Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00453

 

Н.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02941 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2370 дугаар магадлалтай

Н.Бийн нэхэмжлэлтэй,

Уд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Д.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн У-ын ОУГТТХТөвд тасалбар бичигч нярвын ажилд орсон. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр У-ын тасалбар худалдаалах төвийн орлогч даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ингэхдээ Н.Бт 6 дугаар сард мэдэгдэл өгөөгүй. Н.Б нь ҮЭ-ийн хорооны даргын сонгуульт үүрэг гүйцэтгэж байсан тул байгууллагаас авсан сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдэг шалтгааныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тушаал гаргасан Д.Оюунтунгалаг байгууллагын даргын эзгүйд ажлаас халах тушаал гаргах эрхтэй этгээд биш байсан. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул У-ын тасалбар худалдаалах төвийн даргын 2017.07.05-ны өдрийн 91 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, тасалбар бичигч, мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 10 365 356 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тасалбар худалдаалах төвийн орон тоог цөөрүүлэх тухай 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тушаалыг Уын дарга гаргасан. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан олон улсын болон орон нутгийн кассир болох тасалбар бичигч-мөнгөний нярвын орон тоо нийт 32 байсныг 10-аар цөөрүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг нийт ажилтанд өгсөн. Гэтэл Тасалбар худалдаалах төвийн ажилтнууд гарын үсэг зурж гомдол гаргасан тул Зорчигч үйлчилгээний албаны дарга Д.Нарантуяа, Хууль зүйн албаны хуулийн зөвлөх О.Баясгалан, Зорчигч үйлчилгээний албаны байцаагч Х.Байгальмаа, Хүний нөөцийн албаны байцаагч Г.Булгантөгс, Дотоод хяналтын албаны байцаагч Э.Хасбаяр, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хуулийн зөвлөх Б.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллан, сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан жирэмсэн, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудаас бусад ажилтнуудын дунд сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд нэхэмжлэгч нь 2 удаа шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан тул түүнд 6 дугаар сард дахин мэдэгдэл өгч, Тасалбар худалдааны төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 91 тушаалаар орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хийсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Байгууллага Н.Батбаярыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ээс 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хүний оронд түр авч ажиллуулсан бөгөөд тэрээр хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан шалтгаанаар групп тогтоолгосон байсан тул уг ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02941 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Н.Батбаярыг Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан ажилгүй байсан хугацааны олговорт 7 164 980 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийг баримтлан нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг холбогдох хуулийн дагуу нөхөн төлөх, холбогдох бичилтийг түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 199 789 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2370 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02941 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бийн Уын даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 789 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2370 дугаар магадлалыг эс зөвшөөрөн ИХШХИТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 161 дүгээр зүйл, 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг тус үндэслэн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2- “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагатай нийцээгүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг илтэд хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай Монгол Улсын хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй боллоо.

Тухайлбал магадлалын хянавал хэсэгт: “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь захиргааны санаачлагаар ажлаас халах тохиолдолд хэрэглэхээс бус дээрх байдлаар орон тоо хасагдсантай холбоотой ажилтныг цөөрүүлж, хөдөлмөрийн гэрээг цуцласан ажил олгогч, ажилтны харилцан зөвшилцсөн нөхцөлд хэрэглэхгүй байхад шүүх уг заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий болоогүй байна.” гэж тус хуулийг буруу тайлбарлан дүгнэжээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэжээ.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгох бололцооны тухай 1971 оны конвенци”-ийг Монгол Улс 1996 онд соёрхон баталсан.

Уг конвенцийн 2-р зүйлийн 2.1-д “Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчид ажил үүргээ шуурхай, ашигтай гүйцэтгэх бололцоогоор хангагдана.”

3-р зүйлд “Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, тухайлбал үйлдвэрчний эвлэл буюу түүний гишүүдээс сонгогдсон буюу томилогдсон төлөөлөгчид” гэжээ.

