Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2370

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02941 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б-ийн хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдуулан гаргасан тасалбар бичигч-мөнгөний няравын ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн УБТЗ-ын ОУГТТХТөвд тасалбар бичигч нярвын ажилд орсон. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр УБТЗ-ын тасалбар худалдаалах төвийн орлогч даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ингэхдээ Н.Б-т 6 дугаар сард мэдэгдэл өгөөгүй. Н.Б нь ҮЭ-ийн хорооны даргын сонгуульт үүрэг гүйцэтгэж байсан тул байгууллагаас авсан сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдэг шалтгааныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тушаал гаргасан Д.Оюунтунгалаг байгууллагын даргын эзгүйд ажлаас халах тушаал гаргах эрхтэй этгээд биш байсан. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, тасалбар бичигч нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 10 365 356 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тасалбар худалдаалах төвийн орон тоог цөөрүүлэх тухай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тушаалыг УБТЗын дарга гаргасан. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан олон улсын болон орон нутгийн кассир болох тасалбар бичигч-мөнгөний нярвын орон тоо нийт 32 байсныг 10-аар цөөрүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг нийт ажилтанд өгсөн. Гэтэл Тасалбар худалдаалах төвийн ажилтнууд гарын үсэг зурж гомдол гаргасан тул Зорчигч үйлчилгээний албаны дарга Д.Нарантуяа, Хууль зүйн албаны хуулийн зөвлөх О.Баясгалан , Зорчигч үйлчилгээний албаны байцаагч Х.Байгальмаа, Хүний нөөцийн албаны байцаагч Г.Булгантөгс, Дотоод хяналтын албаны байцаагч Э.Хасбаяр, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хуулийн зөвлөх Б.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллан, сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан жирэмсэн, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудаас бусад ажилтнуудын дунд сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд нэхэмжлэгч нь 2 удаа шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан тул түүнд 6 дугаар сард дахин мэдэгдэл өгч, Тасалбар худалдааны төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 91 тушаалаар орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хийсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Байгууллага Н.Батбаярыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хүний оронд түр авч ажиллуулсан бөгөөд тэрээр хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан шалтгаанаар групп тогтоолгосон байсан тул уг ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Н.Б-г Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан ажилгүй байсан хугацааны олговорт 7 164 980 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийг баримтлан нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг холбогдох хуулийн дагуу нөхөн төлөх, холбогдох бичилтийг түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 199 789 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: УБТЗ-ын даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-95 дугаар тушаалаар өмнөх Тасалбар худалдаалах төвийг татан буулган, шинээр уг төвийг бие даасан баланстайгаар өөрчлөн байгуулсантай холбогдуулан бүтэц орон тоог шинэчлэн баталсан. УБТЗын Тасалбар худалдаалах төвийн дүрмийн 3.2-т “төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, цалингийн санг УБТЗ-ын дарга тогтоож батална” гэсний дагуу тус төвийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллах орон тоо, цалингийн төсвийг УБТЗ-ын дарга баталж, гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан. Тухайн үед УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн орон тоо нийт 40 байсныг 26 болгож, үүнээс тасалбар бичигч мөнгөний нярав буюу ОУ-ын тасалбар бичигчийн орон 15, тасалбарын нярав буюу орон нутгийн тасалбар бичигчийн орон тоо 17, тасалбарын мөнгөний нярав 1 тус тус байсныг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэгтгэн тасалбар бичигч нярав 18, Олон улсын тасалбарын /ахлах/ нярав 2, орон нутгийн тасалбарын / ахлах/ нярав 2, орлогч дарга 1, мөнгөний нярав-бичиг хэрэг 1, орон нутгийн тасалбарын кассын эрхлэгч 1, явуулын тасалбарын кассын эрхлэгч 1 гэсэн орон тоогоор ажиллуулахаар болж, нийт 14 орон тоог хасаж цөөрүүлсэн. Энэ нь УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн дүрэм, тус төвийн орон тоог баталсан баримт, төвийн бүтцийг зохион байгуулах комиссын илтгэх хуудас, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдоно. Тус төвийн тасалбар бичигч няравын орон тоо хасагдаагүй, харин тасалбар бичигч няравын тоо цөөрсөн. УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан Замын орлогч даргын баталсан мэргэжил ур чадварын удирдамжийн дагуу мэргэжил ур чадварын шалгаруулалт явагдсан. Ажилтнуудаас сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу цахимаар шалгалт авсан. Шалгалтад тэнцээгүй ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Н.Б эхний шалгалтад 60 оноо авахаас 55 оноо, 2 дахь удаагийн шалгалтад мөн 60 оноо авахаас 53.2 оноо авсан. Ийнхүү 2 удаагийн сонгон шалгаруулалтын шалгалтад амжилтгүй дүн үзүүлсэн Н.Б, н.Чимэдмаа, н.Янжинсүрэн, н.Сумьяа, н.Ууганцэцэг нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн нь Шалгалтын комиссын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудсаар нотлогддог. Н.Б нь Тасалбар худалдаалах төвийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн 2017 оны ҮЭХ-ны тайлан сонгуулийн хурал дээр сонгуульт ажлыг цаашид хийж чадахгүй ажлаа өгнө гэж хүсэлт гаргасан нь тус хурлын тэмдэглэлээр тогтоогддог бөгөөд улмаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тус төвийн ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлаас гаргасан 01 тоот тогтоолоор Ц.Эрдэнэбилэгийг ҮЭХ-ны даргаар сонгосон. Н.Б нь “эпилепси” өвчний улмаас 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 6 сарын хугацаатай /хөдөлмөр чадвар алдалтын хувь 70/ групп тогтоолгосон тул түүнийг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Тасалбар худалдаалах төвийн даргын 77 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Хамтын гэрээний 3.14-т заасныг үндэслэн эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан байхад уг асуудлыг шүүх тодруулаагүй, үүнийг хэрхэн үзэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй, мөн 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2 удаа олгосон байхад эдгээрийг болон группийн мөнгийг бодитой хасаж тооцохгүйгээр энэ хугацааг болон үүнээс хойшхи шүүх хуралдааны өдөр хүртэлх хугацаагаар цалин хөлсийг тооцож олгосон нь ойлгомжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглох Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн зохицуулалттай холбоотой маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийн залруулах боломжтой байна.

УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр тушаалаар тасалбар бичигч-няраваар ажиллаж байсан Н.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг нэхэмжлэгч хууль бус гэж үзэж, ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

УБТЗын даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/95 дугаар тушаалаар Зорчигч тээврийн албаны бүтцийг өөрчлөн зохион байгуулахдаа Тасалбарын төвийг татан буулгаж, бие даасан төсөвтэй Тасалбар худалдаалах төвийг байгуулсан, тус төвийн 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдсөн тасалбар бичигч-мөнгөний нярав 15, тасалбарын мөнгөний нярав 1, тасалбарын нярав 17, нийт 33 орон тоог 2017 оны 5 дугаар сарын 01-нээс олон улсын тасалбарын нярав /ахлах/2, орон нутгийн тасалбарын нярав /ахлах/ 2, тасалбар бичигч-нярав 18, нийт 22 болгон цөөрүүлсэн нь хэрэгт баримтаар тогтоогджээ. /хх-176-179, 53/

Зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Тасалбар худалдаалах төвийн болон бусад нэгжүүдийн орон тоо, орон тооны давхцалд зохицуулалт хийх, цалингийн сан, холбогдох зардлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж батлуулахыг дээрх А/95 дугаар тушаалын 6 дахь заалтаар нэр бүхий албан тушаалтнуудад даалгасны дагуу орон тоо, цалингийн сангийн өөрчлөлт хийгдэж, замын дарга хянаж баталгаажуулсан үйл баримт дээрх баримтаар тогтоогдсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” гэх үндэслэл бүрдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч Н.Б нь шинээр байгуулагдсан Тасалбар худалдаалах төвийн 727 200 төгрөгийн цалин бүхий тасалбар бичигч-няравын ажлын байранд ажиллаж байсан ба орон тоо хасагдсанаас хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн тухай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэлд гарын үсэг зурсан /хх-65/ баримт хэрэгт авагджээ.

Улмаар орон тоо хасагдсантай холбоотойгоор тасалбар бичигч-няравын тоог цөөрүүлэхдээ ажил олгогч нийт ажилтнуудыг мэргэжил, ур чадварын шалгалтад хамруулж, үнэлгээг үндэслэн томилохоор шийдвэрлэсэн нь шалгалтын удирдамж /хх-63/, шалгалтын дүн /хх-28, 31/, илтгэх хуудас /хх-172/ зэрэг баримтаар тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч Н.Б мэргэжил ур чадварын шалгалтад 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 55 хувийн үнэлгээ авсан, мөн хангалтгүй үнэлгээ авсан нэр бүхий ажилтнуудаас 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дахин шалгалт авахад 53.2 хувийн үнэлгээтэй шалгагдсан баримт хэрэгт авагджээ. /хх-28, 31, 64/

Дээрхээс дүгнэвэл мэргэжил, ур чадварын шалгалтын онооны дарааллаар ажилд томилох, 60-аас доош хувийн үнэлгээ авбал цөөрсөн орон тоонд үлдэхгүй байх боломжтойг нэхэмжлэгч мэдэж шалгалт өгсөн, ажилтны тоог цөөрүүлэх урьдчилан тогтоосон журмыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Орон тоо хасагдсаныг мэдэгдэж, ажилтны тоог цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалтыг удирдамжийн дагуу явуулан, дүнг үндэслэн томилгоо хийж, 60-аас доош хувийн үнэлгээтэй шалгагдсан Н.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Ажилтныг ажлаас чөлөөлөхтэй холбоотой хариуцагч байгууллагаас явуулсан ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан тусгайлсан зохицуулалтад нийцсэнээс гадна мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэгт заасан ажилтнуудад үл ялгаварлал, хязгаарлалт, давуу байдал тогтоохыг хориглох, тэгш хандах зарчимд нийцжээ.

Иймд сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж чөлөөлснийг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч Н.Б нь Тасалбарын төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг орон тооны бусаар гүйцэтгэж байсан үйл баримт Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2-р тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор тогтоогджээ. Түүнчлэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасантай холбоотой үндсэн ажлаас чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглосон Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх захиргааны санаачилгаар ажлаас халах тохиолдолд хэрэглэхээс бус дээрх байдлаар орон тоо хасагдсантай холбоотойгоор ажилтны тоог цөөрүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогч, ажилтны харилцан зөвшилцсөн нөхцөлд хэрэглэхээргүй байхад шүүх уг заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий болоогүй байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн зохицуулалт нь ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулахыг хориглосон агуулгатай байх бөгөөд ажилтанд хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцох үндэслэлд илүү хамааралтай заалт байна. Иймд ажлаас халах сахилгын шийтгэлтэй хамааралгүй хуульд заасан журмын дагуу явагдсан цомхтголоор ажлаас чөлөөлөх нөхцөлд хамааруулан хэрэглэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02941 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн УБТЗ-ын даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 789 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                   А.ОТГОНЦЭЦЭГ