Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/03117

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

Тасалбар бичигч няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б миний бие анх 2003 оны 1 сарын 08-аас эхлэн УБТЗ-ын ОУГТТХТөвд тасалбар бичигч нярвын орон тоон дээр ажилд орсон. Гэтэл 2017 оны 7 сарын 5-ны УБТЗ-ын тасалбар худалдаалах төвийн орлогч дарга Д.О-ийн тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Н.Б миний бие нь 1992-оос 1995 онд "Зах Зээлийн" коллеж, мөн "Халх Журам" хууль зүйн дээд сургуулийг хуульч эрх зүйч мэргэжлээр, төмөр замын дээд сургуулийн "Билетийн кассер"-ийн курсийг тус тус дүүргэж, 2012-2014 онд УБТЗ-ийн тээврийн дээд сургуулийг Ашиглалтын техникч мэргэжлээр төгсөн төмөр замын мэргэжил эзэмшсэн билээ. Миний бие дээрх хугацаанд (15 жил) ажиллахдаа ажилдаа алдаа зөрчилгүй ажиллаж, хоёргүй сэтгэлээр хандаж, сахилгын зөрчилгүй мөн хууль бус үйлдэл гаргалгүй ажиллаж ирсэн билээ. Би 15 жил УБТЗ-д ажиллах хугацаандаа өөрийн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээс гадна ажилдаа өөрийн бие сэтгэлээ зориулж ажилласныг тус байгууллагын захиргаа миний ажлыг үнэлж 2006 оны Байгууллагын хөдөлмөрийн аврага, 2009 онд Хөдөлмөрийн аврага, Хүндэт өргөмжлөл, 2011 онд Хүндэт үнэмлэхээр тус тус шагнаж урамшуулсан билээ. Гэвч намайг УБТЗ-ын тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 сарын 5-ны өдрийн тушаалаар орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн юм. Иймд намайг байгууллагаас авсан Сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдэг шалтгааныг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх тушаалаар намайг ажлаас халсанд нь туйлын гомдолтой байна. УБТЗ-ын тасалбар худалдаалах төвд ОУ-н цехийн тасалбарын нярваар эргүүлэн томилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон тайлбартаа: Н.Бийн нэхэмжлэлтэй,Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгт холбогдох иргэний хэргийг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд миний бие Б.Энхтөгс нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Би тус хэргийн материалтай 2017 оны 11-06-ны өдөр танилцаад “УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвд ОУ-ын цехийн тасалбарын нярваар эргүүлэн томилж өгнө үү” гэснийг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Тасалбарын төвд тасалбар бичигч ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэж тодруулж байна. Мөн Н.Бийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх" гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Б нь УБТЗ Олон улсын галт тэрэгний тасалбар худалдах төвд 2003 оны 01 сарын 08-аас эхлэн тасалбар худалдаалах төвд нярвын ажил хийж байсан. Энэ хугацаанд бүтцийн өөрчлөлт орж ажилчдаа халж эхэлсэн. Ингэхдээ Н.Бийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 07 сарын 05-ны өдөр УБТЗ-ын ОУГТТХТ-ийн орлогч дарга Д.Оюунтунгалагын 91 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тул тус тушаалд гомдол гаргаж байгаа. Тус тушаал нь хууль ёсны бөгөөд бодит үндэслэлтэй байх гэсэн зарчмыг зөрчиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг хөндөж байгаа гэж үзсэн. 2017 оны 11 сарын 14-ний өдөр хариуцагчийн гаргасан хариу тайлбартай холбоотойгоор шүүхэд бичгээр тайлбар гаргасан. Ажлаас чөлөөлөх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэж орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Орон тоо цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалтыг үндэслэсэн гэж байгаа. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсгийг тайлбарлахад аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсэн гэх үндэслэлүүд хамаарч байдаг. Н.Бт хамаарах асуудлыг орон тоо цөөрүүлсэн гэж хариуцагч тал тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаар Н.Бийн ажиллаж байсан орон тоо цөөрсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл бүх ажилчдын дунд сонгон шалгаруулалт явуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байгаа. Орон тоо цөөрүүлнэ гэдэг нь нэг албан тушаалд 5 орон тоо байлаа гэхэд түүнийг 4 болгож багасгахыг хэлнэ. Бүтэц орон тоонд өөрчлөлт орж, бүх ажилчдаас нь шалгалт авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан үндэслэлд хамаарахгүй харин ажил мэргэжилдээ тэнцэхгүй болсон гэж үзэхээр байна. 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 91 тоот тушаалыг тушаал гаргах эрхгүй этгээд гаргасан. Энэ талаар тайлбараа өгсөн боловч хариуцагч талаас ямар нэгэн баримт өгсөн зүйл байхгүй байна. Д.Оюунтунгалагт хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх байхгүй. Хавтас хэрэгт өгөгдсөн баримтаар Н.Бт хуульд заасан 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн гэдэг боловч бүх ажилчдын дунд нь мэдэгдэл өгч хөдөлмөрийн гэрээг нь хэднээс хэдний хооронд цуцлах гэдэг нь мэдэгдэхгүй, тодорхой заасан зүйл байхгүй баримт гаргаж өгсөн. 2017 оны 09 сарын 01-ний өдрийн Н.Бийг түр албан тушаалд томилсон тухай тушаалд дарга н.Оюунцэцэг гэж тушаал гаргасан байгаа. Энэхүү тушаал нь н.Оюунцэцэгийг хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхтэй гэдгийг нотолж байгаа. Н.Б нь 2007 оноос хойш үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар ажиллаж байсан бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6.2-т үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заасан байхад ажлаас нь халсан явдал нь сонгуульт ажлыг нь алдагдуулсан зүйл болсон. Иймд Н.