Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/02941

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 45/1 байрны 09 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЗЮ70060211, Хэрсүүд овогт Норовын Батхуягийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42 тоотод байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

тасалбар бичигч-мөнгөний няравын ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Н.Батхуяг нь анх 2003 оны 01 сарын 08-аас эхлэн УБТЗ-ын ОУГТТХТөвд тасалбар бичигч нярвын ажилд орсон. Гэтэл 2017 оны 07 сарын 05 өдөр УБТЗ-ын тасалбар худалдаалах төвийн орлогч дарга Д.Оюунтунгалагийн 91 тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Н.Батхуяг нь 1992-1995 онд зах зээлийн коллеж, Халх журам хууль зүйн дээд сургуулийг хуульч эрх зүйч мэргэжлээр, Төмөр замын дээд сургуулийн билетийн кассерийн курсийг тус тус дүүргэж, 2012-2014 онд УБТЗ-ийн тээврийн дээд сургуулийг ашиглалтын техникч мэргэжлээр төгсөж, төмөр замын мэргэжил эзэмшсэн . Тэрээр 15 жил ажиллахдаа ажилдаа алдаа зөрчилгүй ажиллаж, сахилгын зөрчилгүй, мөн хууль бус үйлдэл гаргаагүй. Тус байгууллагын захиргаа ажлыг нь үнэлж 2006 оны байгууллагын хөдөлмөрийн аварга, 2009 онд Хөдөлмөрийн аварга, Хүндэт өргөмжлөл, 2011 онд Хүндэт үнэмлэхээр тус тус шагнаж урамшуулсан. Гэвч Н.Батхуягийг УБТЗ-ын тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 07 сарын 05 өдрийн тушаалаар орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн юм. Тасалбар бичиг-мөнгөний няравын орон тоог нэмэгдүүлсэн. Түүнд 06 сард мэдэгдэл өгөөгүй. 2017-05-01 өдөр нийт ажилтнуудыг жагсаалтаар гарын үсэг зуруулсан. Н.Батхуяг нь ҮЭ-ийн хорооны даргын сонгуульт үүрэг гүйцэтгэж байсан тул байгууллагаас авсан сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдэг шалтгааныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Тушаал гаргасан Оюунтунгалаг байгууллагын даргын эзгүйд ажлаас халах тушаал гаргах эрхтэй этгээд биш, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй. Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн тул ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоож, Д.Батхуягийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Тасалбарын төвд тасалбар бичигч няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү?

2017-07-05 өдрөөс 2017-09-01 өдрийг хүртэл, 2018-04-07 өдрөөс 2018-10-10 өдрийг хүртэл ажилгүй байсан 167 хоногийн хугацааны олговрыг өдрийн дундаж цалин 62068 төгрөгөөр тооцон, 10 365 356 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү? гэв.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус нийгэмлэгийн Тасалбар худалдаалах төвд тасалбар бичигч-мөнгөний нярав ажилтай байсан Норовын Батхуяг нь ажлаас үндэслэлгүй халагдсан, тасалбар худалдаалах төвд олон улсын цехийн тасалбарын нярваар эргүүлэн томилуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл үндэслэлгүй .