Мөн конвенцийн 6 дугаар зүйлд “Энэхүү конвенцийг үндэсний хууль тогтоомж, хамтын гэрээ буюу үндэсний дадал болсон зүйлд нийцсэн бусад арга замаар хэрэгжүүлж болно.” гэж тус тус заажээ.

Энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай 143 дугаар зөвлөмжийн 2 зүйлийн 2.3 дахь заалтад “Үндэсний хууль тогтоомж, хамтын гэрээ, арбитрын болон шүүхийн шийдвэр нь энэ зөвлөмжид заасан аюулгүй байдлаа хамгаалуулах, ажлын байраар хангагдах эрхийг эдлэх ажилчдын төлөөлөгчдийн тодорхойлж өгнө.” гэжээ.

Харин Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно.” гэж заажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 3.5-д Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу “үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулахыг хуулиар хориглосон тул хуулийн дээрх шаардлагыг ажил олгогч биелүүлсэн эсэхийг шүүх заавал дүгнэсэн байх ёстой.” гэсэн зөвлөмжийг гаргасан байна.

Ажилтныг “захиргааны санаачлагаар ажлаас халах” гэснийг давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан “Ажлаас халах” гэж ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийн хэлбэрийг тодорхойлсноор тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 -д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.” гэснээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалт нь сахилгын шийтгэлийн хэлбэр болох нь тодорхой харагдаж байна.

Ажлаас халах гэдэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар нийтлэг хуулийн томъёолол болохыг дараах хууль, тогтоомжоос харагдаж байна.

Хөдөлмөрийн тухай хуульд дээрх нэр хууль зүйн ач холбогдол бүхий нэр томъёо 12 удаа дурдагдан, Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 тогтоолд мөн 2 удаа, зөвлөмжид 4 удаа дурдагдсан байна.

Хөдөлмөрийн хуульд ажлаас халагдсан талаарх заалтуудыг судлан үзвэл:

42.1.Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.

42.2.Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно.

43 дугаар зүйл. Ажлаас халах, ажил хүлээлцэх

43.1.Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.

43.2.Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэх зэргээр зохицуулснаас харагдаж байна.

Харин ажлаас халах гэснийг эрх зүйн эх толь бичиг хууль зүйн нэр томъёоны тайлбарт “хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халахыг ажилтны санаалчлагаар, ажил олгогчийн санаачлагаар гэж ялгагдана. Хөдөлмөрийн эрх зүйн сахилгын арга хэмжээний хамгийн хатуу төрөл гэж тус тус тайлбарлажээ.

Дээрхээс үзэхэд Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг ажлаас халсан гэдэг хуулийн болоод бодит үндэслэл нь тогтоогдож байгаад хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрйин 2370 дугаар магадлалыг хүчингүй болгон, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02941 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Б нь Уд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Н.Бийг Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 164 980 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо хуулийг  зөв тайлбарлаж хэрэглээгүй тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Уын даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/95 дугаар тушаалаар Зорчигч тээврийн албаны бүтцийг өөрчлөн зохион байгуулахдаа Тасалбарын төвийг татан буулгаж, бие даасан төсөвтэй Тасалбар худалдаалах төвийг байгуулсантай холбогдуулан Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр тушаалаар, орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан хийсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр Н.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, тасалбар бичигч-мөнгөний няравын ажлаас чөлөөлжээ.

   Нэхэмжлэгч Н.Б нь У-ын Тасалбар худалдаалах төвд тасалбар бичигч-няраваар ажиллаж байхдаа Тасалбар худалдаалах төвийн Үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байжээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно.” гэж зохицуулсан.

Давж заалдах шатны шүүх Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасан буюу сахилгын зөрчил гаргасан ажилтанд хамаарна, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул тус хуулийн зохицуулалт нэхэмжлэгчид хамаарахгүй гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн буюу захиргааны санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг заасан, ажил олгогч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэхэмжлэгчийн өөрийнх нь болон сонгосон хамт олных нь зөвшөөрлийг аваагүй нь Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчжээ.

Иймд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2370 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/02941 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Х.СОНИНБАЯР         

ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД