирэхэд нь анх харсан. Т.А гэсэн хүний гарын үсэгтэй 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуучин программаар хийгдсэн төсөв байсан. Тухайн үед төсөвтэй танилцахад гадна цахилгааны ажлын зардал өндөр байсан ч угаасаа түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер учир барилгын ажлын зураг хийгдэж байж жинхэнэ төсөв гарах учраас тендерийн бичиг баримтын шаардлагын дагуу үнийн санал өгөх зорилгоор уг төсөв, хамтарч ажиллах гэрээг үйлдэж өгсөн. Т.Амаржаргал гэж төсөвчний эрх нь 2007 онд дуусгавар болсон байсан. ОЭ ХХК нь өөрт оногдсон, хийх ёстой 4 ажлынхаа хоёрыг нь л хийсэн. Тендерт ялсаны дараа тендерийн бичиг баримтыг өөрчлөх ёсгүй гэж нэхэмжлэгч тал ярьж байна. Гэтэл өөрөө Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК-д ажилладаг талаа ашиглаад техникийн нөхцөлийг өөрчилсөн. 0,4-ийн төмөр шугамыг 0,25 болгож багасгах зэргээр их өөрчилсөн. ОЭ ХХК нь 4 к.ватын цахилгаан дамжуулах шугам хийх ёстой байсан боловч хийгээгүй. Нэхэмжлэгч тал цахилгааны ажилд гадна, дотно гэрэлтүүлгийн ажил орж байгааг мэдэж байна уу, ажлаа дутуу хийчихээд надаас үлдэгдэл санхүүжилт гэж нэхээд байгааг ойлгохгүй байна. ОЭ ХХК нь ажлаа дутуу хийсэн тул 2 трансформатороос байгууламж хүртэлх 90 метр гаруй кабелийг манай байгууллага өөрөө хийсэн. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр барилгын ажлыг хүлээн авах комисс ажиллаад ОЭ ХХК-д 5 үүрэг даалгавар өгсөн боловч өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй байна. ОЭ ХХК ажил хүлээн авах комиссын үүрэг даалгаврыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгээд, ажлаа манай компанид тайлагнах ёстой. Гэтэл дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн зүйл байхгүй. Би Д.Сийн хийсэн ажлуудыг тэр өөрийнх нь гаргасан төсвөөр бодож, тооцоог гаргахад 40.000.000 төгрөгийн зардал л гарсан байсан. Үүнийг би давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Би Д.С 61.094.000 төгрөг бэлэн өгсөн байгаа. Анх Амаржаргал гэх төсөвчнөөр хийлгэсэн төсөвт цахилгааны ажил гээд 12 ажлыг жагсаасан байгаа. Энэ ажлаас 8 төрлийн ажлыг нэхэмжлэгч тал хийгээгүй. Үүнийгээ өөрөө мэдсээр байж мөнгөө бүрэн нэхэмжлээд зогсож байгааг ойлгохгүй байна. Бидний оролцсон тендер нь түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер тул зураг хийгдэх нь тодорхой байсан бөгөөд би тухайн үед зураг хийгдэхээр төсөв дахин гарна шүү гэж Д.С захиралд хэлж л байсан. Тиймээс бидний байгуулсан гэрээнд үнийн дүн тавигдаагүй юм. Намайг ажлынхаа зураг төсвийг Пэтронус Тауэр ХХК-аар хийлгээд ирэхэд Д.С захирал дур мэдэн техникийн нөхцөлөө өөрчлөөд хоёр салаа цахилгааны шугам явах байсныг нэг шугам болгосон байсан. Би экспертизээр батлагдсан төсөв гаргуулаад ирэхээр Би анх гаргуулсан төсвийн дагуу ажиллана гэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч ОЭ ХХК нь хариуцагч ХО ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.674.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 Хариуцагч Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

    2018 оны 6 дугаар сард Увс аймгийн Орон нутгийн өмчийн газраас Увс нуурын хөвөөн дэх ариун цэврийн байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 2 АТП барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, тухайн тендерт ХО ХХК шалгарч, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Засаг даргатай 197.347.401 төгрөгийг төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба үүнээс цахилгааны ажлыг гүйцэтгүүлэхээр барилгын тусгай зөвшөөрөлтэй ХО ХХК нь эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй ОЭ ХХК-тай хамтран ажиллах гэх нэртэй гэрээ байгуулжээ. 

    Дээрх хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч ОЭ ХХК нь Увс нуурын дэргэдэх үйлчилгээний цэг, ариун цэврийн байгууламжийн ажлын цахилгаантай холбоотой бүх ажлыг туслан гүйцэтгэгчийн хувьд гүйцэтгэж, ерөнхий гүйцэтгэгч ХО ХХК нь тухайн байгууламжийн бусад барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ажлын үр дүнг улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

   Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний агуулга, зорилгоос үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

  Нэхэмжлэгч ОЭ ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Барокко хийц ХХК-тай зураг төсөл боловсруулах талаар байгуулсан гэрээ байгуулж, Барокко хийц ХХК-иар зөвхөн 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 6/0,4 кВ-ын 25 кВА болон 100 кВА чадалтай АТП барих ажлын зургийг гаргуулж, уг зургийнхаа дагуу 0,6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам буюу урт нь 3,3 км бүхий 38 төмөр бетонон шон суулгаж, 25 кВА-ын оронд 30 кВА-ын хүчин чадал бүхий дэд өртөө болон 100 кВА-ын дэд өртөөнүүдийг барьсан талаар талууд маргаагүй. 

     Харин талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.1-д дурдсан дотно, гадна гэрэлтүүлэг гэх хэсгийг нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой байсан эсэх талаар талууд маргасан боловч хамтран ажиллах гэрээндээ уг ажлыг Б тал буюу нэхэмжлэгч ОЭ ХХК хийж гүйцэтгэхээр тусгасан байна. 

    Хэрэв нэхэмжлэгч дээрх ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй байсан бол гэрээ байгуулагдсаны дараа гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан өөрчлөх боломжтой байхад энэ талаар санал гаргаагүй байна. 

   Мөн хамтран ажиллах гэрээний 2.2, 2.4-т зааснаар талууд бие биенийхээ өмнө хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг тайлагнах, өөрийн хийсэн ажлын талаар тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.5-д заасан ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, материалын зарцуулалтыг захиалагчид тайлагнах үүргээ нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгчийн хувьд биелүүлээгүй. 

   Түүнчлэн хэргийн 2 дугаар хавтасны 238-244 дүгээр талд авагдсан улсын комиссын гишүүдийн хурлын тэмдэглэл болон Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын хурлын протоколд өгөх санал гэх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ОЭ ХХК-д 2 ширхэг 0,4 кВ-ын шкаф солих, цахилгааны шит самбарыг хаягжуулах, АЦӨ-ний байгууламжийн барилгын оруулгын кабель далдлах, хуурай салгуурын хийц муу учир солих, хөндлөн траверсыг боосон боолт хуучин гагнууртай, давхар контур боолтгүй, газардуулга байгаа боловч үндсэн плсаагаар хийгдээгүй, трансформатрын давхар бэхэлгээ хийх зэрэг ажлыг 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгүүлэх, дахин шалган хүлээн авахаар тэмдэглэсэн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрт ногдсон ажлыг мөн дутуу гүйцэтгэсэн байна.

    Хэргийн 2 дугаар хавтасны 125-140 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч ОЭ ХХК-ийн захирал Д.С-ийн Хаан банк дахь 5819104448, 5800446142 тоот дансны хуулга, мөн хэргийн 3 дугаар хавтасны 2-5 дугаар талд авагдсан орлого, зарлын баримтаас үзэхэд хариуцагч ХО ХХК-аас нэхэмжлэгч ОЭ ХХК-д нийт 61.094.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

    Харин нэхэмжлэгч, хариуцагч нар тендерт оролцохдоо дэнчингийн 4.000.000 төгрөгийг тухайн үед иргэн н.Доржсүрэнгээс зээлж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ХО ХХК-аас 2.000.000 төгрөгийг авч, Д-д төлсөн талаар 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад тайлбарласан тул нийт 63.094.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан гэж үзэх нь зүйтэй. 

   Хариуцагч ХО ХХК нь Увс аймгийн Засаг даргатай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн УВАОНӨГ/201812065 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу нийт 197.347.401 төгрөгийг хүлээн авсан, үүнээс нэхэмжлэгч ОЭ ХХК нь 78.768.872 төгрөгийг авах ёстой хэмээн маргаж байгаа боловч ОЭ ХХК нь 0,6 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон 30 кВА, 100 кВА-ын дэд өртөөнүүдийг барьж гүйцэтгэхдээ нийт хэдэн төгрөгийн зардал гаргасныг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. 

   Нэхэмжлэгчийн зүгээс нийт 9 хүнийг ажлын байраар хангаж, тэдэнд нийт 8.003.480 төгрөгийг цалин, хөдөлмөрийн хөлс олгосон тухай цалин олгох хүснэгтийг, мөн иргэн О.О-д 40 ширхэг бетон шон хүргүүлж, 800.000 төгрөгийн хөлс олгосон, иргэн Б.Г-р тухайн бетон шон суулгуулах ажлыг хийлгэж, 3.000.000 төгрөгийн хөлс олгосон баримт болон гэрчийн мэдүүлэг, мөн Барокко хийц ХХК-иар зураг төсвийг 1.500.000 төгрөгөөр хийлгэсэн талаарх баримтуудыг гаргаж ирүүлснээс үзэхэд нийт 13.303.480 төгрөгийн зардлын баримтуудыг шүүхэд ирүүлсэн. 

   Мөн нэхэмжлэгч ОЭ ХХК-ийн Хаан банк дахь 5830171827 тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Материалын үнэ 4.795.000 төгрөг гэх зарлага, иргэн Д.С-ийн Хаан банк дахь 5819104448 тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Материалын үнэ 13.910.000 төгрөг гэх зарлага, 5800446142 тоот данснаас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ОЭ-с баганын үнэ 13.000.000 төгрөг гэх зарлага гарсан хэмээн дансны хуулгыг ирүүлсэн боловч тухайн зарлагын агуулгаас ямар ямар материалын үнийг хэнд, эсхүл ямар хуулийн этгээдэд шилжүүлснийг тогтоох боломжгүй байна.

    Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1756 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчаас нэхэмжлэгчийн дутуу болон огт хийгээгүй ажлын жагсаалтыг гаргуулах, мөн тэдгээр ажлуудыг хариуцагч Хос Отор ХХК хийж гүйцэтгэхдээ хэдэн төгрөгийн зардал гаргасан талаарх санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч тал энэ талаар баримт байхгүй гэснийг нэхэмжлэгч тал Нэгэнт баримт байхгүй бол шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байхгүй гэснээр шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн болно.

  Ийнхүү нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн дээрх зардлын баримтуудаар нэхэмжлэгч нь нийт 78.768.872 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ХО ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 18.674.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ОЭ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ОЭ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ХО ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18.674.872 /арван найман сая зургаан зуун далан дөрвөн мянга найман зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ОЭ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ОЭ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.324 /хоёр зуун тавин нэгэн мянга гурван зуун хорин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