УБТЗ ХНН-ийн салбар нэгж болох Тасалбар худалдаалах төвийн орон тоог цөөрүүлэх тухай 2017-03-23 өдрийн А/95 тушаалыг Улаанбаатар төмөр замын дарга гаргасан. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан олон улсын болон орон нутгийн кассир болох тасалбар бичигч-мөнгөний няравын орон тоо нийт 32 байсныг 10-аар цөөрүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг нийт ажилтанд өгсөн. Гэтэл Тасалбар худалдаалах төвийн ажилтнууд гарын үсэг зурж гомдол гаргасан тул Зорчигч үйлчилгээний албаны дарга Д.Нарантуяа, Хууль зүйн албаны хуулийн зөвлөх О.Баясгалан , Зорчигч үйлчилгээний албаны байцаагч Х.Байгальмаа, Хүний нөөцийн албаны байцаагч Г.Булгантөгс, Дотоод хяналтын албаны байцаагч Э.Хасбаяр, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хуулийн зөвлөх Б.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллан, сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг баримтлан жирэмсэн, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудаас бусад ажилтнуудын дунд сонгон шалгаруулалтыг явуулсан. Энэ сонгон шалгаруулалтыг цахим тестийн хэлбэрээр авсан бөгөөд нэхэмжлэгч нь 2 удаа шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан тул түүнд 06 сард дахин мэдэгдэл өгч, Тасалбар худалдааны төвийн даргын 2017 оны 07 сарын 05 өдөр 91 тушаалаар орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хийсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно Тасалбар худалдаалах төвийн дарга өвчтэй байсан бөгөөд тэрээр нийгмийн даатгалаас хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмж авсан тухай баримтыг шүүхэд өгсөн. Тус төвийн дүрмийн дагуу даргын эзгүйд төвийн даргын үүргийг орлогч дарга орлон гүйцэтгэх үүрэгтэй тул ажлаас халсан тушаалыг гаргах эрхтэй. Тасалбар бичигч-мөнгөний нярав гэсэн нэршлийг нь өөрчлөөд, тасалбар бичигч нярав гэдэг болсон. Н.Батбаяр нь ҮЭ-ийн Хорооны даргын сонгуульт ажлаа өгөхөөр бүх гишүүдийн 2017 оны 11 сард болсон хуралд хүсэлтээ гаргасан гэсэн. Байгууллага Н.Батбаярыг 2017-09-01 өдрөөс 2018-04-07 өдрийг хүртэл хугацаанд хүний оронд түр авч ажиллуулсан бөгөөд тэрээр хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан шалтгаанаар групп тогтоолгосон байсан тул уг ажлаас нь чөлөөлсөн.2018 оны 09 сараас группээ дахин сунгуулсан гэсэн. Хөдөлмөрийн хуулийн 42.1 ба 43.1 дэх заалт, Хамтын гэрээний 3.14 дэх заалтыг зөв хэрэглэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, ажилд авсан ажлаас чөлөөлсөн туушаалууд, хөдөлмөрийн гэрээ, шалгалтын материал, дүн, Тасалбарын төвийн ҮЭ-ийн бүх гишүүдийн хурлын 2015-07-03 өдрийн тогтоол, 2017-11-10 өдрийн тайлан сонгуулийн хурлын тэмдэглэл, Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны албан бичиг, Тасалбар худалдаалах төвийн 2017-05-01 өдрөөс мөрдөх орон тоо, нэхэмжлэгчийн цалингийн карт, мэдэгдэл, мэдэгдэх хуудас, ажлын байр санал болгосон тухай тэмдэглэлүүд, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон баримтууд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Тасалбар худалдаалах төвийн орлогч даргын ажлын байрны тодорхойлолт, тус төвийн дүрэм, шалгалтын дүнгийн хүснэгт, сонгон шалгаруулалтын дэг, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай А/95 тушаал, Тасалбар худалдаалах төвийн ҮЭ-ийн хорооны тогтоол, хурлын тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт, тэтгэврийн дэвтэр зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н..Батхуяг нь 2003 оны 05 сарын 08 өдрөөс эхлэн УБТЗ-ын Олон улсын зорчигчдын галт тэрэгний тасалбар худалдах төвд тасалбар бичигч-няравын ажилд орсон байх бөгөөд Улаанбаатар төмөр замын даргын 2017-03-23 өдрийн А/95 тушаалын 2 дахь заалтаар түүний ажиллаж байсан нэгж болох Тасалбарын төвийг татан буулгаж, мөн өдрөөс бие даасан баланстай, Тасалбар худалдаалах төв байгуулж, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан тасалбар худалдаалах төвийн орон тоо, орон тооны давхцалд зохицуулалт хийх, цалингийн сан, холбогдох зардлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан батлуулахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон байна.

Үүний дагуу 2017-04-01 өдрөөс ажлаас халагдах хүртлээ нэхэмжлэгч нь Тасалбар худалдаалах төвийн 727200 төгрөгийн албан тушаалын цалинтай тасалбар бичиг-мөнгөний няравын 15 орон тооны нэг дээр ажиллаж байсан байна.