Бийг Тасалбар бичигч-нярвын ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан ажлын 38 өдрийн цалин 2,358,204 төгрөг гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Тус нийгэмлэгийн Тасалбар худалдаалах төвд тасалбар бичигч мөнгөний нярав ажилтай байсан Н.Б нь ажлаас үндэслэлгүй халагдсан, тасалбар худалдаалах төвд олон улсын цехийн тасалбарын нярваар эргүүлэн томилуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл үндэслэлгүй байна. УБТЗ ХНН-ийн салбар нэгж болох Тасалбар худалдаалах төвийн орон тоог цөөрүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг зарим нэг нэр бүхий ажилтанд өгсөн болно. Гэтэл Тасалбар худалдаалах төвийн ажилтнууд гарын үсэг зурж гомдол гаргасан тул Зорчигч үйлчилгээний албаны дарга Д.Нарантуяа, Хууль зүйн албаны хуулийн зөвлөх О.Б миний бие, Зорчигч үйлчилгээний албаны байцаагч Х.Б, Хүний нөөцийн албаны байцаагч Г.Б, Дотоод хяналтын албаны байцаагч Э.Х, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хуулийн зөвлөх Б.А нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллан тухай асуудлыг шийдвэрлэсэн. Комисс сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг баримтлан жирэмсэн, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудаас бусад ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулсан. Энэ сонгон шалгаруулалтыг цахим тестийн хэлбэрээр авсан бөгөөд нэхэмжлэгч нь 2 удаа шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан тул Тасалбар худалдааны төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ний өдөр 91 дугаартай тушаалаар “орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хийсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно Тасалбар худалдаалах төвийн даргын тушаал Хөдөлмөрийн хуулийг зөв хэрэглэсэн байх бөгөөд 42.1 ба 43.1 дэх заалт Хамтын гэрээний 3.14 дэх заалтыг зөв хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байгаа. УБТЗ-ын Олон улсын галт тэрэгний тасалбар худалдаалах төв, Орон нутгийн тасалбар худалдаалах төвийг нэгтгэж нийт 40 орон тоог 26 орон тоотой болгож цөөрүүлсэн. Мэргэжлийн бус, дадлага туршлагагүй хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2017 оны 05 сарын 01-ний өдөр өгсөн боловч ажилчдаас бид нар хамгийн доод тал нь 10 жил ажилласан хүмүүс байгаа учир биднийг сонгон шалгаруулалтад оруулж өгнө үү гэсэн шаардлага тавьсан. Ингээд байгууллагын зүгээс зорчигч үйлчилгээний албаны дарга н.Н, хууль зүйн албаны дарга О.Б, зорчигч үйлчилгээний албаны байцаагч н.Б, хүний нөөцийн албанаас н.Б, дотоод хяналтын албанаас н.Х, Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос А.А нарын бүрэлдэхүүнтэй комисс томилогдсон бөгөөд энэ шалгалтаар Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүмүүсийг шалгалтаас чөлөөлж бусад хүмүүсээс шалгалт авсан байгаа. Нэхэмжлэгч Н.Баас 2 удаа шалгалт авсан бөгөөд эхний шалгалтад 53 оноо, 2 дахь шалгалтад 55 оноо авсан учир мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр 2017 оны 07 сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 91 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42, 43-р зүйл, хамтын гэрээний 3.14-т заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Бидний зүгээс ажлаас халагдсаны дараа Н.Бт ажлаас халагдсаны 2 сарын тэтгэмж өгсөн. Үүний дараа 2017 оны 09 сарын 01-ний өдөр хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний орон тоонд буюу түр хүний орон тоонд ажилд авсан. Ажилгүй байсан хугацааны 38 хоногийн цалин нэхэмжилж байгаа боловч 2017 оны 07 сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авсан. Энэ хүн 2017 оны 09 сарын 01-нд ажилд орсон байхад нэхэмжлэгч нь ямар ч мөнгөн дүн нэхэмжлэх үндэслэл байхгүй. Ямар шуналтай юм бэ. Нэхэмжлэгч тал 2 талын тэтгэмжийн талаар шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байна. Сонгон шалгаруулалт хууль зүйн үндэслэлтэй, бодитой, шударга явагдсан. Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга байсан гэж байгаа боловч шалгалт авах үед юу ч яриагүй бөгөөд үйлдвэрчний эвлэлийн хуулийн зөвлөх нь шалгалтын комисст орсон. Сонгон шалгаруулалтыг ил, тод, нээлттэй хийсэн. Сонгон шалгаруулалтад 2 удаа унасан гэдгээ энэ хүн өөрөө үгүйсгэхгүй. Иймд 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 91 тоот ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, хууль хэрэглээний алдаа байхгүй, хуулийг зөв хэрэглэсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд тушаал гаргасан гэж байгаа боловч Төмөр замын тээврийн тухай хуульд зааснаар дарга байхгүй бол орлогч дарга орлож үйл ажиллагаа явуулна. Тухайн сард ээлжийн амралттай байсан даргаа орлож орлогч дарга нь тушаал гаргасан. Үүнтэй ямар нэгэн байдлаар маргах боломж байхгүй. Төмөр замын тээврийн тухай хуульд төмөр замын үйл ажиллагаа тасралтгүй байх зарчим байгаа. Ингэж байж төмөр замын нэгдмэл байдлыг хангаж ажиллана. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан Тасалбар бичигч-нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь нэхэмжлэгч Н.Бтай 2017 оны 04 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн орлогч даргын 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 91 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг үндэслэн цуцалсан байна.

 

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн орон тоо 40 байсныг 26 болгож, үүнээс Тасалбар бичигч-мөнгөний нярав 15, Тасалбарын нярав 17, Тасалбарын мөнгөний нярав 1, байсныг Олон улсын тасалбарын нярав 2, Орон нутгийн тасалбарын нярав 2, Тасалбар бичигч-нярав 18 нийт 22 болгожээ. /хх-ийн 53 дугаар тал/

 

Хариуцагч Байгууллагын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу ажилтны тоог цөөрүүлсэн байна.

 

Тасалбар худалдаалах төвийн ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан дээрх орон тоонд ажиллаж байсан ажилчдын дунд шалгаруулалт явуулсан, нэхэмжлэгч Н.Б тус шалгаруулалтад 2 удаа орсон ч тэнцээгүй тухайд зохигч маргаагүй. Ажил олгогч байгууллага ажилтны тоог цөөрүүлж, цөөрүүлсэн орон тоонд ажиллуулах ажилчдыг сонгохдоо шалгаруулалт явуулж, тэнцээгүй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч нь ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах болсон талаар хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй гэж тайлбарласан боловч тэрээр 2017 оны 05 сарын 01-ны өдрийн “УБТЗ-ын Замын даргын баталсан орон тооны өөрчлөлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон мэдэгдэл хүлээн авсан ажилтнуудын жагсаалт” гэх баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 62 дугаар тал/

 

 Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заасан.

 

Гэвч нэхэмжлэгч Н.Б нь Тасалбар худалдаалах төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг сонгуульт ажилтан мөн боловч ажил олгогч сонгуульт ажилтай нь холбогдуулан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдал хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох Тасалбар бичигч-нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох Тасалбар бичигч-нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР