| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/01005/И |
| Дугаар | 2436 |
| Огноо | 2018-12-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2436
С.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02429 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-гийн хариуцагч Ч.А-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
түрээсийн төлбөрт илүү төлсөн 2 133 330 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ч.А-тэй 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, сарын төлбөрийг 1 000 000 төгрөгөөр тохирч, 4 сарын хугацаагаар түрээсэлсэн. 4 сарын түрээсийн төлбөр 5 000 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сард төлж, 1 000 000 төгрөгөөр нь тухайн байранд байсан хөргөгчийг худалдаж авсан. 2014 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дууссан боловч Ч.А нь байрыг үргэлжлүүлэн сарын 2 000 000 төгрөгөөр түрээслэхээр амаар тохиролцсон. 2014 оны 7 дугаар сарын төлбөрт 1 800 000 төгрөг төлсөн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын сүүлээр байрнаасаа гарсан. 8-10 дугаар сарын төлбөрийг төлөөгүй байсан тул Ч.А нь дээрх сарын түрээсийн төлбөрийг төлөх талаараа бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч төлбөрөө төлөөгүй. Иймд байрны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байр түрээсэлсэнтэй холбогдуулан хариуцагчаас 5 800 000 төгрөг авсан. Мөн 6 000 000 төгрөгийг Ч.А төлнө гэсэн баталгаа бичиж өгсөн байдаг. Орон сууц хөлслөх гэрээнд 4 сарын төлбөр 4 000 000 төгрөгийг авсан гэж бичсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч нь уг төлбөрийг аваагүй гэж маргаагүй. 4 000 000 төгрөг, хөргөгчний үнэ болох 1 000 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг 6 сард авсан гэж маргадаг. Гэтэл баримтгүйгээр нотариатын гэрээн дээр бичигдсэнээр авсан болгож ярьж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Анх нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцоод байрны мөнгийг шилжүүлж дуустлаа түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцсон. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах хүсэлт гаргаагүй учраас Ч.А нь үргэлжлүүлэн түрээсэлж, С.Б-д 5 000 000 төгрөгийг биечлэн өгсөн бөгөөд үүнээс 1 000 000 төгрөгөөр нь хөргөгч худалдаж авсан талаар талууд маргаагүй. Үүний дараа охин н.Намуулангаар гэрийн гадаа нь 2 500 000 төгрөгийг 2 удаа өгсөн. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээний 5-д 4 сарын түрээсийн төлбөр 4 000 000 төгрөг төлсөн болохыг нотариатаар баталгаажуулсан. 5 000 000 төгрөгийг авсан, өгсөн нь хэргийн 32 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нийт 10 800 000 төгрөг өгсөн байх бөгөөд энэ мөнгөнөөс гэрээ байгуулахдаа өгсөн 4 800 000 төгрөг, хөргөгч авсны 1 000 000 төгрөг, 8-10 сарын төлбөр 3 000 000 төгрөг, 10 дугаар сарын 21-ний өдөр байрнаас гарсан гэж үзээд 20 хоногийн мөнгө 666 666 төгрөгийг тус тус хасч, 2 133 333 төгрөгийг нэхэмжлэгч үндэслэлгүйгээр олж авсан тул илүү төлсөн төлбөрөө нэхэмжилж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг, хариуцагч Ч.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 4 сарын хугацаатай, сарын 1 000 000 төгрөгийн төлбөрийн нөхцөлтэй гэрээний үүрэг нь түрээслүүлэгч С.Б байраа хүлээлгэн өгч, түрээслэгч Ч.А төлбөрийг мөн оны 6 дугаар сард төлснөөр буюу биелэгдсэнээр 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээ дуусгавар болсон. Ч.А нь орон сууцны төлбөрийг 2 000 000 төгрөгөөр үргэлжлүүлэн түрээсэлж, 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 800 000 төгрөгийг төлсөн. Харин Ч.А нь 8-10 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Ч.А байрны түрээсийн үлдэгдэл 8-10 дугаар саруудын нийт төлбөр 6 000 000 төгрөг төлөх нь үнэн болно” гэсэн тодорхойлолтыг хариуцагч гаргаж өгсөн бөгөөд энэ нь нэхэмжлэлийг нотлох баримт юм. Нэхэмжлэгч дээрх төлбөрийг авахаар 2016 онд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч олдоогүй тул эрэн сурвалжлуулж, 2018 онд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх дээрх бичмэл нотлох баримтыг үнэлэхгүйгээр бодит бус, хийсвэр дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрвээ Ч.