Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 124

 

Н.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00703/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1059 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Д-,

М.О-,

Б.О- нарт холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Л-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч Н.Д-, Б.О-, С.О- нар, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Н.Д-тай 2010 оноос 2018 он хүртэл хамт амьдраад 3 охинтой болсон. 2 жилийн өмнө шүүхийн шийдвэрийн дагуу өрх тусгаарлаад би 2 том охиноо өөрийн асрамждаа авсан. Бага охин О-г Н.Д- асрахаар болсон. Гэтэл Н.Д- охин О-г М.О- гэх хүнд үлдээгээд явсан байсан. Жилийн дараа хүүхдээ асрамждаа авъя гэсэн. Хоёр эгч нь дүүгээ сайн мэднэ. Байнга надаас дүүгээ нэхэж байдаг. Охинтойгоо уулзахаар хөөцөлдсөний эцэст түрүү жил шинэ жилээр уулзсан түүнээс хойш уулзаж чадаагүй. Би шүүхэд өгсөн өргөдлөө буцааж авъя чи охиноо буцаагаад ав гэсэн. Гэтэл Н.Д- 6 хүүхдээ яахаа би мэдэж байна гэсэн. Би одоо 2 хүүхдээ өсгөөд аваад явж байгаа юм чинь Н.Д- чадахгүй бол би бага охиноо аваад явж чадна. Н.Д- болохоор хүүхдээ өргүүлнэ гэснээрээ өргүүлнэ гээд байгаа. 2017 оны 9 сард өргөж авах гээд байгаа хүмүүстэй уулзаад хүүхэдтэйгээ уулзъя гэсэн. Тэгтэл уулзуулаагүй, хүүхдээ авъя гэж байгаа бол 20 сая төгрөг өгөөд ав гэсэн. Н.Д- асрамжид авч чадахгүй бол би хүүхдээ авмаар байна. Тэр 3 хүүхдийг би салгамааргүй байна. Би хоёр охиноо зодсон гэж асуудал сая ярилаа. Миний хүүхдүүд хулгай хийгээд байхаар нь би хашраах зорилгоор гар хүрсэн, түүнээс би хүүхдэдээ гар хүрдэггүй. Багаасаа хулгай хийсэнд их эмзэглэсэн. Н.Д- дунд охиноо аваад явсан. Одоо дунд охин маань Улаанбаатарт ээжтэйгээ байгаа. Н.Д- надтай амьдрахаас өмнө 3 хүүхэдтэй байсан байна лээ. Тэр 3 хүүхдийг өөрөө өсгөөгүй түүний эцэг эх нь өсгөж байгаад сүүлд 2 хүүхдийг асрамжийн газарт өгсөн юм байна лээ. Надтай анх суухдаа 1 хүүхэдтэй гэж хэлсэн. Өөрөө хүүхэд өсгөж үзээгүй хүн гэжээ.

            Хариуцагч Н.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Н.Л-тай 2010-2016 онд гэр бүлийн холбоотой байсан. 3 хүүхэдтэй болох үед намайг орхиод явсан. 2 хүүхдээ аваад л яваад өгсөн. Ямар учраас салсан бэ гэхээр орон байрны зээлтэй байсан. Мөн машин лицензээр авсан байсан. 15 сая төгрөг банкнаас авах гэж байсан боловч авч чадаагүй. Тэр зээл төлбөрийг ер төлдөггүй би жил дараалан төрсөн учир ажил хийх боломжгүй болсон байсан. Би байрны лизинг банкны лизинг төлдөг байсан. Түүнээс болж хэл ам хэрүүл болоод л байсан. Нэг удаа ч надад зээл төлж өгч байгаагүй. Би 6 хүүхэд гаргасан нь үнэн. 2 хүүхэд маань эцэг эх дээр минь байсан нь үнэн. Аавын бие муудаад надад ч хэлэхгүйгээр асрамжид өгсөн байсан. Би М.О- Б.О- гэх сайн хүмүүсийг танина. Би Н.Л-гаас салах болтол тэд бага охиноо өргүүлээч гэж гуйсны дагуу хүүхэд гаргаж чадахгүй айлд буян болъё гээд л өргүүлсэн. Н.Л- ч мөн анхныхаа эхнэрээсээ гэрлэлтээ цуцЛ-лаагүй байсан. О-г миний нэрээр овоглодог байхад би үрчлүүлсэн. Албан ёсоор овоглоогүй. О-гийн төрсний гэрчилгээ өөрчлөөгүй байсан. Би хүүхдээ Н.Л-д өгөхгүй, харин М.О- Б.О- хоёрт үрчлүүлмээр байна гэжээ.