2017-05-01 өдрөөс 40 орон тоотой ажиллаж байсан тус төв 26 орон тоотой ажиллахаар орон тоог баталсан байх бөгөөд албан тушаалын 727200 төгрөгийн цалинтай, тасалбар бичигч-мөнгөний няравын 15 орон тоог тасалбар бичигч-няравын 18 орон тоотой ажиллуулахаар болсон байгаа нь тус төвийн батлагдсан орон тоо/х.х-53/-гоор тогтоогдож байх боловч хариуцагч орон нутгийн 646250 төгрөгийн цалинтай тасалбарын няравын 17 орон тоотой нийлүүлэн нийт 33 байсан орон тоог 22 болгон цөөрүүлсэн гэж тайлбарлаж, орон тоо цөөрсөн үндэслэлээр сонгон шалгаруулалтыг явуулж, шалгалтын дүнгээр жагсааж, шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн нэхэмжлэгч Н.Батбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Тасалбар худалдаалах төвийн орлогч дарга Д.Оюунтунгалаг гаргасан 2017 оны 07 сарын 05 өдөр 91 тушаалаар ажил олгогч санаачлан цуцалсан болох нотлогдож байна.

Тасалбар худалдаалах төвийн дарга П.Оюунцэцэг 2017-06-23 өдрөөс 2017-07-17 өдрийн хооронд хөдөлмөрийн чадвар түр алдсан шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй байх хугацаанд тус төвийн дүрмийн 3.1, орлогч даргын ажлын байрны тодорхойлолтын Г-11-д заасны дагуу даргын ажлыг орлогч дарга Д.Оюунтунгалаг орлон гүйцэтгэх эрхтэй байх тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гаргажээ.

Н.Батхуяг Тасалбарын төвийн ҮЭ-ийн бүх гишүүдийн хурлын 2015-07-03 өдрийн 02 тогтоолоор тус төвийн ҮЭ-ийн хорооны даргаар сонгогдсон байх бөгөөд 2018-01-17 өдөр болсон ҮЭ-ийн бүх гишүүдийн хурлаас ҮЭ-ийн хорооны даргаар Ц.Эрдэнэбилэг сонгогдох хүртэл сонгуульт ажлаа эрхэлсэн байна.

Ажил олгогч санаачлан Н.Батбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглох заалтыг зөрчсөн байна.

Н.Батбаяртай 2017-04-01 өдөр, хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр цуцалсан ажил олгогчийн дээрх шийдвэр Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч тасалбар бичигч-мөнгөний няравын ажлаас үндэслэлгүйгээр халагдсан байна.

Иймд нэхэмжлэгчийг УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-няравын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч үүрэгт ажлаас дээрх үндэслэлээр халагдсан хугацаанаас хойш 2017-09-01 өдрөөс хариуцагч түүнд санал болгон, тасалбар бичигч-нярав С.Заяагийн оронд, 2018-04-07 өдрийг хүртэл хугацаанд түр ажиллуулж, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаанаар уг ажлаас чөлөөлсөн байна.

Энэ хугацааг нэхэмжлэгчийг ажилгүй байсан гэж үзэхгүй бөгөөд 2017-07-05 өдрөөс 2017-09-01 өдрийг хүртэл, 2018-04-07 өдрөөс 2018-10-04 өдрийг хүртэл ажилгүй байсан нийт 167 хоногийг ажлаас халагдах хүртэл авч байсан 3 сарын цалингийн дунджаас 1 өдөрт ногдох цалин/62068 төгрөг/-гийн хэмжээгээр тооцож,10 365 356 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

Үүнээс ажлаас халагдах үед ээлжийн амралтад тооцож олгосон 1 120 164 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажил олгогчоос олгосон ажлаас халагдсны 2 сарын тэтгэмж болох 2 080 212 төгрөгийг нэхэмжлэгч авсан нь тогтоогдож байх тул эдгээрийг хасч, 7 164 980 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

Ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2017-07-05 өдрөөс 2017-09-01 өдрийг хүртэл, 2018-04-07 өдрөөс 2018-10-04 өдрийг хүртэл хугацаанд олгогдох 10 365 356 төгрөгөөс тооцуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох хуулийн дагуу нөхөн төлөх, түүний дэвтэрт нөхөх бичилт хийхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 199789 /129 580+70200/ төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.