А нь төлбөрөө төлсөн байсан бол 8-10 дугаар сарын төлбөрт нийт 6 000 000 төгрөгийг төлөх нь үнэн болно гэж өөрийн гараар тодорхойлолт бичихгүй байх байсан. Шүүх гэрээний 1.5-д “4 сарын төлбөр болох 4 000 000 төгрөг төлсөн гэж тэмдэглэж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан, уг гэрээнийхээ үнэн зөвийг мөн өдрөө гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байгаа зэрэг нь төлбөрийг гэрээ байгуулах үед төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. Нэхэмжлэгч “энэхүү 4 000 000 төгрөгийг авсан, гэхдээ 6 дугаар сарын эхээр 5 000 000 төгрөг авсан бөгөөд 1 000 000 төгрөг нь хөргөгчний үнэ байсан” гэж хэлсэн. Анх байранд орохдоо 4 сарын байрны түрээсийн төлбөрт 4 000 000 төгрөг төлсөн учраас дахин 6 дугаар сард нь 4 000 000 төгрөгийг төлөхгүй бөгөөд дараа нь 1 800 000 төгрөгийг төлж, мөн 8-10 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөх талаар тодорхойлолт гаргаж өгөхгүй. Шүүх үүссэн бодит нөхцөл байдалд бодит бус, хийсвэр дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийг хохироож байна. Шүүх “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа гэрээг сунгаж, түрээсийн төлбөрийг сарын 2 000 000 төгрөг гэж тохиролцсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь баримтаар нотлогдохгүй байна” гэжээ. Энэ нь хариуцагч “...8-10 дугаар сарын төлбөр 6 000 000 төгрөгийг төлөх нь үнэн болно” гэсэн тооцоолол нь ойлгомжтой тодорхойлолтоор нотлогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ч.А-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн төлбөрт илүү төлсөн 2 133 330 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээгээр Хан-Уул дүүргийн 1-р хороо, Стадион оргил 30-р байрны 25 тоот орон сууцыг сарын 1 000 000 төгрөгөөр 2014 оны 3 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар хөлслөхөөр тохиролцож, хариуцагч Ч.А нь 4 сарын түрээсийн төлбөр болох 4 000 000 төгрөгийг төлсөн нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч С.Б нь 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн орон сууцыг хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд сарын түрээсийн төлбөрийг 2 000 000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарлаж байгаа боловч талууд харилцан тохиролцож, гэрээний хугацааг сунгасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Хэргийн 4-р талд авагдсан хариуцагч Ч.А-ийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн бичсэн “8, 9, 10 сарын түрээсийн төлбөр 6 000 000 төгрөгийг төлөх нь үнэн болно” гэх баримтаар сарын хөлсийг 2 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч хариуцагч үүнийг үгүйсгэж маргажээ. Иймд харилцан зөрүүтэй тайлбарыг үндэслэн гэрээнд өөрчлөлт оруулж, сарын түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилсөн гэж үзэх боломжгүй. Гэрээний гол нөхцөлийг талууд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт зааснаар харилцан зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна. Харин орон сууцыг 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон байна. Ийм учраас 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг анх байгуулагдсан гэрээний нөхцөл буюу сарын 1 000 000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний ерөнхий зохицуулалт хамаарах бөгөөд мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй” бөгөөд нэхэмжлэгч С.Б нь 2014 оны 7 дугаар сарын 01-ээс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны буюу 3 сар 21 хоногийн түрээсийн төлбөр 3 700 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан А.Намуулин нь “2014 оны 7 дугаар сард 2 500 000 төгрөгийг С.Б-д өгсөн” гэж мэдүүлсэн /хх52-н ард/ боловч гэрчийн мэдүүлгээс өөрөөр нэхэмжлэгчид мөнгийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд дан ганц гэрчийн мэдүүлэгт үндэслэн илүү мөнгө төлөгдсөн гэх нөхцөл байдлыг нотлох боломжгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв.
Талуудын хэн аль нь 1 800 000 төгрөгийг төлсөн, хүлээн авсантай маргаагүй тул 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны хөлс 3 700 000 төгрөгөөс Ч.А-ийн төлсөн 1 800 000 төгрөгийг хасч үлдэх 1 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт нийцнэ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02429 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ч.А-ээс орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 1 900 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг нэмж “110 950 төгрөг” гэснийг “65 600 төгрөг” гэж өөрчлөн, “хариуцагчаас 45 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж нэмж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
А.ОТГОНЦЭЦЭГ