Хариуцагч М.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Н.Д- эгч надад хүүхдээ өгсөн. Хүүхдийн нүд нь бүлцийсэн, нэг хуруу нь тасрах гэж байгаа байдалтай битүү хатгаатай байсан толгой нь яр шарх болсон байсан. Бидэнд охин ирэхдээ ой 2 сартай байсан. Өнөөдрийг хүртэл эрүүл саруул өсөж байна. Хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээх хүсэлтэй байна. 2016 оны 4 дүгээр сарын 6-нд надад өгөхөд би Н.Д-гаар өргөдөл бичүүлж авсан. Хүүхдээ өнөөдрийг Од-Эрдэнийн Учрал гэж овоглож байгаа. Гэрчилгээг нь солиулаагүй гэжээ.

Хариуцагч Б.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би М.О-тай 2005 онд гэрлэсэн. Тэгээд одоог хүртэл хүүхэдгүй байсан тул Н.Д-гаас бага охин О-г гуйсан. 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр охиныг авчирч өгсөн. О- анх Н.Д-гаар овоглож байсан. 2016 оны 6 сард албан ёсоор охиныг өөрийн нэрээр овоглож авъя гээд аймгийн захиргаан дээр очтол хүүхдийн овог нэр солигдсон байна гээд төрсний гэрчилгээг хураагаад аваад Энэ хүүхэд гэрчилгээгээ сольсон хүүхэд байна. Хэн ингэж сольсон юм гээд байсан. Н.Л- гэдэг хүний нэр дээр байна гэсэн. Тэгээд Н.Л-тай уулзахаар очтол шууд хэрүүл болоод ямар ч уулзах боломж болоогүй. Тэгээд тэр талаар дахин ярилцах гэсэн боловч Н.Д- хот руу явсан. Нэр дээр нь болгоё гэхэд зугтаасан. 2017 оны шинэ жилээр би Н.Л-гаас гуйсан. Н.Л- болох байлгүй дээ гэхээр нь нааштай хариу өгч байгаа юм байна гэж бодсон. Тэгээд дахин цагаан сараар уулзах гэсэн боловч цаг хугацаа байна болно гээд байсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1059 дүгээр шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Л-гийн нэхэмжлэлтэй Н.Д-, М.О-, Б.О- нарт холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт ... Нэхэмжлэгч Н.Л- нь өөрийн асрамжид байсан бага насны Л.А-, Л.Д- нарт хөнгөн гэмтэл учруулан, хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Н.Л-гийн ёс суртахууны байдал, хүүхдийн нас зэргийг харгалзан охин Л.О-гийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгч Н.Л-гийн төрсөн хүүхдээ бусдын хууль бус асрамжаас гаргуулахгүй байх үндэслэл биш гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгч Н.Л- нь анхан шатны шүүх хуралдаан дээр ... охидууд нь эцгийнхээ банкны картыг зөвшөөрөлгүй хулгайлан авч дэлгүүрээс худалдан авалт хийсний төлөө хүүхдүүддээ нэг удаа гар хүрсэн энэ үйлдэлдээ гэмшиж цаашид хүүхдүүдээ хүч хэрэглэхгүйгээр хүмүүжүүлж чадна гэж тайлбарласан. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Л-гийн эцэг байх эрхийг шүүхийн журмаар хасаагүй тохиолдолд нэхэмжлэгч Н.Л- нь Гэр бүлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахаар шаардах эрхтэй байна. Гэтэл анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг хэрэглэх ёстой байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, мөн шүүх 4 настай охин Л.О- нь бусдад хууль бусаар үрчлэгдэж эцэг эхээс нь өөр хамааралгүй хүмүүс хүүхдийг өсгөж хүмүүжүүлж байгаад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хууль бусаар хүүхдийг асрамжилж байгаа хүмүүсийн асрамжаас хүүхдийг гаргуулж эцэг эхийн хэний асрамжид үлдээх талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно. Н.Д- нь шүүхийн шийдвэрээр өөрийн асрамжид авсан охин Л.О-г шүүх хурал болсны маргааш өдөр нь М.О-, Б.О- гэдэг гэр бүлд хууль бусаар үрчлүүлж өгсөн энэ байдал нь зохиогчдын тайлбар хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрээр, тогтоогдсон, Н.Д- нь өөрийн гэсэн орон байргүй ажил хийдэг эсэх нь тодорхойгүй анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш охин Л.О-г хууль бус асрамжилж байгаа хүмүүсээс авахгүй байгаа зэрэг байдлаас харахад хариуцагч Н.Д- нь бага насны хүүхдээ аятай тохитой нөхцөлд өсгөн хүмүүжүүлэх чадваргүй гэдэг нь нотлогдож байхад шүүх зөвхөн хүүхдээ зодсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь цаашид хууль бусаар бусдын асрамжид байгаа охин Л.О-гийн эрх зүйн байдлыг дордуулсан бодит байдалд нийцээгүй шийдвэр болсон. Охины төрсөн эцэг ажил хөдөлмөр эрхэлдэг цалин орлоготой, өөрийн өмчлөлийн орон байртай охиноо бусдад үрчлүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа хоёр эгчтэй нь хамтад нь өсгөж хүмүүжүүлэх бололцоотой байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Н.Д-гаас тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Н.Л- нь хариуцагч Н.Д-, М.О-, Б.О- нарт холбогдуулан төрсөн охин Л.О-гийн асрамжийг өөрчлөн тогтоолгож, тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргасан.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

            Анхан шатны шүүх хүүхдийн эцэг, эхийн ёс суртахууны байдал, хүүхдийн насыг харгалзан бага насны Л.О-гийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Н.Л- хариуцагч Н.Д- нар 2010 оноос гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарсан, тэдний дундаас 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдөр охин А-, 2012 оны 7 дугаар сарын 29-ны өдөр охин Д-, 2014 оны 10 дугаар сарын 11-ны өдөр охин О- нар төрсөн ба Иргэний бүртгэлийн газраас хүүхдүүдэд эх Н.Д-гаар овоглож төрсний гэрчилгээ олгосон байна.

            Н.Л-, Н.Д- нар нь 2015 оноос хоёр тусдаа амьдарсан, Н.Л- нь охин Д.А-, Д.Д-, Д.О- нарын төрсөн эцгээр тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар Н.Д-д холбогдуулж. нэхэмжлэл гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 573 дугаар шийдвэрээр хүүхдийн эцгийг тогтоож, Д.А-, Д.Д- нарыг эцэг Н.Л-гийн , Д.О-г эх Н.Д-гийн асрамжинд үлдээж, эцэг болон эхээс хүүхдийн тэтгэмж гаргуулж шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

            Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдүүдийн төрсний гэрчилгээг Н.Л-гийн нэрийг оруулан өөрчилж, эцгээр нь овоглох болжээ..

            Одоогийн байдлаар эцэг Н.Л-гийн асрамжинд үлдээсэн охин Л.А- эцгийн асрамжинд хэвээр байгаа харин охин Л.Д- эх Н.Д-гийн асрамжинд өөрийн хүсэлтээр, сайн дураараа очсон байна.

Н.Д-гийн асрамжинд үлдээсэн охин Л.О-г 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш М.О-, Б.О- нарын асран хамгаалалтад Н.Д- өгсөн байна.

Нэхэмжлэгч Н.Л- хүүхдийн асрамж өөрчлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг Н.Д- урьд нь 3 хүүхэд төрүүлсэн боловч тэднийг өсгөж хүмүүжүүлээгүй, амьдрах орчин баталгаагүй, өөрөө хүүхдээ харж хандалгүй таньж мэдэхгүй хүнд үрчлүүлсэн гэж тодорхойлжээ.

Хариуцагч Н.Д- асрамжиндаа авсан охин Л.О-г өөр хүний асрамжинд өгсөнөө үгүйсгээгүй байна.

Хэдий тийм боловч охин Л.О-г эцэг Н.Л-гийн асрамжинд өгөх шаардлагыг зөвшөөрөөгүй ба учир нь Н.Л- асрамжиндаа авсан хоёр охиныг хөх няц болтол нь зодсон, Л.О-г өгвөл хүчирхийлэлд өртөхөөр байна гэж тайлбарлаж, энэ талаар Дархан-Уул аймгийн Прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1818006030382 дугаар Н.Л-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг нотлох баримтаар ирүүлсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцЛ-лсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд нь эцэг, эхийн эрх ашигт нийцэж байгаа бол хүүхдийн эрх ашигт хэрхэн нийцэхийг шүүх харгалзан үзэх нь чухал юм.

Хүүхдийн асрамжийг шийдвэрлэх үед \2016 он\ Л.О- нь 1 нас 6 сартай байсан, тэр үеэс өөр орчинд өсөн торниж одоо 2 нас 3 сар хүрсэн байх тул уг орчноос салгаж, хүүхдийн эрх ашгийг хөндөх нь хүүхдийн язгуур эрх ашигт нийцэхгүй байна.

Түүнээс гадна хүүхэд өөрт нь \Н.Л-д\ илүү дассан эсэх, өөрийн ёс суртахууны болон зан чанарыг хэрхэн үнэлүүлсэн, хүүхдийг хүмүүжүүлэх боломжтой бөгөөд чадвартай болохоо, хүүхдээ өсгөхөд илүү оролцсон болохоо нотолж чадаагүй болно.

Бага насны хүүхдүүдийнхээ эрх чөлөөнд халдсан талаар прокурорын тогтоолд дурдсан үйл баримтыг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч баримтаар няцаагаагүй, мөн Н.Л-гийн асрамжинд байсан охин Л.Д- ээж дээрээ ирж амьдарч байгаа зэрэг нөхцөл байдЛ-д нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэлийг тодорхойлж байна.

Шүүхийн шийдвэрээр өөрийнхөө асрамжинд авсан охин Л.О-г ээж Н.Д- нь бусдын асрамжинд байлгаж байгаа асуудалд тус шүүх хуралдаанаар дүгнэлт өгөх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан таЛ-дын тайлбар, нотлох баримтаар охин Л.О-гийн үрчлэлт албан ёсоор хуулийн дагуу шийдвэрлэгдээгүй байна.

Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүүхдийн эрх ашигт бүрэн нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... охидууд нь эцгийнхээ банкны картыг зөвшөөрөлгүй хулгайлан авч дэлгүүрээс худалдан авалт хийсний төлөө хүүхдүүддээ нэг удаа гар хүрсэн энэ үйлдэлдээ гэмшиж, цаашид хүүхдүүдээ хүч хэрэглэхгүйгээр хүмүүжүүлж чадна гэж тайлбарласан..., ...эцэг байх эрхийг шүүхийн журмаар хасаагүй тохиолдолд нэхэмжлэгч Н.Л- нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахаар шаардах эрхтэй..., ...зөвхөн хүүхдээ зодсон гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон..., гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зөв гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар таЛ-дад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч таЛ-д шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                   ШҮҮГЧИД                               С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                   С.ЭНХЖАРГАЛ